Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 01181

 

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/01181

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, Өнөр хороолол,  дугаар байр  тоотод оршин суух, Б овогт Г.Э /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, Кёкүшю цамхаг  тоотод үйл ажиллагаа явуулдаг, “П.м.ф” ХХК /РД: /-д холбогдох,

            Гэм хорын хохиролд 2.703.135 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б , Т.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  дугаар байрны баруун уулзвар дээр хариуцагч “П.м.ф”  ХХК-ийн өмчлөлийн, түүний нэр дээр бүртгэлтэй 00-00  УБУ улсын дугаартай BMW-000маркийн авто машины жолооч Н.Л  намайг мобедтэй авто замын 1 дүгээр эгнээгээр уулзвар нэвтэрч байхад мөргөж гэмтээсэн. Хариуцагч “П.м.ф”  ХХК-ийн өмчлөлийн 00-00  УБУ улсын дугаартай BMW-000маркийн авто машины жолоочийн буруутай үйлдлийн улмаас миний бүсэлхий нуруу, үе мөч хүчтэй доргиж, хөндүүр өвчтэй болж, ажлаасаа чөлаа авч эмчилгээ хийлгэсэн. Иймд хариуцагч “П.м.ф”  ХХК-иас миний биед учирсан хохиролд 2.703.135 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайран дүүргийн нутаг дэвсгэр 1 дүгээр хороолол 5 шар явах замын уулзварын ойролцоо нэхэмжлэлийн үндэслэл болсон хэрэг гарсан. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс ажиллагаа хийж, УБУ 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л-ийн гэм бурууг тогтоож, Зөрчлийн тухай хуульд зааснаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх тул зөрчил гаргагч Л-д торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчлийн улмаас учирсан хохирол төлбөр барагдуулаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг заасан. Иргэний хуульд заасан үндэслэлээр авто машины өмчлөгч “П.м.ф”  ХХК-ийг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Г.Э  авто машинд мөргүүлсэнтэй холбоотой эрүүл мэндэд учирсан хохирол, эмнэлгийн байгууллагад үзлэг, шинжилгээ хийлгэсэн, таяг тулж байсан, нүдний шилний төлбөр, эм тариа, мопедын үнэлгээ, засварын төлбөр, унааны төлбөр, ажилгүй байсан 48 хоногийн төлбөр зэргийг нотлох баримтаар нэхэмжилсэн. Монгол улсын Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар мопедын хөдөлгүүрийн багтаамж 50м3 учраас мотоциклын ангилалд хамаардаггүй. Мопединд тээврийн хэрэгслийн гэрчилгээ авдаггүй. Уг мопед нэхэмжлэгч Г.Э гийн ажиллаж байсан “Д”  ХХК ажил үйлчилгээндээ хэрэглэж байсан. “Д”  ХХК-иас мопедны засварын төлбөр, үнэлгээний төлбөр зэргийг байгууллага төлөөлж Г.Э  нэхэмжлэх эрхтэй гэх тодорхойлолтыг баримтаар гаргаж өгсөн. Иймд мопедны үнэлгээ, засварын төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Э  “Д”  ХХК-д ажилд ороод 3 сарын хугацаа болоогүй учраас шимтгэл авах эрх үүсэхгүй гэх үндэслэлээр Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олгоогүй. Энэ талаарх тодорхойлолтыг “Д”  ХХК-иас ирүүлсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д зааснаар машин, мопед мөргөлдсөний улмаас мопед, унаж явсан Г.Э гийн биед гэмтэл учирсан. Болсон үйлдэлтэй холбоотой хор уршиг учирсан. Хор уршиг үйлдэл 2 шалтгаант холбоотой гэх үндэслэлээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар өөрт учирсан 2.703.135 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч талаас Л-ээс Г.Э гийн эрүүл мэндэд учирсан төлбөрийг барагдуулсан байх гэлээ. Гэтэл тухайн үед Л  хохирол төлбөрт 600.000 гаруй төгрөг төлнө гэх тодорхойлолт Замын цагдаад гаргаж өгсөн боловч энэ хүн өнөөдрийг хүртэл хохирол төлбөрт ямар ч төлөөгүй, эргэж холбогдоогүй алга болсон. Иймээс авто машины хууль ёсны өмчлөгч “П.м.ф”  ХХК-иас зөрчлийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс нэхэмжлэгчийн шаардсан 2.703.135 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн үйлдэлд манай компанийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан үнийн дүн, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс зөрж байна. Нэхэмжлэгч “Д”  ХХК-ийн эзэмшлийн мопедын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэдэг ч тус компаниас эд хөрөнгөд учирсан хохирол нэхэмжлэх итгэмжлэл Г.Э д албан ёсоор олгоогүй, итгэмжлэл авагдаагүй. “Д”  ХХК-иас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд мопедны хохирол нэхэмжлэхэд Г.Э  итгэмжлэлээр оролцоно гэх итгэмжлэл Цагдаагийн байгууллагад олгосноос мопединд учирсан төлбөр нэхэмжлэх хууль ёсны эрх үүсээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс мопедны үнэлгээ гаргахад захиалагчаар оролцож байгаа учраас захиалагч нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой гэж үзэж байна. Иймд мопединд учирсан төлбөр нэхэмжлэх нотлох баримт, шаардлага хангахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн зардалд 300.000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч иргэний эрх зүйн харилцаанд өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсан төлбөрийг хариуцагч хүлээх боломжгүй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаагаар үгүйсгэгдэж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 982.000 төгрөг төлөх үндэслэлгүй юм гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Э  2017.07.17-ны 19-ний цагийн үед зам тээврийн осолд орж, өөрт, болон унаж явсан мопедэд учирсан хохирол 2.703.135 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг “П.м.ф”  ХХК-нд холбогдуулан гаргажээ.

Хариуцагч “П.м.ф”  ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2017.07.17-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн -р хороо -р байрны баруун урд уулзварт “П.м.ф”  ХХК-ийн BMW маркийн 00-00  УБУ дугаартай автомашины жолооч Н.Л  Г.Э  жолоочтой мопедтой мөргөлдөж, Г.Э г гэмтээжээ. /хх-ийн 8-10/

“П.м.ф”  ХХК-ийн BMW-000маркийн 00-00  УБУ дугаарын автомашины жолооч Н.Л  МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 жолооч зүүн  гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн ослын улмаас Г.Э гийн биед хөнгөн гэмтэл учирсан байна. /хх-ийн 18, 21/

Уг зам тээврийн осолд холбогдогч Н.Л ийн гаргасан зөрчилд Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгожээ. /хх-ийн 42 дугаар тал/

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар “П.м.ф”  ХХК нь өөрийн эзэмшлийн BMW-000маркийн 00-00  УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.Л эд шилжүүлэн өгсөн байх тул Г.Э д учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Г.Э гийн унаж явсан мопед “Д”  ХХК-ийн эзэмшлийх, уг мопедод тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ гардаггүй талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй, харин уг мопедод учирсан хохирол 262.600 төгрөгийг “Д”  ХХК Г.Э д Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг шилжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн 26 дугаар талд шаардах эрхийг шилжүүлсэн гэх боловч “Д”  ХХК Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс уг мопедны хохирол шаардах талаар албан тоот гаргажээ.

Хавтаст хэргийн материалд авагдсан баримтаас Г.Э гийн эмчилгээнд зарцуулсан төлбөр, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд  төлсөн төлбөр, өмгөөлөгчийн төлбөр нийт 1.330.330 төгрөгийг хариуцагч “П.м.ф”  ХХК-иас гаргуулах нь зүйтэй байна. /хх-ийн 49-54, 56-57, 60-70, 72, 74/ 

Харин түүний ажилгүй байсан хугацааны цалин, мопедны засварын зардал, авто тээврийн хэрэгсэлд бензин авсан гэх зардлуудыг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар “П.м.ф”  ХХК-ийн 1.330.330 төгрөг гаргуулан Г.Э д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.372.805 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 58.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, 12.000 төгрөгийг улсын орлогоос Г.Э д буцаан олгож, хариуцагч “П.м.ф”  ХХК-ийн 36.235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.СОЛОНГО

                         ШҮҮГЧИД                                      Т.ГАНДИЙМАА

                                                                                Ш.ОЮУНТУУЛ