Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0030

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т. М

Нэхэмжлэгч: Ш. Б

Нэхэмжлэгч: Т. Б

Нэхэмжлэгч: Ц.Б

Нэхэмжлэгч: Ц.С

Хариуцагч: БОАЖЯ.

Хариуцагч: БХУДЦГХЗ

Гуравдагч этгээд: О.П

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-484 дүгээр тушаалын иргэн О.П-д 293 м.кв талбай бүхий газрыг нэмэгдүүлэн олгосон хэсэг болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон 04/2019 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгч Ц.Б, Ш.Б, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Т, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн    төлөөлөгч     О.Н,     гуравдагч       этгээдийн    итгэмжлэгдсэн   төлөөлөгч Л.Н,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З.С нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Л.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Иргэн О.П нь 2012 оны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-265 тоот тушаалаар 540 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшдэг байсан бөгөөд уг газартаа зуслангийн зориулалттай 1 айлын модон байшинтай байсан. Гэтэл 2017 оноос өөрийн 1 айлын модон байшинг буулгаж 5 айлын 2 давхар таун хаус барьж эхэлсэн бөгөөд ингэхдээ барьж буй барилга нь газраасаа том байсан тул өөрийн эдэлбэр газрынхаа гадаах нийтийн эдэлбэр гудамж зам талбай руу зөвшөөрөлгүй илүү гарган байшин барьж цахилгааны дэд станц бохирын цооног хийж хашаа барин 2018 онд бүрэн хийж дуусгасан. Ийнхүү нийтийн эдэлбэр гудамж зам талбай руу зөвшөөрөлгүй илүү гарган байшин барьж, цахилгааны дэд станц, бохирын цооног хийж, хашаа барьж дуусгасныхаа дараа 2018 оны 12-р сарын 07-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А-484 тоот шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 04/2019 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээгээр 293 м.кв аар нэмэгдүүлж 833 м2 болгон өмнөх зөвшөөрөлгүй хийсэн хууль бус ажлаа хийснийхээ дараа баталгаажуулж авсан байна. Өөрөөр хэлбэл нийтийн эдэлбэр газар, зам талбайн зарим хэсгийг БОАЖС-ын тушаалаар иргэн О.П-д олгожээ \зургийг хавсаргав\. О.П нь 2018 оны эхнээс маргаан бүхий нийтийн эдэлбэр газарт шунахайрч, хууль бусаар орц гарцыг хааж хашаалах оролдлого хийх бүрт нь оршин суугчид эсэргүүцэн таслан зогсоож байсан.

Маргаан бүхий газрыг ашиглах эрхийн зөвшөөрлийг хариуцагч нь О.П-долгосныг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус нийтийн эдэлбэр газар, гудамж зам талбайд хашаагаа томруулан барьж, орц гарцыг хаах үед нэхэмжлэгч нь анх олж мэдсэн бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайдад тус маргаан бүхий газар ашиглах эрх олгосон шийдвэрийг цуцлуулж О.П-ын хашаа барих ажлыг зогсоож өгөх хүсэлтийг бичгээр гаргасан. Улмаар тус хүсэлтийн хэрхэн шийдвэрлэж буй мэдээлэл болон хүсэлтийн хариуг авах тухай хүсэлтийг дахин 2019.05.17-ны өдөр гаргасан хэдий ч өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байгаагаар барахгүй О.П нь хашаагаа нэмж томруулж зассаар байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам (К-т зочид буудлын баруун урд талд) оршин суудаг дээрх иргэд буюу нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Нэхэмжлэгч иргэд нь бүгд тус хаягт зуслангийн газар байшин эзэмшдэг иргэд юм.

Дээр нийтийн эдэлбэр газар гудамж зам талбайн газрыг ашиглах эрхийг О.П-д олгосноор нэхэмжлэгч буюу тухайн газрын оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах, өөрийн орон гэр, эзэмшил газартаа чөлөөтэй нэвтрэх, аюулгүй зорчих эрхийг шууд хязгаарлаж, зөрчиж байна. Тодруулбал, нийтийн эдэлбэр газар, гудамж зам талбайн газарт О.П бетонон суурьтай хашааг барьснаар замын зарим зорчих хэсгийн нийт өргөн 3 метр орчим бага болж аваар ослын үед онцгой байдал, түргэн тусламж галын дуудлагын том оврын машин орж гарах, маневр хийх боломжгүй болсон, мөн авто машин болон явган хүн зэрэгцэн аюулгүй явах боломжгүй, мөн тус өргөтгөсөн хашааны эсрэг талын оршин суугчид өөрийн хашаандаа авто машинтайгаа орох, гарах боломжийг хаасан зэргээр оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий газрыг ашиглах эрхийг О.П-д олгох шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр бүдүүн тоймоор хандаж буй үйлдлийг зөвтгөн тайлбарлах шалтгаан болохгүй.

БОАЖС-ын 2018 оны 12-р сарын 07-ны Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А-434 тоот шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 04/2019 тоот газар ашиглах эрхийн зөвшөөрөл нь дараах байдлаар хууль зөрчсөн байна.

2017-2018 онд газрын зөвшөөрөлгүйгээр О.П-ын илүү гарган барьсан барилга, цахилгааны дэд станц, бохирын цооног, хашаа зэрэг хууль бус үйлдлийг хамгаалах зорилгоор буюу газрыг хууль бусаар ашигласны дараа О.П-ын540 м2 хэмжээтэй газрыг 293 м.кв-аар нэмж сунган 833 м.кв хэмжээтэй болгон газар ашиглах эрх олгосон БОАЖС-ын 2018 оны А-484 шийдвэр, БУДЦГХЗ-ын 04/2019 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ нь дараах хууль тогтоомжийг илтэд зөрчсөн байна.

Тус захиргааны акт нь процессын хувьд илт алдаатай акт байна. Нийтийн захиргааны байгууллага болох БОАЖС болон БУДЦГХЗ нь Захиргааны ерөнхий хууль (ЗЕХ) ийн 4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан   мэдэгдэх,   оролцоог   хангах;  4.2.8   хууль  ёсны   итгэлийг  хамгаалах

 

зарчмыг баримталж ажиллаагүй. Мөн ЗЕХ-ийн 13 зүйлийн 13.2 дах хэсэгт заасны дагуу тухайн актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагыг захиргааны акт гаргах ажиллагаанд татан оролцуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчид буюу оршин суугчдад энэ талаар мэдэгдээгүй. Хэрэв бидэнд энэ талаар мэдэгдсэн бол бид ЗЕХ-ийн 15 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлээд захиргааны байгууллагатай хамтран асуудлыг шударга ёс, тэгш байдлын хангаж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжтой байсан.

 Мөн захиргааны байгууллага ЗЕХ-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргах үндэслэл шаардлага байгаа эсэхийг тогтоох үүрэгтэй байсан. БОАЖС, БУДЦГХЗ-аас “нийтийн эдэлбэр газар, зам талбайн газрыг зуслангийн зориулалт"-аар солих зайлшгүй шаардлагатай гэдгийг баталгажуулж мэргэжлийн байгууллагаар судалгаа шинжилгээ, үнэлэлт дүгнэлт хийлгэхгүйгээр мөн сонсох ажиллагаа хийлгүйгээр шийдвэр гаргаж тус байршлын бусад оршин суугчдын хууль ёсны эрхийг зөрчсөн.

Маргаан бүхий захиргааны акт ТХГНтХ27.1,81 дагуу батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд тусгаж нийцүүлээгүй буюу маргаан бүхий газрыг ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 222 дугаар тушаалаар баталсан БНбД-32-01-06 суурины гудамж, зам төлөвлөлт”-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дах заалтын 3 дугаар хүснэгтийн “нутаг дэвсгэрийн туслах зам” гэсэн гудамж замын төлөвлөлтийн тооцооллыг зөрчиж маргаан бүхий газрын зөвшөөрлийг олгожээ.

Маргаан бүхий захиргааны акт нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18. дэх хэсэг дэх галын аюулгүй байдлын ерөнхий шаардлагыг зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах оршин суугч иргэдийн эрхийг зөрчиж, хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНГД 30.01.04 дүрмийн 12-р заалтыг мөн зөрчиж байгаа ба нийтийн эзэмшлийн зам талбайг нарийсгаж хашаа хайс, нийтийн орон сууц барьсан нь болзошгүй гамшиг осол, гал түймэр, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэний амь нас, эд материалыг авах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулах, аврах болон гал унтрах шуурхай албаны автомашин байгуулах, орж гарах хөдөлгөөн хийхэд саад учирч цэг хугацаа алдах, ихээхэн хэмжээний хохирол учрал эрсдэл бүхий байдал үүссэн гэж 2019 оны 05-р сарын 23-ны өдрийн 033/66 тоот Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн Улсын хяналтын байцаагчийн дүгнэлтэд гарчээ. Мөн Нийслэлийн Мэргэжлийн  Хяналтын  Газрын  БОАЖЯ-нд  2019  оны  05  сарын  31-нд  явуулсан

02-03-2188 тоот бичигт нийтийн эзэмшлийн зам талбайг нарийсаж хашаа хайс, нийтийн орон сууц барьсан нь болзошгүй гамшиг осол, гал түймэр, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэний амь нас, эд материалыг авах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулах, аврах болон гал унтрах шуурхай албаны автомашин байрлуулах, орж гарах хөдөлгөөн хийхэд саад учирч цаг хугацаа алдах, ихээхэн хэмжээний хохирол учрал эрсдэл бүхий байдал үүсэн орц гарц галын аюулгүй байдлын норм зөрчсөн тул арга хэмжээ авч шийдвэрлэхийг бичсэн.

Газрын кадастр нь Газрын тухай хууль (ГтХ)-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу газар зохион байгуулалтын арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ГтХ 26.2 дагуу бүх ангиллын газрын тоо бүртгэл, чанар, үнэлгээ, төлбөр шилжилт хөдөлгөөн газар хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг өөртөө агуулна. Газрын ангилал, зориулалтыг өөрчлөхөд газрын төлөв байдал, чанарын асуудал шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд түүнийг ГтХ 58.4 заасны дагуу “эрх бүхий мэргэжлийн байгууллага” судалж дүгнэлт гаргахаар хуулиар зохицуулсан байна.

БОАЖС-ын 2018 оны А-484 шийдвэр гаргах, БУДЦГХЗ-ын 04/2019 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсгийн 4.2.6, 3 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.1, 25.1.2, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалт, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 болон Барилга, хот  байгуулалтын сайдын 2016 оны 222 дугаар тушаалаар баталсан БНбД-32-01-06 “Хот суурины гудамж, зам төлөвлөлт”-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг тус  тус зөрчсөн байна.

Иймд БОАЖС, БУДЦГХЗ нь тухайн маргаан бүхий нийтийн эдэлбэр газар, зам талбайн зориулалтыг сольж зуслангийн зориулалтаар ашиглах эрх олгох шийдвэр гаргахын өмнө бусад оршин суугчдын эрх, ашиг сонирхол зөрчигдөх эсэх, хууль тогтоомжид нийцсэн эсэх мөн гаргах шийдвэрээ биелэх боломжтой эсэхийг судалж мэдэх нь хууль ёсны шаардлага байсан” гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэн О.П нь 2012 оны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-265 тоот тушаалаар 540 м2 газрыг зуслангийн зориулалтаар эзэмшдэг байсан. Одоогоос 4 жилийн өмнөөс эхэлж тухайн газар дээр байшин, хашаа, цахилгааны дэд станц, бохирын  цооног  зэргийг  барьж  эхэлсэн.

 Эдгээрийг  барихдаа  өөрийн эдэлбэр газрынхаа гадаах нийтийн эдэлбэр гудамж, зам талбайруу зөвшөөрөлгүй илүү гарган барьсан.

О.П-ын хашааны байршил зүүн талаараа К-т зочид буудалтай залгаа байгаа учраас зүүн тийшээ тэлэх боломжгүйн улмаас баруун тал руугаа буюу 6 м орчим өргөн байсан гудамж зам талбай руу тэлж эхэлсэн. Бид энэ талаар тухай бүрт нь гомдлыг гаргаж байсан. Гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зогсоодог байсан боловч өвлийн улирал, шөнө оройн цагаар хүн байхгүй үед ажлаа үргэлжлүүлдэг байсан ба одоо ч дуусаагүй үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар хашаагаа барьсан, байшингийн гадна талыг дуусгасан, дэд бүтцээ хийсэн. Сүүлийн нэг жилд огт үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад араас нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-484 тоот тушаалын дагуу гэрчилгээ авсан байсан. Хуучин 2 жилийн өмнө хууль бусаар өөрийн эдэлбэр газрынхаа гадаах нийтийн эдэлбэр гудамж зам талбай руу оруулж гудамжийг нарийсгаж барьсан ажлаа баталгаажуулсан дээр шийдвэр гаргуулсан.

Иймд шалгалгүйгээр олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-484 тоот тушаалын иргэн О.П-д холбогдох түүнд 540 м2 газар дээр нэмэгдүүлж олгосон 293 м2 газрын олгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Маргаан бүхий газарт бодит үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд гудамж нарийссаны улмаас галын машин орох боломжгүй, хоёр машин хооронд зөрөх ямар ч боломжгүй болсон. Энэ талаар Онцгой байдлын газрын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтүүд гарсан. Тэр гудамжинд хил залгаа 10 гаруй айл оршин суудаг. Зарим нэг айл нь өөрийн хашаа руу машинтайгаа орох боломжгүй болсон. Тухайн гудамжны зарим хэсэгт өргөн 3 м хүрэхгүй хэмжээтэй байгаа учраас машин хүн хооронд зөрөх боломжгүй бодит нөхцөл байдал үүсээд байгаа. Тэнд байнгын оршин сууж байгаа 10 гаруй айл нь бага насны хүүхдүүд олонтой, өндөр настай ээж аавтайгаа амьдардаг. Эдгээр хүмүүс нь байнгын эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгаа ба цаашид ч үргэлжлэхээр байгаа. Зуны цагт хүүхдүүд унадаг дугуй унаж тэр гудамжаар явахад машинтай зөрөх боломжгүй, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Бидний шүүхээс хүсэж байгаа гол зүйл О.П-ын өөрийн эзэмшиж байсан 540 мгазар дээр нэмж авсан 293 м2 газрыг хүчингүй болгуулах хүсэлтэй. О.П-ын барьсан хашаа нь цементээр баригдаагүй учраас богино хугацаанд зайлуулж болохоор хашаа байгаа. Хэрэв энэ хашааг буцааж татаж гудамжийг өргөсгөвөл наад  зах  нь  галын машин орж болохоор бид өөрийн барьсан гаражиндаа орж болох саадгүй зорчих боломжтой болно. Үр хүүхдээ ч өөрийн хашаанаас хол биш ойр буулгах боломжтой болно. Мөн гал, үерийн үед том оврын машин орох боломжтой болж болзошгүй аюул ослыг цаг алдалгүй зогсоож чадна. Бид ийм л нөхцөл байдлыг хүсэж нэхэмжлэл гаргаснаас биш О.П-ын байшинг холдуул гээгүй. Төрийн хяналтгүй гаргасан шийдвэрээс шалтгаалж маргаан бүхий газрын хил залгаа оршиж байгаа 10 гаруй айлын иргэд аюул осолд өртөх эрсдэл бүрдсэн. Энэ талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүд гарсан.

Иргэн О.П нь өөрийн эзэмшил газраас илүү гаргаж нийтийн эзэмшлийн зам талбай руу орж хашаа барьсан нь хууль бус байсан. Төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарахаас өмнө хууль зөрчсөн бодит үйлдэл үйл ажиллагаа хийгдсэн. Уг үйл ажиллагаа хийгдсэнээс 2 жилийн дараа араас нь нөхөж захиргааны байгууллагын шийдвэр гарсан. Энэ байдлыг бид эс зөвшөөрч шүүхэд хандсан. Хяналтгүй гаргасан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Би маргаан бүхий газрын хил залгаа газарт гадаадад байгаа ахынхаа орон сууцанд байнгын оршин суудаг. Бага насны хүүхэдтэй учраас үүсээд байгаа бодит нөхцөл байдал амьдрахад хэцүү байна. 2018 оноос хойш тэр газарт 11 айлын иргэд амьдарч байгаа. Иргэн О.П нь байшингаа нийтийн эдэлбэр газар луу оруулж барьсны дараагаар араас нь зөвшөөрлийг нь гаргуулж авсан. 2019 онд хашаагаа барьж эхлэх үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-484 тоот тушаалаар олгосон зөвшөөрлийг анх удаа мэдсэн. Тус шийдвэр нь О.П-ын эзэмшлийн 540 м2 газар дээр нэмэгдүүлж 293 м2 газрыг олгож 833 м2 болгосноос бид нэмэгдүүлж олгосон 293 м2 газрыг хууль бус гэж үзэж байна.

Бид шийдвэрийг мэдсэн даруйдаа Байгаль орчин аялал жуулчлалын яам болон бусад холбогдох газруудад хандсан. Бидний өргөдлийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 6 дугаар сарын 31-ний өдөр арга хэмжээ авах тухай дүгнэлт гарсан. Мөн Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 033/66 тоот дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтүүд дээр нийтийн эзэмшлийн талбайгаас нэмж талбай авснаас болж зам нарийс ч болзошгүй гамшиг осол, гал түймэр техникийн холбоотой осол гарсан үед иргэдийн амь нас эд материалын хохирол, нүүлгэн шилжүүлэх, үйл ажиллагаа явуулах, аврах болон гал унтраах шуурхай албаны машин байрлуулах, орж гарах хөдөлгөөн хийхэд саад учирч цаг хугацаа алдах, ихээхэн хэмжээний хохирол учрах

нөхцөл байдал үүссэн гэж дүгнэлт гарсан. Би тухайн газарт байнгын буюу жилийн дөрвөн улиралд амьдарч байгаа учраас нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Энэ жил ялангуяа ойгоос самар түүхээр олон хүн ууланд гарч байсан. Хүний хөл ихтэй байсан учраас гал гарах аюул тэр чинээгээрээ өндөрсөж байсан. Хэрвээ гал түймэр гарах юм бол том оврын машин явах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Нарийсгасан гудамж нь зарим хэсгээрээ 2.7 метрийн хэмжээтэй байгаа. Машины хажуугаар явган зорчигч зөрөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ байдлыг шүүхээс анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч Т.Б-гийн тухайд гэрлүүгээ машинтайгаа орж чадахгүй 1 жилийн нүүрийг үзээд байгаа. Иймд орц гарцаар чөлөөтэй зорчих боломжтой болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Бидний зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-265 тоот тушаалаар иргэн О.П-д өөрийнх нь зуслангийн зориулалтаар эзэмшдэг байсан 540 м2 газар дээр нь нэмж олгосон 293 м2 газрыг хүчингүй болгуулах хүсэлтэй. Маргаан бүхий 293 м2 газар болох гудамж нарийсгасан асуудал нь ард иргэд бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг дордуулсан болох нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүдээр батлагдаж байгаа. Энэ жилийн тухайд самар элбэг ургасан учраас ойгоос хүмүүс самар их түүсэн, хүн ихтэй байсан. Гал түймэр гарахгүй гэх нөхцөлгүй. Миний ээж 80 гарсан өндөр настай хүн, дээрээс нь орц гарцын асуудалтай байгаа учраас ойр зуур салхилахад хүндрэлтэй байна. Гудамж хэт нарийссан учраас хүн машин зөрөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ байдлыг шүүх харгалзан үзэж бидний асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Ш.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Бусад нэхэмжлэгч нартай санал нэг ба гаргасан тайлбарыг дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч, хариуцагч нар нь хөндлөнгийн хүмүүс. Маргаан бүхий газрын залгаа бодит газар дээр амьдарч байгаа хүмүүсийн зовлон жаргалыг мэдэхгүй гэж ойлгож байна. Бид хууль ч бай энгийн иргэнийхээ хувьд ч үнэн зөв тайлбарыг гаргах үүрэгтэй гэж ойлгож байгаа. Гуравдагч этгээд нь газраа сунгах зөвшөөрлийг авахаас өмнө 540 мгазар дээр барилга барьсан нь ойлгомжтой. Шинжээчийн дүгнэлтээр 3 м2-аар 540 м2-аас хэтрүүлсэн нь бодит нотлох баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нарын гол маргаад гомдоод байгаа зүйл нь олон тооны иргэдийн эрх ашиг сонирхол зөрчигдөөд байгаа. Амьд явах эрүүл аюулгүй орчинд  амьдрах  эрх  нь  зөрчигдөөд

байна. Чөлөөтэй зорчих, явах эрх нь мөн зөрчигдөөд байна. Эдгээр нь Монгол улсын үндсэн хуулиар суурь эрх болгоод олгосон эрх нь зөрчигдөөд байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хууль тогтоомжид заагдсан дүрэм журмуудыг давхар зөрчигдөөд байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын гаргасан А/484 дүгээр тушаал нь хууль зөрчөөд байна гэдэг агуулгыг тайлбарлаад байна.

Ашиг сонирхлын хувьд нэхэмжлэгч нар нь гэр орондоо машин унаагаа гражиндаа оруулж тавих, чөлөөтэй зорчих хувийн сонирхол байна. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Бодит байдал дээр нэг машин тухайн гудамжаар яваад хажуугаар нь хүн зөрөхүү үгүй юу гэдэг нөхцөл байдал үүсээд байгаа. Тэрнээс биш хоёр машин хоорондоо зөрөхгүй байна гэсэн маргаан биш.

Гуравдагч этгээд О.П нь маргаан бүхий газарт баригдсан таван айлын орон сууцанд тавууланд нь амьдрахгүй нь ойлгомжтой. Гэхдээ тэр объектуудыг хэн нэгэн этгээдүүд өмчилж авна. Тэр хүмүүсийн эрх ашиг давхар яригдана. Ганц гуравдагч этгээдийн илүү гаргаж барьсан хашаанаас болж өөр шүүхэд маргаан үүсэх нөхцөл байдал үүсэхээр байна.

2018 онд гуравдагч этгээдийн зүгээс 293 м2газрын зөвшөөрлийг авахаас өмнө 540 м2газар дээрээ барилгаа барьсан байсан нь бодит байдал дээр ойлгомжтой байдаг. Тухайн барилгыг эзэмшигч этгээдүүдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор газраа зайлшгүй сунгах шаардлага үүсээд байна гэж ойлгож байгаа. Энэ зорилгоороо гуравдагч этгээд нь газраа сунгасан. Сунгасан газар дээрээ зөвхөн хашаа л барьсан байгаа. Гуравдагч этгээдийн хашаа болон байшин хооронд тодорхой хэмжээний буюу хангалттай зай байгаа нь нотлох баримт шинжлэн судлахад зургаас тодорхой харагдсан. Гуравдагч этгээдийн байшин нь 540 мгазрынхаа зааг дээр байгаа боловч сүүлд нэмээд байгаа 293 мгазар дээрээ нэмээд хашаагаа бариад байгаа шүү. Тэр байдлаа ойлгох хэрэгтэй. Тэр байдал чинь нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг хөндөөд байгаа.

Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасныг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид оролцогч гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан  оролцуулсан

этгээдийг ойлгоно гэж заасан үүргээ үл биелүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно гэж заасныг зөрчсөн. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 15-д оролцогчийн эрх гэж заасныг анхаарч үзээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж тус тус заасны дагуу уг захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, 29.1, 29.2-т заасан хууль тогтоомжуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Богд Хан-Уулын Дархан Цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин аялал жуулчлалын яам хэн аль нь дээрх хуулийг дагж мөрдөх үүрэгтэй. Хариуцагч нар нь зөвхөн эзэмших асуудлыг голчилж, ашиглах асуудал гээд байгаа боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй байгаа асуудлыг бусад ерөнхий хууль тогтоомжоор зохицуулах ёстой. Энэ тохиолдолд ерөнхий хууль нь Газрын тухай хууль гэж харагдана. Газрын тухай хуулиар ойролцоо төрлийн харилцааг хэрхэн яаж зохицуулах бэ гэдгийг хэрэглэх ёстой гэж ойлгож байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын гаргаад байгаа шийдвэр нь хууль тогтоомжийг зөрчөөд байгаа нь харагдаж байна. Нүхтийн аманд гэсэн тодотголтой газар олгох тухай түр журмын 3.4-д 1.2 га гэж заасныг би олж харсангүй. Үүнийг дахиж тайлбарлаж өгнө үү.

Хариуцагч нараас маргаан бүхий газар нь нэхэмжлэгч нарын газартай давхцаагүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нарын газартай заавал давхацсан байдлаар нэхэмжлэгч иргэдийн эрх ашгийг хөндөөд байгаа зүйл биш. Газар олгоод байгаа асуудал нь нийтэд илэрхий. Бүгд л урьдчилаад барилга байгууламж барьдаг. Бүх зүйлийг бий болгосны дараагаар газрын зөвшөөрөл юмаа хөөцөлдөж авдаг. Ийм буруу жишиг Монгол Улсад тогтоод байна. Энэ жишгийг бид өө ингэдэг юмаа гээд өөхшүүлээд орхиод байж болохгүй гэж ойлгож байна. Энэ агуулгаараа  буруу зүйлийг засах ёстой. Хууль зөрчөөд байгаа зүйлийг таслан зогсоох ёстой. Энэ нь шүүхэд олгосон эрх хэмжээний асуудал. Монгол Улсын шүүх шударга ёсыг тогтоох ёстой. Энэ агуулгаараа нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш.Б, Ц.Б, Т.Б, Ө.Т, Ц.С нарын нэхэмжлэлтэй, БОАЖЯ-нд холбогдох нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн бусад иргэн байгууллагад давхцалгүйгээр хууль журмын дагуу иргэн О.П-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А 265 тоот тушаалаар 540 м.кв 2018 оны  02 дугаар 07-ны өдрийн А-484 тоот тушаалаар 293 м.кв-аар  нэмэгдүүлж нийт 833 м.кв бүхий газар ашиглах эрх олгосон.

Нэхэмжлэгч Ш.Б, Ц.Б, Ө.М, Ц.С нар нь тус газарт газар ашиглагчаар бүртгэлгүй байх тул хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш.Б, Ц.Б, Т.Б, Т.М, Ц.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн О.П-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 тоот тушаалаар 540 м2 , 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-484 тоот тушаалаар 293 м2-аар нэмэгдүүлж нийт 833 мбүхий газар ашиглах эрх олгосон байдаг.

Уг тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтаар Богд-Хан Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн бусад иргэн, байгууллагад давхцалгүйгээр хууль журмын дагуу иргэн О.П-ын ирүүлсэн хүсэлтийг үндэслэж хуулийн дагуу гаргасан захиргааны акт.

БОАЖЯ нь уг тушаалыг гаргахдаа болон гуравдагч этгээдэд эрх олгосон газар нь Байгаль орчны үнэлгээгээ тогтоосон журмын дагуу хийлгэсэн байсан бөгөөд захиргааны газартай хамтарч хэмжилтээ хийлгээд үүний дагуу захиргааны газраас санал ирүүлсэн байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоно. Санал ирүүлснийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Кадастрын хэлтсийн алба давхар баталгаажуулдаг. Уг баталгаажуулалтаар бусдын газартай давхцалгүй болох нь тогтоогдсон байсан. Үүнийг үндэслэж тушаал хууль ёсны дагуу гарсан.

Нэхэмжлэлийн агуулгад дурдсанаар нэхэмжлэгч нар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу сонсох ажиллагааг хийх ёстой байсан тухай дурдсан. Манай зүгээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа. Маргаан бүхий А-484 тоот тушаалаар олгосон газар нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхцалгүй. Түүнчлэн Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиудад нийтийн эдэлбэр газрын талаар ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Ийм байхад тэр газрыг манайх тасалж өгсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг даалгах шаардлагын тухайд манайх энэ үйл ажиллагааг хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байгууллага биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Т.М нарын нэхэмжлэлтэй танилцлаа.

Иргэн О.Пнь Байгаль орчны сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай" А-265 дугаар тушаалаар Нүхтийн Ам”-нд 0.054 га газрыг “17090 тоот хувьчлагдсан амины орон сууцыг шилжүүлсэн тул газрыг шилжүүлсэн” үндэслэлээр газар ашиглах эрх олгогдсон.

О.П-ын ашиглаж буй газрыг хамгаалалтын захиргааны мэдээллийн сангаас шүүхэд талбайн хэмжээ хэтрүүлээгүй, бусдын орц, гарцыг хаагаагүй боловч том оврын авто машинууд тойрох эргэлтэд саад учруулахаар байна” гэжээ.

Хариуцагч Богд Хан-Уулын Дархан Цаазат газрын Хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийг хооронд нь зөвшилцөх боломжийг олгох үүднээс газрын хоёр мэргэжилтэнтэй цуг Нүхтийн аманд байрлах маргаан бүхий газар дээр нь очиж бодит байдалтай танилцсан. Цуг байлцуулахаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон гуравдагч этгээдтэй холбогдоход нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ...очих боломжгүй. Манай үйлчлүүлэгч нар шүүхийн журмаар шийдвэрлүүлэх чиглэл гаргасан гэсний дагуу талуудыг цуглуулаагүй. Бодит байдал    дээр   гудамж   их      хавчиг  болсон  байдал  харагдахгүй  байсан.  Иргэн

О.П-д олгогдсон газар нь урагшаа, хойшоогоо нэмж олгогдсон. Нэхэмжлэгч нар нь бүгд л уул, модруугаа талбайн хэмжээг хэтрүүлсэн байгаа нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зураг дээрээс харагдаж байсан. Манай зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ” гэв.

Гуравдагч этгээд О.П шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Т.М нарын 5 иргэний нэхэмжлэлтэй Байгаль орчин аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа О.П-ын миний би дараах тайлбарыг гаргаж байна.

О Пүрэвжал миний бие Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн А/265 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, Богдхан уудын Дархан цаазат газрын Нүхдийн аманд байрлах 540 м.кв бүхий газрыг Ш.Бадамаас шилжүүлэн авсан.

Миний бие газрын төлбөрийг цаг тухайд нь төлж Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг батлуулж, жил бүр гурвалсан гэрээг дүгнүүлэн, газрыг зориулалтын дагуу ашиглаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан газар ашиглагчийн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн.

Уг газрыг 2012 онд шилжүүлэн авахад газрыг одоо ашиглаж байгаа хэмжээгээр хашаалсан байсан бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглаж зуслангийн сууц барихаар 2015 онд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны  хандсаны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 149 дүгээр албан бичгээр Байгаль орчны яам руу 540 м.кв газарт тодотгол хийлгэхийг дэмжсэн санал хүргүүлсэн.

Ингээд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гурвалсан гэрээг сунгуулах болон газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасны дагуу Төрийн эрх бүхий байгууллага болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэмэгдүүлэх газрын хэмжээ нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг давхцалгүй болох газар дээр нь очиж, хэмжилт хийсний дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яам руу санал хүргүүлсэн.

Үүний дагуу БОАЖЯны 2018 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 13/6416 тоот албан бичгээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, газрыг ашиглуулах боломжтой болохыг мэдэгдэж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 833 м.кв газрыг хууль журмын дагуу ашиглах эрхтэй болсон.

Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2019/46 дугаар газар ашиглах гурвалсан гэрээгээ байгуулсан бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 066/3485 дугаар албан бичгээр О.П миний эзэмшлийн 833 м.кв газар нь газар ашиглагч иргэн аж ахуй нэгжийн газартай давхцалгүй тухай мэдэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч Ш.Б, Т.Б нар нь 2017 онд байшингаа барьсан бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэх явцад миний эзэмшлийн газрын хашааг удаа дараа нурааж гэмтээж байсан бөгөөд тухайн үед хөрш, залгаа айлын хувьд ямар нэгэн хэл ам хийж байгаагүй буюу тухайн үед одоо байгаа хашааг байсныг мэдэж байсан.

Нэхэмжлэгч М нь 2018 онд тус газрыг худалдан авсан бөгөөд тухайн газрыг эзэмшилдээ авахаас өмнө буюу 2012 онд байсан бусдын эзэмшлийн газартай маргах боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нараас аваар ослын үед онцгой байдал түргэн тусламжийн машин орох боломжгүй болгосон гэх боловч бодит байдал дээр зорчих хэсгийн хэмжээнд 2004 оноос хойш огт өөрчлөлт ороогүй төдийгүй уг суурин газар луу нэвтрэх ганц гүүрийг миний бие барилгын ажил гүйцэтгэх явцдаа өөрийн хөрөнгөөр засч. хүнд даацын машин механизм зорчих боломжтой болгосон буюу харин ч гэнэтийн хүчин зүйлийн нөлөөгөөр тусламжийн машин нэхэмжлэгч иргэдийн орон байр луу нэвтрэх ганц орцыг миний бие засан сайжруулж, тусламж авах боломжийг нэмэгдүүлсэн нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Мөн нэхэмжлэгч иргэдийн эзэмшлийн газартай давхцалгүй, шинээр газар ашиглаж бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлын хөндөөгүй тул захиргааны байгууллагаас захиргааны ерөнхий хуулийн 24 зүйлийн 24.3-д "Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн  гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Ийнхүү нэхэмжлэгч нараас үндэслэлгүйгээр маргаан үүсгэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд О.П нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Богд-Хан уулсын Дархан Цаазат газар Нүхтийн аманд байрлах 540 м.кв бүхий газрыг Ш.Б-аас шилжүүлж авсан байдаг.

Улмаар газрын төлбөрийг цаг тухайд нь төлж, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг батлуулж, жил бүр гурвалсан гэрээг дүгнүүлэн, газрыг зориулалтын дагуу ашиглаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан газар ашиглагчийн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн.

Уг газрыг 2012 онд шилжүүлэн авахад газрыг одоо ашиглаж байгаа хэмжээгээр хашаалсан байсан бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглаж зуслангийн сууц барихаар 2015 онд Богд-Хан Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсаны дагуу Богд-Хан Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны дугаар сарын 07-ны өдрийн 149 дүгээр албан бичгээр Байгаль орчны яам руу 540 м.кв газарт тодотгол хийсний дагуу БОАЖЯ руу хүргүүлсэн.

Ингээд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Богд-Хан Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанд гурвалсан гэрээг сунгуулах болон газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасны дагуу Төрийн эрх бүхий байгууллага болох онд Богд-Хан-Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэмэгдүүлэх газрын хэмжээ нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн давхцалгүй болохыг газар дээр нь очиж, хэмжилт хийсний дагуу БОАЖЯанд хүргүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-484 тоот тушаалаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 833 м.кв газрыг хууль журмын дагуу ашиглах эрхтэй болсон.

Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2019/46 дугаар газар ашиглах гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд БОАЖЯны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 066/3485 дугаар албан бичгээр О.П-д эзэмшлийн 833 м.кв газар ашиглах иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцалгүй тухай мэдэгдсэн байдаг. Тухайн газрыг хуулийн дагуу ашиглаж байгаа. Харин нэхэмжлэгч Ш.Б, Т.Б нар 2017 онд барилгын ажлыг гүйцэтгэх явцад О.П-ын эзэмшлийн газрын хашааг удаа дараа нурааж гэмтээж зүй бус авирлаж байсан.

Түүнчлэн нэхэмжлэгч нараас аваар ослын үед онцгой байдлын түргэн тусламжийн машин орох боломжгүй болсон гэх боловч бодит байдал дээр зорчих хэсгийн хэмжээнд 2004 оноос хойш огт өөрчлөлт ороогүй төдийгүй уг суурин газар луу нэвтрэх ганц гүүрийг гуравдагч этгээд нь барилгын ажил гүйцэтгэх явцдаа өөрийн хөрөнгөөр засч, хүнд даацын машин механизм зорчих боломжтой болсон буюу харин ч гэнэтийн хүчин зүйлийн нөлөөгөөр тусламжийн машин нэхэмжлэгч иргэдийн орон байр луу нэвтрэх гарц орцыг засч сайжруулж, тусламж авах боломжийг нэмэгдүүлсэн нь нийтэд илэрхий байгаа.

Богд-Хан Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 04/2019 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг гэрчилгээ захиргааны акт биш. Энэ нь захиргааны эрх зүйн маргаан биш учраас Богдхан Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцагчаар татагдаж орох этгээд биш гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нараас 540 м.кв газартай маргаагүй гэдэг нь тодорхой байгаа. Зөвхөн хоёр талаар нэмэгдэж олгосон хэсэг болох 293 м газартай маргаж байгаа гэж ойлгож байгаа.

Нэхэмжлэлийн нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагч нарт даалгах шаардлагын тухайд хариуцагчтай ижил байр суурьтай байна. Газар чөлөөлөх асуудал нь хариуцагчаар татагдсан этгээдэд хуулиар олгогдсон хийгддэг ажиллагаа биш. Иймд захиргааны хэргийн шүүхээр харьяалагддаг маргаан биш гэж үзэж байна. Мөн газар чөлөөлөхийг даалгах шаардлагын тухайд заавал эс үйлдэхгүй байх ёстой. Гэтэл газар чөлөөлөхгүй байгаа ямар нэгэн эс үйлдэхгүй байхгүй байна. Тийм учраас хариуцагч нарын буруутай үйл ажиллагаа байхгүй байна гэж үзэж байна.

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-484 тоот тушаал нь гуравдагч этгээдэд эерэг захиргааны акт. Тийм учраас хэн нэгэн этгээдэд хамааралтай буюу гуравдагч этгээдэд эрх олгосон захиргааны актын хувьд нэхэмжлэгч нарын яг ямар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэхийг шүүх зайлшгүй тогтоох шаардлагатай.

Нэхэмжлэгч нар нь өөрсдөө шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлох ёстой. Нэхэмжлэлийн агуулгаас үзэх юм бол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрхийг дурдсан. Энэ нь нийтээр олгогдсон эрх учраас тусгайлан захиргааны хэргийн шүүхэд шаардах эрх үүсэх, хууль зүйн үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн гаргасан А-484 тоот актын улмаас нэхэмжлэгчийн яг ямар эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэдэг нь тодорхойгүй байна. Иймд учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн    шаардлагыг    төрөлжүүлж

авч үзвэл гурван асуудал тавьж байгаа юм байна. Нэгдүгээрт Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 12-р сарын 07-ны өдрийн А-484 тоот шийдвэрийн 293 м2 газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулъя гэж байгаа юм байна. Гуравдагч этгээд О.П-д 293 м.кв-аар газрын хэмжээ нэмэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэр гаргуулах гэж байгаа нөхцөлд хуульд хоёр чухал шаардлагыг тавьсан. Тэр хоёр чухал шаардлага хөндөгдөөгүй гэдгийг урьдчилсан байдлаар тодруулж байна. 

Хоёрдугаарт Богд-Хан Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 04/2019 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээгээр олгосон 833 м2 газар нь нийтийн эдэлбэр газар, гудамж, зам талбайтай давхардуулж олгосон тул хүчингүй болгуулах буюу гэрчилгээ хүчингүй болгуулах шаардлагын тухайд гэрчилгээ нь суурь захиргааны актаасаа гажаагүй, түүний хүрээнд гарсан нөхцөлд гэрчилгээ өөрөө захиргааны акт болохгүй. Маргаан бүхий захиргааны акт болохгүй гэдэг дээр хууль тогтоомжийн зохицуулалтгүй гэж тодорхойлж болно. Үүнийг дагасан практик хэдийн тогтсон учраас түүн шиг маргана гэдэг нь боломжгүй. Захиргааны актын шинжийг хангахгүй учраас захиргааны акт биш.

Гуравдугаарт нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагч нарт даалгах шаардлагын тухайд орц гарцын асуудал өөрөө чиг үүргийн байгууллагууд аль аль нь өөрөө чиг үүргийн байгууллага биш гэдэг нь гарцаагүй үнэн. Хууль тогтоомжийг шүүгээд үзэхэд яг тийм чиг үүрэг байхгүй. Мөн манай итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн үүнд ямар нэгэн эс үйлдэхүй байхгүй тухай. Энэ мөн гарцаагүй үнэн. Иймд гурав дахь шаардлагын хүрээнд авч хэлэлцэх суурь боломж бололцоо хууль зүйн хувьд байхгүй.

Нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нэхэмжлэлийн зарим үндэслэлтэй санал нэгдэхгүй байна. Аюулгүй байдал хамгаалалт ярьж байгаа бол бүгд л хичээх ёстой. Энэ нь гарцаагүй үнэн. Нэхэмжлэгч нарын хууль ёсоор ашигладаг газар болон хашаалсан газрын хувьд орц гарц байгаа. Зураг дээр ч байгаа. Шинжээчийн дүгнэлтээр ч гарсан. Нэхэмжлэгч нар нь энэ орц гарцуудыг бүгдийг хаасны улмаас хоёр айлын дундуур, дөрвөн айлын дундуур орц гарц байж байх байтал байхгүй болгосон.

Ой тал руугаа тулгаад хашаа барьсан учраас ахин хөдөлгөөн хийх боломжуудыг бүгдийг хаасан. Самар түүж байгаа иргэд гал гаргах аюултай гэж байгаа бол энэ нь гуравдагч этгээдтэй шууд хамааралтай зүйл биш. Нэхэмжлэгч нар нь хашаагаа хашаалахдаа өөрсдөө байж болох байсан орц гарцуудыг бүгдийг хааж ганц л орц гарцтай болсон. Кадастрын зургийн дагуу хашаагаа бариагүй. Олгогдсон кадастрын дагуу бариагүй хөдөлгөөнтэй барьсан байгаа. Эдгээр нөхцөл байдал мөн үүсээд байгаа нөхцөл байдалд нөлөөлсөн.

Гуравдагч этгээд нь сүүлд очсон таньж мэдэх хүнгүй, байшин барьсан. Тэрнээс бид өмнөх нөхцөл байдлуудыг байшин барьсан гэдгээр дордуулдаггүй юм бол хэл хязгаарыг цөмлөсөн асуудал байхгүй.

Мэтгэлцээний хувьд маргааны мөн чанар машин зорчих гудамж нарийссан гэдэг зүйл дээр тулж ярьж байна. Зааг ялгааг нь гаргах юм бол захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа юм уу, эсвэл тэнд газар ашиглаж байгаа хүмүүсийн газар ашиглах явцдаа гаргасан зөрчилтэй холбоотой маргаан байгаа юм уу гэдэг хоёр том зааг ялгааг тогтоох ёстой асуудал гарч ирж байна. Миний олж харж байгаагаар шинжээчийн дүгнэлтэд захиргааны байгууллагын шийдвэрээс шалтгаалаад бүх зүйлийг хаагаад балласан зүйл бол тогтоогдохгүй байна. Энэ тогтоогдохын тулд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шаардлага биелэхэд яв цав хоёр зүйл гарцаагүй батлагдах ёстой. Нэгдүгээр захиргааны байгууллагын шийдвэр хууль зөрчсөн байх ёстой. Өөр юуг ч биш. Зөвхөн парламентийн баталсан хуулийг зөрчсөн байх ёстой. Ямар хууль зөрчсөн талаар нэхэмжлэгч талаас олон хуулийн зүйл заалтыг дурдаж байна. Энэ нь өөрөө захиргааны байгууллага шууд хамаарах зөрчил үүсгэсэн гэж үзэхээргүй. Бүхэлд нь задлан шинжилж үзвэл байр суурь гэж үзэж байна.

Эрх хууль ёсны ашиг сонирхол юу бэ гэдэг асуудал байгаа. Бид юуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бэ гэхлээр өөрсдөө зөрчлүүд гаргасан байгаа тохиолдолд хууль ёсны эрх зөрчигдсөн тодорхой зүйл байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг 1, 2 гэж дугаарлаж гаргасан боловч гурван нэхэмжлэлийн шаардлага гэдгийг бид ярилцаад ойлголцсон. Газар чөлөөлүүлэх нь хариуцагч байгууллагуудын хувьд аль аль чиг үүрэг биш учраас хэрэглэгдэх хууль ч байхгүй захиргааны байгууллагуудын хариуцагчийн хүлээх үүрэг байхгүй гэдэг нь тодорхой байгаа.

Газар ашиглах эрхийн гэрчилгээ нь өөрөө захиргааны акт биш. Маш тодорхой нотлогдсон хуулийн зохицуулалт нь ойлгомжтой учраас өдий хүрсэн зүйл дээр нуршиж олон зүйл яриад яахав.

О.П-д нэмэгдүүлж олгосон 293 м2 газрын тухайд захиргааны байгууллагын шийдвэрээс болоод машин явахаа больсон зүйлгүй. Хэтээсээ явж байсан зүйл байна. 1 см-т 10 метрийн масштабаар зурсан зургаар бодоод үзэхэд 1 төөгийн   асуудал    байгаа.  Энэ   нь   үндсэн   суурь   дотроо   байгаа.  Захиргааны   байгууллагын чиг үүрэгт халдсан маргаан гэж үзэж болохгүй. Бүгд л зуслангийн зориулалттай гэж байгаа. Хэрвээ зуслангийн зориулалтаар олгож байгаа нь буруу гэвэл бүгд л буруу, Нүхтийн амд газар олгосон нь бүгд буруу болно. Тийм дүр зураг байгаа учраас зориулалтаас шалтгаалсан мэтгэлцээн нь хаа хаанаа үндэслэлгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-ээр гарах шийдвэрийн хоёр шаардлагыг хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч Ш.Б, Ц.Б, Т.Б, Т.М, Ц.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Л.Э нар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-484 дүгээр тушаалын иргэн О.П-д 293 м.кв талбай бүхий газрыг нэмэгдүүлэн олгосон хэсэг болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон 04/2019 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/484 дүгээр тушаалын О.П-д 293 м.кв газар нэмэгдүүлэн олгосон хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

            1.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалын О.П-д 293 м.кв газар нэмэгдүүлэн олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох шаардлагын тухайд:

          Хариуцагч Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд иргэн О.П-ын ашиглаж байгаа газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт, түүнийг дэмжсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 541 тоот саналын[1] дагуу  2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалын холбогдох хэсгээр[2] өмнө нь зуслангийн зориулалтаар ашиглаж байсан 540 м.кв газрыг 293 м.кв-аар нэмэгдүүлэн 833 м.кв газрыг ашиглуулахаар олгожээ.

          Харин иргэн О.П-ын өмнө нь ашиглаж байсан гэх 540 м.кв талбай  бүхий газар нь тухайн газарт байсан хувьчлагдсан зуслангийн сууцыг О.П нь иргэн Ш.Бадамаас худалдан авч өмчилсний дагуу уг газрыг тус яамны сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар тушаалын холбогдох хэсгээр[3] шилжүүлэн баталгаажуулж 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2017/085 дугаар газар ашиглах гэрчилгээ[4] олгож, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2015/28 дугаар гуравласан гэрээг[5] 5 жилийн хугацаатай байгуулж улмаар 2019 онд 04/2019 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээ[6]-г шинээр олгож, 2019/46 тоот газар ашиглах тухай гуравласан гэрээ[7] тус тус байгуулсан байна.

            Гэхдээ нэхэмжлэгч нар ийнхүү шилжүүлж баталгаажуулсан 540 м.кв газартай маргаагүй харин нэмэгдүүлэн олгосон газарт барилга барьж, хашаа хатган нийтийн эзэмшлийн зам талбайг нарийсган нэхэмжлэгч иргэдийн аюулгүй амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаж байна.

          Энэ хэргийн гуравдагч этгээд Д.Пүрэвжалын Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны 102 тоотод байршилтай 540 м.кв зуслангийн зориулалттай газрыг 293 м.кв талбайгаар нэмэгдүүлэн олгосон маргаан бүхий А/484 дүгээр тушаалын холбогдох хэсэг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, газар ашиглах талаар гарсан журмын зохицуулалттай нийцээгүй байна.

          Хэрэгт цугларсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд гуравдагч этгээд О.П зуслангийн барилга /5 айлын орон сууц/-ыг 540 м.кв талбайд барьсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч бодит байдал дээр барилгажих талбайн хэмжээг хэтрүүлсэн нь нийтийн эзэмшлийн зам талбай руу орж авто замын зорчих хэсгийг нарийн болгож иргэдийн хооронд маргаан үүсгэх нөхцөлийг бүрдүүлжээ.

          Өөрөөр хэлбэл хариуцагч Байгаль  орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/484 дугаар тушаалаар О.П-д ашиглаж байсан газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж олгосон хэсэг хууль бус гэж дүгнэв.

          Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, 2 дахь хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутагт...зөвшөөрөл олгох,,,”, 8 дахь хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хянан батлах;, 30 дугаар зүйлд “Дархан цаазат газрын...хамгаалалтын захиргаа нь дараах үйл ажиллагаа явуулна:” гээд энэ зүйлийн 7-д “зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих;” гэж тус тус хуульчилсан.

          Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд иргэнд газар ашиглуулах тухай шийдвэр гаргахдаа хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг даргын  саналыг үндэслэн гаргахаар хуульчилсан бөгөөд харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа мэргэжлийн байгууллагын хувьд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглуулахад хууль, журамд заасан нийтлэг шаардлага, стандартуудыг хангаж байгаа эсэхийг хянан судалсны үндсэн дээр уг саналыг гаргах үүрэгтэй.

          Гэтэл хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хууль журмын шаардлагад нийцүүлэн хянан шалгаж, нягтлан судлалгүйгээр санал хүргүүлж, төрийн захиргааны төв байгууллага хуулийн шаардлагад нийцээгүй саналыг үндэслэн иргэн О.П-ын ашиглаж байсан газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн ашиглуулахаар санал хүргүүлсэн нь нэхэмжлэгч иргэдийн тухайн орчинд аюулгүй амьдрах эрхийг хөндсөн гэж үзэхээр байна.

          Ийнхүү хариуцагчийн шийдвэр холбогдох хууль журмын шаардлагад нийцээгүй болох нь “....иргэн О.П-ын сунгаж барьсан хашаа, хайснаас эсрэг талын хайс хүртэл 3.7 метр, гал унтраах зориулалтын автомашины өргөн тольтойгоо 2.6 метр байгаа нь орох гарах хөдөлгөөн хийх, маневрлах, гал унтраах автомашины хажуугаар гал сөнөөгч зөрж өнгөрөх болон гал унтраах багаж хэрэгслийг автомашины 2 талын багажнаас авч байрлуулах боломжгүй болгож, нийтийн эзэмшлийн зам гарцыг нарийсгаснаар болзошгүй гамшиг, осол, гал түймэр, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь нас эд материалыг аврах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулах, аврах болон гал унтраах шуурхай албаны автомашин байрлуулах, орж гарах хөдөлгөөн хийхэд саад учирч цаг хугацаа алдах, ихээхэн хэмжээний хохирол учрах эрсдэл бүхий нөхцөл байдал үүсгэсэн.” тухай гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 033/66 дугаар дүгнэлтээр[8] тогтоогджээ.

          Өөрөөр хэлбэл иргэн О.П тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд зуслангийн зориулалтаар ашиглаж байгаа газартаа овор хэмжээ том 5 айлын орон сууц (үл хөдлөх хөрөнгө) барьж галын аюулгүй байдлын норм стандартыг зөрчсөн нь Галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө.”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Барилга байгууламж, объект шинээр барих, засварлах, хийц, бүтэцийг өөрчлөх, техник технологийг шинэчлэх зураг төслийг зохиоход галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөнө.”, Монгол улсын дэд бүтцийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар батлагдсан “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04” дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дэх хэсэгт “орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг 1 дүгээр хүснэгтэд зааснаас багагүйгээр төлөвлөнө.”, харин харин энэ хэсгийн 1 дүгээр хүснэгтэд I, II зэрэгтэй барилга хүртэлх гал тусгаарлалтын зай 6 метрээс багагүй байхаар төлөвлөнө.”, энэхүү дүрмийн 12-т “Явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, галын машин чөлөөтэй зорчих боломжтой төлөвлөнө.”гэж тус тус зохицуулсантай нийцээгүй байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 06 дугаар сарын 31-ны өдрийн 02-03/2188 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд “...маргаан бүхий газарт орц гарц, галын аюулгүй байдлын норм, дүрэм зөрчсөн асуудлаар хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлүүлэх.”-ээр шаардлага хүргүүлсэн байхад үүний дагуу хэрхэн зохион байгуулалтын арга хэмжээ авсан талаарх баримтыг ирүүлээгүй байна.

          Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2020/1651 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн а/102 дугаар тушаалаар байгуулагдсан шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/102 дугаар дүгнэлтээр “...уг газруудын зураглалыг давхцуулан үзэхэд 540 м.кв талбайтай газар нь баруун тал руугаа 145 м.кв, зүүн тал руугаа 135 м.кв, урд тал руугаа 16 м.кв тус тус талбайгаар тэлсэн байна. Ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр иргэн О.П-ын барилга нь 363 м.кв хэмжээтэй бөгөөд 540 м.кв талбайтай зураглалтай давхцуулан үзэхэд ашиглах газраас барилга нь зүүн тал руугаа 3 м.кв талбайгаар илүү гарсан байна.” гэсэн дүгнэлт гаргасан.

          Дээрх шинжээчийн дүгнэлтэд зааснаар иргэн О.П-ын барилга 363 м.кв талбай эзэлж байгаа нь Байгаль орчны сайдын 2008 оны 271 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар газар ашиглах, байгаль хамгаалах журам”[9]-ын  3 дахь хэсгийн 3.1.4-д “Нэг өрхөд ноогдох зуслангийн газар нь 0.12 га (1200 м.кв)-гаас илүүгүй байх ба энэ талбай дотор  баригдах зуслангийн барилга, байшингийн нийт талбай нь 0.02 га (200 м.кв)-гаас илүүгүй, ногоон байгууламжийн талбай 0.08 га (800 м.кв) болон түүнээс дээш байна.” гэсэн хэмжээнээс даруй 163 м.кв-аар, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2016/15-24 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгажих талбайн хэмжээ 360 м.кв байна гэсэн хэмжээнээс 3 м.кв-аар тус тус хэтрүүлж барилга барьсан, түүний гадуур 815 м.кв талбай бүхий хашаа хатгасан нь нийтийн эзэмшлийн зам талбай руу орж автозамын зорчих хэсгийг нарийсган тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх аюулгүй ажиллагааны норм, стандартыг зөрчжээ.

          Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын энэхүү А/484 дүгээр тушаалын холбогдох хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт баримтлах эрх зүйн орчин, хүний аюулгүй байдалд учирч болох эрсдэлийг хэрхэн хангах талаар хангалттай судлалгүй гарсан хууль эрх зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна.

          Тухайлбал хариуцагч маргаан бүхий А/484 дүгээр тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” гэж заасныг үндэслэсэн гэж тайлбарлах боловч газар ашиглагч уг газраа зориулалтын дагуу ашиглаж байгаад хяналт тавьсан, зөрчлийг арилгуулсан, тусгай хамгаалалттай газар нутагт тавигдах тусгай дэглэмийн дагуу газар ашиглуулж байгаа эсэх талаар тодорхой тайлбар ирүүлээгүй бодит байдалд газар ашиглаж байгаа нөхцөл байдал, хуулийн үзэл баримтлал, зорилттой нийцэхгүй байгаа нь уг захиргааны актыг үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй.

          Энэ утгаараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..сайдын А/484 дүгээр тушаалын холбогдох хэсэг хууль зөрчөөгүй харин маргаан бүхий газарт стандарт, норм хэмжээ зөрчсөн үйлдэл нь гуравдагч  этгээдийн зөрчил байх тул энэ үндэслэлээр актыг хүчингүй болгох үндэслэлгүй.” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

          Тодруулбал хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/484 дүгээр тушаалын иргэн О.П-ын ашиглаж байсан газрын хэмжээг 293 м кв-аар нэмэгдүүлэн олгосон хэсэг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын дэд бүтцийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар батлагдсан “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм, Байгаль орчны сайдын 2008 оны 271 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар газар ашиглах, байгал хамгаалах журмын зохицуулалтуудтай нийцээгүй байх тул хууль бус гэж дүгнэн хүчингүй болгох үндэслэлтэй.

          Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, түүний оролцоог хангаж, тайлбар, хүсэлтийг сонсох ажиллагаа хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” гэсэн зарчимтай нийцээгүй байна.

          Өөрөөр хэлбэл иргэд оршин суугаа газартаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй бөгөөд төрийн захиргааны байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж аливаа шийдвэр гаргахдаа иргэдийн энэхүү Үндсэн хуулиар баталгаажсан суурь эрхийг хөндөхгүйгээр шийдвэрлэх үүрэгтэй.

          Нөгөө талаар хариуцагчийн А/484 дүгээр захирамжаар нэмэгдүүлэн олгосон хэсэг иргэн О.Пүрэвжаргалын хашаатай зэргэлдээ амьдардаг иргэдийн газартай ямар нэг байдлаар давхцалгүй бөгөөд өөр хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байдал тогтоогдоогүй болно.

          2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон 04/2019 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

          Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сайдын 2018 оны А/484 дүгээр тушаалын холбогдох хэсгийг үндэслэн иргэн О.П-д урьд нь ашиглуулахаар баталгаажуулсан 540 м.кв газар дээр 293 м.кв газрыг нэмэгдүүлэн олгож нийт 833 м.кв газар ашиглуулахаар 04/2019 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байна.

 

          Харин нэхэмжлэгч нар дээрх газар ашиглуулах гэрчилгээг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах түүнчлэн нэхэмжлэгч нарын орц, гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан.

           Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

          Учир нь хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээ нь Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын тушаалын үндсэн дээр олгогддог тусдаа бие дааж үр дагавар үүсгэхгүй тул захиргааны акт гэж үзэх боломжгүй.

          Өөрөөр хэлбэл газар ашиглуулах эрх олгосон маргаан бүхий сайдын тушаалын холбогдох хэсгийг хууль бус гэж дүгнэж хүчингүй болгосон тул энэхүү газар ашиглах эрхийн гэрчилгээ мөн адил хүчин төгөлдөр үйлчлэхгүй гэж үзнэ.

          Түүнчлэн  нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашаа зайлуулах ажиллагаа явуулахыг даалгах шаардлага нь нийтийн эзэмшлийн газарт барилга барьж, хашаа хатгасан нь автозамын зорчих хэсгийг нарийсган иргэдийн аюулгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх агуулгатай байх бөгөөд ийнхүү зөрчсөн хэсгийг чөлөөлүүлэх шаардлагыг байгал орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд эрхлэх чиг үүрэггүй болно.

          Өөрөөр хэлбэл хариуцагч Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа газар чөлөөлүүлэх асуудлаар ямар нэг үүрэг хүлээхгүй, энэ шаардлагаар эдгээр байгууллагад даалгаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн үлдэх 2 шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1651 дүгээр захирамжийн дагуу томилогдсон шинжээч маргаан бүхий газрын хил заагийн солбицлыг тодорхойлж дүгнэлт болон шинжилгээ хийхэд гарсан зардал болох 2562969 (Хоёр сая таван зуун жаран хоёр мянга есөн зуун жаран есөн) төгрөгийн баримтыг ирүүлснээр тус шүүхийн Тамгын газраас төлсөн байх тул уг зардлыг хариуцагч БОАЖЯ-наас гаргуулж Төрийн сангийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын (РД:9129278) Төрийн сан дахь 100900005007 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй.

          Ийнхүү дүгнэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/484 дүгээр тушаалын иргэн О.П-д 293 м.кв газар нэмэгдүүлэн ашиглуулсан хэсэг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/484 дүгээр тушаалын иргэн О.П-д 293 м.кв газар нэмэгдүүлэн олгосон хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон нэхэмжлэлийн “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон 04/2019 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын орц гарцыг чөлөөлөх, хашааг зайлуулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг баримтлан шинжээчийн зардал  2562969 (Хоёр сая таван зуун жаран хоёр мянга есөн зуун жаран есөн) төгрөгийг хариуцагч Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын (РД:9129278) Төрийн сан дахь 100900005007 тоот дансанд төлүүлсүгэй.

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

 

 

                                         

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 157 дугаар хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[5] 2 дугаар хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас

[6] 2 дугаар хавтаст хэргийн 03 дугаар хуудас

[7] 2 дугаар хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудас

[9] 3 дугаар хавтаст хэргийн 87 дугаар хуудас