Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 104

 

“Түшиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг, өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Д.Ариунцэцэг, Ш.Бат, Г.Эрдэнэчимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 884 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0068 дугаар магадлалтай, “Түшиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн дараах аудитын газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр: 1. Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 75 дугаар зүйлийн 75.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг баримтлэн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах аудитын гаалийн улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/15 дугаар актын Гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 25 388 874 төгрөгийг нэхэмжлэгч “Түшиг” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн. 2. Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар тус актаар ногдуулсан 7 616 662 төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлж, төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0068 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 75 дугаар зүйлийн 75.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах аудитын гаалийн улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/15 дугаар актаар ногдуулсан 7 616 662 төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 25 388 874 төгрөг болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч “Түшиг” ХХК-ийн өмгөөлөгч Д.Нямдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0068 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх талаар дурдсан бөгөөд 249.4-т “...Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална... ’’ гэж заасан. Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тушаалаар баталсан Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 3.5-д “...Шалгалтыг хийхдээ эхлэх уулзалтыг зохион байгуулж, шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал эсхүл орлох албан тушаалтанд шалгалт хийх удирдамжийг гардуулж гарын үсэг зуруулж баталгаажуулах бөгөөд шалгалтад хамрагдах этгээдийн эрх, үүргийг тодорхой танилцуулна...” гэсэн байна. Гэтэл хэргийн 2 дугаар хавтасны 5 дугаар хуудсанд авагдсан “Бүрдүүлэлтийн дараах шалгалтын эхлэх уулзалтын тэмдэглэл” гэх баримтад “Түшиг” ХХК-ийн нягтлан бодогч П.Чойжилмаа гарын үсэг зурсан байх ба дээрх журамд заасны дагуу тус компанийн захирал буюу эрх бүхий албан тушаалтантай шалгалтын эхлэх уулзалтыг хийгээгүй, удирдамжийг танилцуулаагүй, эрх, үүргийг тодорхой танилцуулаагүй болох нь нотлогдоно. Мөн хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан баримтад “Түшиг групп”-ын Ерөнхийлөгч Г.Сүхээ гарын үсэг зурсан байх бөгөөд “Түшиг” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд үүсгэн байгуулагч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Г.Баттүшиг гэж тов тодорхой байх тул үүнийг шалгалтын эхлэх уулзалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн дээрх журмын 3.12-т “...Шалгалтын дуусах уулзалтыг зохион байгуулж, шалгалтын үр дүнг шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал эсхүл орлох албан тушаалтанд танилцуулж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулж баталгаажуулна...” гэж заасан боловч шалгалтын дуусах уулзалтын талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх шалгалтын удирдамжийг эрх бүхий албан тушаалтанд танилцуулсан, шалгалтыг сунгуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан тул мэдэгдээгүй, удирдамж гардуулаагүй, хууль болон журмыг зөрчиж шалгалт явуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн байна гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд шалгалтын эхлэх уулзалтыг хууль, журамд заасны дагуу хийгээгүй, эрх бүхий албан тушаалтантай уулзаагүй, удирдамжийг гардуулаагүй, шалгалтад хамрагдах этгээдэд эрх, үүргийг тодорхой танилцуулаагүй хийсэн шалгалтыг анхнаасаа хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шалгалтыг хууль болон журамд заасны дагуу хийсэн тохиолдолд шалгалтаар тогтоосон актын дүн тоо, тооцоолол, судалгаа, анхан шатны нягтлан бодох бүртгэлийн баримтад үндэслэн үнэн зөв гарсан эсэх, хэрэв актын дүнг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байвал маргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх хэсэгт хууль тогтоогч ямар үйлдлүүд хамаарахыг нэрлэн заасан бөгөөд түүнд гаалийн улсын байцаагчийн акт тогтоохдоо үндэслэл болгосон “дутуу мэдүүлсэн” гэх үйлдлийг заагаагүй болохыг дурдсан байхад шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан хүсэл зоригийг буруугаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн бичсэн зүйлийг “...гаалийн хилээр бараа нэвтрүүлэхдээ дутуу мэдүүлсэн зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрсөн байна..." гэсэн дүгнэлтийг хийж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Шүүх Гаалийн тухай хуулийн 293 дүгээр зүйлийн 293.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, өөрийн дүгнэлтийг хийлгүй зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн дутуу мэдүүлсэн нь худал мэдүүлэх зөрчилд хамаарах болохыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж байгаа атлаа ямар үндэслэлээр “дутуу мэдүүлэх'’ гэдгийг “худал мэдүүлэх” мэтээр ойлгож байгааг нотлосон зүйлийг тодруулаагүй болно. Шүүхүүд маргааны үйл баримтыг зөв тодорхойлон, тухайн нөхцөл байдлыг нотлох баримтыг бүрэн цуглуулж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх учиртай бөгөөд шүүхүүд дээрх байдлыг шалган тогтоож, нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн импортоор авсан зарим барааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэх зөрчилтэй холбогдуулан хариуцагчийн маргаан бүхий 10/15 дугаар актад Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөхөөс гадна, тухайн харилцааг дотоодын хууль тогтоомжоос өөрөөр зохицуулсан Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан Олон Улсын гэрээ, конвенцид заасан болохыг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна. Дээрх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 884 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0068 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

                                                                                        ХЯНАВАЛ

Гаалийн ерөнхий газрын дэд даргын /Н.Энхцогт/ 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 171/14 дүгээр “Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэг, Ш.Бат, Г.Эрдэнэчимэг нар “Түшиг” ХХК-ийн /2026708/ 2010-2013 онд гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгажээ.

Шалгалтаар “...“Түшиг” ХХК нийт 163 799 185 төгрөгийн барааг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн” гэх зөрчил илэрсэн тул гаалийн улсын байцаагч  2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/15 дугаар актаар Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх хэсгийг үндэслэн 25 388 874 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, 7 616 662 төгрөгийн торгууль, нийт 33 005 536 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Нэхэмжлэгч “Түшиг” ХХК-иас “шалгалтын удирдамжийг эрх бүхий этгээдэд  танилцуулаагүй, эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй зэрэг хяналт шалгалтыг зохих журмын дагуу явуулаагүй” гэсэн үндэслэлээр дээрх актыг хүчингүй болгуулахаар маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэг, Ш.Бат, Г.Эрдэнэчимэг нар 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын удирдамж”-ийг “Түшиг” ХХК-ийн Ерөнхийлөгч Г.Сүхээ, нягтлан бодогч Г.Лхамдэлгэр, П.Чойжилмаа нарт танилцуулан, гаалийн хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргийг тайлбарласан байх бөгөөд энэ нь Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 3.5-д “шалгалтыг хийхдээ эхлэх уулзалтыг зохион байгуулж, шалгалтанд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эсхүл орлох албан тушаалтанд шалгалт хийх удирдамжийг гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулах бөгөөд шалгалтанд хамрагдах этгээдийн эрх, үүргийг тодорхой танилцуулна” гэж заасныг зөрчөөгүй байна.

Учир нь, дээрх журмын 3.5-д зааснаар зөвхөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд бус шалгалтанд хамрагдаж байгаа аж ахуйн нэгжийн захирал, эсхүл орлох албан тушаалтанд шалгалт хийх удирдамжийг гардуулж, эрх, үүргийг танилцуулж болохоор байх тул хариуцагч гаалийн улсын байцаагч нар хяналт шалгалтын удирдамжийг “Түшиг” ХХК-ийн Ерөнхийлөгч Г.Сүхээд гардуулж, эрх, үүргийг танилцуулсан нь зохих журмыг зөрчөөгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн ... бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Хариуцагч гаалийн улсын байцаагч маргаан бүхий захиргааны актад “дутуу мэдүүлсэн эсхүл мэдүүлээгүй” гэх зэргээр зөрчлийг хэрхэн нэрлэн томьёолсноос үл хамааран нэхэмжлэгч 2010-2013 онд импортолсон 163 799 185 төгрөгийн барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй нь Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д “худал мэдүүлэх” гэж заасанд хамаарч байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “мөн хуулийн 293.1-д нэрлэн заасан зөрчилд “дутуу мэдүүлсэн” гэх үйлдэл хамаарахгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”: гээд 52.5.1-д “захиргааны акт..-г хүчингүй болгуулах, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрсөн үндэслэлийг тусгах ба шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын маргаж буй асуудлаар дүгнэлт хийх, шийдвэр гаргах учиртай.

Тухайн тохиолдолд, “Түшиг” ХХК маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлдээ “хяналт шалгалтыг зохих журмын дагуу явуулаагүй” гэж процесс ажиллагаатай холбогдуулан маргаснаас бус “актын тооцоолол, зөрчил биш эсэх” асуудлаар маргаагүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...актын тооцоолол, судалгаа, дүнд маргах эрх нэхэмжлэгчид нээлттэй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

Шүүхүүд Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0068 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                             ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН