Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2018/00231/И |
Дугаар | 135/шш2018/00448 |
Огноо | 2018-04-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 135/шш2018/00448
2018 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 135/ШШ2018/00448 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00231/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн*******од оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* /утас *******/-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, гэрч С.*******, *******, *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
миний бие нь 2009 онд мэдээлэл зүйн багш мэргэжлээр Монгол улсын боловсролын их сургуулийг төгсөөд 2010 онд *******эд сургалтын албаны ажилтнаар орж өнөөг хүртэл 7 жил 4 сар тасралтгүй ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ажлын цагийг гойд сайн баримталж хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж үр бүтээлтэй ажиллаж багшийн ёс зүйг дээдэлж хамт олонтойгоо эвсэг ямар нэгэн харьцааны доголдол дутагдалгүй харьцаж ирсэн.
Гэтэл 2018 оны 02 сарын 01-ний өдөр захирлын үүррэг гүйцэтгэгч ******* нь ажлаас чөлөөлсөн Б/11 тоот тушаалыг гаргаж ажил олгогчийн санаачилгаар намайг ажлаас халсан.
Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, *******ийн захирлын баталсан дотоод журмын 5.10-р зүйлийн 5.10.5 заалт, 9.2.5 заалт хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.10, 4.2.3 заалт, 02 сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн.
Энэ үндэслэлийг нь би эс зөвшөөрч хууль бусаар ажлаас халсан гэж үзэж шүүхэд хандаж гомдлоо гаргаж байгаа болно.
Миний бие залуу хүний хувьд өөрийгөө сорьж үзэх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд оролцохоор болж саналаа үүрэг гүйцэтгэгч *******, сургалтын албаны менежер *******нарт хэлэхэд ******* нь уурлаж хэрэв шалгаруулалтанд орох юм бол чи ажилгүй болно гэж мэдээрэй гэж заналхийлж байсан.
Ингээд сургалтын менежер *******бид хоёр сонгон шалгаруулалтанд орох болж бүртгүүлж оролцсон.
Сонгон шалгаруулалтын урьд орой ******* нь дахин дахин утас руу минь залгаж хэл амаар доромжилж байсан.
Энэ үеэс эхлэн захирлын үүрэг гүйцэтгэгч нь намайг хавчиж эрүүл явахад байнга л архи уулаа гэж гүтгэн өрөөндөө дуудан шалгах болсон. Аргаа ядахдаа би үлээж шалгуулж архи уугаагүй гэдгээ нотолж байсан.
Хувийн өс хонзонгийн сэдэлтээр намайг зөрчил гаргаагүй байхад ажлаас халж, цахилгаанчин******* надтай хамт явсан миний найз гэдэг утгаар нь хэлмэгдүүлж мөн халсан.
Бид хоёр ямар ч зөрчил алдаа дутагдал гаргаагүй байхад ажлын байранд архи уусан гэж гүтгэж байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалт зөрчсөн гэж үзэж үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна.
2018 оны 01 сарын 11-ний өдөр буюу оюутан багш ажилчдын амралтын өдөр мөн ажлын бус цагаар хувийн машинаа угаалгын газар угаалгаад таксинд явах гэтэл багааж нь онгойхгүй хөлдсөн байсан.
Тэдэнтэй таарч уулзаад байж байгаад цахилгаанчин******* бас ирсэн байсан.
Тэдэнтэй таарч уулзаад байж байгаад цахилгаанчин*******тай бас таарсан. Ингээд тэр үед үүрэг гүйцэтгэгч *******тай сургууль дээр таараад ямар нэг үг солиогүй зөрөөд явсан. Жижүүр захирал ирээд дэвтэр дээр та 2-ыг архи уусан гээд бичээд явчлаа гээд утсаар хэлэхээр нь бид хоёр очиж үзээд доор нь архи уугаагүй гэсэн тайлбараа бичээд явсан. Тэр өдрөөс хойш нэг ч удаа бид хоёртой уулзаагүй байж байгаад гэнэт хуралд дуудан оруулаад тушаал гаргасан, учир явдлыг нарийн ойлгоогүй.
Тэр өдөр сургуулийн жижүүр сургууль дээр шөнө хоноход сүнс гүйгээд эвгүй байдаг юм.
100 гр ууж зоригоо чангалж хонохоос гээд үнэртүүлсэн байсан.
Жижүүрийн энэ байдалтай холбож архи уусан байна гэж биднийг гүтгэсэн.
...Иймд ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
...2018.01.08-2018.01.12-ны өдрүүдэд оюутан, суралцагч, багш ажилтан албан хаагчдын амралтыг тохиож, онцгой нөхцөлд гаргадаг захирлын 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тоот Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаал гаргаж эргүүл жижүүрийн хуваарь гарсан. Тус хуваарийн дагуу сургуулийн захирал ******* 2018.01.11-ний өдөр эргүүл хийж явж байхад тэр өдөр сургуулийн жижүүрээр ажиллаж байсан *******, ажилтан С.*******, цахилгаанчин ******* нар нь согтуу сургуулийн дадлагын газраас гарч явж байсан бөгөөд захирал *******ыг хараад баганын араар нуугдах үйлдэл гаргасан байсан бөгөөд яагаад согтуу явж байсан талаар захирал тодруулахад нийтээрээ амарсан байхад ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийг уруу татан ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж, жижүүрийг архидуулан, сургуулийн дадлагын газарт хувийн машинаа багаж хөлдсөн нэрийдлээр оруулж ирсэн байдаг дээрхи үйлдлүүд нь сахилгын зөрчлийг давтан гаргасан хэмээн үзэх үндэслэл болж байна. Энэ тухай жижүүрийн дэвтэр дээр бичиж баримтжуулсан байдаг.
Маргааш өглөө нь буюу 2018.01.12-ны өглөө 08.00 цагаас дараагийн жижүүр ******* ажлаа хүлээн авахад урд шөнө хоносон жижүүр ******* нь С.*******, ******* бид 3 өчигдөр орой пакталсан.
Тэр хоёр өчигдөр орой машинтайгаа сургууль дээр орж дадлагын газар машинаа жаахан байлгая гэхээр нь зөвшөөрч сургуулийн хашаагаар машиныг нь нэвтрүүлж, дадлагын газарт байлгаж байгаад 3-лаа ганц юм уугаад гараад ирсэн чинь захиралтай дааралдчихсан. Юм уусан байсан болохоор С.******* гэр бүлийнхээ хүнийг дуудчихсан байсан. Захирал явсаны дараахан С.*******ын гэр бүлийн хүн ирээд машинаа бариад явсан гэж хэлсэн бөгөөд бичлэгийг захиргаа аж ахуйн менежер *******, жижүүр ******* нар үзсэн бөгөөд тэр 3-ын архи уусныг нотлож гэрчилж байна. эдгээр үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 заалт, сургуулийн дотоод журмын 5.10.5, Хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.10, 4.2.3 зүйл заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж ажлаас чөлөөлсөн.
Сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг ноцтой зөрчиж, ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийг уруу татан ажлын байранд хамтран архидалт зохион байгуулсан, цахилгаанчин *******д мөн хариуцлага тооцон 2018 оны 02 сарын 01-ний өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан ******* сургуулийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байран дээр бусадтай хамтран ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн тул ажлын хариуцлага алдан ноцтой зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн учир 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээг цуцалж ажлуулахгүй болсон.
.... Иймд С.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч *******эд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах,нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч тал ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Нэхэмжлэгч С.******* нь *******ид Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтнаар ажиллаж байсан бөгөөд *******ийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, *******ийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.10 дугаар зүйлийн 5.10.5, 9.2.5, Хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.10, 4.2.3, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 19, 2 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн С.******* нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр сахилгын зөрчилтэй байх хугацаандаа ажлын байранд согтуугаар нэвтэрч, архидалт зохион байгуулан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг удаа дараалан зөрчсөн үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Нэхэмжлэгч С.******* нь *******ийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авч 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
Дархан-Уул аймаг дахь *******ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/40 дугаартай тушаалаар ажилтан С.*******д 2017 оны 04 дүгээр сарын 24-нд сургуулийн дотуур байранд согтуу нэвтрэн орсон мөн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж дотоод журам зөрчиж, алдаа дутагдал гаргасан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Нэхэмжлэгч С.******* нь дээрх сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тус сургуулийн захирлын А/40 дугаартай тушаалын талаар маргаагүй, уг тушаалд гомдол гаргаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан байна.
Нэхэмжлэгч С.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр жижүүрээр ажиллаж байсан *******д архи авчирсан, уг архийг задлахад хүртэж, сургуулийн байранд архи уусан үедээ нэвтэрсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбар, *******ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаал, хариуцлагатай жижүүрийн тэмдэглэл, СД бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
*******ийн дотоод журмын 5.10.5-д Ажилтан ажлын байранд архидан согтуурсан, 5.10.6-д Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтсан болон хөдөлмөрийн гэрээнд ноцтой тооцох зөрчлийг гаргасан бол ажлаас чөлөөлөхөөр, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-д ... Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архидалт зохион байгуулж, согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн ...бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхөөр тус тус зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч С.******* нь өмнө сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч С.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын хариуцагч *******ид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА