Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 446

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, октябрь 10-3 тоотод оршин суух, Өлзийсайханы Баттулга /регистрийн дугаар утас 99129208, 99580151/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдох

 

"2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Баттулга, хариуцагчийн төлөөлөгч Н.Сүхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, гэрч Л.Ганзориг, Д.Ундрахцэцэг, Очирхуяг, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга   Б.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... миний бие нь 2016 орны 07 дугаар сараас эхлэн тус сургуулийн архив бичгийн хэргийн эрхлэгчийн ажлыг хууль журмын дагуу гүйцэтгэж ирсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа  элдэв зөрчил гаргаагүй.

Мөн 2017 оны байгууллагын “Ажил мэргэжлийн аварга”-аар  шалгарсан нь  миний ажилдаа амжилттай ажилласныг хамт олноос үнэлж дүгнэсэн явдал гэж үзэж байна.

Гэтэл 4 дүгээр сургуулийн захирал Н.Сүхбаатар нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаалаар намайг ажлын байран дээр архи уусан гэх үндэслэлээр ажлаас халсан нь дарамталсан бөгөөд гүтгэсэн үйлдэл хэмээн үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилд маань эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү ” гэжээ. 

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаалаар архив бичгийн хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Баттулгыг ажлаас халсан.

Тус тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.7, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.6 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон ба энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал юм.

Учир нь Ө.Баттулга нь 2018.01.17-ны өдөр ажлын байран дээр архи уусан болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тухайн төрлийн ноцтой зөрчил гаргаж ажлын байран дээр архи уусан талаараа өөрөө хүлээн зөвшөөрсөн. 

Миний зүгээс Ө.Баттулгыг дарамталсан гүтгэсэн зүйл огт байхгүй бөгөөд яг ямар шалтгаанаар илт үндэслэлгүй зүйл бичиж шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг ойлгохгүй байна.

Ө.Баттулгын ажлын байран дээр архи уусан, ширээ нурууны дэлгүүрээс архи авч ирсэн үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хуулийн тушаалын үндэслэлд бичигдсэн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл төдийгүй, бага дунд боловсролын тухай хууль Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Дархан-Уул аймгийн Засаг даргын сар бүрийн 17-ны өдөр согтууруулах ундаа худалдан борлуулах хэрэглэхийг хориглосон захирамжийг зөрчсөн ноцтой зөрчил юм.

...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй..” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Ө.Баттулга нь хариуцагч Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдуулан захирлын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 дугаарт тушаалаар “Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3, 40.1.4, 40.1.2, Архидан согтуурахтай тэнцэх тухай хуулийн 7.1.1, 7.1.3, Бага дунд Боловсролын тухай хуулийн 20.1.1, 20.2.7 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.6 дахь заалтыг тус тус үндэслэн ...2018 оны 01 сарын 17-нд ажлын байрандаа архи уусан хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан Архив, бичиг хэргийн эрхлэгч ажилтай Өлзийсайхан овогтой Баттулгыг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас халахаар ...” шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “ ...ажлаас халах сахилгын шийтгэл...”, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцлаж болно”, 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болно”, Архидан согтуурахтай тэнцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно”, 7.1.3-т “хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно”, Хөдөлмөрийн дотоод журмын 11.6-т “Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг ноцтойд тооцогдохоор зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана” гэж тус тус заасан байна.

Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т зааснаар Ө.Баттулгыг ажлаас халсан үндэслэлээ “...Ө.Баттулга нь тухай ажлын байрны шалгуурт хангасан боловсрол эзэмшээгүй  учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр  2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байран дээр архи уусан, архи авчирсан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж үзэж түүнийг ажлаас халсан...” гэж тайлбарласан.

Хариуцагч Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль нь дээрх Ө.Баттулгыг ажлын байрны шалгуурт хангасан боловсрол эзэмшээгүй  гэх тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын болон тухай байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны хамаарах тул хэрэгт авагдсан баримтаар Ө.Баттулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус сургуулийн үйлчлэгч ажилтай Б.Наранцэцэгийн төрсөн өдөр болж, Б.Наранцэцэг нь ажлын хамт олондоо 1 шил архи задлах үед 22 ажилтнаас сургуулийн захирал, нийгмийн ажилтан,3 сургалтын менежер, нярав, 1 үйлчлэгчээс бусад 15 ажилтан байсан болон дээрх ажлын байрандаа архи уусан сахилгын зөрчлийн гаргасан гэх үндэслэлээр тус сургуулийн нягтлан бодогч Л.Ганзоригт үндсэн цалинг тодорхой хувиар бууруулах сахилгын шийтгэлийг, архив бичиг хэргийн эрхлэгч Ө.Баттулгад ажлаас халах сахилгын шийтгэлийг, бусад ажилчдад сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан болох нь талуудын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэрч Л.Ганзориг, Д.Ундрахцэцэг, Очирхуяг нар  нь шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Наранцэцэг үйлчлэгчийн төрсөн өдөр байсан учир сургуулийн подвальд бууз жигнэж, нэг шил архи задалсан. Уг архийг задлахад Ө.Баттулга байгаагүй, архи дууссаны дараа орж ирсэн. Тэгээд Л.Ганзориг, Д.Ундрахцэцэг, Очирхуяг бид хэд үлдээд Ө.Баттулгыг архинд явуулж архи авчруулсан. Ө.Баттулга авчирсан архинаас амссан. Тэгээд Ө.Баттулгын эхнэр нь дуудаад эхнэртэйгээ хамт явсан...” гэж мэдүүлсэн болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд тус сургуулийн захирал нь  ижил зөрчил гаргасан 15 ажилтнуудаас зөвхөн Ө.Баттулгад ажлаас халах, бусад ажилтнуудад сануулах болон цалин бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж, ялгамжтай хандсан байна.

         Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Монгол Улсын 1969 оны 05 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан Алагчилахгүй байх тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвецийн 1 дүгээр зүйлийн 1.1.а-д “Алагчлах гэдэг нь арьс үндэс, арьс өнгө, хүйс , шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдэлийг агуулна”, 1 дүгээр зүйлийн 1.3-т “Энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгаа гишүүн улс бүр ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон аливаа алагчиллыг бүрмөсөн устгах зорилгоор ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг дэмжихэд чиглэсэн үндэсний бодлогыг тухайн улсын нөхцөл байдал, дадалд тохирсон аргаар тодорхойлж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ” тус тус заасан байх бөгөөд хариуцагч тал нь бусад ижил зөрчил гаргасан ажилтнуудаас Ө.Баттулгыг ялгаварлаж түүнд  ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Монгол Улсын үндсэн хууль болон Монгол улсын соёрхон баталсан Алагчилахгүй байх тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвецид заасан эрх тэгш байх заримд нийцэхгүй байна.

  Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ө.Баттулгыг Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан бөгөөд  нэхэмжлэгч Ө.Баттулгын ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-наас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалин 1,296,716 төгрөг болох нь 4 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн гаргасан цалингийн судалгаагаар тогтоогдож байх тул хариуцагчаас 1,296,716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Баттулгад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Баттулгыг Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  хариуцагч Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 1,296,716 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Баттулгад олгосугай.      

 

 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд даалгасугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Баттулга нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 105,871 /35,671+70,200/  төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА