Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2604

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02279 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “З” ОНӨААТҮГ-д холбогдох

 

Нэг удаагийн буцалтгүй тусламж 22 563 496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрийн байгууллагад нийт 29 жил 4 сар ажилласан. Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг үндэслэн “З” ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2/232 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэртээ гарч хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдлөө өгснөөр нэг сарын тэтгэмж 868 427 төгрөг авсан. Ажлаас халагдсаны тэтгэмж биш, өндөр насны тэтгэвэрт гарсан тэтгэмжээ авах зорилготой байсан. Миний бие 1982 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Автобус-1 дүгээр баазад тоо бүртгэгчээр анх ажилд орж, 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тушаалаар Автобус-1 дүгээр баазаас чөлөөлөгдөн Арьс ширний үйлдвэрт техникчээр орж ажиллаж байгаад 1990 онд Арьс ширний үйлдвэр хувьчлагдсан тул ажлаасаа чөлөөлөгдсөн. 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Автобус-1 дүгээр баазад кондуктороор ажилд орж ажиллаж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/130 дугаар тогтоолоор орон тоо бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мөнгө хураагчаар ажилдаа эргэн орон ажиллаж байгаад 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Автобус 1, 3 дугаар бааз, Цахилгаан тээвэр нийслэлийн өмчит үйлдвэриийн газрыг татан буулгаж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/778 дугаар захирамжаар “З” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулсан. Дээрх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар “хамтын гэрээг хэвээр мөрдөнө” гэж заасан. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.3-т зааснаар “улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан хөлсөөр ажиллах журамд орохгүйгээр 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчдын ажилласан хугацаанд орж тооцогдоно” гэж заасан. Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 338 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахдаа хамгийн сүүлд ажиллаж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэвэр, тэтгэмжийг олгоно. Үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцож олгох тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарны 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Миний бие 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Автобус-1 дүгээр баазад кондуктор, сэлбэгийн няраваар ажиллаж байсан. Иймд Засгийн газрын 405 дугаар тогтоолд хамаарагдах тул сүүлийн 3 жилийн нэг сарын дундаж цалин 648 986 төгрөгийг 36 сараар тооцоход 23 363 496 төгрөг бөгөөд байгууллагаас олгосон 1 сарын тэтгэмж 800 000 төгрөгийг хасч тооцон 22 563 496 төгрөгийг “З” ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.О нь тус үйлдвэрийн 1 дүгээр баазад 1982 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар тоо бүртгэгчээр ажилд орж, 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2156 дугаар тушаалаар дахин ажилд орж, кондуктороор ажиллаж байгаад 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр тушаалаар сэлбэгийн няраваар шилжүүлэн ажилласан байдаг. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/190 тоот тушаалаар орон тооны бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөн тэтгэмжид 3 168 618 төгрөгийн тэтгэмж олгосон байдаг. 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/693 тоот тушаалаар мөнгө тоологчоор дахин ажилд орон ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/232 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан хамтын гэрээний заалтад хамааралгүй болно. Учир нь уг хамтын гэрээ нь тус үйлдвэрийн газрын 3 дугаар баазын хамтын гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь 1 дүгээр баазад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Нэхэмжлэгч Ц.О-ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь байгууллагаас 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 868 427 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/399 дүгээр тушаалаар олгосон. Хамтын гэрээний хуввп Автобус-3 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдаж, 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ юм. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 155 тоотоор 3 дугаар баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Автобус-3 ОНӨААТҮГ нь НИТХ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “З” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг заалтыг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу хуулиа мөрдөн ажилласан. ”З” ОНӨААТҮГ нь нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт нийцсэн. Уг хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 дүгээр албан тоотоор ҮЭХ-оос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй, энэ асуудлыг гацаанд оруулж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ Автобус-3 дугаар баазын хамтын гэрээг үндэслэж гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ц.О нь Автобус-1 дүгээр баазад ажиллаж байсан тул Автобус-1 дүгээр баазын хамтын гэрээ үйлчилнэ. Хариуцагч байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийн аж ахуйн тооцоот газар гэдэгт ордог. “З” ОНӨААТҮГ-ын захиргааны ажилчид ямар нэгэн байдлаар төрийн албан хаагчийн ангилал зэрэглэлд хамаардаггүй, бид төрийн албан хаагч биш, зөвхөн “З” ОНӨААТҮГ-ын захирал төрийн албан хаагч гэж явдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа Автобус-1 дүгээр баазын хамтын гэрээг үндэслэх ёстой байсан. Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан хамтын гэрээ нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан доорх хэмжээгээр тэтгэмж олгохоор заасан бөгөөд үүнд 5 хүртэл жил хүртэл ажилласан бол 3 сарын, 5 жил ажилласан бол 6 сарын 6-10 жил ажилласан бол 9 сарын, 11-15 жил ажилласан бол 12 сарын, 16-20 жил ажилласан бол 15 сарын, 21-25 жил ажилласан бол 18 сарын, 26-30 ажил ажилласан бол 21 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч Ц.О нь 1992 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа нийт 4 удаа ажлаас орж гарсан байдаг учир хамтын гэрээний 8.5 дахь хэсэгт заасан тасралтгүй гэдэг шаардлагыг зөрчиж, 4 удаа тасалдсан байна. Иймд нэхэмжлэгч Ц.О-т өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Ажилтны өндөр насны тэтгэмж шаардах эрх нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүсч байна. Гэтэл Ц.О нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанд эрх зөрчигдсөнийг мэдэх буюу мэдсэнээс хойш 3 сарын хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ц.О-гийн дансанд нэг сарын дундаж, цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэгчийн дансанд орсон. Үүнээс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 5 дугаар зүйлийн 5.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас нэг удаагийн буцалтгүй тусламж 22 563 496 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа “нэхэмжлэгч Ц.О нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч байгууллагаас нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 868 427 төгрөг олгосон өдрөөс хойш хамтын гэрээнд зааснаар дутуу хэмжээгээр тэтгэмж олгож, эрх нь зөрчигдсөн гэж үзэн тухайн байгууллагад болон хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад 3 сарын дотор гомдлоо гаргаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргасан гэж үзэх бөгөөд уг хугацааг сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна” гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Учир нь нэхэмжлэгч Ц.О-ийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч байгууллагаас 868 427 төгрөгийг хүлээн авсан өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацаа тооцох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хамтын гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, тэтгэмж гаргуулахыг хүссэн байтал шүүх хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж 22 563 496 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.О нь 2017 оны 4 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл гаргасны дагуу ажил олгогч “З” ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/232 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний 868 427 төгрөгийн тэтгэмжийг нэхэмжлэгчид олгосон үйл баримтад талууд маргаагүй. /хх-ийн 2, 32, 36 дугаар тал/

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь хэргийн 32 дугаар талд байгаа дансны хуулгаас дүгнэвэл хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн дансанд  868 427 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн байх боловч энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн баримтгүй байна.

 

Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дансны мэдээллээ шалгаснаар ажил олгогчоос тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг нь зөрчсөн талаар мэдсэн гэж үзэх үндэслэлтэй, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

Улаанбаатар хотын Зорчигч тээврийн Автобус-1 дүгээр баазад нэхэмжлэгч Ц.О кондуктороор ажиллаж байсан боловч 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тогтоолоор орон тоо бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгджээ. Улмаар 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мөнгө тоологчоор ажилдаа эргэн орж ажилласан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Хэргийн 55 дугаар талд авагдсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 8.5-д өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс хамаарч тэтгэмж олгох, 5 хүртэл жил ажилласан бол 3 сарын тэтгэмж олгохоор талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хуулийн үндэслэлтэй.

 

Иймд 3 сарын цалин болох 2 605 281 /868 427 х 3 = 2 605 281/ төгрөгөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчоос Ц.О-т олгосон 868 427 төгрөгийг хасаад үлдэх 1 736 854 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас 1 736 854 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 826 642 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                          С.ЭНХТӨР

 

                                                               Г.ДАВААДОРЖ