| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 187/2019/0195/Э |
| Дугаар | 695 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 695
О.Гт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дэлгэрмаа,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1125 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлээр О.Гт холбогдох эрүүгийн 1903001900151 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
, 1991 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2 дугаар баазад 3 дугаар хэсгийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 77 дугаар гудамжны 1070а тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /;
О.Г нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өглөө 11 цаг 50 минутын үед Dеаwоо ВS106 маркийн, 03-88 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын урд автобусны буудал дээр уг тээврийн хэрэгслийн хойд хаалгаар зорчигч буулгахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөний улмаас 12 настай Г.Ганцацралыг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: О.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Прокурор тогтоолын тодорхойлох хэсэгт нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрт тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана" гэж заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-63-64/, яллах дүгнэлт нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийг удирдлага болгосон нь хууль зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно" гэж заажээ. Харин О.Гт холбогдох эрүүгийн хэрэгт "Зорчигч тээврийн нэгтгэл" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй, уг байгууллагын төлөөлөгч гэх этгээдийг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан нь хууль бус болсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан "гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн”-ийг сайтар шалгаж тогтоох шаардлагатай байна. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд, 03-88 УБЧ дугаартай зорчигч тээврийн автобуснаас зорчигч унаж бэртсэн болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, хэрэг болсон даруйд хохирогч Г.Ганцацралд тусалж ээж рүү нь залгасан хүнийг, мөн тусалсан гэх эмэгтэйг олж тогтоон гэрчээр мэдүүлэг авах зэрэг хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэд шалгаж тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул уг хэргийг 03-88 УБЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Г үйлдсэн эсэхийг хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоовол зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хэргийг уг хэрэг гарсан газрын харъяалах шүүх хянан шийдвэрлэнэ" гэж заасан байх бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарахаар байгааг анхаарвал зохино. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч О.Гт холбогдох хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэгт О.Гт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу буюу тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалтыг тусгасан байна. Мөн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаж байгаагаас гадна яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийг удирдлага болгоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно" гэсэн ба “Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 1/513 дугаартай албан бичгээр уг байгууллагыг төлөөлж, хуулийн зөвлөх Ц.Баясгаланг томилж ирүүлсэн. Хэрэгт Ц.Баясгаланг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр тогтоон мэдүүлэг авсан байна. Энэ нь хэргийн оролцогч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй.
Яллагдагч О.Г нь холбогдсон хэргийн үйл баримтад маргадаггүй бөгөөд гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зураг, насанд хүрээгүй хохирогч Г.Ганцацралын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2693 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мижидсамдангийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаартай магадлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Харин хэрэгт түүнийг дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэх баримт авагдаагүй байна.
Гэмт хэрэг гарсан гэх газар нь нутаг дэвсгэрийн хувьд Сонгинохайрхан
дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд мөрдөн шалгах
ажиллагааг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан
байна. Уг нутаг дэвсгэрийн асуудлыг шүүх ямар баримтаар Баянгол
дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа талаар нотлох баримт авагдаагүй ба энэ
талаар маргаан байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2
дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж заасны дагуу харьяалах шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх боломжтой байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/1125 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. Мөн тогтоох хэсэгт хэрийг зүйлчлэл, шүүхийн харъяалал гэх зэрэг байх шаардлагатай бүхий л байдлын талаар тодорхой дурдаж өгсөн. Мөн шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийг удирдлага болгоогүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/1125 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно" гэж заажээ. “Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 1/513 дугаартай албан бичгээр уг байгууллагыг төлөөлж, хуулийн зөвлөх Ц.Баясгаланг томилж ирүүлсэн ба хэрэгт Ц.Баясгаланг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр тогтоон мэдүүлэг авчээ.
Гэмт хэрэг гарсан гэх газар нь нутаг дэвсгэрийн хувьд Сонгинохайрхан
дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарч байх бөгөөд шүүх ямар баримтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа гэж үзэж харьяалалыг шалгах талаар заасан нь тодорхой биш байна.
Яллагдагч О.Г нь холбогдсон хэргийн үйл баримтад маргадаггүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж зааснаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хэлэлцэх боломжтой байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг дуудан оролцуулах хүсэлт гаргаж, тэднийг оролцуулан эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж заасан хууль зүйн үндэслэлд хамаарахгүй бөгөөд хэргийг прокурорт буцаах буюу зайлшгүй хийгдэх ажиллагаа биш байна.
Иймд прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1125 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.Гт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл яллагдагч О.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ