Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 02268

 

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/02268

Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар байр,  тоотод оршин суух, Б овогт Б.С /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж,  дүгээр байр,  тоотод оршин суух, Б овогт Л.С /РД:/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, зээл төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С , түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, хариуцагч Л.С , түүний өмгөөлөгч Б.Сэрдамба, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.С-оос гэрлэлтээ цуцлуулж, хүү С.Л , охин С.Т 2-ыг өөрийн асрамжид үлдээж, Л.С оос 2 хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах. Л.С  бид 2-ын нэр дээр байгаа Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  дугаар байрны  тоот  өрөө орон сууцыг өөрийн болон 3 хүүхдийн өмчлөлд үлдээж, уг орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг Л.С оос 50 хувиар гаргуулах. Л.С ын эзэмшилд байгаа бенз маркийн 00-00 УБН дугаартай авто машиныг гэр бүлийн гишүүдийн өмчлөлд үлдээх, Баянгол дүүргийн  дүгээр хороо, дугаар хороолол, Хатан баатар Магсаржавын гудамж  дүгээр байрны  тоот  өрөө орон сууцыг Л.С-ын өмчлөлд тус тус үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан 6 шаардлагаас 3 өрөө орон сууцны асуудлаас бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. 3 өрөө орон сууц гэрлэгчдийг анх гэр бүл болоход зориулагдсан. Гэрлэгчид гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарснаас хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болно. 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Л.С  уг байрны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гардаж авсан. Түүнээс өмнө уг үл хөдлөх хөрөнгө Л.С ын эцгийн эзэмшил, өмчлөлд байсан. Л.С  өмнөх шүүх хуралдаан дээр хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөхийн тулд уг үл хөдлөх хөрөнгийг өөр нэр дээр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан гэж тайлбарласан. Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, Улсын дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт тайлбарласнаар гэр бүлийн хөрөнгийн талаар тус тус заасан байна. Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар Л.С ын өмчлөлд байгаа 3 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх, дундын өмчлөлд тооцож, гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгийг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. Уг орон сууцыг нэхэмжлэлд зааснаар хариуцагчийн өмчлөлд үлдээх саналтай байна. Мөн Л.С ын эзэмшлийн бенз маркийн авто машиныг нэхэмжлэгч өглөө, орой хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөж, гэр бүлийн өдөр тутмын амьжиргаанд хэрэглэдэг. Иймд Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар уг машиныг гэр бүлийн гишүүдийн эзэмшилд үлдээж өгнө үү. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар байрны зээлийн төлбөрийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөлд хамруулж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар зээлийн төлбөрийн 50 хувийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.С  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараа дэмжиж байна. Үр хүүхэд, босгосон 20 жилийн амьдралынхаа төлөө гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд алдаа гаргаж байсан нь үнэн. Гэхдээ би Б.С  байнга цохиж зодож байгаагүй. Би хүний их эмч мэргэжилтэй хүн. Б.С  өөрөөсөө насаар дүү залуутай гэр бүлээс гадуурх харьцаа тогтоож, намайг хуурсан. Энэ шалтгаанаар халамцуудаа Б.С д гар хүрч Эрүүгийн хэргийн шүүхээр шийтгүүлсэн. Би архи дарсны асуудлаас бүр мөсөн холдсон. Цаашид өөрийн алдаа дутагдлаа сайтар ухамсарлаж, алдаа гаргахгүй Б.С тай эргэн нийлж, хамт амьдармаар байна гэжээ.

  Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сэрдамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  дугаар байрны  тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж, байрны зээлийн төлбөрийн 50 хувийг хариуцагчаас гаргуулах гэсэн байна. Гэтэл 60 сая төгрөг яаж нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Байрны 50 хувийн төлбөрийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх, Л.С ыг хамтран зээлдэгчээс хасуулах шаардлага гаргасныг банкны төлөөлөгч боломжгүй гэсэн. Л.С ын нэр дээр байгаа УБН 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн шаардлага тодорхой бус байна. Баянгол дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол, Хатан баатар Магсаржавын гудамж  дүгээр байрны  тоот 3 өрөө орон сууцыг хариуцагчийн нэр дээр үлдээлгэх шаардлагын тухайд уг байр Л.С ын эцэг эхээс өвлөгдөж ирсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр зохигчид аав, ээжийнхээ голомтон дээр гэр бүл болж дараа нь байртай болсон гэдгээ тайлбарласан. Хэрэв шүүх эдгээр хүмүүсийн гэрлэлтийг цуцалвал дундын болон хуваарьт хөрөнгийг тогтоож, Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2, 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар гэр бүлийн 5 гишүүнд тэнцүү хэмжээгээр хувааж өгнө үү гэв.

  Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С  хариуцагч Л.С д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, зээл төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.С  болон хариуцагч Л.С  нар нь 1997 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлж, 1998 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү С.С төрсөн байх бөгөөд тэрээр 20 насанд хүрсэн байна. Мөн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү С.Л , 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин С.Т  нар төрсөн нь иргэний үнэмлэхийн хуулбар, 000000 дугаар, 0000000000 дугаар төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.

 

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2017 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Л.С ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С гийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Л.С ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.

 

Хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулахгүй гэж байгаа боловч тэрээр нэхэмжлэгчийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Талууд 2017 оны 5 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа нь болон тусдаа амьдрах үеэс эхлэн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Л , 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин С.Т  нар эхийн асрамжинд байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд хүүхдүүдийн насны онцлог болон санал, түүнчлэн өсөж торнисон орчин зэргийг өөрчлөх шаардлаггүй байх тул хүү С.Л , охин С.Т  нарыг нэхэмжлэгчийн буюу эхийн асрамжинд үлдээв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн бөгөөд мөн зүйлийн 126.2.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө хамаарна.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж,  дугаар байр,  тоот хаягт байршилтай, 79.95 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Бенз /Benz/ маркийн, 00-00 УБН улсын дугаартай, арлын дугаартай автомашин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн буюу Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө мөн болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн архивын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04/180 дугаар лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/9390 дугаар лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаар, 000000000 дугаар гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /хх 82, 101-104, 123-125 дугаар тал/

 

Хариуцагч нь Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол  дүгээр байр  тоот 3 өрөө орон сууцыг өөрийн хуваарьт хөрөнгө гэх боловч уг хөрөнгө бий болох үед гэрлэгчид байнгын хамтын амьдралтай байсан, улмаар хариуцагч өөрийн эцэг, эхээс өвлөж авсан гэх боловч Нийслэлийн архивын газрын 2017.12.11-ний өдрийн 04/198 албан тоотоор тус байр нь хариуцагчийн эцэг, эх С.Л, М.Д нарт байр олгосон тухай баримт бүртгэгдээгүй байна гэжээ.

 

Зохигчид Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол  дүгээр байр  тоот 3 өрөө орон сууцанд гэр бүл болохдоо Л.С ын аав ээжтэй хамт амьдарч байсан талаар маргахгүй байгаа тул уг орон сууцыг хариуцагчийн хуваарьт хөрөнгө гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгох тул нэхэмжлэгч болон хариуцагч, мөн хүү С.С нь хэдийгээр насанд хүрсэн байх боловч Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот хаягт оршин суух бүртгэлтэй байх тул гэр бүлийн гишүүн гэж, түүнчлэн хүү С.Л , охин С.Т  нарыг гэр бүлийн гишүүн гэж тус тус үзнэ.

 

Иймд шүүх дээрх хөрөнгийг гэр бүлийн гишүүн болох нэхэмжлэгч, хариуцагч болон хүү С.С, хүү С.Л , охин С.Т  нарыг оролцуулан ногдох хэсгийг нийт гишүүдэд адил хэмжээгээр тодорхойлох боломжтой.

 

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 830 дугаар дүгнэлтээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэ цэнийг 96 000 000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, дугаар байр, тоот хаягт байршилтай, 79.95 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны үнэ цэнийг 142 578 000 төгрөг, Бенз /Benz/ маркийн, 00-00 УБН улсын дугаартай, арлын дугаартай автомашины үнэ цэнийг 16 000 000 төгрөг гэж тус тус үнэлсэн байна. /хх 129-139 дугаар тал/. Иймд уг дүгнэлтийг үндэслэн гэр бүлийн 5 гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нийт хэмжээ нь 254 578 000 төгрөг /96 000 000 төгрөг + 142 578 000 төгрөг + 16 000 000 төгрөг/ гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ 50 915 600 төгрөг болж байна.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болох бөгөөд хэрэв маргасан тохиолдолд мөн зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно.

 

Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот орон сууцыг хариуцагчийн өмчлөлд үлдээж, харин Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж,  дугаар байр,  тоот орон сууц болон Бенз /Benz/ маркийн, 00-00 УБН улсын дугаартай, арлын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээх нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т гэрлэлт цуцалсанаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэсэнтэй нийцнэ. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот орон сууцнаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг 19 200 000 төгрөг /96 000 000 төгрөг / 5 гишүүн = 19 200 000 төгрөг/, Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж,  дугаар байр,  тоот орон сууцнаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг 28 515 600 төгрөг /142 578 000 төгрөг / 5 гишүүн = 28 515 600 төгрөг/, Бенз /Benz/ маркийн, 00-00 УБН улсын дугаартай, арлын дугаартай автомашинаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг 3 200 000 төгрөг /16 000 000 төгрөг / 5 гишүүн = 3 200 000 төгрөг/ тус тус болж байх боловч Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг дээрх байдлаар тогтоох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/4413 дугаартай орон сууцны зээлийн болон БГҮ/4413 дугаартай барьцааны гэрээг, мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ/4413-1 дугаартай дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах болон БГҮ/4413-1 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг Хаан банктай байгуулсан байна. Уг зээлийн гэрээгээр нэхэжлэгч болон хариуагч нар нь Хаан банкнаас 118 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 175 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлэх, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж,  дугаар байр,  тоот орон сууцыг барьцаалжээ.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд өр хамаарна. Өөрөөр хэлбэл, талууд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний төлбөрт 102.711.877 төгрөгийн өртэй байх тул уг өрийг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарт адил хэмжээгээр тогтоож, хариуцагчаас 51.355.938,71 төгрөг /102.711.877 төгрөг / 2 =51.355.938,71 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хүү С.С нь хэдийгээр гэр бүлийн гишүүн боловч хэргийг шийдвэрлэх үед насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх бөгөөд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр гэрчлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот орон сууцыг хариуцагчийн өмчлөлд, Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж,  дугаар байр,  тоот орон сууц болон Бенз /Benz/ маркийн, 00-00 УБН улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд тус тус үлдээж, хариуцагчаас 51.355.938,71 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас банкны зээлийн үлдэгдэлийг бүхэлд нь хариуцагчаар төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, талуудад хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт Б.С, Б овогт Л.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Л , 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин С.Т  нарыг эх Б.С гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Л , 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин С.Т  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Л.С оос гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дүгээр зүйлийн 130.1, 130.3-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Л.С ын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж,  дугаар байр,  тоот хаягт байршилтай, 79.95 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.С гийн өмчлөлд, Бенз /Benz/ маркийн, 00-00 УБН улсын дугаартай, арлын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Б.С гийн өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч Л.С оос 51.355.938,71 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь хариуцагчаар төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж,  дугаар байр,  тоот хаягт байршилтай, 79.95 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны өмчлөгчөөс Б овогт Л.С-г хасч, өмчлөгчөөр Б овогт Б.С-г бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газарт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 1.954.914 төгрөг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1.189.004 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхбаярт даалгасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО