Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00483

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02514 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1990 дугаар магадлалтай,

*******ийн нэхэмжлэлтэй,

Бат энд инвест ББСБ ХХК-д холбогдох

5,344,340 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 28,170,647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 12Б байр, 24 тоот 44 м.кв 3 өрөө орон сууцаар хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн төлөөлөгч Э.Алтанбулаг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие******* ХХК-тай 2012.07.10-ны өдөр ЗГ1207/0026 тоот зээлийн гэрээг (25,000,000 төгрөгийн үнэ бүхий) нэг жилийн хугацаатай, мөн 2012.12.28-ны өдөр ЗГ1207/0026 тоот зээлийн гэрээ (5,000,000) байгуулсан. Гэхдээ бодит байдал дээр эхлээд 20,000,000 төгрөг, дараа нь 10,000,000 төгрөг авсан. Ингээд 2013.06.20-ны өдөр******* ХХК-д 10,000,000 төгрөгийг нь буцааж төлөөд 2013.07.10-ны өдрөөс эхлэн тооцож 2015.07.10-ны өдөр хүртэл зээлийн гэрээгээ сунгасан. Энэ хугацаанд 20,000,000 төгрөгийн зээлийн хүүгээ тогтмол төлж байсан бөгөөд 2015.05.27-ны өдөр ЗГ1505/0122 тоот зээлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулсан. Үүнд 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.2 хувийн хүүтэй. Бодит байдал дээр ЗГ1505/0122 тоот гэрээний дагуу******* ХХК-аас ******* би нэг ч төгрөг аваагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогддог. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. 2015.06.29-ний өдрөөс 2018.08.29-ний өдөр хүртэл******* ХХК-д 25,344,340 төгрөг буюу 5,344,340 төгрөгийг илүү төлөлт хийсэн болно. Зээлийн гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 2015.05.27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд******* ХХК-ийг төлөөлж зээлийн менежер О.Энхзаяа гарын үсэг зурсан. Гэтэл тухайн байгууллагын гүйцэтгэх захирал нь Э.Алтанбулаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.******* ХХК-аас О.Энхзаяад зээлийн гэрээ байгуулах итгэмжлэл олгогдоогүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 1.8 дэх хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Мөн энэ гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан. Мөн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан гэтэл******* ХХК нь зээлийн данс нээсэн, зээлийн гүйлгээ хийгдсэн нь тогтоогддоггүй учир зээл олгосонд тооцох хуулийн шаардлага хангаагүй. ******* нь гэрээнд дурдагдсан мөнгийг аваагүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 10,000,000 төгрөгийн орлогын баримт, 20,000,000 төгрөгийн зарлагын баримтууд нь 2015.05.27-ны өдрийн огноотой байна. ******* 10,000,000 төгрөг төлөөд 20,000,000 төгрөг авсан мэт эсвэл 20,000,000 аваад 10,000,000 төгрөгийг нь буцаан өгсөн мэт харагдана. Үүнийг зээлийг зээлээр нь хаасан гэж ойлгож болохоор байна. *******ийн дансны хуулгыг авч ирсэн. *******д******* ХХК-д төлөх 10,000,000 төгрөг байгаагүй. Үнийн дүн илт зөрүүтэй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хариуцагчийн олгосон зээл нь зорилгоо зөрчин хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээний 2.1.4-д эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон гэж харагдавч ******* нь 2012.08 дугаар сараас 2018.08 дугаар сар хүртэл 39,258,840 төгрөг төлсөн. Үүнээс харахад хариуцагчийн хувьд нэхэмжлэгч *******д эргэлийн зориулалтаар мөнгө олгоогүй. Мөнгө хүүлэх зорилгоор зээл олгосон гэж үзэж байна. ******* 20,000,000 төгрөг авчхаад 64,000,000 төгрөг төлөхөөр болж байна.******* ХХК нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус учир нэхэмжлэлийн шаардлага 5,344,340 төгрөгийг******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Э.Алтанбулаг шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* манай компаниас зээлийн гэрээний үүрэгт 5,344,340 төгрөг илүү төлсөн гэж шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ******* манай компанитай 2015.05.27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж авсан. ******* 2015.06.27-ны өдрөөс 2018.08.27-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд 25,344,020 төгрөгийг төлж байсан. Гэтэл 2018.09.27-ны өдрөөс ямар нэг шалтгаангүйгээр, үндэслэлгүйгээр 2018 оны 9,10,11 дүгээр саруудын хүүг төлөхгүй байгаа. ******* нь гэрээнд заасан 20,000,000 төгрөгөөс ямар нэг байдлаар төлөхгүй. Өнөөдрийн байдлаар 20,000,000 төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл 2,026,647 нийт 22,026,647 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ******* 2015.05.27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2016.05.27-ны өдөр 2018.05.25-ны өдөр өөрийнхөө хүсэлтээр сунгасан бөгөөд гэрээний хугацаа 2019.05.27-ны өдөр дуусгавар болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015.05.27-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 20,000,000 төгрөгийг надад өгөөгүй. Зээлийн гэрээний зүйл болох 20,000,000 төгрөгийг 2015.05.27-ны өдөр бэлнээр гардаж буюу шилжүүлж авсан болно.******* ХХК нь үйл ажиллагааныхаа хүрээнд *******ийн хүссэнээр зээлийг олгосон. Мөнгө хүүлж хүн хохироогоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал эхлээд 20,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байсан бол өнөөдрийн хурал дээр зээлийн гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Уг зээлийн гэрээг******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Алтанбулаг баталсан. 20,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн нотлогдож байгаа учир хүчин төгөлдөр хэлцэл болохгүй юм. Бид зээлээ бэлнээр олгоод бэлнээр өгдөг байсан. 2012 оноос байгуулсан зээлийн гэрээ нь эргэлтийн хөрөнгийн мөнгө байсан. Солонгосоос машин худалдан авч ирээд лого худалдан авдаг. 2015.05.27-ны өдөр 10,000,000 төгрөгөө буцаан төлөөд 20,000,000 төгрөгийн дахин зээлсэн. Энэ нь өөрийнх нь хэрэгт авагдсан хүсэлтээр нотлогдоно. 2015.05.27-ны өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно гэжээ. ******* нь манай компанитай холбогдуулж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* манай байгууллагаас 2015.05.27-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн үлдэгдэл 20,000,000 хүүгийн үлдэгдэл 5,247,980 төгрөг нийт 25,247,980 төгрөгийг төлөөгүй байна. *******ээс 2019 оны 5,6,7,8,9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2,922,667 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ. 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2015.05.27-ны өдөр хариуцагчаас 20,000,000 төгрөг аваагүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч байгууллага мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулсан. Тиймээс талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учир хүү шаардах эрхгүй. ******* 20,000,000 төгрөгийн зээл аваад 39,000,000 төгрөг төлсөн. Гэтэл дахин 28,000,000 төгрөг нэхэж байна. Нийтдээ 67,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг мөнгө хүүлэх ажиллагаа гэж хэлэхээс өөр аргагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.23-ны өдрийн 101/ШШ2019/02514 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч******* ХХК-аас 5,344,340 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар *******ээс 20,000,000 төгрөг гаргуулж,******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,170,647 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,460 төгрөг, хариуцагч******* ХХК-аас төлсөн 345,903 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, *******ээс 257,950 төгрөг гаргуулж,******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.25ы өдрийн 1990 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.23-ны өдрийн 101/ШШ2019/02514 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1990 тоот Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: Дээрх ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээний 2.1.5-д зээл авах хэлбэрийг бэлэн мөнгөөр гэж талууд харилцан тохиролцсон нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж заасныг зөрчөөгүй, хууль болон гэрээнд зааснаар мөнгийг бэлнээр олгосон нь баримтаар тогтоогдсон байна. ... гэжээ. Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т: нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ******* нь 2015.05.27-ны өдөр******* ХХК-иас 20,000,000 төгрөг авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин 10,000,000 төгрөг авсан болох нь харагддаг. Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх буруу үнэлж дүгнэсэнд гомдолтой байна.

Маргаж буй 2015.05.27-ны өдрийн ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хэд хэдэн үндэслэл харагддаг. Үүнд: Гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус 2015.05.27-ны өдөр байгуулсан гэх ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээнд ББСБ-ыг төлөөлж зээлийн менежер О.Заяа гэдэг хүн гарын үсэг зурсан. Хариуцагч буюу******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь гүйцэтгэх захирал Э.Алтанбулаг болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харагддаг. Зээлийн менежер О.Заяад нэхэмжлэгчтэй ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл байхгүй байгаа нь хэлцэл хүчин төгөлдөр бус гэх үндэслэлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байхад хоёр шатны шүүх харгалзан үзээгүй. Зээл олгосонд тооцох хуулийн шаардлага хангаагүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т: Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т: Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч нарт зээлийн данс нээсэн, зээлийн дансанд гүйлгээ хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул зээл олгосонд тооцох хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээнд дурдагдсан мөнгө аваагүй. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 20 сая төгрөгийг аваагүй, харин 10 сая төгрөг авсан. Өөрөөр хэлбэл 2015 онд байгуулсан тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, орлогын болон зарлагын ордерийн тасалбарууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг бүхий зээл, хүүгийн тооцоо бодсон хүснэгтээр нотлогдоно. Ер нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2012-2018 онуудад байгуулсан зээлийн гэрээнүүд, түүний сунгалт гэрээнүүдийн үндсэн нөхцөл, зээлийн зориулалт, төлөлт зэрэгт бодитой үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай байсан ч хоёр шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээ дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл.******* ХХК-ийн санхүүгийн тамга тэмдэг бүхий 10 сая төгрөгийн үнийн дүн бүхий орлогын 1ш., 20 сая төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын 1ш баримт хавтаст хэрэгт байгаа. Хоёулаа 2015.05.27-ны огноотой, өөрөөр хэлбэл ******* 10 сая төгрөг өгөөд 20 сая төгрөг буцаагаад авсан., эсхүл 20 сая төгрөг аваад 10 сая төгрөг буцаагаад өгсөн. Аль ч тохиолдолд тухайн өдөр А.Баттэрэл нь 20 биш, харин 10 сая төгрөг зээлж авсан болох нь тогтоогдоно. Зээлийг зээлээр хаасан, мөн үнийн илт зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул 2015 оны ЗГ1505/0122 тоот зээлийн гэрээний дагуу 20 сая төгрөгийн зээл олгогдсон гэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас ЗГ1505/0122 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. ЗГ1710/0174 дугаартай зээлийн гэрээ бол зорилго нь зөрчигдсөн хэлцэл. Маргаж буй зээлийн гэрээний 2.1.4-т: эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгосон гэж бичигдсэн байна. АБатгэрэл нь 2012.08 дугаар сараас 2018 оны 08 cap хүртэл Бат энд Инвест ББСБ ХХК-д зээлийн хүү гэж 39,258,840 төгрөг төлсөн. Гэтэл хариуцагч нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж дахин үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 5,247,980 төгрөг нийт 25,247,980 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ******* нь 2012 онд авсан зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг., 2015 онд авсан 10,000,000 төгрөг буюу нийт 20,000,000 төгрөгийг******* ХХК-д төлөх ёстой үүнтэй маргахгүй. Харин 2015.05.27-ны өдөр байгуулсан ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдож байгаа тул******* ХХК хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. Энэ тохиолдолд 2015.06.29-ний өдрөөс 2018.08.29-ний өдөр хүртэл төлсөн мөнгийг 20 сая төгрөгнөөс хасаж тооцох ёстой. Эдгээрийг харгалзан үзэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ************** ХХК-аас 5,344,340 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч *******ээс зэлийн гэрээний үүрэгт 28,170,647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 12Б байр, 24 тоот 44 м.кв 3 өрөө орон сууцаар хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

1. Нэхэмжлэгч *******, хариуцагч Бат энд инвест ББСБ ХХК-тай 2012 оноос зээлийн гэрээний харилцаатай байсан, өмнөх зээлийн гэрээний үүрэг дууссан талаар талууд маргаагүй байна.

Харин 2015.05.27-ны өдрийн ЗГ1505/0122 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөг олгохдоо 10,000,000 төгрөг дутуу олгосон, энэ зээлийн гэрээний үүрэгт 5,344,340 төгрөг илүү төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлажээ.

Талуудын байгуулсан 2015.05.27-ны өдрийн ЗГ1505/0122 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГ1505/0122 тоот барьцааны гэрээ хэрэгт авагджээ. (хх-34-35) Гэрээний дагуу 20,000,000 төгрөг олгосон баримт хэргийн 40 дүгээр талд авагдсан, гэрээг хариуцагч байгууллагын эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Зээлээр олгосон 20,000,000 төгрөгний 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө захиран зарцуулж өмнөх зээлийн өр хаасан, зээлийн гэрээний хугацааг 2015.05.27-ны өдрөөс 2019.05.27-ны өдрийг хүртэл сунгаж байсан нь баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

2. Хариуцагч нь банк бус санхүүгийн байгууллага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар ...банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн тул үүргийг буцаан шаардах эрхтэй, ба энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргажээ .

Зээлийн гэрээг хэд хэдэн удаа сунгасан нь тогтоогдсон бөгөөд гэрээний хугацааны хүүг (2015.05.27-2019.05.27) тооцоход 30,720,000 төгрөг болж байна. Иймд зээлийг хүүд 5,344,340 төгрөг илүү төлсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 30,720,000 төгрөгийн хүү, үндсэн зээлийн 20,000,000 төгрөг бүгд 50,720,000 төгрөг төлөх үүрэгтэй байгаа боловч шүүх гэрээ сунгагдсан нөхцөл байдал болон энэ хугацаанд хүүд 29,909,350 төгрөг төлснийг баримтаар тооцож, хариуцагчийн 28,170,647 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс үндсэн зээлийн 20,000,000 төгрөгийг хангаж, үлдэх шаардлагыг, мөн хүүд илүү төлсөн гэх үндсэн нэхэмжлэлийн 5,344,340 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэсгүй Иргэний хуулийн 451, 452, 492 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 44 м.кв талбай бүхий нийтийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан боловч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул барьцааны зүйлээр хангуулах шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу, тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуульд нийцүүлэн дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Зээлийн менежерт гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл байхгүй, нэхэмжлэгч 20 сая төгрөгийг аваагүй, харин 10 сая төгрөг авсан, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байхад шүүх хэргийн нотлох баримтыг буруу үнэлсэн гэх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02514 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1990 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                Б.УНДРАХ

                                                                         Х.СОНИНБАЯР