Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 142/2019/00354/И |
Дугаар | 001/ХТ2021/00523 |
Огноо | 2021-05-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/00523
Б.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/01248 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 161 дүгээр магадлалтай,
Б.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй
С.Лхагвад холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 4,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч С.Лхагвын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018.01.13-ны өдөр иргэн Сүхээ овогтой Лхагвад 2,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн. Мөн 02 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн хүүд 02 дугаар сарын 14-ний өдөр 250,000 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг тус тус авсан. Үүнээс хойш хүү болон үндсэн мөнгөө төлөөгүй бөгөөд мөнгөө авах талаар удаа дараа шаардсан боловч одоохондоо мөнгөгүй, боломжгүй байна. Говьд том бизнес эрхэлж байгаа мөнгө ороод ирэхээр бүгдийг нь төлчихнө, санаа зоволтгүй гэж явсаар 8 сар болсон. Харин 9 сарын 3-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн. Үүний 1,000,000 төгрөгийг сүүлд авсан 1,000,000 төгрөгийн үндсэн төлбөрт тооцож, 1,000,000 төгрөгийг зээлийн хүүний төлбөрт тооцсон. Одоо үндсэн зээлд 2,500,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 4,850,000 төгрөгийг иргэн С.Лхагваас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Лхагва шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Лхамсүрэн нь зээлийн гэрээний ард гэрээний сунгалт гэсэн хэсгийг сүүлд буюу шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө надаар гарын үсэг зуруулан авсан бөгөөд миний бие нөхөж бичээгүй хоосон хэсэг дээр гарын үсгүүд зуруулсан. Тэрхүү хэсгийг ашиглаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Барьцаат зээлийн гэрээ гэх 1,000,000 төгрөгний зээлийг миний бие авсан бөгөөд 2018.09.03-ны өдөр бэлнээр нэхэмжлэгчид өгч хаалгасан. Энэ талаар гэрээний дор Б.Лхамсүрэн бичилт хийж гэрээг хаасан болно. Гэтэл хаасан атлаа төлөөгүй мэтээр бичсэн байна. Миний бие үндсэн мөнгө 2,500,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.29-ний өдрийн 142/ШШ2019/01248 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Лхагваас 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,550 /ерэн хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Лхагваас 58,950 /тавин найман мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.05-ны өдрийн 161 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.29-ний өдрийн 142/ШШ2019/01248 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Лхагваас 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Лхагваас 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,350,000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж,
Шийдвэрийн 2 дугаар заалтыг ...хариуцагч С.Лхагваас 58,950 /тавин найман мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгосугай ... гэснийг ...хариуцагч С.Лхагваас 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгосугай ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Лхагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг хэсэгчлэн эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан ..Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэснээр хариуцагчаас нийт 2,750,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү 2,750,000 төгрөгний 1,250,000 төгрөгийг алдангийн төлбөрт гаргуулахаар заасан. Харин давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4 дэх хэсэгт заасан Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж шийдвэр гаргах байтал хэргийн оролцогчийн гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь давж заалдах шатны хянавал хэсгийн сүүлийн догол мөрөнд Хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,500,000 төгрөг, алдангийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 750,000 төгрөг бөгөөд хариуцагч талын 250,000 төгрөг илүү төлүүлсэн гэсэн гомдлын хүрээнд... гэж үндэслэн шийдвэр гаргасан нь буруу бөгөөд давж заалдах шатны шүүх 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байтал хэт нэг талыг барьсан шийдвэр гарган 250,000 төгрөгийг орхигдуулан шийдсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Хариуцагч миний бие магадлалаар шийдвэрлэсэн 2,500,000 төгрөгнөөс 250,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад С.Лхагваас 2,500,000 гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт 2,250,000 төгрөг гаргуулах гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
а). Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн 2018.01.13-ны өдрийн Зээлийн гэрээгээр С.Лхагвад 2,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, мөн 02 дугаар сарын 07-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ №59 гэх баримтаар 1,000,000 төгрөг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй тус тус зээлээр өгсөн , зээлдэгч 2019 оны 2 дугаар сарын 14-ны өдөр 250,000 төгрөг, 2018.03.10-ны өдөр 100,000 төгрөг, 2019.09.13-ны өдөр 2,000,000 төгрөг бүгд 2,350,000 буцаан төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, талууд маргаагүй байна.
б). Хариуцагч буцааж төлсөн 2,250,000 төгрөгний 1,100,000 төгрөг нь 02 дугаар сарын 07-ны өдөр авсан 1,000,000 төгрөгийн үүрэгт тооцож энэ гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэнд нэхэмжлэгч маргаагүй боловч, үлдэх 1,250,000 төгрөгийг 2018.01.13-ны өдрийн Зээлийн гэрээний 2,500,000 төгрөгийн хүүд авсан гэж, улмаар энэ зээлийн гэрээг сунгасан гэсэн үндэслэлээр үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 1,100,000 төгрөг, алданги 1,250,000 бүгд 4,850,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Лхагва нэхэмжлэлээс 2,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байжээ.
2018.01.13-ны өдрийн 2,500,000 төгрөгийн Зээлийн гэрээг сунгасан баримтууд хэргийн 5-6 дугаар талд авагджээ.
г). Гэрээний хугацааны сунгалт хугацаа дууссан өдөр сунгагдаагүй, мөнгөн дүн зөрүүтэй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул талууд гэрээний хугацааг сунгахдаа Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7- д заасан хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэсэнтэй нийцүүлэн хийж чадаагүй гэж үзнэ.
Иймд зээлийн гэрээний үүргийг үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 250,000 төгрөг бүгд 2,750,000 төгрөг гэж үүнээс хариуцагчийн төлсөн 1,250,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 1,500,000 төгрөгийг алдангийн хамт төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна. Харин гэрээнд заасан алданги тооцохдоо үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгний 50%-иас нь хэтрүүлэн 1,250,000 төгрөг гэж тооцон хариуцагчаас 2, 750, 000 төгрөг гаргуулсан нь буруу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг зөрчсөн байна.
Давж заалдах шатны шүүх дээрх алдааг дүгнэсэн боловч хариуцагчийн гомдолд заасан зөвшөөрөхгүй байгаа 250,000 төгрөгийн хэмжээнд шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 2,500,000 төгрөг гаргасаныг буруутгах боломжгүй, талуудын зарчимд нийцжээ.
Дээрх үндэслэлээр 2,500,000 төгрөгнөөс 250,000 төгрөг дахин хасаж 2,250,000 төгрөг төлөхөөр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 161 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 8,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Б.УНДРАХ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН