| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 110/2023/0027/З |
| Дугаар | 221/МА2024/0260 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2024/0260
| 2024 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 221/МА2024/0260 | Улаанбаатар хот |
Ж.Р***гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ж.Р***,
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар зарласан Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг цуцалсан салбар зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгох, зарлагдсан сонгон шалгаруулалтын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4 дүгээр шийдвэр,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Р***,
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Р***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа,
Хэргийн индекс: 110/2023/0027/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг Өлгий сумын Засаг дарга баталсан нь хууль зөрчөөгүй,
3.2 Төрийн албаны зөвлөлийн гишүүн Төрийн албаны зөвлөлийг бүхэлд нь төлөөлж сонгон шалгаруулалтыг эргүүлэн татах үүрэг чиглэл өгөх эрхтэй субъект мөн эсэхийг анхаарах ёстой. Төрийн албаны тухай хуульд зааснаас үзэхэд зөвлөлийн гишүүн нь Төрийн албаны зөвлөлийг бүхэлд нь төлөөлж, үүрэг чиглэл өгч, сонгон шалгаруулалтыг эргүүлэн татах чиглэл өгсөн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа,
3.3 Төрийн албаны зөвлөл нь маргаантай асуудлаар 2 өөр байр суурь баримталсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,
3.4 Сонгон шалгаруулалтыг эргүүлэн татах, хүчингүй болгох шийдвэрийг Төрийн албаны зөвлөл, түүний шалбар зөвлөл биш шалгалтын комиссын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлээр гаргасан. Уг шалгалтын комисст хуулиар сонгон шалгаруулалтыг цуцлах эрх олгогдоогүй байсан гэх зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх асуудлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв тогтоож чадалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
3.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга 2023 оны А/41 дүгээр захирамжаар “Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг” баталж, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/99 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хандан “Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах” хүсэлтийг хүргүүлсний дагуу салбар зөвлөлөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандан сул орон тооны захиалгыг хүргүүлж, улмаар сонгон шалгаруулалтыг зарласан.
3.2. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт хууль журамд нийцэж буй эсэх асуудлыг шалгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 02/1062 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандан
“...Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны Б/03 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын тусгай шаардлагын туршлага хэсэгт “1501-дээш суралцагчтай сургуульд: ерөнхий боловсролын сургуульд 8-аас доошгүй жил ажилласан, тэргүүлэх ба түүнээс дээш зэрэгтэй, 4-өөс доошгүй жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай байх” гэж заасан өгсөн. Тус сургуулийн албан тушаалын тодорхойлолтыг ... сумын Засаг даргын ... захирамжаар батлахдаа тусгай шаардлагын туршлага хэсэгт “... 2-оос жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай байх” гэж зааж өгсөн нь үлгэрчилсэн загвараас зөрүүтэй байна. Иймд ... сургуулийн захирлын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг эрүүлэн татаж, албан тушаалын тодорхойлолтыг үлгэрчилсэн загварын дагуу баталсны дараагаар дахин зохион байгуулна уу” гэх мэдэгдлийг хүргүүлсэн.
3.3. Үүнтэй холбогдуулан хариуцагчаас Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын сул орон тооны сонгон шалгаруулалтыг цуцалсныг нэхэмжлэгч Ж.Р*** эс зөвшөөрч “Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн тул сонгон шалгаруулалтыг цуцалсан нь миний сонгон шалгаруулалтад оролцох эрхийг зөрчсөн” гэх агуулгаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж маргасан.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн” дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж “...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” хэмээн,
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” тус тус заасан.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Р***гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл илэрсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэг ангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02/1062 дугаар албан бичгээр “...албан тушаалын тодорхойлолтыг үлгэрчилсэн загварын дагуу баталсны дараагаар дахин зохион байгуулах”-ыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд мэдэгдсэний дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл төлөвлөж байсан Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах ажиллагааг цуцалсан үйл баримт нь дотогш чиглэсэн, зохион байгуулалтын шинжтэй захиргааны үйл ажиллагаа байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, тухайн сонгон шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин зарлахад нэхэмжлэгч оролцох эрх нь нээлттэй.
6. Анхан шатны шүүх эдгээр үйл баримтад дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар зарласан Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг цуцалсан салбар зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгох, зарлагдсан сонгон шалгаруулалтын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах” шаардлага бүхий Ж.Р***гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА