| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2019/0099/Э |
| Дугаар | 717 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 717
2019 7 16 2019/ДШМ/717
М.Дт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/891 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн М.Дт холбогдох 1806033862222 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Урианхан овгийн Мын Д, 1995 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан;
М.Д нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байх биллъярд тоглоомын газрын үүдэнд иргэн Э.Дөлгөөнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Урианхан овогт Мын Дыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дт холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Даас 38.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Дөлгөөнд олгож, хохирогч Э.Дөлгөөн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.
Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч М.Д нь тус гэмт хэргийг 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй гэж заасан. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн М.Дыг гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан болох нь прокурорын тогтоолд тусгагдсан. Харин анхан шатны шүүх хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосныг шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бичсэн эсэргүүцлийг дэмжиж тус шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хуралд оролцохдоо хэргийн материалтай танилцсан. Шүүгдэгч М.Д нь хохирогчийг зодох зорилго байгаагүй. Харин зодуулж байсан хүнийг хамгаалах гэж очоод түлхтэл унаад гэмтэл авсан байдаг. Хавтас хэргээс харахад гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Үүнийг сайтар шалгаагүй шийдсэн. Гэтэл хохирогч нь гэнэт л 3 сарын дараа шүд нь хугарсан гэж шүүх эмнэлэгт мэдэгдсэн байдаг. Энийг шалгасан шинжээчийн дүгнэлтийг мөн шалгах хэрэгтэй гэж бодож байна. Учир нь, гэнэт л 3 сарын дараа шүд нь хугараад унах тохиолдол байхгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөрдөгч болон прокурорууд мөрдөн шалгах ажиллагааны үед маш муу ажилласан гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгчийн тайлбартай санал нэг байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Д нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байх биллъярд тоглоомын газрын үүдэнд иргэн Э.Дөлгөөнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлхэж унагааснаас эрүүл мэндэд нь хоёр шүдний цөгц хэсгийн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Дөлгөөний “...гарах гэж байхад Лхагва-Очир бид хоёрын шилэн хүзүү дээрээс хэн нь мэдэхгүй нэг хүн барьж аваад урагшаа түлхсэн. Тэгтэл би нүүрээрээ газар унасан. Тэгээд босож ирэхэд ам хэсэгт чинэрээд байхаар нь би “Хөөе” гэхэд үүдэн шүд сэнгэнээд явчихсан. Тэгээд би Лхагва-Очирт “миний шүд унасан байна уу” гэхэд “шүд чинь унасан байна” гэж хэлсэн. ...” /хх 19/,
гэрч Б.Лхагва-Очирын “...цагаан свитер цамцтай өндөр залуу гарч ирээд “Наад бацаануудыг чинь зодчихъё” гээд байсан. Тэгээд Дөлгөөнөө бид хоёр тэврэлдээд зогсож байтал араас нэг гар орж ирээд намайг түлхсэн. Тэгээд Дөлгөөнөө миний доор, миний зүүн гар Дөлгөөнөөгийн нуруун доогуур орж, бид хоёр унасан. ...Тэгтэл Дөлгөөнөөгийн зүүн талын шүд нь голоороо хөндлөн хугарчихсан байсан. ...” /хх 27/,
гэрч П.Сүхбатын “...Д гэсэн залуу Дөлгөөн, Лхагва-Очир нарыг цамцны араас нь барьж байгаад шат руу шидсэн. Тэгээд Дөлгөөнөө ах босож ирээд Лхагва-Очир ахаас “шүд яасан байна” гэж асуугаад дараа нь бас надаас “шүд яасан байна” гэж асуусан. ...” /хх 24/,
шүүгдэгч М.Дын яллагдагчаар өгсөн “...би салгах гээд түлхсэн. Тэгэхэд Дөлгөөн унасан. Өөр зүйл болоогүй. Би түлхээд эргээд харахад газарт унасан байсан. ...” /хх 62-63/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “1. Дөлгөөний биед 2 шүдний цөгц хэсгийн хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.3.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 4346 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 39/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр М.Дын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан М.Дт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт нь гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалт ба хавтас хэргийн 60 дахь талд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан байхад анхан шатны шүүх хуулийн энэ зүйл, заалтыг баримтласан нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед М.Дт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд прокурор А.Сайнбаярын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/891 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчөлтийг оруулан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/891 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар М.Дт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/891 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор А.Сайнбаярын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ