Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 750

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Гранд оффис 2 тоотод байрлах Соёмбо даатгал ХХК / утас 70115555, 70220707/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 23 дугаар байрны 44 тоотод оршин суух, Гавилуу овогт Долгионы Мандухай /регистрийн дугаар ТЕ92080808, утас 99795455/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17-4-2 тоотод оршин суух, Мотой овогт Дамдинсүрэнгийн Эрдэнэсувд /регистрийн дугаар ТВ86012167, утас 99396211/- нарт холбогдох

 

“2,953,876 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагч Д.Мандухай, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Соёмбо даатгал ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлдээ:

            “...     Соёмбо даатгал ХХК –нд хариуцагч Д.Мандухай нь даатгалын менежерээр, хариуцагч Д.Эрдэнэсувд нь тус байгууллагын Дархан салбарын захирлаар ажиллаж байх 61 даатгалын гэрээний хураамж болох 2,944,876 төгрөгийг байгууллагад өгөөгүй, иргэдийн мөнгийг тушаалгүй хувьдаа завшсан учир хариуцагч нараас 61 даатгалын гэрээний хураамж 2,944,876 төгрөг, шүүхэд нотлох баримт гаргахтай холбоотой гарсан нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 2,953,876 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Мандухай нь шүүхэд гаргасан тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...   Миний бие 2016 оны 05-р сарын 17-нд тус компаний Дархан-Уул аймаг дахь салбарын даатгалын менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар ороод 2016 оны 08-р сарын 28-ний өдрийн 14/16/12 тушаалаар үндсэн ажилтан болж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа би өдөр бүр салбарын эрхлэгч Эрдэнэсувдтай тооцоо нийлж даатгалын хураамжинд төлсөн иргэдийн мөнгийг /Эрдэнэсувд/-д тоо ёсоор нь хүлээлгэн өгч орлогыг тушааж ирсэн. Миний бие ажлын хариуцлага алдаж мөнгө төгрөг завшсан зүйл байхгүй. Өдөр бүр орлогоо тушааж тэмдэглэл хөтөлж байсан миний хар дэвтрийг Эрдэнэсувд хот явж төвийн санхүүтэй тооцоо нийлнэ гэж хэлж аваад буцааж өгөөгүй. Өр дутагдал гарлаа гэсэн үеэс би эрхлэгч Эрдэнэсувдаас хар дэвтрээ удаа дараа нэхэж байсан. Тэр миний дэвтрийг хотод төвийн тооцооны нягтлан дээр орхисон авчирч өгнө гээд байдаг байсанаа сүүлдээ тэр нягтлан солигдсон байна дэвтрийг чинь авч чадсангүй гэж хэлээд өгөөгүй. Энэ дэвтрийг аваад би компаний баримттай тулган, тооцоо нийлье гэж бодож байсан ч дэвтэрийг Эрдэнэсувд надад буцааж өгөөгүй. Нэхэмжлэлд холбогдуулан гаргасан шалгалтын баримттай нь танилцлаа. Энэ баримтаар даатгал хийгдсэн гэрээний жагсаалт гарчээ. Би Эрдэнэсувдын ажиллаж байх хугацаанд нь л гэрээ хийж түүнд ажлаа өдөр тутамд нь танилцуулж орлогоо өдөрт нь хүлээлгэж өгч байсан. Уранбат Оюун гэж хүнтэй хамт ажиллаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

            Хариуцагч Д.Эрдэнэсувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

            “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Соёмбо даатгал ХХК нь хариуцагч Д.Мандухайд холбогдуулан даатгалын хураамж, нотариатын зардал нийт 2,953,876 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Соёмбо даатгал ХХК нь хамтран хариуцагчаар Л.Эрдэнэсувдыг татаж, хариуцагч Д.Мандухай, Д.Эрдэнэсувд нарт холбогдуулан дээрх шаардлагыг гаргасан болно.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Д.Эрдэнэсувд нь Соёмбо даатгалын ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарын захирлаар 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд, хариуцагч Д.Мандухай нь даатгалын менежерээр 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийнн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Соёмбо даатгал ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэгч Соёмбо даатгал ХХК нь “...Д.Эрдэнэсувд, Д.Мандухай нар нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа 61 ширхэг даатгалын гэрээ хийж, нэгдсэн даатгалын программд бүртгүүлж оруулсан боловч уг гэрээнүүдийн даатгалын хураамж 2,944,876 төгрөгийг байгууллагад төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулахаар” шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч тал даатгалын хураамж төлөгдөөгүй гэх 61 ширхэг гэрээний жагсаалт, даатгалын гэрээнүүд болон тус байгууллагын дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн болно.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Соёмбо даатгал ХХК-иас нотлох баримтаар ирүүлсэн 61 ширхэг гэрээнээс 7 даатгалын гэрээ нь эх хувиараа, бусад 54 ширхэг даатгалын гэрээ нь даатгалын нэгдсэн программаас хэвлэж гаргасан, нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаар үнэлэгдэхгүй баримт байна.

Өөрөөр хэлбэл даатгалын нэгдсэн программаас хэвлэгдсэн гэх 54 ширхэг даатгалын гэрээ гэх баримтанд гэрээ байгуулсан талуудын овог нэр, гарын үсэг байхгүй,  тухайн бичгээр хийсэн гэрээ биш,  даатгалын нэгдсэн программ дээр бүртгэж оруулсан бүртгэлийн баримт байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Харин шүүхэд эх хувиар нь 7 ширхэг даатгалын гэрээний тухайд:

Хариуцагч Д.Мандухай нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А.Дорждэрэм, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Н.Должинсүрэн, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г.Гантулга, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Н.Должинсүрэн нартай тус тус даатгалын гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч Д.Мандухайгийн дээрх байгуулсан 4 ширхэг даатгалын гэрээний нийт хураамж нь 331,637 төгрөг болж байна.

Хариуцагч Д.Мандухай нь дээрх даатгалын хураамжийг тус байгууллагад өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул  хариуцагч Д.Мандухайгаас 331,637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Эрдэнэсувд нь 2017 оны 05 дугаар сарын 08-ний өдөр П.Алтанхуяг, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б.Цогбаяр, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Н.Оргилсайхан нартай тус тус даатгалын гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Д.Эрдэнэсувдын байгуулсан дээрх 3 гэрээнээс Н.Оргилсайханы даатгалын хураамж 55,902 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлсэн, үлдэх 2 гэрээний даатгалын хураамж нийт 107,085 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Д.Эрдэнэсувдаас 107,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Мандухай нь даатгалын хураамжийг тухай бүр нь салбарын захирал Д.Эрдэнэсувдад өгдөг байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч дээрх түүний байгуулсан гэрээний даатгалын хураамж болох 331,637 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэсувдад өгсөн талаар баримт хэрэгт байхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Соёмбо даатгал ХХК нь нотариатын зардал 9,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Соёмбо даатгал ХХК-ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 438,722 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх 2,515,154 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Эрдэнэсувдаас 107,085 төгрөгийг, хариуцагч Д.Мандухайгаас 331,637 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Соёмбо даатгал ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,515,154 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэсувдаас улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг, хариуцагч Д.Мандухайгаас улсын тэмдэгтийн хураамж 10,599 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.                    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА