Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 01905

 

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/01905

Улаанбаатар хот

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Богд-Ар хороолол  байр  тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ю.э.б” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Богд-Ар хороолол,  байр “Б.А ” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,

            Хууль бус эзэмшигчийг албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Ю.э.б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хороолол  дугаар байр Д тоотын Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай 431,49 м.кв үйлчилгээний талбай нь манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл Богд-Ар  СӨХ нь манай компанийн өмчлөлийн талбайнаас 5.31 м,кв хууль бусаар эзэмшиж байрны жижүүр байршуулан чөлөөлж өгөхгүй өдийг хүрлээ. Энэ хугацаанд Богд-Ар  СӨХ нь манай компанийн өмчлөлийн талбай болох 5.31 м.кв талбайг өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжллийн шаардлага гаргаснаасаа өөрсдөө татгалзаж, 2017.02.14-ийн өдрийн 128/ШШ2017/120 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулан 2016.07.18-ны өдрийн 3407 тоот шинжээчийн дүгнэлтээр 5.31 м.кв талбай нь манай өмч болох нь тогтоогдсон. Иймд Богд-Ар  СӨХ-ноос Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өөрийн өмчлөлийн талбай болох Богд-Ар хороолол -р байрны Д тоотын жижүүр байрлаж буй 5.31 м.кв талбайг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 Хариуцагч “Богд-Ар ” СӨХ шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: Барилга байгууламж, нийтийн орон сууцны зориулалттай сууцанп галын аюулгүй байдлыг хангах зорилгоор галын дохиолол, гал унтраах систем бусад холбогдох багаж хэрэгсэл заавал байдаг. “Ю.э.б” ХХК-ийн нэхэмжилж байгаа уг өрөө нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, орц коридор, шат, шатны хонгил, 1-16 давхар бүрд байдаг гал унтраах систем, галын дохиололын төхөөрөмжүүдийг мэдэрдэг аюулын дохио өгдөг техникийн самбартай жижүүр, харуулын өрөө юм.  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-д заасны дагуу сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагдана. Нийслэл дэх захирагааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээр оролцсон гэх Х.Н нь манай СӨХ-ны хууль ёсны гүйцэтгэх захирал биш бөгөөд уг этгээд нь өөрийгөө СӨХ-ны захирал гэж СӨХ-ны нэрийн өмнөөс шүүх хуралд оролцсон нь хууль бус үйлдэл юм. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.14-ний өдрийн 128/ШШ2017/120 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүгч нар алдаа гаргаж, хэргийн оролцогчдын баримт материалтай танилцаагүй, байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдийг мэдсээр байж шүүх хуралд оролцуулж, хууль бус үйддэл гаргасан. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг нь тодорхой байхад илт нэг талыг барьж, хууль бус шийдвэр гаргаж, шүүгчийг шударгаар шийдвэр үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж буруу шийдвэр гаргахад хүргэсэн. Уг барилгын захиалагч “Б.х” ХХК, гүйцэтгэсэн “Д.з.э” ХХК нь уг барилыг барьж 2010 онд ашиглалтанд оруулан, иргэд, аж ахуй нэгжид худалдан борлуулсан. “Б.А” СӨХ нь  байрыг барьж ашиглалтанд оруулан бусдад худалдан борлуулах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүйг сайн мэдсээр байж дутуу талбайгаа СӨХ-ноос нэхэмжлэн дундын өмчлөлийн эд хөрөнгө талбайг дээрэмдэх оролдлого хийж байгаа нь хуульд нийцэхгүй. Харин талбай дутуу гэж үзэж байгаа асуудлаа уг барилгын захиалагч, гүйцэтгэгч компаниас нэхэмжлэх эрхтэй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 8.9 м.кв талбай бүхий орцны дохиоллын нэгдсэн самбар байршуулсан жижүүрийн өрөөг  дугаар барилгын анхны зургийн дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгөөр хэвээр үлдээх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ю.э.б” ХХК Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Богд-Ар хороолол,  дугаар байр, Д тоотын жижүүр байрлаж буй 5.31 м.кв талбайг “Б.А” сууц өмчлөгчдийн холбооны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, уг талбай нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн талбай тул жижүүр байрлаж буй хэсгийг чөлөөлөхгүй гэж маргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Нэхэмжлэгч “Ю.э.б” ХХК 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүрэг  дүгээр хороо, Богда Ар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж  дугаар байрны  тоотод байршилтай, 231.49 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг авчээ. /хх-ийн 6 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3407 дугаар дүгнэлтээр “Ю.э.б” ХХК Баянгол дүүрэг 1 дүгээр хороо  байрны үйлчилгээний зориулалттай Д байрны нийт талбай 213.25 м.кв байгаа бөгөөд энэ талбайн хэмжээнд жижүүрийн өрөөний талбай орж байна. Дээрх нийт талбай нь “шинжээч томилох тухай шүүгчийн захирамж”-ийн асуултанд дурдагдсан 231.42 м.кв гэсэн талбайгаас 18.17 м.кв-аар бага байна гэжээ. /хх-ийн 8 дугаар тал/

Богд-Ар  сууц өмчлөгчдийн холбоо Баянгол дүүргийн  дүгээр хороо,  дугаар хорооллын  байрны  давхарт байрлах жижүүрийн өрөөг орон сууцны байшингийн  дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар Захирагааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д заасныг баримтлан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн  дүгээр хороо,  дугаар хорооллын  байрны  давхарт байрлах жижүүрийн өрөөг “Ю.э.б” ХХК-д өмчлүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээг хүчингүй болгуулах, жижүүрийн өрөөг  байрны орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтооглох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Богд Ар  сууц өмчлөлгчдийн холбоо татгалзсаны баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ю.э.б” ХХК нь маргааны зүйл болох Баянгол дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол, Богд-Ар хороололын  байрны Д тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн 5.31 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар шаардах эрхтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-т “сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог ойлгохоор хуульчилжээ.

Сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн орон сууцны сууц өмчлөгч болон хуулийн этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийг тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд зүйл хэмээн маргах үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар нэхэмжлэгч Юү эс би ХХК-ийн өмчлөлийн 5.31 м.кв тайлбайг Богд Ар  СӨХ-ны хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Баянгол дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол Богд-Ар хороололын  байрны Д тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн 5.31 м.кв талбайг “Богд Ар ” СӨХ-ны хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Богд-Ар  СӨХ-ноос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ю.э.б” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО