Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1017

 

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01017

 

 

Ө.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00693 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭИ” ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзсны үр дагаварт 2 139 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ө.Ж-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭИ” ХХК 2015 оны 7 дугаар сараас орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлөөд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломжтой болсон, мөн 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл орон сууцныхаа 1 м.кв-ын үнийг 2 000 000 төгрөгөөр болгон онцгой хямдрал зарласан талаар олон нийтэд сурталчилсан тул би 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч “ЭИ” ХХК-тай 53/9-015 тоот сууц захиалгын гэрээг байгуулж, тус компанийн барьсан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 53/9-р байрны 6 давхрын 135 тоотод оршин байрлах 53.49 м.кв орон сууцыг захиалсан. Гэрээний 1.5-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр орон сууцны урьдчилгаа 10 хувь болох 10 698 000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 90 хувийн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор банкны зээлд хамрагдан төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.

2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Төрийн банкны хадгаламжийн 319900094709 тоот данснаас 10 698 000 төгрөгийг хариуцагч “Эрин итнернэшнл” ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

2015 оны 9 дүгээр сард би Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкны зээл хариуцсан хүмүүстэй уулзаж асууж тодруулахад Хөгжлийн банктай гэрээ байгуулж эх үүсвэр орж ирснээр зээл олгогдоно гэсэн хариуг өгч байсан. Иймд дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор 10 дугаар сард хариуцагч “ЭИ” ХХК-ийн борлуулалтын менежер Э.Цацралтай уулзахад “манай компани 10 хувийн урьдчилгаагаа түр зогсоосон, бас хүлээлтийн байдалтай байна. Энэ асуудал шийдэгдэх байх, хүлээгээд байж бай” гэсэн хариу өгсөн. Энэхүү нөхцөл байдал нь зөвхөн арилжааны банкнаас хамааралтай бус төр засгийн шийдвэртэй холбоотой болох нь ойлгомжтой болсон. Тухайлбал, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 биш 10 хувь болгох талаар Засгийн газрын тогтоол гарсан.

Иймд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг төлөх боломжгүй болсон тул 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хариуцагчид бичгээр гаргаж үндэслэл, шалтгаанаа тодорхой дурдсан. Миний бие орон сууц захиалгын гэрээний дагуу гэрээ байгуулсан өдөр хариуцагчид орон сууцны урьдчилгаа 10 хувьтай тэнцэх мөнгө шилжүүлсэн, харин гэрээ байгуулсан өдрөөс хойш захиалгын орон сууцыг ямар нэгэн байдлаар огт ашиглаагүй. Гэтэл хариуцагчийн зүгээс миний гэрээ цуцлах тухай мэдэгдэлд огт хариу өгөлгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр миний Төрийн банкны 106000033123 тоот дансанд 8 558 400 төгрөгийг буцаан шилжүүлсэн байсан. Ингэхдээ 2 139 600 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр суутган авсан бөгөөд энэ талаар өнөөг хүртэл ямар ч тайлбар бичгээр өгөөгүй.

Иймд хариуцагч "ЭИ" ХХК-тай байгуулсан 53/9-015 тоот орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгчийн шилжүүлсэн 10 698 000 төгрөгөөс буцааж өгөөгүй 2 139 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭИ” ХХК орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөр 10 хувь төлөөд 90 хувийг банкны зээлд хамрагдаж болно гэх сурталчилгаа тараагаагүй, тараах ч нөхцөл бололцоо байгаагүй. Төрийн эрх бүхий байгууллагаас байрны урьдчилгаа 10 хувь болно гэсэн албан ёсны шийдвэр гараагүй.

Нэхэмжлэгч Ө.Ж- манай талд урьдчилгаа 10 хувь төлөх санал тавьсан. Уг гэрээ “Эрин интернэшл” ХХК-ийн стандарт шаардлагаас зөрсөн, зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлт зоригийн үндсэн дээр байгуулагдсан.

Энэ орон сууц захиалгын гэрээний хамгийн сүүлийн хуудсанд “Эрин интернэшл” ХХК-ийн хуулийн зөвлөхийн гарын үсэггүй. Манай талаас нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эцсийн хугацаа та энэ хугацаанд 30 хувийн төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч ч бидний заасанд хугацаанд хэрвээ 10 хувь боломжгүй болвол 20 хувийг малаа зарж байгаад ч гэсэн төлж барагдуулна гэж хэлсэн. “Эрин интернэшл” ХХК 94100888 утаснаас, компанийн борлуултын менежер Ө.Ж-д энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан.

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш асуудал шийдэгдээгүй учраас гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаанд компани байрны засварын асуудлыг хариуцаж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш байрыг арчилж, хамгаалах нөхцөл байдал үүссэн. “Эрин интернэшл” ХХК нэхэмжлэгч Ө.Ж-гийн гэрээний татгалзлыг хүлээн зөвшөөрөөгүй, харин гэрээ цуцалсан.

2017 оны 08 дугаар сард уг байрыг худалдаж авсан. Байр 1 жилийн хугацаанд түгжээтэй байсан учраас ханын обой солих асуудал үүссэн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар байрны засварт төлсөн материал, ажлын хөлсний зардлыг 10 000 000 төгрөгөөс суутгаж үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид буцааж шилжүүлсэн. Энэ хугацаанд Ө.Ж-тэй бид байнгын холбоотой байсан. “Эрин интернэшл” ХХК-иас иргэн Ө.Ж-г хохироосон нөхцөл байдал үүсээгүй. Бид өөрт учирсан хохирлын хуулийн дагуу суутгасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар “ЭИ” ХХК-иас 2 139 600 төгрөг гаргуулан Ө.Ж-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ЭИ” ХХК-иас 49 183 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Ж-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг бүх талаас нь судалж, бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож, маргааны агуулгыг зөв тодорхойлсонгүй. Мөн хуулийг зөв хэрэглэсэнгүй.

“ЭИ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн өөрт учирсан зардал, хохирлын хүрээнд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дурьдаж, гэрээний заалт бус Иргэний хуулийн зохицуулалтуудад үндэслэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гаргасан ч шүүх анхаарсангүй.

Манай компани өмчлөгч нь орон сууцны ашиглалтын зардлыг хариуцахгүй гэх талаар маргаагүй харин орон сууц захиалчихаад аваагүйгээс үүдэж гарсан зардал буюу тухайн зардал гарсан эрх зүйн үр дагавар нь иргэн Ө.Ж-гээс шууд шалтгаалсан учир Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг зөрчигдсөнөөс үүдсэн зардлыг шаардаж авсан билээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7 дахь хэсэгт заасныг баримталсан бөгөөд уг зохицуулалт бол гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйлд учирсан эрсдэлийг хариуцах асуудал юм.

Гэрээний 5.2 дахь заалт бол "ЭИ" ХХК-тай аливаа иргэн "Орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрөө төлөх явцдаа аливаа шалтгаанаар үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс үүдэж, гэрээ цуцалсан тохиолдолд хэрэглэгдэх заалт бөгөөд компанийн зүгээс банкны "Зээл олгохоос татгалзсан шийдвэр" гарсан тохиолдолд аливаа хариуцлагыг захиалагчид хүлээхгүй байх заалтыг гэрээнд тусгасан юм. Харин иргэн Ө.Ж- зээл олгохоос татгалзсан ямар ч банкны шийдвэрийг бидэнд ирүүлээгүй болно. Шүүх нэгэнт цуцлагдсан гэрээний заалт барьж хэргийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй бөгөөд иргэн Ө.Ж- ч гэрээний заалтыг үндэслэж нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн иргэний хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн атал гэрээний заалтаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Аль нэг талын үүрэг зөрчигдснөөс гэрээний харилцаа дуусгавар болсон буюу иргэн Ө.Ж- төлбөр төлөх үүргээ биелээгүйгээс үүдсэн. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар “ЭИ” ХХК нь уг зохицуулалтыг хүрээнд зардал, хохирлыг суутган авсан болно.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт заасан "Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүсэн үүрэг зөрчигдсөнөөс үүдэж, зардал гарсан асуудалд шүүх аливаа дүгнэлт хийсэнгүй. Учир нь орон сууцыг өөр бусад этгээдэд худалдах боломжийг хааж, хадгалсан, хадгалах явцад арчлах, хамгаалах зэрэг олон үүрэг гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүссэн. Гэрээ байгуулах болсон учир шалтгаан нь гуравдагч этгээдийн нөлөөгөөр хийгдсэн мөн Ө.Ж-гийн "Орон сууц захиалгын гэрээ" нь банкинд өгч зээл судлуулахад л чухал ач холбогдолтой байсан ч үүнийг шүүх дүгнэсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ө.Ж- нь хариуцагч “ЭИ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 10 698 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 2 139 600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Ө.Ж- нь “ЭИ” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Ө.Ж- нь “ЭИ” ХХК-иас Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамж 53/9 дүгээр байрны 3 дугаар орц, 6 давхар 135 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 106 980 000 төгрөгөөр худалдан авахдаа орон сууцны урьдчилгаа 10 хувь буюу 10 698 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 90 хувь буюу 96 282 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр банкны зээлд хамрагдан төлөхөөр харилцан тохиролцсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

            Нэхэмжлэгч Ө.Ж- нь гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 10 698 000 төгрөгийг хариуцагч “ЭИ” ХХК-д төлсөн ба тэрээр банкны зээлд хамрагдаж чадахгүй болсон гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч байгууллагад бичгээр мэдэгдсэн, хариуцагч байгууллага нь түүний төлсөн урьдчилгаа төлбөрөөс 2 139 600 төгрөгийг суутгаж, 8 558 400 төгрөгийг түүнд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

            Гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь төлсөн төлбөрийг бүхэлд нь авна гэж, хариуцагч нь өөрт учирсан хохирлыг авах эрхтэй гэх тайлбараа 2 139 600 төгрөгийг нэхэмжлэгчийн буруугаас орон сууцыг нэг жил гаруй хугацаанд хадгалж байснаас ханын цаас муудсныг сольж бусдад худалдсан гэсэн үндэслэл заажээ.

 

Нэхэмжлэгч тал гэрээний үүрэг болох төлөх төлбөрийн 90 хувийг төлөөгүй, энэ нөхцөл байдалд хариуцагч тал буруугүй тул гэрээнээс татгалзах үндэслэл нь нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилтэй холбоотой байна.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн хүрээнд хариуцагчид учирсан хохирлыг мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүргийг нэхэмжлэгч тал хүлээх юм.

 

Хариуцагч нь өөрт учирсан хохирлыг нотлохоор гаргаж өгсөн дараах баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ө.Ж-тэй байгуулсан гэрээнээс хойш 2 жилийн дараа уг орон сууцыг иргэн У.Буянзаяад 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч байгууллага нь гэрээ хийж худалдсан бөгөөд уг орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгөхөд үйлдсэн актын 13 дахь мөр обой гэсэн хэсэгт солих шаардлагатай гэсэн тэмдэглэл үйлдээгүй байна. Түүнчлэн орон сууцыг хүлээлгэж өгсний дараа 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шаардах хуудас бичихдээ өмчлөгч болох У.Буянзаяагаас гаргасан хүсэлт байгаа эсэхийг тэмдэглээгүй, нэмэлт мэдээлэл гэх хэсэгт тэмдэглэл үйлдээгүй тул 135 тоот орон сууцанд засвар шаардлагатай байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн хариуцагч байгууллага нь Заслалын засварын ажлын акт нэртэй баримт үйлдсэн боловч 2017 гэснээс өөрөөр огноо тэмдэглээгүй тул маргаанд хамааралтай гэж дүгнэхээргүй  байхаас гадна энэ засварын үнийг тогтоосон баримтгүй байна.

 

Иймд хариуцагч нь өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлээс тооцож хасах үндэслэл тогтоогдсонгүй. 

 

Гэрээний 5.12 дахь заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл банкнаас 8 хувийн зээл олгох шийдвэр гараагүй гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй бөгөөд гэрээний 5.12 дахь заалтын урьдчилсан нөхцөл хангагдаагүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг бүрэн буцааж олгох үүрэг хариуцагчид үүсэхгүй юм.  

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч байгууллага өөрт учирсан хохирлоо нотлоогүй тул тус байгууллагаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар  урьдчилгаа төлбөрт төлсөн 2 139 600 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдэл хуульд нийцжээ.

 

Ө.Ж-тэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд байгуулсан гэрээнд хамрагдана гэх тайлбар үндэслэлгүй, үүнийг нотолсон баримт байхгүй тул хариуцагч байгууллагын энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 49 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                              Ч.ЦЭНД

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА