Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00693

 

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/00693

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг -р хороо, Өнөр хотхон  тоотод оршин суух А овогт Ө.Ж нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг -р хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Э.и” ХХК /РД/-д холбогдох,

 

2.139.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч “Э.и” ХХК-тай  тоот сууц захиалгын гэрээг байгуулж, тус компанийн барьсан Баянгол дүүрэг,  дугаар хороо, Москвагийн гудамж, -р байрны -р орц,  давхрын  тоот 1 м.кв нь 2.000.000 төгрөг, нийт 10.698.000 төгрөгийн үнэ бүхий 53.49 м.кв байрыг захиалсан. Энэхүү гэрээг байгуулах болсон шалтгаан нь тус компани 2015 оны 7 дугаар сараас орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлөөд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломжтой болсон, мөн 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл орон сууцныхаа 1 м.кв-ын үнийг 2.000.000 төгрөгөөр болгон онцгой хямдрал зарласан талаар олон нийтэд сурталчилсан, мөн борлуулалтын ажилтнууд нь уг нөхцөлийг санал болгосон тул миний бие гэрээний 1.5-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр өөрийн зүгээс орон сууцны урьдчилгаа 10 хувь болох 10.698.000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 90 хувийн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор банкны зээлд хамрагдан төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Төрийн банкны хадгаламжийн  тоот данснаас 10.698.000 төгрөгийг хариуцагч “Э.и” ХХК-ийн Төрийн банкны  тоот дансанд шилжүүлсэн. 2015 оны 9 дүгээр сард миний бие Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкны зээл хариуцсан хүмүүстэй уулзаж асууж тодруулахад Хөгжлийн банктай гэрээ байгуулж эх үүсвэр орж ирснээр зээл олгогдоно гэсэн хариуг өгч байсан. Иймд дээр х нөхцөл байдалтай холбоотойгоор 10 дугаар сард хариуцагч “Э.и” ХХК-ийн борлуулалтын менежер Э.Ц-тэй уулзахад манай компани 10 хувийн урьдчилгаагаа түр зогсоосон, бас хүлээлтийн байдалтай байна. Энэ асуудал шийдэгдэх байх, хүлээгээд байж бай гэсэн хариу өгсөн тул хүлээлтийн байдалд орсон. Энэхүү нөхцөл байдал нь зөвхөн арилжааны банкнаас хамааралтай бус төр засгийн шийдвэртэй холбоотой болох нь ойлгомжтой болсон. Тухайлбал, 2015 оны 12-р сарын 21-ний өдөр Барилга. хот байгуулалтын сайд З.Б хэвлэл мэдээллийн хэрэгслээр: "Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 биш 10 хувь болгох талаар ЗГ-ын тогтоол гарсан. Иймд миний бие орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг төлөх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 220.1, 220.4, 204.1-д заасны дагуу 2015 оны 12-р сарын 16-нд гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хариуцагчид бичгээр гаргаж үндэслэл, шалтгаанаа тодорхой дурдсан. Миний бие орон сууц захиалгын гэрээний дагуу гэрээ байгуулсан өдөр хариуцагчид орон сууцны урьдчилгаа 10 хувьтай тэнцэх мөнгө шилжүүлсэн, харин гэрээ байгуулсан өдрөөс хойш захиалгын орон сууцыг ямар нэгэн байдлаар огт ашиглаагүй. Гэтэл хариуцагч талын зүгээс миний гэрээ цуцлах тухай мэдэгдэлд огт хариу өгөлгүйгээр 2016 оны 12-р сарын 22-ны өдөр гэнэт миний Төрийн банкны  тоот дансанд 8.558.400 төгрөгийг буцаан шилжүүлсэн байсан. Ингэхдээ 2.139.600 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр суутган авсан бөгөөд энэ талаар өнөөг хүртэл ямар ч тайлбар бичгээр өгөөгүй. Гэтэл гэрээ байгуулсан өдрөөс 2016 оны 12-р сарын 16-ны өдөр гэрээнээс татгалзах мэдэгдэл өгөх хүртэл хугацаанд хариуцагчийн зүгээс надад нэг ч удаа үлдэгдэл төлбөрөө төлөх талаар амаар болон бичгээр сануулаагүй, гэрээ цуцлах мэдэгдэл өгөөч байгаагүй. Харин ч гэрээ байгуулсан 2015 оны 9-р сарын 01-ний өдрөөс 2016 оны 12-р сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгчээс хүлээн авсан 10.698.000 төгрөгийг хариуцагч нь ямар ч хүүгүйгээр ашиглаж ашиг олсон. Иймд хариуцагч “Э.и”ХХК-тай байгуулсан  тоот орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгчийн шилжүүлсэн 10.698.000 төгрөгөөс буцааж өгөөгүй 2.139.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.и”ХХК орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа 10 хувь төлөх талаар зээлийн нөхцөл зах зээлд гаргаж байгаагүй. Манай талаас нийтэд байрны урьдчилгаа төлбөр 10 хувь төлөөд 90 хувийг банкны зээлд хамрагдаж болно гэх сурталчилгаа тараагаагүй, тараах ч нөхцөл бололцоо байгаагүй. Төрийн эрх бүхий байгууллагаас байрны урьдчилгаа 10 хувь болно гэсэн албан ёсны шийдвэр гараагүй. Байрны 10 хувьд суурилсан урьдчилгаа төлбөрийн нөхцөл иргэдэд асар их хүндрэлтэй, хэдий бага төлбөр төлж байгаа ч өндөр хүүтэй их хэмжээний зээл авдагаараа эдийн засагт сөрөг үр дагавартай байдаг учраас бид ийм нөхцөл байдал зарлаагүй. Харин нэхэмжлэгч Ө.Ж манай талд урьдчилгаа 10 хувь төлөх санал тавьсан. “Э.и”ХХК-иас  уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй. 2015 оны 09 дүгээр сард аж үйлдвэрийн яамны төрийн нарийн байсан Н гэх хүнээр “Э.и”ХХК-ний гүйцэтгэх захирал Э гэх хүн рүү утасдуулж, Завхан аймагт малтай дараа ямар нэг асуудал гарвал өөрөө зохицуулна гэснээр гэрээ байгуулсан. Уг гэрээ “Э.и”ХХК-ийн стандарт шаардлагаас зөрсөн, зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлт зоригийн үндсэн дээр байгуулагдсан. Энэ орон сууц захиалгын гэрээний хамгийн сүүлийн хуудсанд “Э.и”ХХК-ийн хуулийн зөвлөхийн гарын үсэггүй. Манай талаас нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эцсийн хугацаа та энэ хугацаанд 10, 30 хувийн асуудлаа нэг мөр болгох ёстой гэдгийг мэдэгдсэн. Нэхэмжлэгч ч бидний заасанд хугацаанд хэрвээ 10 хувь боломжгүй болвол 20 хувийг малаа зарж байгаад ч гэсэн төлж барагдуулна гэж хэлсэн. “Э.и”ХХК 00000000 утаснаас, компанийн борлуултын менежер Ц гэх хүн нэхэмжлэгч Ө.Ж д энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан. Тэр болгонд Ө.Ж би төрийн банктай ярилцаж байна болно гэж хэлж байсан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш асуудал шийдэгдээгүй учраас гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаанд компани байрны засварын асуудлыг хариуцаж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш байрыг арчилж, хамгаалах нөхцөл байдал үүссэн. “Э.и”ХХК нэхэмжлэгч Ө.Ж гийн гэрээний татгалзлыг хүлээн зөвшөөрөөгүй, харин гэрээ цуцалсан. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн хугацаанд хүлээлтэнд оруучхаад өөрийнхөө сэдсэн нөхцөл байдалд ороогдсон. Харин компанийн зүгээс асуудал гарахад нөлөөлөөгүй. 2017 оны 08 дугаар сард уг байрыг худалдаж авсан. Байр 1 жилийн хугацаанд түгжээтэй байсан учраас ханын обой солих асуудал үүссэн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар байрны засварт төлсөн материал, ажлын хөлсний зардлыг 10 сая төгрөгөөс суутгаж үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид буцааж шилжүүлсэн. Энэ хугацаанд Ө.Ж тэй бид байнгын холбоотой байсан. “Э.и”ХХК-иас иргэн Ө.Ж г хохироосон нөхцөл байдал үүсээгүй. Бид өөрт учирсан хохирлын хуулийн дагуу суутгасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ө.Ж, “Э.и”ХХК-д холбогдуулж, байрны урьдчилгаанд төлсөн төлөрөөс суутган авсан 2.139.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “Э.и”ХХК нь тухайн төлбөрийг байрны засвар, ажлын хөлсөнд суутган үлдэгдэл төлбөрийг буцаан олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчид 2015.09.01-ны өдөр дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 1.5-д орон сууцны урьдчилгаа 10 хувь буюу 10.698.000 төгрөгийг 2015.09.01-ний өдөр, үлдэгдэл 90 хувь буюу 96.282.000 төгрөгийг банкны зээлээр төлөх графиктай тохиролцжээ. /хх-ийн 6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ө.Ж гэрээнд заасны дагуу орон сууцны урьдчилгаа 10 хувь буюу 10.698.000 төгрөгийг 2015.09.01-ний өдөр “Э.и”ХХК-ийн дансанд тушаасан /хх-ийн 12 дугаар тал,/ улмаар банкны зээл бүтэхгүй болсон тул гэрээнээс татгалзах тухайгаа 2016.12.16-ны өдөр хариуцагч байгууллагад бичгээр мэдэгдсэн, энэ талаар хариуцагч маргаагүй байна. /хх-ийн 13 дугаар тал/

 

“Э.и”ХХК Ө.Ж гийн орон сууцны урьдчилгаанд төлсөн 10.698.000 төгрөгөөс 8.558.400 төгрөгийг түүний данс руу шилжүүлж, 2.139.600 төгрөгийг байрны засварт төлсөн материал, ажлын хөлсөнд суутган үлдэгдэл төлбөрийг шилжүүлжээ.

 

Зохигчдийн хооронд байгуулагдсан 2015.09.01-ний өдрийн  тоот гэрээний 4.6-д тухайн орон сууцны төлбөр 100 хувь хийгдэж дуусах хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь “Э.и”ХХК байхаар тусгасан бөгөөд нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй орон сууцны өмчлөгч болоогүй байхад хариуцагч тухайн орон сууцны завсар, ажлын хөлснийг нэхэмжлэгчээс суутган авсан нь буруу байх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7.-д зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн эрсдэлийг өмчлөгч буюу “Э.и”ХХК бүрэн хариуцна.

 

Мөн гэрээний 5.12-т захиалагч үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй болсон шалтгаанаар гэрээ цуцлагдсан тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хүртэлх хувийг суутгаж тухайн орон сууцыг дараагийн захиалагч худалдан авсны дараа өмнөх захиалагчид үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно. /Захиалагч нь банкны 8 хувийн зээлээр үлдэгдэл төлбөрөө төлж байгаа буюу 8 хувийн зээлийн шийдвэр зөвхөн банкнаас шалтгаалан бүтээгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг захиалагчид бүрэн олгоно/ гэж заасан байх бөгөөд талууд гэрээ байгуулахдаа үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөх талаар дурдсан, үүнийг хариуцагч байгууллага мэдэж байсан байна.

 

Гэрээний 5.12-т заасны дагуу “Э.и”ХХК Ө.Ж гийн орон сууцны төлбөрийн 10 хувь буюу 10.698.000 төгрөгийг бүрэн олгох үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ө.Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Э.и”ХХК-иас 2.139.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар “Э.и”ХХК-иас 2.139.600 төгрөг гаргуулан Ө.Ж д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Э.и”ХХК-иас 49.183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Ж д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО