Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 69

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00243/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 446 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуульд холбогдох

“2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирал Н.С-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Ө.Б-ас:

            ... миний бие нь 2016 орны 07 дугаар сараас эхлэн тус сургуулийн архив бичгийн хэргийн эрхлэгчийн ажлыг хууль журмын дагуу гүйцэтгэж ирсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй. Мөн 2017 оны байгууллагын “Ажил мэргэжлийн аварга”-аар шалгарсан нь миний ажилдаа амжилттай ажилласныг хамт олноос үнэлж дүгнэсэн явдал гэж үзэж байна. Гэтэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирал Н.С- нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаалаар намайг ажлын байран дээр архи уусан гэх үндэслэлээр ажлаас халсан нь дарамталсан бөгөөд гүтгэсэн үйлдэл хэмээн үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилд маань эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирал Н.С- хариу тайлбартаа:

...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаалаар архив бичгийн хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Б-ыг ажлаас халсан. Тус тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.7, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.6 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон ба энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал юм. Учир нь Ө.Б- 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байран дээр архи уусан болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тухайн төрлийн ноцтой зөрчил гаргаж ажлын байран дээр архи уусан талаараа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Миний зүгээс Ө.Б-ыг дарамталсан гүтгэсэн зүйл огт байхгүй бөгөөд яг ямар шалтгаанаар илт үндэслэлгүй зүйл бичиж шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг ойлгохгүй байна. Ө.Б-ын ажлын байран дээр архи уусан, ширээ нурууны дэлгүүрээс архи авч ирсэн үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн тушаалын үндэслэлд бичигдсэн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл төдийгүй, Бага дунд боловсролын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Дархан-Уул аймгийн Засаг даргын сар бүрийн 17-ны өдөр согтууруулах ундаа худалдан борлуулах, хэрэглэхийг хориглосон захирамжийг зөрчсөн ноцтой зөрчил юм. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 446 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Б-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулиас 1.296.716 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Б-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуульд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Б- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 105.871 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирал Н.С- давж заалдсан гомдолдоо:

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэнгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж дүгнэлт хийсэн нь хэргийг шударгаар шийдвэрлэх зарчмыг зөрчсөн. ...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байран дээр Ө.Б- нь архи уусан, архи авч ирсэн талаарх ажилтнуудын бичгээр гаргаж өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах, шүүх хөндлөнгийн байр сууринаас хэргийг шийдвэрлэх үүргээ үл биелүүлж нэг талыг баримталсан шийдвэр гаргасан.

2. Ө.Б-ын тухайд арьсны өнгө, хүйс, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ялгаварлан гадуурхаж алагчилсан гэх дүгнэлтийг шүүх ямар нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй байна. Хариуцагч миний бие анхан шатны шүүхийн хэрэглэсэн олон улсын гэрээ конвенц нь энэ хэрэг маргааны тухайд хэрэглэх шаардлагагүй, хэрэглэсэн зүйл заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг шууд зохицуулахад тохироогүй гэж дүгнэж байна.

3. Ажлын байран дээр хэдэн хүн архи уусан, тэдгээр ажилтанд  ямар арга хэмжээ авсан нь нэхэмжлэлийн шаардлагатай огт холбогдолгүй хамааралгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэрэгт авагдаагүй баримт болох бусад ажилчдад авсан сахилгын арга хэмжээнд дүгнэлт хийж энэ хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлт нөгөө талаас архи уусан бусад ажилчдыг нэхэмжлэгчийн нэгэн адил ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах ёстой мэтээр дүгнэсэн нь хэрэгт хамааралгүй нэхэмжлэлийн шаардлагад холбогдолгүй, гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн дүгнэлт болсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхэд өгсөн тайлбар зэргээс нэхэмжлэгч Ө.Б- нь ноцтой зөрчил гаргасан нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ө.Б- нь хариуцагч Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдуулан захирлын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 тоот тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал Ө.Б-ын ажлын байран дээр архи уусан, ширээ нурууны дэлгүүрээс архи авч ирсэн үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн тушаалын үндэслэлд бичигдсэн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл төдийгүй, Бага дунд боловсролын тухай хууль Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Дархан-Уул аймгийн Засаг даргын сар бүрийн 17-ны өдөр согтууруулах ундаа худалдан борлуулах хэрэглэхийг хориглосон захирамжийг зөрчсөн ноцтой зөрчил гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.Б-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийн архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуулиас 1.296.716 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Б-д олгож, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн 4 дүгээр дунд сургуульд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдсан гомдолдоо, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхэд өгсөн тайлбар зэргээс нэхэмжлэгч Ө.Б- нь ноцтой зөрчил гаргасан нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн байна.

Хэргийг хуульд зааснаар бүхэлд нь хянахад, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар тус сургуулийн архив, бичир хэргийн эрхлэгч Ө.Б-ыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байрандаа архи уусан хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж ажлаас нь халсан байна.

Энэхүү тушаалыг  Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3, 40.1.4, 40.1.2, Архидан согтуурахтай тэнцэх тухай хуулийн 7.1.1, 7.1.3, Бага дунд Боловсролын тухай хуулийн 20.1.1, 20.2.7 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.6 дахь заалтыг тус тус үндэслэн гаргажээ.

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус сургуулийн үйлчлэгч ажилтай Б.Наранцэцэгийн төрсөн өдөр болж, Б.Наранцэцэг нь ажлын хамт олондоо 1 шил архи задалсан ба ажлын байрандаа архи уусан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр тус сургуулийн нягтлан бодогч Л.Ганзоригт үндсэн цалинг тодорхой хувиар бууруулах сахилгын шийтгэлийг, архив бичиг хэргийн эрхлэгч Ө.Б-д ажлаас халах сахилгын шийтгэлийг, бусад ажилчдад сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ө.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ...ажлаас халах... сахилгын шийтгэл ногдуулна гэж зааснаар түүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэж заасан зохицуулалттай нийцээгүй байна.

Архи авчирсан, төрсөн өдрөө тэмдэглэсэн, архи уусан хүмүүс нь тодорхой байхад хундагалж, сэржим өргөсөн  хүнийг ажлын байранд архи уусан, архи уухыг зохион байгуулсан гэж гомдол гаргаж буй нь учир дутагдалтай гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ө.Б- ажлын байранд архи ууж, зөрчил гаргасан гэдэг нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Л.Ганзориг, Д.Ундрахцэцэг, Очирхуяг нарын шүүх хуралдаан дээр...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Наранцэцэг үйлчлэгчийн төрсөн өдөр байсан учир  тэр нэг шил архи задалсан. Уг архийг задлахад Ө.Б- байгаагүй, архи дууссаны дараа орж ирсэн. Тэгээд Л.Ганзориг, Д.Ундрахцэцэг, Очирхуяг бид хэд үлдээд Ө.Б-ыг архинд явуулж архи авчруулсан. Ө.Б- авчирсан архинаас амссан Тэгээд Ө.Б-ын эхнэр нь дуудаад эхнэртэйгээ хамт явсан... гэж мэдүүлснийг тусгасан тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 –т зааснаар нотлох баримт гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ө.Б- нь бусдын гуйснаар архи авчирсан, сэржим өргөсөн нь үнэн боловч Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, 7.1.3-т заасан хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газарт  2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр архи уусан, архи уухыг зохион байгуулсныг ажил олгогч талаас шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, тушаалынхаа бодит үндэслэлийг нотлоогүй байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцлахдаа түүний гаргасан сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон байх үүрэгтэй.

Хариуцагч тал Ө.Б-ыг ажлаас халсан үндэслэлээ ...Ө.Б- нь тухайн ажлын байрны шалгуурт хангасан боловсрол эзэмшээгүй гэсэн хэдий ч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын болон тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт хамаарна гэж ойлгоно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                  С.ОЮУНЦЭЦЭГ