Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 135/шш2018/00860

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** хороо, ******* тоот, ******* ХХК /утас *******/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** байр, ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ******/-д холбогдох

 

6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...*******” ХХК цаашдын үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх 94 га газрын зөвшөөрөл авах ажлыг Дархан сумын 4-р багийн иргэн Л.*******тэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр тохирсон юм. “*******” ХХК гэрээний дагуу үйл ажиллагааны зардлыг Л.*******ийн шаардсан хугацаанд саадгүй төлсөн бөгөөд гэрээний хугацаа дуусаад 2,5 жил өнгөрөхөд тус зөвшөөрөл гаргуулах ажил хийгдээгүй тул иргэн Л.*******ээс гэрээний дагуу олгосон үйл ажиллагааны зардал 6,500,000 / зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Л.******* нь шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...******* ХХК төрөөс газар авахын тулд тавигдах шаардлага хангах, шийдвэр хүлээх, дүрэм журам баримтлах, бодит байдлыг ухамсарлах, холбогдох гэрээнд заасан хариуцлагыг биелүүлэх, өөрийн үйл ажиллагаанд гарсан бүх зардлыг хариуцах үүрэгтэй. Харин иргэн Л.******* ******* ХХК-д итгэмжлэгдэн ажилласны хөлс, үйл ажиллагаанд гарсан /тусгай зөвшөөрөл/ бүх зардлыг ******* ХХК-наас гаргуулах эрхтэй. 2015 онд ******* ХХК төрөөс 94 га уурхайн газар ба тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасан боловч энэ ажлыг гүйцэтгүүлэхээр иргэн Л.*******т итгэмжлэл олгосон. Энэ ажлыг гүйцэтгэх хугацаанд 2016 оны 02 сарын 01-нд Монгол улсын засгийн газрын өргөдлийн байнгын хорооноос 02 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлан зогсоосон.

Энэ хугацаанд Уул уурхайн сайд 3 удаа, манай аймгийн засаг дарга 2 удаа, хариуцсан хэлтсийн дарга 5 удаа, хариуцсан мэргэжилтэн 6 удаа халагдаж солигдсон үйл ажиллагааг төрийн бодлого зохицуулалт гэж ойлгож байна. Мөн сумын ИТХ-ын дарга, засаг дарга солигдсон. Нэг ажилтан солигдоход ******* ХХК-ийн өмнөөс уулзаж байнга санаа зовж, идэвхтэй ажилласан. Хэдэн хүн хичнээн байгууллагын ажилтантай уулзсаныг, хэдэн хурлаар орсныг огт мэдэхгүй, намайг ойлгохгүй байгаа нь харамсалтай байна. 2018 оны хаврын чуулганаар 5 сарын сүүлээр тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно харин өмнө өгсөн өргөдөлтэй Ашигт малтмалын газраас зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжид зохих шатанд тавигдах шаардлагыг хянан тусгай зөвшөөрөл олгох чиглэл өгсөн. Гэвч ******* ХХК-ийн төлөө уйгагүй ажилласаны дүнд аймаг болон Яамны хурлын дүгнэлт саналаар дэмжигдсэн байх тул ******* ХХК надад баярлах ёстой байтал гэрээний хариуцлага зөрчиж хууль бус үйлдлээр миний нэр төрд халдаж гэрээний үйл ажиллагаа хийгдээгүй гэж гүтгэсэнд гомдолтой байна.

Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт, гэрчилгээний хуулбар, өргөдөл гаргагчийн булангийн цэгийн солбилцол, хилийг харуулсан стандарт зураг, сансрын зураг, монгол улсад татвар төлөгчийн нотолгоо, хайгуулын ажлын төсөл төлөвлөгөө, аймгийн засаг даргад өгсөн хүсэлт, ашигт малтмалын газарт шүүгдсэн зураг, *******т олгосон итгэмжлэл, мэргэжлийн боловсон хүчнээр хангасан гэрээ гэх мэт холбогдох баримт бичгээс мэргэжлийн байгууллагын тамга, аймгийн засаг даргын гарын үсэг, ******* ХХК-ийн тамга, гарын үсэг, Геологи Уул уурхайн яамны кадастрын албаны тамга зэрэг үйлдлээр гэрээний үйл ажиллагааг хийгдсэнийг нотолно. Уул уурхайн салбарт баримталж байгаа төрийн бодлогын зохицуулалт шийдвэрийг баримтлахгүй энэ ажлыг гүйцэтгэх боломжгүй байдлыг харгалзан ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүйд тооцож, Л.******* ******* ХХК-ийн төлөө ажилласан үйл ажиллагааны зардал, хохирлыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн гаргуулж иргэн Л.*******т олгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “... Л.******* нь надад Орхон сумын 94,0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа, уг тусгай зөвшөөрлийг манай байгууллагын нэр дээр болгож гэрчилгээ гаргаж өгнө гээд бидний хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажлын хөлсөнд 6,000,000 төгрөг гэж тохиролцож уг мөнгийг өгсөн, дараа нь 500,000 төгрөгийг 250,000, 250,000 төгрөгөөр нь төрийн сангийн дансанд тушаа гээд Л.******* нь дансны дугаар өгч тушаалгасан. Манай байгууллага Л.*******т нийт 6,500,000 төгрөг өгсөн. Дээрх газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг өдий хүртэл гаргаж өгөөгүй, Л.******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир түүнээс 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулж гаргасан.

Хариуцагч тал шүүх хуралдаанд “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд нийцээгүй, уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Л.******* нь Дархан-Уул аймгийн Орхон сумын 94.0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-ийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан ба Л.******* нь дээрх ажиллагааг хийсэн. ******* ХХК-ийн өгсөн 6,000,000 төгрөгийг өгөх үндэслэлгүй, 500,000 төгрөгийг Л.******* аваагүй...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Зохигч талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” гэх нэртэй гэрээг бичгээр байгуулан, уг гэрээний 1.2-т “******* ХХК-нд Дархан-Уул аймгийн Орхон сумын 94.0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-ийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэхээр тохиролцож энэхүү гэрээг байгуулав”,  2.1-т “Гүйцэтгэгч нь захиалагчид Дархан-Уул аймгийн Орхон сумын 94,0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг бичиг баримтыг бэлэн болтол нь шаардагдах бүх ажлыг хийж гүйцэтгэнэ”, 2.2-т “Гүйцэтгэгчийн хийж буй 94.0 га хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг гаргуулах ажил нь захиалагчийн өгсөн шаардлагыг бүрэн хангасан байх болно”, 4.1-т “Гүйцэтгэгч нь захиалагчид Дархан-Уул аймгийн Орхон сумын 94.0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг гаргуулж өгөх ажлыг нийтдээ 6,0 сая /үүнд бүх зардал ороод/ төгрөгөөр гүйцэтгэж лицензийг бэлэн болгох бөгөөд үүнээс эхний шатны бичиг баримт бүрдүүлэхэд шаардагдах 3,0 сая төгрөгийг захиалагчид 2015 оны 05 дугаар сарын 05-нд бэлнээр өгч үлдсэн 3,0 сая төгрөгийг лиценз бэлэн болсон үед саадгүй төлнө” гэж тохиролцож, захиалагч ******* ХХК-ийг төлөөлж менежер ажилтай ******, гүйцэтгэгчээр Л.******* нар тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус заасан боловч талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан гэрээний зүйл болох ажлын үр дүнг тодорхой тусгаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ХХК нь “байгуулсан гэрээний 4.1-т заасан Орхон сумын 94.0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг ******* ХХК-ийн нэр дээр гаргаж бэлэн болгох” гэж , хариуцагч тал гэрээний 1.2-т заасан Дархан-Уул аймгийн Орхон сумын 94.0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-ний нэр дээр гаргуулахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэх” гэж тус тус тайлбарлаж маргадаг бөгөөд эдгээр нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болохгүй болно.

Иймд Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэх нэртэй гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Л.*******ийн ажлын хөлсөнд авсан гэх 6,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь 500,000 төгрөгийг төрийн сангийн дансанд байгууллагынхаа нэрээр тушаасан гэсэн тайлбарыг гаргасан тул дээрх 500,000 төгрөгийг Л.*******ээс гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.*******ээс 6,000,000 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА