Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/0094/З |
Дугаар | 221/МА2024/0298 |
Огноо | 2024-05-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2024/0298
2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2024/0298 | Улаанбаатар хот |
“Т*** с*** м***” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х***,
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч С.Г***, улсын байцаагч Г.У*** нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулан тухай” 0002251 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0260 дугаар шийдвэр,
Гомдол гаргагч: “Т*** с*** м***” ХХК,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч С.Г***, улсын байцаагч Г.У*** нар,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э***, Б.Х***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
Хэргийн индекс: 128/2022/0094/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Т*** с*** м***” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч С.Г***, улсын байцаагч Г.У*** нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулан тухай” 0002251 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0260 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Т*** с*** м***” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г***, улсын байцаагч Г.У*** нарын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0002251 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
“... Хариуцагчийн зүгээс улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосон үйл баримттай маргаагүй бөгөөд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2024/0014 дүгээр тогтоолоор зах зээлийн судалгаанд ашигласан тоон мэдээлэл зөрүүтэйн улмаас давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2023/0664 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг “хууль бус гэж үзэн хүчингүй болгосон” гэж буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийн холбогдох хэсэгт зохих өөрчлөлт, засварыг оруулж өгнө үү” гэжээ.
4. Гомдол гаргагчаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,
3.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай” 01 дүгээр дүгээр тогтоолоор гомдол гаргагч “Т*** с*** м***” ХХК-ийг “суудлын шинэ автомашины импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-ээр тогтоож, маргаан бүхий захиргааны акт болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч С.Г***, улсын байцаагч Г.У*** нарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002251 дугаартай шийтгэлийн хуудсаар тус компанийг “...давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан” хэмээн дүгнэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний 9,144,302,977 /Есөн тэрбум нэг зуун дөчин дөрвөн сая гурван зуун хоёр мянга есөн зуун далан долоо/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.
3.2. “Т*** с*** м***” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай” 01 дүгээр дүгээр тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0474 дүгээр шийдвэрээр “... захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн бөгөөд тухайн шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 72 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.
3.3. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дахин 04 дүгээр тогтоол буюу шинэ захиргааны акт гарган, “Т*** с*** м***” ХХК-ийг “...Үйлдвэрлэгдсэн оноос хойшхи хугацаа нь 0-3 жил болсон суудлын автомашины импортын зах зээлд 2020 оны байдлаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр” тогтоосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 629 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 664 дүгээр магадлалаар маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдож байна.
4. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-т “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж тус тус заасан.
5. Тухайн тохиолдлын хувьд, хариуцагч улсын байцаагч нараас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргах үндэслэл болсон “Тоёотай сэйлс монголиа” ХХК нь “...Үйлдвэрлэгдсэн оноос хойшхи хугацаа нь 0-3 жил болсон суудлын автомашины импортын зах зээлд 2020 оны байдлаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгч” болохыг тогтоосон гэх үйл баримт хууль бус болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасан “...давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан” гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “Хариуцагчийн зүгээс улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосон үйл баримттай маргаагүй” болохоо илэрхийлсэн атлаа “хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг “хууль бус гэж үзэн хүчингүй болгосон” гэж буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийн холбогдох хэсэгт зохих өөрчлөлт, засварыг оруулж өгнө үү” гэх үндэслэлээр давж заалдах гомдлын үндэслэлээ дурдаж байгааг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА