Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

Д.Саранхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00519 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамжид байрлах, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Дашваагийн Саранхүүгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, ХААН банкны Ховд салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Саранхүү түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран нарийн бичгийн даргаар Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Ховд аймгийн зөвлөлд 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХААН банкны Ховд салбараас 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн зээл олгосон гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн данснаас хууль бусаар суутгал хийсэн гэх 14,716,000 /арван дөрвөн сая долоон зуун арван зургаан мянга/ төгрөгийг буцаан төлүүлэх тухай

Нэхэмжлэлийн агуулга: “Би 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ХААН банкны Ховд салбартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөг зээлж авсан. Үүнийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байгаад, 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Ингээд тухайн үед зээлийн үлдэгдэл 1,645,100 төгрөг үлдсэн. Гэтэл миний нэр дээр ямар ч зээлийн гэрээ хийлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр 5,100,000 төгрөг гаргасан байдаг. 2016 оны 10 дугаар сарын эхээр төв зөвлөлийн дарга над руу утастаж, зээлийг яагаад төлөөгүй юм бэ, 5,100,000 төгрөгийг манай данснаас авсан байна гэж хэлэхэд нь уг асуудлыг мэдэж, шүүхэд хандсан. Тухайн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар тоот албан бичгээр Ховд аймгийн Монгол банкны салбарт 5,100,000 төгрөгийн зээлийн гэрээ байна уу гэдгийг шалгуулахад албан ёсны гэрээ байхгүй байна гэсэн албан тоот ирүүлсэн ба нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан.Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн данснаас авсан 14,716,000 төгрөгийг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд буцааж, 5,100,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэж байна....би хууль зөрчиж гэрээ хийсэн гэж үзэж байгаа юм....2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр суутгал хийгдсэн. 15 сая төгрөгийг шууд татсан байсан. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл нь манай системийн ахлах байгууллага боловч бид дотооддоо баланс гаргадаг, гарын үсэг зурдаг эрхтэй байгууллага юм....Гэнэт 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төв зөвлөлийн дансанд орж ирсэн 20 сая төгрөгөөс 15 сая төгрөгийг суутгаж уг асуудал гарсан. Тухайн үед Д.Дашзэвэг дарга надтай утсаар ярьж, юу болсон бэ, зээлээ бүгдийг төлсөн гэж байхад яагаад 15 сая төгрөг болчихов гэж асуудал яригдсан. Би 12 сая төгрөгийг төлсөн нотлох баримтыг үзүүлж, 1,645,000 төгрөг үлдсэн гэдгийг танилцуулсан. Д.Дашзэвэг дарга ажилчдынхаа цалин хөлс олгомоор байна, энэ асуудлыг зохицуул гэсэн үүргийг надад өгсөн. Ингээд 15 сая төгрөгийг суутгасан, үлдэгдэл мөнгийг авах үүднээс ХААН банкинд албан бичиг өгч, надад албан шаардлага тавьсан.Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Ховд аймгийн зөвлөлд 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХААН банкны Ховд салбараас 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн зээл олгосон гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах....Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Төв зөвлөлийн данснаас хууль бусаар суутгал хийсэн 14,716,000 /арван дөрвөн сая долоон зуун арван зургаан мянга/ төгрөгийг ХААН банкны Ховд салбараас гаргуулан Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Төв зөвлөлд олгуулах хүсэлтэй байгаа юм....гэжээ.

Хариуцагчийн  хариу тайлбар: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгчийн Ховд аймаг дахь зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу 2009 оны 01 сарын 09-ний өдөр тус банкны Ховд салбараас хөрөнгө оруулалтын зориулалтаар 15,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Уг зээлийг авахдаа Улаанбаатар хот дахь БХНТ-ийн барилгын их зөвшөөрлийн дагуу зээлийн олголт хийгдсэн бөгөөд энэхүү зээлээр БХТН-ийн барилгын их дулааны шугам сүлжээг сайжруулахад зарцуулсан байдаг. Зориулалтын дагуу ашиглагдсан уг зээл нь 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн сар бүр хугацаа хэтэрч зээлийн төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардуулж төлөгдөж ирсэн. Ховд аймгийн БХТН-ийн дарга Д.Саранхүү нь иргэнийхээ хувиар 2008 оны 07 дугаар 08-ны өдөр 08/192 тоот гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг авсан байдаг бөгөөд энэхүү зээлийн төлбөр сар бүр дамжин удаа дараа хугацаа хэтэрч төлөгддөг байсан учир зээлийн барьцааны гэрээнд тусгагдсан 35-54 ХОА Ланд крузер маркийн машиныг Улаанбаатар хотод зарж борлуулан 12,000,000 төгрөгийг нь зээлдэгч Д.Саранхүү өөрийн биеэр 12 дугаар сарын 21-ний өдөр орлого гэсэн утгатай 60 гаруй хоног хугацаа хэтрээд байсан БХТН-ийн харилцах данс болох 5845369516 тоот дансанд орлогодож тэр өдрөө зээлийг нь төлүүлсэн байгаа болох нь теллерийн гүйлгээний баримт, дансны хуулгаас харагдаж байдаг. Улмаар 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Саранхүү нь банкинд өөрийн биеэр хандаж 5,100,000 төгрөгийн нэмэлт зээлийн олголтыг БХТН-ийн зээлэнд хийлгэн өөрийн нэр дээрх хугацаа хэтэрсэн хөрөнгө оруулалтын зээлийг төлүүлэх зорилгоор 5845340790 тоот дансаар дамжуулан мөн өдрөө зээл төлүүлсэн нь мөн өдрийн гүйлгээний баримт, дансны хуулгаас тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч нь Хаан банкны Ховд салбараас БХТН-ийн Ховд аймгийн Зөвлөлд 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 5,100,000 төгрөгийн зээл олгосон гэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Гэтэл Иргэний хуулийн ерөнхий ангийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн юлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульд тусгайлан заасан байх бөгөөд уг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа нь өөрөө хуулийн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь энэ хуулийн 82-р зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж уг хугацааг сэргээлгэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна.Нэхэмжлэгч нь БХТН-ийн Төв зөвлөлийн данснаас хууль бусаар суутгал хийсэн 15,000,000 төгрөгийг хариуцагчаар буцаан төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Гэтэл ХААН Банкинд 2016 оны 10 сарын 03-ны өдөр БХТН-ийн Төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэгээс Үндсэн зээл болох 6.745.093 төгрөг, хүү 3.254.906 төгрөг нийт 10000000 төгрөгийг зээлийн төлбөрт авч үлдсэн 5.000.000 төгрөгийг чөлөөлж өөрийн үйл ажиллагаанд зарцуулах, БХТН-ийн Ховд аймаг дах салбар зөвлөлийн эд хөрөнгийн зээлийн барьцаанаас гаргаж өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэсэн утгатай №87 тоот хүсэлтийг ирүүлсний дагуу банк 2016 оны 10 сарын 03-ний өдөр үндсэн зээлд 6.745.093 төгрөгийг, хүүнд 3.254.906 төгрөгийг нийт 10,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлүүлж үлдсэн 5,000,000 төгрөгийг чөлөөлж улмаар зээлийг хаасан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаар банк хууль бусаар 15,000,000 төгрөгийг суутгаж аваагүй болох нь дээрх №87 тоот хүсэлтээр /нотлох баримтаар/ нотлогдож байх тул уг мөнгийг банк буцаан төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд иргэн Д.Саранхүүгийн хүсэлтээр 5,100,000 төгрөгийн нэмэлт зээлийн олголтыг хийн өөрийнх нь нэр дээрх хөрөнгө оруулалтын зээлээс төлүүлсэн болох нь, мөн 15.000.000 төгрөгийн хууль бус суутгал хийгдээгүй болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн хууль бус шаардлагуудыг тус тус бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00519 дугаар шийдвэрээр:”1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Ховд аймгийн зөвлөлд 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХААН банкны Ховд салбараас 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн зээл олгосон гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсугай. 2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ХААН банкны Ховд салбараас 14,716,000 /арван дөрвөн сая долоон зуун арван зургаан мянга/ төгрөгийг гаргуулан Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Төв зөвлөлд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Саранхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХААН банкны Ховд салбараас улсын тэмдэгтийн хураамж 328,080 /гурван зуун хорин найман мянга ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Батлан хамгаалахад туслах нийгэмлэгий төв зөвлөлд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлөөс 257,880 /хоёр зуун тавин долоон мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн нэхэмжлэлд нэхэмжлэгч нь Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Ховд аймаг дахь зөвлөлийн дарга Д.Саранхүү гэж бичигдсэн байгаагаас нь үзэхэд нэхэмжлэгч нь Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Ховд аймаг дахь зөвлөлийн дарга Д.Саранхүү гэж оролцогч нар ойлгож ирсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч нь Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөл, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Д.Саранхүү гэж нэхэмжлэлийг гаргаагүй, нэхэмжлэгч бус хуулийн этгээдийг бичсэн байгаа нь өөрөө Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

2009 оноос хойш 7 жилийн дараа шүүхэд хандаж байгаа нь Иргэний хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тусгайлан заасан байх бөгөөд уг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь энэ хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалгаантай гэж үзэж уг хугацааг сэргэлгэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж банк үздэг.Шүүхийн шийдвэрт зээлийг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй байх тул талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа энэ харилцаанд үйлчилсэн гэж үзлээ гэжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж хуулиудад  зааснаас үзэхэд зээлдэгчийн дансанд бодитоор гүйлгээ хийгдэж мөнгө орж, зээл олгогдсон байна. Энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх хуулийн зохицуулалттай ч мөн нйицэж байна гэж хариуцагч тал үзэж байна.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаар ийнхүү 14.716.000 төгрөгийг банк хууль бусаар харилцагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр хийсэн гэдгийг нь 87,113 дугаартай албан бичигүүдээр идэрхий үгүйсгэгдэж, нотлогдож байхад шүүх банкнаас дээрх мөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь өөрөө хууль бус юм. Иймд банкны 5.100.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэв шүүх хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэж байгаа бол зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох тухай хуулийн зохицуулалтаар бодит үйлдлээр гэрээ хийгдсэн гэж банк үзэж байна, мөн 14.716.000 төгрөгийн хууль бусаар, харилцагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр суутгал хийгдээгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

                Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Ховд аймаг дахь зөвлөлд 2009 оны 12 дугаар сарын 22-нд ХААН банкны Ховд салбараас 5.100.000 төгрөгийн зээл олгосон гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн данснаас хууль бус суутгал хийсэн 14.716.000 төгрөгийг буцаан төлүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХААН банкны Ховд салбарт холбогдуулан гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим”-д талуудын дунд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг   шүүхээс хянан шийдвэрлэхдээ материаллаг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэхээс гадна  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж, зөрчихгүй байх агуулгаар тодорхойлогддог юм. 1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2009 оны 12 дугаар сарын 22-нд ХААН банкны Ховд салбараас 5.100.000 төгрөгийн зээл олгосон хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, мөн 14716000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад түүнийг тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журамд нийцээгүй байна. Шүүх дээрх хэлцлийг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байгаа, мөн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн данснаас суутгаж авсан 14716000 төгрөгийг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Ховд аймаг дахь зөвлөл нь ХААН банкны Ховд салбараас нэхэмжилж байгааг тодруулаагүй байна. Тодруулбал нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дээрх мөнгөн дүн нь 5.100.000 төгрөгийн зээлийн хүү алданги эсхүл 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ХААН банкны Ховд салбараас олгосон зээлийн үлдэгдэл 1.645.100 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийн аль нь болох нь тодорхойгүй ойлгомжгүй байна.             Шүүхээс энэ талаар тодруулах байжээ. 2.Хэрэгт авагдсан, маргааны шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 44  дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх тэдгээрийг үнэлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг... үнэн зөв эргэлзээгүй талаас  нь үнэлнэ.” гэж заасан журмыг зөрчжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.”гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй байна. Хариуцагчаас гаргаж өгсөн ХААН банкны дотоод шилжүүлэг, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн ХААН банкны захиргаанд 2016 оны 10 дугаар сарын 03-нд гаргасан 87 тоот албан бичиг, мөн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 113 дугаар албан бичиг  зэрэгт хариуцагч байгууллагын “хуулбар үнэн”  тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасантай нийцээгүй ба мөн зүйлийн “өөрийн байгууллагын архивын” гэсэнд хэргийн оролцогч хамаарахгүй болно. Хэргийн 94,96,97,98,99 дүгээр талд байх хариуцагчаас шүүхэд  гаргаж өгсөн баримтууд нь эх хувиараа биш, нотариатаар гэрчлэгдээгүй хуулбар байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхийн гаргасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас залруулах боломжгүй  тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328080 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулан түүнд буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.080 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                    Н.ТУЯА