Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102

 

“С Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00223/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 750 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “С Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.М-,

Хариуцагч Д.Э- нарт холбогдох

          “2.953.876 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгч “С Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүжингийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаагаас:

“С Д” ХХК-д хариуцагч Д.М- нь даатгалын менежерээр, хариуцагч Д.Э- нь Дархан салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 61 даатгалын гэрээний хураамж болох 2.944.876 төгрөгийг байгууллагад өгөөгүй, иргэдийн мөнгийг хувьдаа завшсан учир 61 даатгалын гэрээний хураамж болон шүүхэд нотлох баримт гаргахтай холбоотой гарсан нотариатын зардал 9.000 төгрөг, нийт 2.953.876 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М-гаас:

Би 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус компани Дархан-Уул аймаг дахь салбарын даатгалын менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар ороод 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14/16/12 тушаалаар үндсэн ажилтан болж ажилласан. Ажиллах хугацаандаа өдөр бүр салбарын эрхлэгч Д.Э-тай тооцоо нийлж даатгалын хураамжид төлсөн иргэдийн мөнгийг тоо ёсоор хүлээлгэн өгч орлогыг тушаасан. Миний тэмдэглэл хөтөлж байсан хар дэвтрийг Д.Э- авч төвийн санхүүтэй тооцоо нийлнэ гэж хэлж аваад буцааж өгөөгүй. Нэхэмжлэлд холбогдуулан гаргасан баримтаар даатгал хийгдсэн гэрээний жагсаалт гарсан байна. Би Д.Э-ын ажиллаж байх хугацаанд гэрээ хийж түүнд ажлаа өдөр тутам танилцуулж орлогоо өдөрт нь хүлээлгэж өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэгээс:

“...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 750 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 107.085 төгрөгийг, хариуцагч Д.М-гаас 331.637 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “С Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2.515.154 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг, хариуцагч Д.М-гаас улсын тэмдэгтийн хураамж 10.599 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “С Д” ХХК давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 2.515.155 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь 54 ширхэг гэрээг жолоочийн даатгалын нэгдсэн програмд Д.М- бүртгүүлсэн байх боловч тухайн гэрээ хийсэн мэдээллээ төв компанид ирүүлээгүй байна. Хариуцагч нарын зүгээс 54 ширхэг гэрээг хийгдсэн болохыг үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс жолоочийн даатгалын нэгдсэн бүртгэлээс гэрээний хувийг гаргуулж нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд үүнээс өөрөөр буюу компанид байхгүй эх хувь гэрээг гаргаж өгөх боломжгүй юм. Мөн нэгдэн програмын бүртгэлд байгаа гэрээг нотлох баримт болж чадахгүй гэж анхан шатны шүүхээс үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч  “С Д”  ХХК  хариуцагч  Д.М-, Д.Э-  нарт холбогдуулан даатгалын хураамжийн 2.953.876 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагч Д.М- “Би 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ...,  ...3 сарын туршилтын хугацаагаар ороод 2016 оны 08 дугаар сарын 28-нд үндсэн ажилтан болж ажилласан, ажиллах хугацаандаа өдөр бүр салбарын эрхлэгч  Д.Э-тай тооцоо нийлж даатгалын хураамжид төлсөн иргэдийн мөнгийг тоо ёсоор хүлээлгэн өгч  орлогыг тушаасан. Миний тэмдэглэл хөтөлж байсан хар дэвтрийг Д.Э- авч төвийн санхүүтэй тооцоо нийлнэ гээд буцааж өгөөгүй, ... Д.Э-ын ажиллаж байх хугацаанд гэрээ хийж, түүнд өдөр тутам  танилцуулж орлогоо өдөрт нь хүлээлгэж өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрөхгүй гэж,

            Хариуцагч Д.Э- “...намайг хамтран хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд “С Д” ХХК-тай шүүхээр асуудлаа  шийдвэрлүүлсэн. Д.М-гаас нэхэмжилсэн 61 гэрээг харахад цуцлах хүсэлт илгээсэн боловч цуцлагдаагүй гэрээ \35-54 ДАХ\ зээлээр хийсэн гэрээ хураамж нь тушаагдаж даатгуулагч нөхөн төлбөр авсан \Найдансүрэнгийн Оргилсайхан\  гэрээнүүдийг үндэслэж нэхэмжилсэн байгаа учраас нэхэмжилсэн мөнгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

            Тус компанид Д.Э- нь Дархан салбарын захирал, Д.М- нь даатгалын менежерийн ажил  үүрэг гүйцэтгэдэг байсан ба  энэ үүргээ биелүүлэх явцдаа даатгалын гэрээний хураамжийг бүрэн гүйцэт тушаагаагүйтэй холбоотой маргаан  үүссэн  байна.

            Гэтэл маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болох  салбарын захирлын болон менежерийн ажлын чиг үүрэг,  даатгалын гэрээ байгуулах хураамжийг даатгуулагчаас авч байгууллагын дансанд төвлөрүүлэх талаарх ажил үүргийн хуваарь ажлын уялдаа, хүлээх хариуцлагын талаарх ажлын байрны тодорхойлолт болон эдгээр ажилтнуудын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх  талаарх байгууллагын дотоод дүрэм ,журам ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй  байх тул хэргийн бодит байдал тогтоогдохгүйд хүрчээ, иймд нэхэмжлэлийг хангах эсэх, хэн хэчнээн төгрөгийг хариуцан төлөх тухай асуудлыг шийдвэрлэхэд дээрх нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч давж заалдсан гомдолдоо 2.515.155 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Учир нь 54 ширхэг гэрээг жолоочийн даатгалын нэгдсэн программд Д.М- бүртгүүлсэн байх боловч тухайн гэрээ хийсэн мэдээллээ  төв компанид ирүүлээгүй байна  гэжээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 54 ширхэг даатгалын гэрээ нь даатгалын нэгдсэн программаас хэвлэж гаргасан, нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаар үнэлэгдэхгүй баримт гэж  дүгнэсэн  байна.

            Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримт мэдээллийг  нотлох баримт гэдэг, програмаас хэвлэсэн гэрээг бичмэл нотлох баримт гэж үзнэ, харин гэрээ даатгагч, даатгуулагч талуудын хооронд хийгддэг, маргааны асуудал  даатгалын гэрээний үндсэн дээр даатгуулагчаас хурааж авсан мөнгийг даатгалын байгууллагын  ажилтан  зохих  дансанд бүрэн тушаагаагүй тухай маргаж  байгаа  тохиолдол  болохоор мөн хариуцагч нь гэрээ  хийсэн эсэх талаар маргаагүй  байхад  шүүх  нотлох баримтаар үнэлээгүй нь учир дутагдалтай  байна.

            Иймд дээр дурдсан байдлуудыг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 55.192 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос гаргаж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ  

                                                                   ШҮҮГЧИД                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ