Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00072

 

Монгол улсын хөгжлийн банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00485 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 946 дугаар магадлалтай,

 Нэхэмжлэгч: Монгол улсын хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн орон сууцны корпораци ХХК-д холбогдох,

Нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 25.649.932.438,09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Монгол улсын хөгжлийн банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч Төрийн орон сууцны корпораци ХХК /хуучнаар Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь тус банктай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3-ОС-Б 2016-10 2016/3-01 дугаартай зээлийн гэрээг байгуулан 7.055.255 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын худалдан авахаар төлөвлөж буй барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /ИВМ/-ыг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Талуудын хооронд байгуулсан үндсэн зээлийн гэрээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болон 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Зээлдэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь зээлийн гэрээгээр хулээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б-ОС-Б 2016-11 дугаартай Барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно. Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7.055.255 ам.доллараас төлөлт огт хийгээгүй, төлбөл зохих нийт хүүгийн төлбөрт 2.388.752.56 ам.доллароос, нэмэгдүүлсэн хүүнд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 45.467.19 ам.доллар төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн. Иймд зээлийн үлдэгдэлд 7.055.255 ам.доллар, зээлийн хүүд 2.213.782.13 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 129.503.13 ам.доллар, нийт 9.398.540.36 ам.доллар буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол банкны ам.долларын ханш болох 2 729.14 төгрөгөөр тооцон 25.649.932.438 төгрөгийн Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хөгжлийн банктай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 7.055.255 ам.долларын үнийн дүн бүхий зээлийн гэрээг байгуулж гэрээний дагуу санхүүжилт хийгдсэн боловч тухайн гэрээг байгуулах болсон үндэслэл, шалтгаан нөхцөлийн талаар тайлбарлах нь зүйтэй байна. Тус зээлээр барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг санхүүжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 462 дугаар тогтоол гарч, Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-т шаардлагатай дээрх тоног төхөөрөмжийг авахаар шийдвэрлэсэн боловч худалдагч тал болох Америкийн компаниас цэргийн байгууллагад худалдахгүй, иргэний байгууллагад худалдана гэсэн санал тавьснаар Засгийн газрын 2016 оны 60 дугаар тогтоол гарч, ажлын хэсэг байгуулагдан 8.300.000 ам.долларын үнэтэй хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг нийт үнийн дүнгийн 30 хувийг төлж, үлдсэн 70 хувийн төлбөрийг аккердитивээр төлөхөөр тохиролцсоны дагуу Америкийн MIC industries компанитай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. ТОСК ТӨХХК нь тус тоног төхөөрөмжийн үнийн 85 хувь болох 7.055.255 ам.долларыг Хөгжлийн банкнаас жилийн 8 хувийн хүүтэй зээл авч, үлдсэн 15 хувь болох 1.245.045 ам.долларыг өөрийн эх үүсвэрээс Төрийн банктай байгуулсан аккредитивын гэрээгээр төлж барагдуулсан бөгөөд Төрийн банкны шимтгэлд гэхэд л 32.135.94 ам.долларын зардал төлсөн. Манай байгууллагын хувьд уг тоног төхөөрөмжийг худалдан авах хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол анхнаасаа байгаагүй бөгөөд худалдагч талын тавьсан шаардлагаас улбаатайгаар Батлан хамгаалах яам худалдан авах боломжгүй болж түүний өмнөөс манай байгууллага авсан. Засгийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 26-нд тогтоол гарч, Ерөнхий сайдын 22 тоот захирамжаар ажлын хэсэг томилогдон тоног төхөөрөмжийг Батлан хамгаалах яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын 48 дугаар тогтоолоор барилгын хийц үйлдвэрлэлийн хөдөлгөөнт цогцолборын эх үүсвэрийг улсын төсөвт суулган, Батлан хамгаалах яаманд балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу тоног төхөөрөмжийг 2017 оны 08 дугаар сарын 02-нд гаалийн баталгаат агуулахаас авч, Батлан хамгаалах яаманд хүлээлгэн өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэгдэлээр дээрх тоног төхөөрөмжийг ашиглах, ашиглалтаас олох орлогоор Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүг эргэн төлөхөд зарцуулахыг Батлан хамгаалах яаманд даалгасан байдаг. Засгийн газар 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар УИХ-аас баталсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтыг жил бүрийн хаврын чуулганаар батлаад тэгээд санхүүжүүлэхэд зориулж зээл олгох ёстой. Гэтэл ингэж УИХ-аар батлуулсан төсөл байхгүй. Зөвхөн тоног төхөөрөмж худалдаж авах гэрээ л байдаг, ямар ч техник эдийн засгийн үндэслэл, тооцоо хийгээгүй нь хууль зөрчсөн. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3.-т заасан үр ашигтай байх, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2., 10.1.3.-т заасан тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах, зураг, төсөл, төсөв, ТЭЗҮ хийгдсэн байх гэсэн шаардлагуудыг хангаагүй, 6 дугаар зүйлийн 6.1.5.-д заасан хариуцлагатай байх зарчмаа ч зөрчсөн. Үүнээс болж манай байгууллага дунд нь зөвхөн валютын ханшнаас гэхэд л 5 тэрбум төгрөгийн алдагдалд орж байна. Эдгээрээс дүгнэн манай байгууллага нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 7.055.255 ам.долларыг авсан өгснөө буцаах зарчмын дагуу төлж барагдуулахыг зөвшөөрч, татгалзах зүйлгүй бөгөөд үндсэн хүүгийн үлдэгдэл 2.213.782.24 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 129.503.13 ам.долларын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00485 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК-иас 25 152 059 931 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 497 872 507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 407 613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125 918 247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 946 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2 647 312.54 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд гомдол гаргагч буюу нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг ноцтойгоор дордуулсан. Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК анхан шатны шүүхийн шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэрэгсэхгүй болгосон 497.872.507 төгрөгийг нэмж гаргуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг бүхэлд хянасан нь процессийн эрх зүйн диспозитив зарчмыг зөрчиж, талуудын гомдлын хүрээнээс хэтэрч, шүүх өөрийн санаачлагаар маргалдаж байгаа талуудын шүүхэд хандаж хянуулахаар хүсэлт тавиагүй асуудлыг хөндөж, үүнийгээ үндэслэл болгож байгаа нь мэтгэлцэх зарчимд ч мөн харшилж байна. Зээлийн гэрээ болон түүнд оруулсан гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээ түүний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохирсон бөгөөд эргэн төлөлтийг баталгаажуулсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол баримтыг тайлан бүртгэл, санхүүгийн тэмдэгээр баталгаажуулан хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. Мөн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэл болох эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн хувьд Засгийн газрын тогтоолуудаар баталгаажсан. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн дүрэм, үйл ажиллаганы зорилго, зорилтыг судалж хариуцагчийн маргаж буй үйл баримт болгонд шүүх үнэлэлт, дүгнэлт хийсэн байх тул магадлалыг эрх зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэж анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь гомдол гаргагчийн гомдлын хүрээнээс хальж, хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК-ийн гомдол гаргаагүй шийдвэрийг анхан шатны шүүхээр дахин хянуулахаар буцаах үндэслэл байхгүй тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгээс 497.872.507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байгаа. Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь анхан шатны шүүхийн бодсон зээл, зээлийн хүүгийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг тооцооллыг хянаж үзвэл дараах алдаа гарсан байна. Үүнд: 2016 оны 02 дугаар сарын 05-наас 2017 оны 01 дүгээр сарын 23-ныг хүртэл нийт 323 хоног бус 353 хоног байх тухай: Иргэний хуулийн 71 дүгээр эүйлийн 71.1, 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг анхан шатны шүүх зөрчиж нийт 30 хоног дутаасан байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 353 хоногийн үндсэн хүү 553.445.56 ам.доллар бодогдох ёстой байтал 323 хоногоор бодож 505.904.11 ам.долларын үндсэн хүү бодсон нь үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 47.541.45 ам.долларыг буюу 30 хоногийн үндсэн хүүт дутуу тооцож хассан байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1-т Зээлийн эхний олголтыг энэхүү гэрээний 3.1.7-д заасан дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэн зээлийн хугацааг тооцох бөгөөд энэ өдрөөс эхлэн хүү тооцно. Зээлийн хүүг сар тутам харгалзах бодит хоногоор, жилийн 360 хоног байхаар, нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтрүүлсэн хоног тутам харгалзах бодит хоногоор тооцно гэж гэрээгээр харилцан тохиролцсон тул ашигласан бодит хоногийг дээрх хугацаанд нийт 353 хоног байхаар банк тооцсон нь хугацаа тоолох журам болон зээлийн гэрээнд нийцсэн болно. Зээлийн гэрээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 3.3-т Зээлдэгч нь гэрээ хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг банкинд төлөх бөгөөд энэ нь гэрээ хүчин төгөлдөр болох нэгэн нөхцөл болно гэж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 3.3-т зээлдэгч нь хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болох өдөр банкинд төлөх бөгөөд банк нь зээлдэгчийн харилцах данснаас суутган авна гэж, 2018 оны нэмэлт, өөрчлөлтийн гэрээний 2.3-т Үндсэн гэрээний 3.1.5 дахь заалтад Үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг хугацааны эцэст нэг удаа хавсралтад тодорхойлсон хуваарийн дагуу төлнө гэснийг Үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлнө гэж өөрчлөх;" гэж нэмэгдүүлсэн хүүгийн тухай нэмэлт, өөрчлөлтийн гэрээ тус бүрт талууд харилцан тохиролцож байсан. Банк нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үндсэн төлбөрийн хуваарь зөрчигдөх бүрт тооцсон нь Иргэний хууль болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг зөрчөөгүй тул нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагаас 77.070.13 ам.доллар хассаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр нэмэлтээр гаргасан тайлбарт нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн төлбөрийг ямар хэмжээгээр төлөх зээлийн хүүгийн бодолтын талаар маргаагүй байхад анхан шатны шүүх маргаангүй харилцаанд хөндлөнгөөс зээл, зээлийн хүүгийн тооцоолол буруу хийсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгож магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлээс 497.872.507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүчингүй болгож, Төрийн орон сууцны корпораци ХХК-иас 25.649.932.438.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монгол улсын Хөгжлийн банк ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Монгол улсын Хөгжлийн банк ХХК нь Төрийн орон сууцны корпораци ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 9.398.540,36 ам.доллар буюу 25.649.932.438,09 төгрөг шаардаж, 2016.02.05-ны өдрийн З-ОС-Б, 2016-10, 2016/3-01 зээлийн гэрээг үндэслэсэн бөгөөд хариуцагч ...гэрээ хүчин төгөлдөр бус, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй... гэж маргасан байна.

 Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нийт 25.152.059.931 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэлээс 497.872.507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцаажээ.

 Монгол улсын Хөгжлийн банк ХХК нь ...магадлалыг хүчингүй болгох ...нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах...-р хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.

 Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргасны дараа хариуцагч Төрийн орон сууцны корпораци ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/12 дугаар албан бичгээр тус шүүхэд хандаж, ...Монгол улсын Хөгжлийн банк ХХК-д нийт 25.649.932.438,09 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. ...манай байгууллагын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 1. Төрийн орон сууцны корпораци ХХК-н 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/12 дугаартай албан бичгийг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг батлах боломжгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт ...хяналтын журмаар гомдол гаргасны дараа хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж., 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт ...хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ...тогтоол гаргана. гэж тус тус заасан байна.

 25.649.932.438,09 төгрөгийг Монгол улсын Хөгжлийн банк ХХК-д төлөхийг зөвшөөрөх, уг зөвшөөрлийг батлуулах тухай хүсэлтийг Төрийн орон сууцны корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал гаргасан байна.

 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019.01.22-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн орон сууцны корпораци ХХК-ийн дүрэм /хх-25/-ийн 10.1, 10.4-р гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулахаар байна. Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт ...гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах ...зэргээр үйл ажиллагаа явуулна... гэж заажээ.

 Хариуцагчийн зөвшөөрлийг батлуулах тухай хүсэлт нь Төрийн орон сууцны корпораци ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд байгаа эсэх, энэ талаар зөвшөөрөл олгогдсон эсэх нь тодорхойгүй байна.

 Төрийн орон сууцны корпораци ХХК-н 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/12 дугаарт хүсэлтээр хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн ...хуульд харшлаагүй бол... зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох... зохицуулалтад нийцэхгүй байна.

 Иймд зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 2. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа ...талууд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эсэх, зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх эсэх талаар маргасан... хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй, зохигч мэтгэлцээгүй... зээлийн тооцоолол тодорхой бус... гэсэн үндэслэл заажээ.

 Гэрээг хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна энэ талаар сонирхогч этгээд нэхэмжлэл гараагүй бол гэрээг хүчин төгөлдөр гэж үздэг. Хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ шаардах эрхийг үүсгэнэ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа зээлийн гэрээ хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 56 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.

 Түүнчлэн, нэхэмжлэгч нь үндсэн зээл 7.055.255 ам.доллар, зээлийн хүү 2.213.782,24 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 129.503,13 ам.доллар, нийт 9.398.540,36 ам.доллар буюу 25.649.932.438,09 төгрөг шаардсан боловч энэ талаарх тооцоо тодорхой бус буюу үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 Шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүйгээс хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх буюу өөрчлөлт оруулах боломжгүй, шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т нийцэж байх тул магадлалыг хэвээр үлдээв.

3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт хийж, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг зохигчоос тодруулах зэрэг ажиллагааг хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 946 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Монгол улсын Хөгжлийн банк ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 2.717.512 /2647312+70200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.УНДРАХ 

ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЧИМЭГ