Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0279

 

 

 

 

 

 

 

 

Л.Гантөгсийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Л.Гантөгс

Нэхэмжлэгч: Л.Гантөгс

Хариуцагч: нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 219 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Л.Гантөгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0005/З

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Л.Гантөгсөөс, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны Б/321 дүгээр тушаалын Л.Гантөгсөд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Л.Гантөгсийг албан тушаалаас чөлөөлж сэлгэн ажиллуулах тухай Б/279 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, Л.Гантөгсийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Л.Гантөгсийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгуулах”-аар маргасан.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 219 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Гантөгсийн, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны Б/321 дүгээр тушаалын Л.Гантөгсөд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн Л.Гантөгсийг албан тушаалаас чөлөөлж, сэлгэн ажиллуулах тухай Б/279 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, Л.Гантөгсийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Л.Гантөгсийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Гурав. Нэхэмжлэгч Л.Гантөгс шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны Б/279 дүгээр тушаал нь "Төрийн албаны тухай" хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр..." заасныг зөрчин миний зөвшөөрлийг авалгүйгээр шийдвэрлэсэн. Мөн дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх сэлгэн ажиллуулах журам"-ын 3.2 дахь заалтыг үндэслэсэн нь "Төрийн албаны тухай" хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол..." гэсэн заалтыг зөрчиж журмын заалтыг ашигласан байна.

3.2. Мөн "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх сэлгэн ажиллуулах журам"-ын 3.1/Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу 3 сараас 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно/, 3.5/Сэлгэн ажиллуулах албан хаагчийг анх илгээсэн байгууллага болон сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хооронд гэрээ байгуулна. Гэрээнд тухайн албан хаагчийн ажиллах хугацаа, хариуцан гүйцэтгэх ажлын чиг үүрэг, ажиллах хугацааны цалин хөлс, орон байрны болон бусад зардал, хүлээх хариуцлага, ажлын эцсийн үр дүнг үнэлж дүгнэх зэрэг асуудлыг тодорхой тусгах бөгөөд гэрээнд төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч гарын үсэг зурж баталгаажуулна/, 3.6/Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44.2-т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна/ дахь заалтыг тус тус зөрчиж байгаа.

3.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д "... түүнд холбогдуулан гаргасан иргэний өргөдлийг шалгаж, тогтоогоод ." гэсэн нь миний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн иргэн Б.Очирбатын 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн М221011007 тоот хүсэлтэд дурдагдсан "Миний бие Барсүрэн овогтой Очирбат нь 2022.09.02 өдөр тус албанд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн” Л.Гантөгстэй холбоотой гомдлыг гаргаагүй болно... миний хаяг болон нэр регистрийн дугаарыг ашиглан Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршанд нэртэй газартай холбоотой гомдол гаргасан байна..." гэсэн хүсэлтийг харгалзан үзээгүй, баримтыг үнэлээгүй байх бөгөөд хуурамчаар хүний нэрийг ашиглан гаргасан гомдлыг үндэслэсэн байна.

3.4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны Б/279 дүгээр тушаал "Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Ёс зүйн зөвлөл"-ийн 2022 оны 35 дугаар тогтоол нь сэлгэн ажиллуулахтай хамааралгүй тогтоол, мөн сэлгэн ажиллуулахыг миний бие зөвшөөрөөгүй, анх илгээсэн байгууллага болон сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хооронд гэрээ байгуулаагүй, Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажаагүй, Барсүрэн овогтой Очирбат нь 2022.09.02 өдөр тус албанд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Л.Гантөгстэй холбоотой гомдлыг гаргаагүй зэргээс тодорхой байгаа болно.

3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай" хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Л.Гантөгсөөс, Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны Б/321 дүгээр тушаалын Л.Гантөгсөд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Л.Гантөгсийг албан тушаалаас чөлөөлж сэлгэн ажиллуулах тухай Б/279 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, Л.Гантөгсийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Л.Гантөгсийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгуулах тухай” шаардлага гаргажээ.

3. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч Газар зохион байгуулалтын албаны ёс зүйн зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний 35 дугаар тогтоолтой маргаагүй, тус тогтоол хүчин төгөлдөр байх тул томилох эрх бүхий албан тушаалтан ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчаар сэлгэн ажиллуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна”, “...нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны бүтэц орон тоо батлагдсантай холбогдуулан, ...Л.Гантөгсийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон байх ба Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар ...албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй тохиолдолд нэхэмжлэгчийн маргах эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлахгүй” гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

4. Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд зохицуулсан байх бөгөөд 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. гэж төрийн өөр байгууллагад шилжүүлэн ажиллах нөхцөлийг, 44.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно ... гэж төрийн өөр байгууллагад эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд түр хугацаагаар сэлгэн ажиллуулахыг, харин 44.5-д Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно. гэж байгууллагын дотоодод өөр нэгж, албан тушаалд шилжүүлэх нөхцөлийг ялгамжтай байдлаар зохицуулжээ.

5. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-ын тухайд, төрийн албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, хоёр байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсоноор нөгөө байгууллагад, эсвэл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар ажиллуулахаараа ялгаатай. Ийнхүү сэлгэн ажиллуулах зорилго нь ажлын тодорхой чиглэл-ээр буюу төрийн албан хаагчийн мэдлэг ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, бусдын туршлагаас суралцуулах, ажил сайжруулах болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх зэрэг бодит шалтгаан байна.

6. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас хүний нөөцийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд гаргах үйл ажиллагаа (шилжүүлэн томилох шийдвэр) нь хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн байх бөгөөд төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн тохиолдолд, тухайлбал хүний нөөцийн дутагдлыг зохицуулах, мэдлэг ур чадварыг нь хөгжүүлэх, дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зэрэг объектив шалтгаан нөхцөл үүсэх тохиолдолд захиргаа төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчихгүйгээр шийдвэр гаргах эрхийг дээрх хуулиар олгосон.

7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Л.Гантөгст сахилгын шийтгэл оногдуулах тухай” 35 дугаар тогтоолоор Налайх дүүргийн Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Лүндэнгийн Гантөгс нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь дотоод хяналтын шалгалтаар илэрсэн тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахыг санал болгосон ба нэхэмжлэгчээс уг тогтоолтой маргаагүй, тогтоол хүчин төгөлдөр болжээ.

8. Улмаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/279 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 44 дүгээр зүйлийн 44.2, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 3.2 дахь хэсэг, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ёс зүйн зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний 35 дугаар тогтоолыг үндэслэн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Гантөгсийг тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд хоёр жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

9. Дээрхээс үзэхэд, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ёс зүйн хорооноос нэхэмжлэгч Л.Гантөгсөд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан боловч хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга нь түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд хоёр жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл бүрдсэн нь нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь нотлогдсон бөгөөд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл бүрдсэн байхад томилж, чөлөөлөх эрх бүхий этгээдээс түүний эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн энэ тохиолдолд хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

11. Түүнчлэн нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусаагүй, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” Б/321 дүгээр тушаал нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны бүтэц орон тоо батлагдсантай холбогдуулан гаргасан тушаал байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 219 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

ШҮҮГЧ                                                        Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН