Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1755

 

 “Ю Э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01905 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б-А 22 сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

Хууль бус эзэмшигчийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагчийн төлөөлөгч Г.Нямдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богда-Ар хороолол 22 дугаар байр Д тоотын Ү-2205038127 улсын бүртгэлийн дугаартай 431.49 м.кв үйлчилгээний талбай нь манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл Б-А 22 СӨХ нь манай компанийн өмчлөлийн талбайнаас 5.31 м.кв хууль бусаар эзэмшиж байрны жижүүр байршуулан чөлөөлж өгөхгүй өдийг хүрлээ. Энэ хугацаанд Б-А 22 СӨХ нь манай компанийн өмчлөлийн талбай болох 5.31 м.кв талбайг өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаасаа өөрсдөө татгалзаж, 2017 оны 02 дугаар сарын 14-ийн өдрийн 128/ШШ2017/120 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулан 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3407 тоот шинжээчийн дүгнэлтээр 5.31 м.кв талбай нь манай өмч болох нь тогтоогдсон. Иймд Б-А 22 СӨХ-ноос Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн талбай болох Богд-Ар хороолол 22 дугаар байрны Д тоотын жижүүр байрлаж буй 5.31 м.кв талбайг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Нямдаржаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Барилга байгууламж, нийтийн орон сууцны зориулалттай сууцанд галын аюулгүй байдлыг хангах зорилгоор галын дохиолол, гал унтраах систем бусад холбогдох багаж хэрэгсэл заавал байдаг. “Ю Э Б” ХХК-ийн нэхэмжилж байгаа уг өрөө нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, орц коридор, шат, шатны хонгил, 1-16 давхар бүрд байдаг гал унтраах систем, галын дохиололын төхөөрөмжүүдийг мэдэрдэг аюулын дохио өгдөг техникийн самбартай жижүүр, харуулын өрөө юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагдана. Нийслэл дэх захирагааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээр оролцсон гэх Х.Нямбадраа нь манай СӨХ-ны хууль ёсны гүйцэтгэх захирал биш бөгөөд уг этгээд нь өөрийгөө СӨХ-ны захирал гэж СӨХ-ны нэрийн өмнөөс шүүх хуралд оролцсон нь хууль бус үйлдэл юм. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.14-ний өдрийн 128/ШШ2017/120 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүгч нар алдаа гаргаж, хэргийн оролцогчдын баримт материалтай танилцаагүй, байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдийг мэдсээр байж шүүх хуралд оролцуулж, хууль бус үйлдэл гаргасан. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг нь тодорхой байхад илт нэг талыг барьж, хууль бус шийдвэр гаргаж, шүүгчийг шударгаар шийдвэр үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж буруу шийдвэр гаргахад хүргэсэн. Уг барилгын захиалагч “Б Холдинг” ХХК, гүйцэтгэсэн “Ди зэт эйч” ХХК нь уг барилыг барьж 2010 онд ашиглалтанд оруулан, иргэд, аж ахуй нэгжид худалдан борлуулсан. “Б-А 22” СӨХ нь 22а байрыг барьж ашиглалтанд оруулан бусдад худалдан борлуулах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүйг сайн мэдсээр байж дутуу талбайгаа СӨХ-ноос нэхэмжлэн дундын өмчлөлийн эд хөрөнгө талбайг дээрэмдэх оролдлого хийж байгаа нь хуульд нийцэхгүй. Харин талбай дутуу гэж үзэж байгаа асуудлаа уг барилгын захиалагч, гүйцэтгэгч компаниас нэхэмжлэх эрхтэй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 8.9 м.кв талбай бүхий орцны дохиоллын нэгдсэн самбар байршуулсан жижүүрийн өрөөг 22 дугаар барилгын анхны зургийн дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгөөр хэвээр үлдээх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Богд-Ар хороололын 22а байрны Д тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн 5.31 м.кв талбайг “Б-А 22” СӨХ-ны хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-А 22 СӨХ-ноос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Уг хэрэг нь хоёр тусдаа хэрэг бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Захиргааны хэргийн шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь барилгын зураг төсөлд шинжилгээ хийдэггүй. Маргаан бүхийн объект болох тус жижүүрийн өрөө нь барилгын зураг төслийн дагуу "жижүүрийн өрөө" болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Нийтийн зориулалттай орон сууцны барилга бүрт норм стандартын дагуу заавал байх шаардлагатай галын дохиолол, энэ нь айл өрхүүдийн 1-16 давхар давхар бүрд кридорт байдаг галын аюулгүйн дохиоллын төхөөрөмжийг хянах автомат систем удирдлагын самбар жижүүрийн өрөөнд байршдаг. Уг техникийн өрөө буюу жижүүрийн өрөө нь дундын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоо оршин суугчдьш эрх ашиг, гарч болзошгүй аюулгүй байдлыг ханган үүднээс тус өрөөг эзэмших эрхтэй болно. Барилгын зураг төслийн хувьд тусдаа зохион байгуулагдсан байхад үүнийг нэмж өөр объект дээр үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гаргах боломжгүй. Хэрвээ тус жижүүрийн өрөөг худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа бол энэ нь Иргэний хуульд зааснаар гэрээ болон хэлцлийн үндсэн дээр шилжинэ. Нэхэмжлэгч талаас үүнийг баталж чаддаггүй. Үнэхээр худалдаж авсан байлаа ч дундын өмчлөлийн эд хөрөнгийн захиалагч компани зарсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Тус худалдан авсан объект нь барилгын зураг төслийн дагуу жижүүрийн өрөөнөөс тусдаа объект байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дутуу талбайг оруулан 231.49 мкв-аар авсан бол нэхэмжлэгч тал эд хөрөнгийн доголдлын талаар худалдагч талтай маргах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар тус жижүүрийн өрөөний өмчлөгч болох нь тогтоогдохгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК нь “Б-А 22” СӨХ-нд холбогдуулан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 22 дугаар байр, Д тоотын жижүүр байрлаж буй 5.31 м.кв талбайг хариуцагчийн  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг талбай нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн талбай тул жижүүр байрлаж буй хэсгийг чөлөөлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрөө гаргах үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт  тус тус зааснаар нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд  хүсэлт гаргах эрхтэй.

Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Богда Ар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 22 дугаар байрны Д тоотод байршилтай, 231.49 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагджээ. /хх-ийн 6/

Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд  Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Богда Ар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 22 дугаар байрны Д тоотод байршилтай, 231.49 м.кв талбайг нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-ийн нэр дээр бүртгэхдээ ямар баримтыг үндэслэж бүртгэсэн, уг талбайд маргаж буй Д тоотын жижүүр байрлаж буй 5.31 м.кв талбай байсан эсэх, эсхүл уг талбай нь нийтийн эзэмшлийн талбайд /техникийн өрөө/ хамаарч байгаа эсэх нь тодорхой бусаас хариуцагчийн эзэмшил хуулиар хамгаалагдсан эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/120 тоот шүүгчийн захирамжаар “Богд-Ар22” СӨХ-ны  захирал Х.Нямбадраа нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлттэй холбоотой аливаа үйл баримтын талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүх энэхүү хэрэгсэхгүй болгогдсон захиргааны хэрэгт авагдсан гэх нотлох баримтыг иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн  үндэслэл болгосон нь буруу байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь маргаан бүхий талбайн өмчлөгч болохыг, хариуцагч уг талбайг эзэмших үндэслэлгүй гэх байдлыг эргэлзээгүй баримтаар дүгнэх боломжгүй байхаас гадна анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн учир талуудын маргааны үйл баримт, эрх зүйн үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх эцэслэн дүгнэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй.

 Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамхандад шүүх хуралдаан болохоос 7 хоногийн өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заасан нотлох баримт бүрдүүлэх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж,  шүүхээс мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн гэж  тус тус үзэх боломжгүй.

Мөн хариуцагч “Богд-Ар22” СӨХ-ны гэрчилгээ,  Г.Нямдаржаа  нь хариуцагчийг төлөөлөх эрхтэй эсэхийг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.7, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: