Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1966

 

 “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01761 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн, хариуцагч “Мандал даатгал” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 9 498 282 төгрөг, алданги 4 749 141 төгрөг, нийт 14 247 423 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитрон банк” ХХК нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Мандал женерал даатгал ХХК-тай /цаашид “Мандал даатгал” ХХК гэх/ зээлийн эрсдэлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийг тус тус байгуулсан.

Дээрх гэрээ, хэлцлийн дагуу “Капитрон банк” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3019-2013/103 тоот Цалингийн зээлийн гэрээгээр “Эрдэнэс таван толгой” ХК-д уурхайн ложистикийн туслах ажилтай Ч.Болдоод олгосон 13 200 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж, даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан.

Гэтэл “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/266 тоот тушаалаар Ч.Болдоог ажлаас чөлөөлснөөр цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн 9.3.б-д заасан даатгалын тохиолдол үүссэн.

Иймд даатгуулагч нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3493 тоот нэхэмжлэх албан бичгээр цалингийн зээлийн даатгалын тохиолдол үүссэн болохыг мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөрт 9 795 132.26 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг “Мандал даатгал” ХХК-д хүргүүлсэн боловч хариуцагчаас ямар нэгэн хариу ирүүлээгүй тул даатгалын нөхөн төлбөрт 9 498 282 төгрөг, алданги 4 749 141 төгрөг, нийт 14 247 423 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                  

Хариуцагч “Мандал даатгал” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Капитрон банк” ХХК нь “Мандал даатгал” ХХК-тай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 12/83 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, түүний алданги тооцсон нөхцлийн үндсэн дээр “Мандал даатгал” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Дээрх гэрээнүүдийн алданги тооцсон зохицуулалт нь Иргэний хуулийг зөрчсөн байх тул үүнийг тогтоолгохоор “Мандал даатгал” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“Капитрон банк” ХХК нь Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн 10.2, 10.3-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өөрөөр хэлбэл цалингийн зээл авсан этгээд эргэн төлөлтөө даатгалын компанид биш, банкинд төлдөг. Иймд даатгалын тохиолдол үүссэнийг банк мэдэх боломжтой учраас нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа эрхээ эдлэх талаар ярих нь зохисгүй юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Мандал даатгал” ХХК-иас 14 247 423 төгрөгийг гаргуулан, “Капитрон банк” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мандал даатгал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 188 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Мандал даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх даатгалын тохиолдол болсон үеийг буруу тооцоолж дүгнэсэн. Учир нь талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэлд даатгалын тохиолдол гэж юу болох, хэдийд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх талаар тодорхой тусгасан бөгөөд уг хэлцлийн 9-д зааснаар даатгалын тохиолдол үүсэхээр тохиролцсон.

Шүүхийн шийдвэрт даатгалын тохиолдол дээрх хэлцлийн 9-д заасны дагуу үүссэн гэж дүгнэсэн атлаа дараагийн хэсэгт нь ажлаас халагдсан өдрөөс хойш хариуцагчид даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэх хүртэлх хугацаанд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэхгүй хэмээн утга агуулгын хувьд хоорондоо авцалдахгүй, нэг нэгнийгээ үгүйсгэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэхүү даатгалын тохиолдол үүссэн хугацаа болон хариуцагчид мэдэгдэх хугацаа нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал бөгөөд хэлцэлд дурдсаны дагуу даатгалын тохиолдол үүссэнээс хойш 5 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж талууд харилцан тохиролцсон.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийг даатгалын тохиолдол болсон тухай мэдэгдсэн үеэс хойш даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх мэтээр дүгнэлт хийсэн. Зүй нь зээлдэгч ажлаас халагдсанаар даатгалын тохиолдол үүсэж байгаа юм. Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь зээлдэгч ажлаас халагдсанаас хойш буюу даатгалын тохиолдол үүссэнээс хойш 10 сарын дараа хариуцагчид мэдэгдэж байгаа нь хэлцэлд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК, хариуцагч “Мандал даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 9 498 282 төгрөг, алданги 4 749 141 төгрөг, нийт 14 247 423 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг даатгалын тохиолдол болсон тухай хэлцлээр тохирсон хугацаанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж маргажээ.

“Капитрон банк” ХХК нь “Мандал даатгал” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, уг гэрээний 3.2-т заасны дагуу 12/85 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл байгуулж, уг хэлцлийн 4 дэх заалтаар зорилгоо “банкнаас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон буюу зээлдэгч гэнэтийн осол болон өвчний улмаас нас барсан, ... гэнэтийн шалтгааны улмаас ажилгүй болох тохиолдолд банкинд учирч болох санхүүгийн эрсдлийг даатгалын компанид шилжүүлэх” гэж тодорхойлсон байна. /хх-8 дугаар хуудасны ар тал/

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК, 12/85 тоот хэлцлийн дагуу зээлдэгч Ч.Болдоотой байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3019-2013/103 тоот цалингийн зээлийн гэрээний эрсдлийг “Мандал даатгал” ХХК-ийн даатгалд хамруулан хураамжийг төлснөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх хэлцлийн дагуу цалингийн зээлийн даатгалд хамрагдсан зээлдэгч Ч.Болдоо нь өөрийн хүсэлтээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр чөлөөлөгдсөний улмаас цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 9.3 е-д заасан даатгалын тохиолдол бий болжээ. /хх-18 дугаар тал/

Талууд 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, мөн оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах 12/85 тоот хэлцэл”-ийн 10 дугаар зүйлд өөрчлөлт оруулахдаа мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан ”даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон тухай даатгалын тохиолдол бий болсноос хойш ажлын 5 хоногт даатгалд мэдэгдэх” гэсэн заалтыг хугацаагүй болгосон байх тул нэхэмжлэгчийг даатгалын тохиолдлыг хугацаандаа мэдэгдээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. /хх-11-13 дугаар тал/

Хэрэгт нэхэмжлэгч Капитрон банк ХХК-иас хариуцагч “Мандал даатгал” ХХК-д даатгалын тохиолдол үүссэн талаар болон нөхөн төлбөр гаргуулахаар шаардаж байсан баримтууд авагдсан байх тул нэхэмжлэгчийг 12/85 тоот хэлцлийн 10.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй, харин хариуцагчийн хувьд хэлцлийн 10.2 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг ажлын 7 хоногийн дотор шийдвэрлэх үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна. /хх-11 дүгээр тал/

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол гэж зааснаар даатгагч нь нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасан ба хариуцагч “Мандал даатгал” ХХК нь Капитрон банк ХХК-ийг дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс компанийн ашиг сонирхолд ноцтой хохирол учирсан гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй байх тул нөхөн төлбөрийн үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Иймээс нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь холбогдох нөхөн төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангахгүй үндэслэлгүй.

Анхан шатны шүүх, талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд харьцуулан дүгнэн, цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлд заасан алдангийн тохиролцоог үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01761 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 123 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                    ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                              Ч.ЦЭНД