Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 633

 

                                                          

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:   Д. О  Ж. Ө  

Хариуцагч: Х банк ХХК-ийн Архангай салбарт холбогдох 

Орон сууц зээлээр худалдах худалдан авах 2241 тоот зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах, гэрээгүйгээр илүү төлсөн 12140000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгч Ж.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Д.Оийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х банкинд ажиллаж байхдаа хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны зээлийг сарын 0.5 хувийн хүүтэй, нөхөр Ж.Ө нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээний үүргийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцон авч, зээлийн гэрээний үүргийн дагуу сард төлөх төлбөр нь 575000 төгрөг болж, үүнийг сар тутам саадгүй төлж байсан юм. Миний бие тодорхой шалтгааны улмаас 2015 оны 07 дугаар сарын 01-нд ажлаасаа гарсан. Ажлаас гарсан хэдий ч 2014 оны 11 сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ биелүүлж байсан ба 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн төлөлтөө хийсэн байсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр эдийн засагч Жавзандулам над руу утсаар ярьж, зээл чинь хугацаа хэтрээд байна гэж мэдэгдсэн. Би зээлээ төлсөн талаар хэлтэл, ажлаас гарсан тул зээлийн хүүг нэмэгдүүлсэн гэж хэлсэн. Банкны хүүг нэмэгдүүлж гэрээнд өөрчлөлт оруулах, хүүг нэмэгдүүлэх шинэчилж байгуулах талаар надтай болон хамтран зээлдэгч Ө хэн алинтай нь ч ярьж тохиролцоогүй. Тэгсэн атлаа бидэнд мэдэгдэлгүйгээр бидэнд илтэд хохиролтойгоор, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зөвхөн эргэн төлөлтийн графикийг банк дур мэдэн өөрчлөн засаж, хоёр тал тохиролцон байгуулсан зээлийн гэрээнд заасан хүүг нэмэгдүүлж сард төлөх төлбөрийг 639000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцсон байсан. Ингэснээр зээлийн эргэн төлөлтийн сарын төлбөр 1214000 төгрөг болж, зээлдэгчид илтэд хохиролтой, эрсдэлтэй байдал үүсч байгаа болно. Энэ талаар банкны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзахад зээлийг ипотекийн 8 хувийн зээл рүү шилжүүлж өгнө гэж хэлсээр 19 сар биднийг 1214000 төгрөгөөр зээл тушаалгасан. Үүнийг би гэрээгүйгээр хүү төлсөн гэж үзэж байна. Миний бие Х банкны эрх бүхий албан тушаалтнуудыг өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа зөвтгөн, зээлийн хүүг бууруулж надад ашигтайгаар шийдвэрлэж, хохиролгүй болгож өгнө гэдэгт итгэсээр өнөөг хүрсэн. Харин банк зээлийн хүүг бидэнтэй зөвшилцөлгүйгээр өөрсдөө дур мэдэн нэмэгдүүлсэн буруутай үйлдлээ зөвтгөлгүй биднийг хохироосоор байна. Иймээс Х банкинд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Х банк, зээлдэгч Д.О, хамтран зээлдэгч Ж.Ө нарын хооронд байгуулсан орон сууц зээлээр худалдан авах тухай 2241 дугаартай гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгаж, миний гэрээгүйгээр 19 сарын турш сар тутам 639000 төгрөг, нийт дүнгээр илүү төлсөн 12140000 /арван хоёр сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг Хаан банкнаас эргүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О нь Булган суман дахь ХААН банкны тооцооны төвийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн төвд 2 өрөө орон сууц худалдан авах зориулалтаар 68,000,000 төгрөгийг ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлээр авсан. 2015 оны Дотоод аудитын газрын шалгалтаар түүний гаргасан ноцтой зөрчил илэрч Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Түүний гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил байсан бөгөөд зээл судлан олгохдоо ашиг сонирхлын зөрчил гаргаж, харилцагчид нэмэлт зээл олгохгүйгээр зээлийн үлдэгдлээ хаах шаардлага тавьж, зээл хаах мөнгийг хувиасаа зээлдүүлэн буцаан авахдаа 200.000 төгрөг нэмэгдүүлэн авдаг, 22 зээлдэгчийн нийт 39252000 төгрөгийн зээлийг хувийн мөнгөөр төлж, салбар болон тооцооны төвийн зээлийн хороог хууран мэхэлж хувийн авлагаа авах зорилгоор зориулалт бус зээл судлан олгосон байсан. Ажилтан бүр банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас гарсан тохиолдолд хөнгөлөлттэй нөхцлөөр авсан орон сууцны зээл, зээлийн хүү тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны энгийн нөхцөлтэй зээлийн хүүнд шилждэг гэдгийг гэрээгээр ч тохирсон, өөрөө ч сайн мэдэж байгаа. Д.Отэй байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний нөхцөл буюу 2.1.4.2-т заасны дагуу зээлийн хүүг 2016 оны 2-р сарын 18-ны өдөр нэмэгдүүлсэн нь хууль болон гэрээг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Банк зээлийн хүүг нэмэхдээ надад мэдэгдээгүй өөрсдөө дур мэдэж хүүг нэмсэн. Банк хэзээ ч харилцагчаас хүү авахдаа хүүнд гэрээ байгуулахдаа гарын үсэггүй байгуулдаггүй. Би өөрөө банкинд 11 дэх жилдээ ажиллаж байгаа хүний хувьд үүнийг мэднэ. Би Х банкинд ажилладаг байсан ч гэсэн бусдын адил Х банкны харилцагч, зээлдэгч. Гэтэл намайг үл хүндэтгэсэн, доромжилсон байдлаар өнөөг хүртэл хандаж ирсэн. 2241 тоот зээлийн гэрээ хэвээр үргэлжилж байгаа юм бол миний зээл яагаад 639000 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм бэ? гэсэн асуулт байна. Миний зээлийн хүү 0.8 хувиар гарсан юм уу, 0.9 хувиар гарсан юм уу гэдгийг өнөөг хүртэл би мэдэхгүй байгаа. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш миний болон нөхрийн Хаан банкны дансаар гүйлгээ хийгдэх болгонд ХААН банкны эдийн засагч сарын 28, 29, 30-нд зээлийн төлөлт гээд дансанд орж ирсэн мөнгийг автоматаар шууд төлүүлээд байгаа. Өмнөх болон давсан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрөөд зээлээ төлөөд байна гэсэн асуудлыг тавьж байсан. Гэтэл хүлээн зөвшөөрч зээлээ төлөөд байгаа асуудал байхгүй, ямар нэгэн байдлаар дансанд орлого орох, гарах тохиолдолд мөнгийг Х банкны эдийн засагч теллер дээр зээлийн хүүг төлүүлээд байгаа. 2016 онд би дансандаа байнга мөнгөтэй байдаг байсан. Банк сарын 25, 26-ны өдрүүдэд дансанд байсан мөнгийг татаад авчихдаг. Би 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа халагдаж, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэхэд Х банкны 5137224041 тоот дансандаа 25.000.000 төгрөгийг байршуулсан. Би Х банкинд очоогүй биш сар болгоны төлөлтөө хийчихээд очдог байсан. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүүгээ нэмэгдүүлчихээд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр надад мэдэгдсэн. Ямар учир шалтгааны улмаас миний хүү нэмэгдсэн юм бэ? гээд Ж-тай утсаар ярихад манайд дотоод шалгалт ирээд шууд графикаар шилжүүлчихлээ, чи ирээд гарын үсэг зурчих гэхээр нь би ийм өндөр зээлэн дээр гарын үсэг зурахгүй, би дөнгөж 500000 төгрөгийн цалинтай ажилд орсон, ар гэрийн боломжгүй гэхэд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэхэд би чиний зээлийг ипотекийн зээлд шилжүүлж өгнө, чи хугацаа хэтрүүлэхгүйгээр төлчих гэсэн. Тэгэхээр нь би 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр банкинд дээр очиход манай журмаар чи ипотекийн зээлээ хэдэн сар төлөхгүй бол болохгүй байна, тийм учраас Х банкны харилцах дансыг устгахгүйгээр энэ дансаараа нөхрийнхөө орлого зарлагыг дамжуулаад 20 сая төгрөг байршуулчихаад ирвэл болно гэсэн. 2016 оны 04 дүгээр сард Э захиралд хүсэлт гаргаж өгсөн. Э захирал байхад хүсэлтээ 3 удаа өгсөн. Өчигдөр хүртэл бичгээр гаргасан хүсэлтээ авъя гэхэд хувийн хэрэгт чинь байхгүй байна, чи хүн шиг байсан бол өдийд ингэж явахгүй байсан гэж загнасан. 2016 оны 06 дугаар сард дахин хүсэлт гаргаж өгсөн. 2016 оны 07 дугаар сард эдийн засагч Б нь амарсан учир хүсэлт авах боломжгүй гэсэн. 2016 оны 08 дугаар сард дахин хүсэлт өгсөн байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ипотекийн зээл нь санхүүжилтгүйн улмаас зогссон гэсэн хариу надад өгсөн. Түр зуурхандаа зээлээ төлж бай, банк ямар ч байсан хугацаа хэтрүүлэхгүйгээр хамруулна хохирол учруулахгүй гэсэн. Г захирал болсны дараа би уулзсан. Би зээлийн хүү нэмсэн тэр даруйд нь татгалзсан. Энэ зээл 6 хувийн хүү дээр тогтож чадахгүй юм чинь 8 хувийн хүү рүү оруулъя гэсэн бодолтой байсан. Х банк бүтэн жилийн туршид намайг хуурсан. Хоёр тал тохиролцож гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах ёстой. Дан ганц Х банкны шаардлагаар гэрээг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Ажлаас гарсан ч гэсэн 6 хувийн хүүтэй гэрээгээ үргэлжлүүлэх боломж байдаг. Энэ эрх нь Х банкинд байдаг учраас 2241 тоот гэрээг цааш хэвээр үргэлжлүүлэх боломжтой. Гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүрэн хангуулах хүсэлттэй байна гэв.

Нэхэмжлэгч Ж.Өын төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2241 тоот орон сууцны зээлийн гэрээгээр 68.000.000 төгрөгийг 180 сарын хугацаатай жилд 6%-ийн хүүтэй авахаар тохирсон байдаг. Гэрээний үүргийг гүйцэтгээд явж байтал Д.О ажлаасаа халагдаж гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Үүнийг тооцоолоод 25.000.000 төгрөгийг дансандаа байршуулж зээлээ төлөх бэлтгэл хангаж эхэлсэн. Гэтэл дараа сарын 05-н өнгөрлөө гэрээ хуучин хэвээрээ үргэлжилж байгаад Хаан банкны зүгээс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээнийхээ хүүнд өөрчлөлт оруулж эргэн төлөлт хийж эхэлсэн. Гэрээ бол өөрчлөгдөөгүй зөвхөн эргэн төлөлтийнхөө графикт өөрчлөлт оруулж мөнгөн дүнгээ нэмэгдүүлсэн. Үүнийгээ банк манай хийх ёстой ажил гэж тайлбарладаг. Д.О банкны ажилтан ч гэсэн Ж.Ө гэдэг иргэн Х банкны харилцагч байна. Гэтэл Ж.Өд гэрээнд өөрчлөлт оруулах, хүүг нэмэгдүүлсэн талаар тайлбарлаж мэдэгдсэн, санал авч зөвшилцсөн зүйл байгаагүй нь Х банкны үйл ажиллагаанд харагдаж байна. Орон сууцны зээлийн гэрээний 7.7-д зааснаар гэрээ дуусгавар болсон бол банк дараа сарын 05-ны өдрөөс мөрдөж байгаа орон сууцны аль тохирох нөхцөлд үл маргах журмаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээг байгуулна гэж байгаа. Гэрээ байгуулна гэдэг бол нэг үйлдэл хийнэ гэсэн үг. Банк автоматаар гэрээ байгуулах биш хоёр талын харилцан тохиролцсоноор гэрээ байгуулах ёстой. Нэг талын гэрээ гэж банкинд байх ёсгүй. Мөн гэрээний 8.3-т зааснаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд гагцхүү бичгээр үйлдэнэ гэсэн байдаг. График үйлдснийг гэрээний эрхийн акт гэхэд хэцүү. Тийм болохоор банк нэмэлт үйлдлийн гэрээг бичгээр байгуулна гэсэн үг өгүүлбэрийг зөрчиж байна. Тиймээс нэхэмжлэгчийн шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Х банк 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101 тоот тушаалаар цуцалсан. Д.О, Ж.Ө хоёртой гэрээндээ өөрчлөлт оруулсан бичгийн гэрээ байгуулаагүй гэдэгтэй банк маргадаггүй. 2016 оны 02 дугаар сарын 18-ны график гаргаж хүү авч байгаа нь хууль ёсны бус бөгөөд Х банк Д.О, Ж.Ө хоёроос үндэслэлгүйгээр аваад байгаа мөнгөө буцаан төлөх үүрэг хүлээх нь гарцаагүй юм гэсэн тайлбартай байна. Нэхэмжлэгч тал Х банкнаас бичгийн нотлох баримтаа авъя гэхээр байхгүй үрэгдүүлсэн гэсэн хариу өгдөг. Банкны зүгээс хүндэтгэлгүй хандсан ийм зүйл байгаа нь банк ёс суртахууны хувьд О-д дарамт шахалттай харьцаж байна. Гэрээнд банк дангаараа өөрчлөлт оруулна гэсэн заалт байхгүй, хэрэв өөрчлөлт оруулах юм бол  дараа сарын 05-ний дотор талууд өөрчилнө гэж заасан байдаг. Гэтэл банк шалгалт ирэхээр гэрээгээ зөрчин дур мэдэн график байгуулсан, график байгуулна гэдэг нь гэрээ байгуулсан гэсэн үг биш. Гэрээ байгуулна гэдэг бол тусдаа нэг үйлдэл байх ёстой, тиймээс банк гэрээний 7.7, 8.2, 8.3-т заасан заалтаа зөрчсөн. Төлөлтийн хувьд банк хуурч төлүүлээд яваад байсан, банк эрх мэдлийн давуу тал гаргаж байна. Манайх гэрээнийхээ үндсэн мөнгийг төлөх үүргээ банкны оролцоогүйгээр төлж байгаа. Зээлийн нэмэлт төлөлтийг авахдаа банк Оийн харилцах дансанд орсон мөнгийг хүчээр авч байгаа. Банк үүнийгээ журамд заасны дагуу үл маргах журмаар авсан гэж л яриад байгаа. Тэгвэл гэрээнд зааснаар үл маргах журамд зөвшөөрөхгүй үл маргах журам, маргах журам гэж байхад банкны зүгээс албадан авч байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь Х банкинд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Х банкны ажилтанд зээл олгох журамд заасны дагуу өөрөө хүсэлт гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл орон сууцны зээлд хамрагдах хүсэлт гаргасан. Х банкны ажилтанд зээл олгох журамд банкны ажилтан зээлд хамрагдаж болох бүхий л харилцааг зохицуулахаар тусгасан. Энэ журмын дагуу Д.О өөрөө хүсэлт гаргасан. Банкны зүгээс энэ зээлд хамрагд, зээлийг ав гэдэг дарамт шахалтыг ямар нэгэн байдлаар үзүүлээгүй, журамд заасны дагуу Д.О нь бүрдүүлэх ёстой материалаа бүрдүүлж, холбогдох зээлийн хороогоор орж энэ зээлийг авсан байдаг. Ингэж олгохдоо журам болон гэрээнд “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон, цуцлагдсан тохиолдолд ажилтны зээлийг тухайн үед мөрдөж байсан энгийн харилцагчийн хүүнд шилжүүлнэ” гэж заасан байдаг. Аль нэг талын хүсэл зоригоор гэрээг байгуулаагүй харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулсан байдаг. Харамсалтай нь Д.О банкинд ажиллаж байх үедээ банкны тухай хууль тогтоомж, дотоод дүрэм журмыг ноцтой зөрчиж, зөрчил гаргасныг дотоод аудитын газраас тогтоосон дүгнэлт байдаг. Үүнийг үндэслээд Хаан банкны зүгээс Д.Оийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Энэ тохиолдолд гэрээ болон журамд заасны дагуу дараа сарын 05-ны өдрөөс үл маргах журмаар энгийн харилцагчийн хүүнд шилжүүлнэ гэж заасан.  Банк бол гэрээ болон журамд заасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр энэ нөхцөлд шилжүүлэх ёстой байсан боловч 6 сарын дараа 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс шилжүүлсэн. Д.Отэй банк хүнлэг бус харьцаагүй Д.Од хугацаа олгосон. Д.Оийг дуудсан боловч ирдэггүй байсан. Бодит амьдрал дээр зээл, зээлийн хүү нэмэгдэхэд ямар ч харилцагч гэрээ байгуулъя гээд сайн дураараа ирдэггүй. Зээл хэрхэн гардаг, зээл төлөгдөхгүй байхад яадаг энэ бүгдийг банкинд 11 ажилласан хүнийхээ хувьд Д.О өөрөө мэдэж байгаа. Банкны зээлийн мэргэжилтэн Ж Д.Од зээлийн хүүнд өөрчлөлт орсныг утсаар мэдэгдсэн байсан. Ингэж шилжүүлэхдээ үл маргах журмаар шилжүүлнэ гэж гэрээний 7.7-д тодорхой заасан байхад гэрээ байгуулаагүй гэсэн зүйл яриад байна. Өөрөөр хэлбэл 2014 онд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний тухай хуулийн 451 дүгээр зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа. Гэрээг өөрчлөх бус гэрээний хүүнд нэмэлт өөрчлөлт оруулах  асуудал яригдаж байгаа. Одоо Д.О, Ж.Ө нарын зээлийн хүү 21,6 хувийн хүүтэй болсон. Нэмэгдсэн 639.000 төгрөг нь шилжүүлсэн хүү юм. Дараагийн нэг асуудал бол Д.О нь надад мэдэгдэхгүйгээр миний болон хамтран зээлдэгчийн данснаас зөвшөөрөлгүйгээр төлөлтийг шууд татсан гэж байгаа. Энэ зөвшөөрлийг банк гэрээгээр авсан, өөрөөр хэлбэл үндсэн зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хамтран зээлдэгч тэр үүргийг хүлээхээр болж байгаа. Д.О банкны ажилтны хувьд, Ж.Ө харилцагчийн хувьд зээлийн гэрээндээ заасан сарын сүүлийн зээлийн төлөлт хүрэлцэхгүй байгаа тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчээр үүргийг хангуулна, данснаас үл маргах журмаар гаргуулан авна гэсэн зохицуулалт гэрээнд байгаа. Энэ нөхцөлийг гэрээнд тусгаж өгсөн учир банк гэрээнд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Д.О нь 19-н сарын хугацаанд нэмэгдүүлсэн зээлийн хүүг төлөөд яваад байсан, энэ нь хүлээн зөвшөөрсөн нэг хэлбэр юм. Хэрвээ хүлээн зөвшөөрөөгүй бол энэ 19-н сарын хугацаанд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Д.О нь нэмэгдүүлсэн зээлийн хүүг төлж байснаа 8%-ийн хүүтэй холбож ярьдаг. Д.О нь өмнөх шүүх хуралдаан дээр ч 8%-ийн хүүтэй зээлд хамрагдахын тулд гэж ярьсан. Гэтэл Д.О нь 8%-ийн хүүтэй зээлд хамрагдахын тулд Монголын Ипотекийн корпорацид хүсэлт гаргаж байсан юм уу, банкинд энэ талаар хүсэлт гаргаж банкнаас ямар хариу өгч байсан талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй, энэ нь нотлогдоогүй. Хэргийн материалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өргүй гэсэн тодорхойлолт, ажил олгогчийн ажилд авсан тушаал гэх мэт нотлох баримтыг гаргаж өгсөн боловч үүнийг банкинд хүсэлт тавьсан гэж үзэхгүй байгаа. Банк бол хуулийн этгээд. Иргэн, харилцагч хүсэлт гаргасан бол хариугаа буцаагаад шаардах эрхтэй. Дараагийн нэг асуудал бол 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2241 тоот гэрээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа. Зээлийн гэрээ 6 хувийн хүүтэй байх үндэслэл зөвхөн Х банкны ажилтанд байдаг. Гэтэл Д.О нь ажлаас чөлөөлөгдсөн учраас 2241 тоот зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Монгол банкнаас гаргасан журмын дагуу ХААН банк хүүг тооцдог. Холбогдох шийдвэр гарсны дараа зээлийг энгийн харилцагчийн хүү болох жилийн 21,6 хувийн хүүнд шилжүүлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдгийг шүүхээс хүсэж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нар нь хариуцагч Х банк ХХК-ийн Архангай салбарт холбогдуулан “Орон сууц зээлээр худалдах худалдан авах 2241 тоот зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах, гэрээгүйгээр илүү төлсөн 1.214.0000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Д.О нь Архангай аймгийн Булган сумын Х банкны тооцооны төвийн эдийн засагчаар ажиллаж байхдаа байгууллагаасаа Х банкны ажилтны хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авах зориулалтаар 2014 оны 11 сарын 24-ний өдөр 68.000.000 төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай зээлж, сар бүр зээл, хүүд тогтмол 575.000 төгрөг төлдөг байжээ. 

Нэхэмжлэгч Д.О 2015 оны 07 сарын 01-ний өдөр Булган сумын Х банкны тооцооны төвийн эдийн засагчийн ажлаас халагдсан нь 2015 оны 07 сарын 01-ний өдрийн 101 дугаар Х банкны захирлын тушаалаар тогтоогдож байна.

Х банк 2016 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Д.Оийн зээлийн төлбөрт сард тогтмол төлөх төлбөрийг 1.214.000 төгрөг төлөхөөр өсгөсөн ба энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй гэдэгтэй, мөн үүнээс хойш нэхэмжлэгч зээлийн төлбөрт 19 сарын турш 1.214.000 төгрөг төлсөнтэй талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Д.О “Банк зээлийн хүүг нэмэхдээ надад мэдэгдээгүй өөрсдөө дур мэдэж хүүг нэмсэн” гэж, хариуцагчийн төлөөлөгч “холбогдох шийдвэр гарсны дараа Д.Оийн орон сууцны зээлийн хүүг энгийн харилцагчийн хүү болох жилийн 21,6 хувийн хүүнд шилжүүлсэн” гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 451.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийхээр”,  “...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд” тооцохоор заасан.  

Хуулийн энэ зохицуулалтыг талуудын байгуулсан гэрээнд: гэрээний 7.7-д зээлийн хүүг өөрчилж, энгийн харилцагчийн орон сууцны зээлийн нөхцөлд шилжүүлэхдээ нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулахаар, 8.3-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гагцхүү бичгээр үйлдэнэ гэж тусгажээ. Түүнчлэн зээлдэгч гэрээнд нэмэлт өрчлөлт оруулах тухай гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардахаар гэрээний 6.1.11-д заасан байна.  

Гэтэл Д.О, Ө нарын авсан зээлийн хүүг энгийн харилцагчийн зээлийн хүүнд шилжүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй, зээлдэгч гэрээнд заасан хэмжээгээр /хувиар/ хүү төлөх үүрэг хүлээдэг байтал хариуцагч банк зээлдэгч нартай тохиролцохгүйгээр, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь /хх-6х/ үйлдэж өмнөх гэрээгээр төлж байсан зээлийн төлбөр дээр 639.000 төгрөгийн хүүг нэмэгдүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцэхгүй байгаа тул нэхэмжлэгч нар 2016 оны 02 сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 сар хүртэл 12.140.000 төгрөгийн хүүг хариуцагч Х банкинд төлөх үүрэг хүлээгээгүй гэж үзнэ. 

Нэхэмжлэгч нар нь 8 хувийн хүүтэй зээл авахаар Хбанкинд бүрдүүлж өгсөн гэх баримтуудыг /хх-78-99х/ шүүхэд гарган өгч нэхэмжлэгч Д.О нь сард 1.214.000 төгрөг төлснөө “ХААН банк зээлийг чинь ипотекийн зээлд шилжүүлж өгнө, чи хугацаа хэтрүүлэхгүйгээр төлчих гэсэн. Би сар болгоны төлөлтөө хийчихээд очиж уулзахад манай журмаар чи ипотекийн зээлээ хэдэн сар төлөхгүй бол болохгүй байна. Тийм учраас чи Хаан банкны харилцах дансыг устгахгүйгээр энэ дансаараа нөхрийнхөө орлого зарлагыг дамжуулаад байвал болно гэсэн. Э захиралд хүсэлт гаргаж өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ипотекийн зээл нь санхүүжилтгүйн улмаас зогссон гэсэн хариу надад өгөөд, түр зуурхандаа зээлээ төлж бай банк ямар ч хамруулна хохирол учруулахгүй гэсэн. Би 8 хувийн хүүтэй зээлд бүрдүүлж Х банкинд өгсөн баримтуудаа эдийн засагч Э-аас авсан. Би Монгол банкинд ч энэ талаар бичгээр хүсэлт гаргаж өгсөн. Х банк намайг зээлээ төлж бай, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд шилжүүлнэ гэсэн учраас би нэмэгдүүлсэн зээлийг төлж байсан. Бидний дансанд орлого орох, гарах тохиолдолд Х банкны эдийн засагч теллер дээр зээлийн хүүг төлүүлдэг байсан” гэж тайлбарлаж байгаа, мөн гэрээний 2.1.4.2-т “...банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд ... зээлийн хүүг өөрчлөхөөр” заасан тул нэхэмжлэгч нарыг Х банкны зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах саналыг хүлээн авч нэмэгдүүлсэн төлбөрийг 19 сарын туршид хүлээн зөвшөөрч төлсөн гэж үзэхгүй. 

 Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Х банк ХХК-ийн Архангай салбараас 12.140.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “Ажлаас гарсан ч гэсэн 6 хувийн хүүтэй гэрээгээ үргэлжлүүлэх боломж байдаг. Энэ эрх нь Х банкинд байдаг учраас 2241 дүгээр гэрээг цааш хэвээр үргэлжлүүлэх боломжтой” гэсэн үндэслэлээр 2241 дүгээр гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах шаардлага гаргаж байна. 

Зохигч 2014 оны 11 сарын 27-ны өдрийн 2241 дүгээр орон сууцны зээлийн гэрээндээ “зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 05-ны өдрөөс эхлэн хүүг тухайн үед мөрдөж байгаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэх журмыг /гэрээний 2.1.4.2, 7.7, 8.3/ тохиролцсон нь гэрээний талуудын чөлөөт байдал, эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, гэрээ хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгч нарын орон сууц зээлээр худалдах худалдан авах 2241 тоот зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хэрэгсэхгүй болгов. 

Нэхэмжлэгч нар 12.140.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлж, харин орон сууц зээлээр худалдах худалдан авах 2241 тоот зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөөгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.190 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Хаан банк ХХК-ийн Архангай салбараас 209.190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон

 

                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Х банк ХХК-ийн Архангай салбараас 12.140.000 /арван хоёр сая нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарт олгосугай. 

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарын “Орон сууц зээлээр худалдах худалдан авах” 2014 оны 11 сарын 27-ны өдрийн 2241 дугаар гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг Х банк ХХК-ийн Архангай салбарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.190 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч ХААН банк ХХК-ийн Архангай салбараас 209.190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О, Ж.Ө нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай. 

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАЙГАЛМАА