Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2019/02514

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 23 өдөр         Дугаар 101/ШШ2019/02514            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байр 0тоотод оршин суух, А.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоотод байрлах, “Б” ХХК-нд холбогдох,  

 

5,344,340 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, А.Б-д холбогдох 28,170,647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 0 тоот 44 мкв 3 өрөө орон сууцаар хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б миний бие “Б ББСБ” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 0 тоот зээлийн гэрээг (25.000.000 төгрөгийн үнэ бүхий) нэг жилийн хугацаатай байгуулаад дараа нь мөн 12 дугаар сарын 28-ны өдөр 0 тоот зээлийн гэрээ (5,000,000) байгуулсан. Гэхдээ бодит байдал дээр эхлээд 20,000,000 төгрөг, дараа нь 10,000,000 төгрөг авсан. Ингээд 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Б ББСБ” ХХК-нд 10,000,000 төгрөгийг нь буцааж төлөөд 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцож 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээлийн гэрээгээ сунгасан.

            Энэ хугацаанд 20,000,000 төгрөгийн зээлийн хүүгээ тогтмол төлж байсан бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 0 тоот зээлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулсан. Үүнд: 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3,2 хувийн хүүтэй.

            Бодит байдал дээр 0 тоот гэрээний дагуу “Б ББСБ” ХХК-иас А. би нэг ч төгрөг аваагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогддог. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна.

   А.Б миний бие 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл “Б ББСБ” ХХК-д 25,344,340 төгрөг буюу 5,344,340 төгрөгийг илүү төлөлт хийсэн болно. Зээлийн гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээийн гэрээнд “Б ББСБ” ХХК-ийг төлөөлж зээлийн менежер О.Э гарын үзсэг зурсан. Гэтэл тухайн байгууллагын гүйцэтгэх захирал нь Э.А болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. “Б ББСБ” ХХК-иас О.Э-д зээлийн гэрээ байгуулах итгэмжлэл олгогдоогүй учир Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн энэ гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2. Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. 21.4. Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан гэтэл “Б ББСБ” ХХК нь зээлийн данс нээсэн, зээлийн гүйлгээ хийгдсэн нь тогтоогддоггүй учир зээл олгосонд тооцох хуулийн шаардлага хангаагүй. А.Б нь гэрээнд дурдагдсан мөнгийг аваагүй. 20,000,000 төгрөг аваагүй. 10,000,000 төгрөг авсан. Энэ хэлцлийг Иргэний хуулийн 56.1.8- заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно заасан. Гэтэл энд 10,000,000 төгрөг биш 20,000,000 төгрөг яригдаж байгаа. Зээлийн гэрээ болон сунгалтууд нь зээлийн үндсэн зориулалт, төлөлтөд бодитой үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага гарч байна.  Уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 10,000,000 төгрөгийн орлогын баримт, 20,000,000 төгрөгийн зарлагын баримтууд нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн огноотой байна. Үүнээс харахад А.Б 10,000,000 төгрөг төлөөд 20,000,000 төгрөг авсан мэт эсвэл 20,000,000 аваад 10,000,000 төгрөгийг нь буцаан өгсөн мэт харагдана. Үүнийг зээлийг зээлээр нь хаасан гэж ойлгож болохоор байна. А.Б-ийн дансны хуулгыг авч ирсэн. А.Б-д “Б ББСБ” ХХК-д төлөх 10,000,000 төгрөг байгаагүй. Үнийн дүн илт зөрүүтэй, Иргэний хуулийн 56.1.8-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хариуцагчийн олгосон зээл нь зорилгоо нь зөрчин хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээний 2,1,4-д эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон гэж харагдавч Батгэрэл нь 2012 оны 08 дугаар сараас 2018 оны 8 сар хүртэл 39,258,840 төгрөг төлсөн. Үүнээс харахад хариуцагчийн хувьд нэхэмжлэгч А.Б-д эргэлийн зориулалтаар мөнгө олгоогүй. Мөнгө хүүлэх зорилгоор зээл олгосон гэж үзэж байна. А.Б 20,000,000 төгрөг авчхаад 64,000,000 төгрөг төлөхөөр болж байна. ББСБ нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус учир нэхэмжлэлийн шаардлага 5,344,340 төгрөгийг “Б ББСБ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч “Б ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Б манай компаниас зээлийн гэрээний үүрэгт 5,344,340 төгрөг илүү төлсөн гэж шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч А.Б манай компанитай 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж авсан. А.Б 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд 25,344,020 төгрөгийг төлж байсан. Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс ямар нэг шалтгаангүйгээр, үндэслэлгүйгээр 2018 оны 09,10,11 саруудын хүүг төлөхгүй байгаа. А.Б нь гэрээнд заасан 20,000,000 төгрөгөөс ямар нэг байдлаар төлөхгүй. Өнөөдрийн байдлаар 20,000,000 төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл 2,026,647 нийт 22,026,647 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

А.Б 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө хүсэлтээр сунгасан бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 20,000,000 төгрөгийг надад өгөөгүй. Зээлийн гэрээний зүйл болох 20,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр гардаж буюу шилжүүлж авсан болно. “Б ББСБ” ХХК нь үйл ажлынхаа хүрээнд А.Б-ийн хүссэнээр зээлийг олгосон. Мөнгө хүүлж хүн хохироогоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал эхлээд 20,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байсан бол өнөөдрийн хурал дээр зээлийн гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Уг зээлийн гэрээг “Б ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А баталсан. 20,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн нотлогдож байгаа учир хүчин төгөлдөр хэлцэл болохгүй юм. Бид зээлээ бэлнээр олгоод бэлнээр өгдөг байсан. 2012 оноос байгуулсан зээлийн гэрээ нь эргэлтийн хөрөнгийн мөнгө байсан. Солонгосоос машин худалдан авч ирээд лого худалдан авдаг. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгөө буцаан төлөөд 20,000,000 төгрөгийн дахин зээлсэн. Энэ нь өөрийнх нь хэрэгт авагдсан хүсэлтээр нотлогдоно. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно гэв.

А.Б нь манай компанитай холбогдуулж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Б ББСБ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Б манай байгууллагаас 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн үлдэгдэл 20,000,000 хүүгийн үлдэгдэл 5,247,980 төгрөг нийт 25,247,980 төгрөгийг төлөөгүй байна. А.Б-ээс 2019 оны 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2,922,667 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчаас 20,000,000 төгрөг аваагүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч байгууллага мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулсан. Тиймээс талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учир хүү шаардах эрхгүй. А.Б 20,000,000 төгрөгийн зээл аваад 39,000,000 төгрөг төлсөн. Гэтэл дахин 28,000,000 төгрөг нэхэж байна. Нийтдээ 67,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг мөнгө хүүлэх ажиллагаа гэж хэлэхээс өөр аргагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл “Б ББСБ” ХХК-нд 25,344,340 төгрөг төлснөөс илүү төлсөн 5,344,340 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

            Хариуцагч “Б ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 5,247,980 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын 15 хүртэл зээлийн хүү 2,922,667 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж, нийт зээл түүний хүүд А.Б-ээс 28,170,647 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилжээ.

 

            Талуудын хооронд 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1207/0026 тоот зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй зээлж, уг зээлийн гэрээг 2012 оны 07 дугаар сарын 29-ний өдөр сунгасан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 6-8, 11 дүгээр тал/

 

2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ1207/0026 тоот нэмэлт зээлийн гэрээгээр 5 сая төгрөгийг 3.2 хувийн хүүтэй тус тус зээлжээ. /1 дүгээр хавтас хэргийн 9-10 дугаар тал/

 

            Уг зээлийн гэрээнүүдээр 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус олгосноос А. 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн зээл 10,000,000 төгрөг тус тус төлсөн байна. /2 дугаар хавтаст хэргийн 124, 130, 136, 154 дүгээр тал/

 

            Улмаар 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай А.Б-д “Б ББСБ” ХХК дахин олгосноос 10,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар тал/

 

            “Б ББСБ” ХХК 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдийн гурван удаагийн зээлийн гэрээгээр А.Б-д нийт 50,000,000 төгрөг зээлснээс үндсэн зээлээс А.Б 30,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаангүй байна.

           

            Талууд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл мөн уг гэрээг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тус тус сунгажээ. /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал/

 

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ гэх боловч уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй болно.

 

            Нэхэмжлэгч А.Б 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн хүүд нийт 25,344,020 төгрөг төлсөн, үүнээс илүү 5,344,340 төгрөг төлсөн тул гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас зээлдэгч нь 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зээлийн хүү 25,344,020 төгрөг төлсөн байна. /2 дугаар хавтаст хэргийн 124-196 дугаар тал/

 

            Иймд “Б ББСБ” ХХК-нд А.Б илүү 5,344,340 төгрөг төлсөн гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Сөрөг нэхэмжлэлийн хувьд        

            Хариуцагч “Б ББСБ” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 8,170,647 төгрөг, нийт 28,170,647 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай А.Б-д “Б ББСБ” ХХК олгосноос 10,000,000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний үндсэн зээлээс хасуулсан талаар талууд маргаагүй байна.

 

            “Б ББСБ” ХХК 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдийн гурван удаагийн зээлийн гэрээгээр А.Б-д нийт 50,000,000 төгрөг зээлснээс үндсэн зээлээс А.Б 30,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаангүй, үлдэгдэл зээл 20,000,000 төгрөг, хүү 8,170,647 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

            Зээлдэгч А.Б 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээл авснаас хойш зээлийн хүүнд 29,909,350 төгрөг төлсөн болох нь хавстаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тэрээр үндсэн зээлээс илүү зээлийн хүү төлсөн тул зээлдэгчийн эрх ашиг зөрчигдөж байна гэж шүүх үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 8,170,647 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ипотекийн гэрээгээр барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 12Б байрны 24 тоот, 44 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т зааснаар ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөгийг А.Б-ээс гаргуулж, “Б ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.       

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 15.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч “Б ББСБ” ХХК-иас 5,344,340 төгрөг гаргуулах тухай А.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар А.Б-ээс 20,000,000 төгрөг гаргуулж, “Б ББСБ” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,170,647 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Б ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч А.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,460 төгрөг, хариуцагч “Б ББСБ” ХХК-иас төлсөн 345,903 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, А.Б-ээс 257,950 төгрөг гаргуулж, “Б ББСБ” ХХК-нд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.СОЛОНГО