Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2020/00485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: “МУХБ” ХХК--ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТСОК” ХХК- холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 25 649 932 438,09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-нд хүлээн авч  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох, Л.Болдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг, Б.Итгэлбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов. 

         

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох, Л.Болдхүү нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “Төрийн орон сууцны корпораци” ХХК /хуучнаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ/ нь тус банктай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3-ОС-Б 2016-10  2016/3-01 дугаартай “Зээлийн гэрээ”-г  байгуулан 7 055 255  ам.долларыг жилийн 8  хувийн хүүтэй, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын худалдан авахаар төлөвлөж буй барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /ИВМ/-ыг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. 

Талуудын хооронд байгуулсан үндсэн зээлийн гэрээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болон 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр  тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Зээлдэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь  “Зээлийн гэрээ”-ээр хулээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б-ОС-Б 2016-11 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно. Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7 055 255  ам.доллараас төлөлт огт хийгээгүй, төлбөл зохих нийт хүүгийн төлбөрт 2 388 752.56  ам.доллароос,  нэмэгдүүлсэн хүүнд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 45 467.19  ам.доллар төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн.  Иймд нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэлд 7 055 255 ам.доллар, зээлийн хүүд 2 213 782.13 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 129 503.13 ам.доллар, нийт 9 398 540.36 ам.долларыг нэхэмжилж байна.

Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаатай мэдэгдэл өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Бид 9 398 540.36 ам.долларыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монголбанкны ам.долларын ханш болох 2 729.14 төгрөгөөр тооцон 25 649 932 438 төгрөгийн “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгон шийдвэрлэж өгнө үү.

2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.,7.1.3., 13 дугаар зүйлийн 13.1.-д зааснаар зээл олгох, авах, баталгаа, батлан даалт гаргах эрхтэй. 2017 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2., 23 дугаар зүйлийн 23.2.-т  зааснаар ч УИХ, Засгийн газар аль аль нь санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан батлахгүй гээд заасан байдаг. Иймд хууль зөрчсөн зүйлгүй. Засгийн газрын 60 дугаар тогтоолоор тус банкны хувьцаа эзэмшигч Засгийн газрын  өгсөн бүрэн эрхийн дагуу л  “Шинэ сум” гэдэг төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төслүүдийг нэг бөгөөд хариуцагчийн хүсэлтээр зээлийн гэрээг байгуулсан учир гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, өөр гэрээг халхавчлах зорилго байгаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Хэрэгт “Төрийн орон сууцны корпораци” ХХК-иас гаргасан хүсэлтүүдээс ч энэ нь харагдаж байна.

Бид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцааны дагуу үүрэг шаардаж байгаа, авсан зээлээ төлөөгүй байгаа гэдгээ хариуцагч тал зөвшөөрсөн. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл байхгүй. Барьцааны зүйл болох тоног төхөөрмж нь хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн өмчлөлийн зүйл хэвээр байна гэв.

 

Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг, Б.Итгэлбат нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөгжлийн банктай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 7 055 255  ам.долларын үнийн дүн бүхий “Зээлийн гэрээ”-г байгуулж гэрээний дагуу санхүүжилт  хийгдсэн боловч тухайн гэрээг байгуулах болсон үндэслэл, шалтгаан нөхцөлийн талаар тайлбарлах нь зүйтэй байна. Тус зээлээр барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг санхүүжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 462 дугаар тогтоол гарч, Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-т шаардлагатай дээрх тоног төхөөрөмжийг  авахаар шийдвэрлэсэн боловч худалдагч тал болох Америкийн компаниас цэргийн байгууллагад худалдахгүй, иргэний байгууллагад худалдана гэсэн санал тавьснаар Засгийн газрын 2016 оны 60 дугаар тогтоол гарч, ажлын хэсэг байгуулагдан 8 300 000 ам.долларын үнэтэй хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг нийт үнийн дүнгийн 30 хувийг төлж, үлдсэн 70 хувийн төлбөрийг аккердитивээр төлөхөөр тохиролцсоны дагуу  Америкийн  “MIC industries”  компанитай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг.  “ТОСК” ТӨХХК нь тус тоног төхөөрөмжийн үнийн 85 хувь болох 7 055 255 ам.долларыг Хөгжлийн банкнаас жилийн 8 хувийн хүүтэй зээл авч, үлдсэн 15 хувь  болох 1 245 045 ам.долларыг өөрийн эх үүсвэрээс Төрийн банктай байгуулсан  аккредитивын гэрээгээр төлж барагдуулсан бөгөөд Төрийн банкны шимтгэлд гэхэд  л 32 135.94 ам.долларын зардал төлсөн.  Манай байгууллагын хувьд уг  тоног төхөөрөмжийг худалдан авах хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол анхнаасаа байгаагүй бөгөөд худалдагч талын тавьсан шаардлагаас улбаатайгаар Батлан хамгаалах яам худалдан авах боломжгүй болж түүний өмнөөс манай байгууллага авсан байдаг.

Засгийн газраас 2017 оны 01дүгээр сарын 26-нд тогтоол гарч, Ерөнхий сайдын 22 тоот захирамжаар ажлын хэсэг томилогдон тоног төхөөрөмжийг Батлан хамгаалах яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.  2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын 48 дугаар тогтоолоор барилгын хийц үйлдвэрлэлийн хөдөлгөөнт цогцолборын эх үүсвэрийг улсын төсөвт суулган, Батлан хамгаалах яаманд балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу тоног төхөөрөмжийг 2017 оны 08 дугаар сарын 02-нд гаалийн баталгаат агуулахаас авч, Батлан хамгаалах яаманд хүлээлгэн өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэгдэлээр  дээрх тоног төөхөөрөмжийг ашиглах, ашиглалтаас олох орлогоор Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүг эргэн төлөхөд зарцуулахыг Батлан хамгаалах яаманд даалгасан байдаг. 

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх нэг үндэслэлээ бид Хөгжлийн банктай байгуулсан 7 055 255 ам.долларын үнийн дүн бүхий "Зээлийн гэрээ”-г хийгдсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дээрх тоног төхөөрөмжийг худалдан авах хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол манай байгууллагад анхнаасаа байгаагүй, авах хүсэлтэй байсан Батлан хамгаалах яамны өмнөөс манай байгууллагаар дамжуулан Америкийн компанитай худалдах худалдан авах гэрээг байгуулж улмаар энэ зээлийг авхуулсан байдаг. Энэ нь тус зээлийн гэрээ нь өөр нэгэн хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл болохыг харуулж байгаа буюу Батлан хамгаалах яам болон Засгийн газрын хооронд хийгдсэн хэлцлийг халхавчилж, түүний улмаас зээл авахад хүргэсэн харилцаа болжээ гэж үзэж байна. Одоо уг тоног төхөөрөмж Батлан хамгаалах яамны эзэмшилд очсоноор манай байгууллага өөрийн хүсэл, сонирхлын хүрээнд, тухайн тоног төхөөрөмжийг авах хэрэгцээ, зорилгоор уг зээлийн гэрээг байгуулаагүй, өөр хэлцлийн хэрэгжилтийг хангах үүднээс байгуулсан гэдэг нь мөн Засгийн газраас Батлан хамгаалах яаманд уг тоног төхөөрөмжийг ашиглаж, олох орлогоор нь  Хөгжлийн банкны зээлийн төлбөрийг төлөхийг даалгасан байдлаас тус тус харагдаж байна.  Дээрх зээлийн гэрээ нь өөрөө Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь Хөгжлийн банк тухайн зээлийг олгохдоо манай байгууллагын санхүүгийн чадвар, тухайн зээлийг төлөх боломж, зээлийг авах шаардлага байгаа эсэх зэргийг эрхийнхээ хүрээнд судалж тооцолгүйгээр зээлийг олгосон нь үнэн санаанаасаа бус, өөр нэг хэлцлийг халхавчилж, яаралтайгаар хийсэн гэрээ болох нь харагдаж байгаа юм. Энэ нь манай байгууллагын алдагдалтай ажиллаж байгаа, мөн өөр их хэмжээний өртэй болохыг харуулсан санхүүгийн тайлангаар нотлогдсон. Их хэмжээний хугацаа хэтэрсэн өр зээлтэйг мэдсээр атлаа дахин өр нэмэгдүүлэн нэмж зээл олгосон нь өөрөө хуулиа зөрчсөн гэж үзэж байна.

 Засгийн газар 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар УИХ-аас баталсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтыг жил бүрийн хаврын чуулганаар батлаад тэгээд санхүүжүүлэхэд зориулж зээл олгох ёстой. Гэтэл ингэж УИХ-аар батлуулсан төсөл байхгүй. Зөвхөн тоног төхөөрөмж худалдаж авах гэрээ л байдаг, ямар ч техник эдийн засгийн үндэслэл, тооцоо хийгээгүй нь хууль зөрчсөн. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3.-т заасан үр ашигтай байх, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2., 10.1.3.-т заасан  тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах, зураг, төсөл, төсөв, ТЭЗҮ хийгдсэн байх гэсэн шаардлагуудыг хангаагүй, 6 дугаар зүйлийн 6.1.5.-д заасан хариуцлагатай байх зарчмаа ч зөрчсөн. Үүнээс болж манай байгууллага дунд нь зөвхөн валютын ханшнаас гэхэд л 5 тэрбум төгрөгийн алдагдалд орж байна.

 Эдгээрээс дүгнэн манай байгууллага нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 7 055 255 ам.долларыг авсан өгснөө буцаах зарчмын дагуу төлж барагдуулахыг зөвшөөрч, татгалзах зүйлгүй бөгөөд үндсэн хүүгийн үлдэгдэл 2 213 782.24 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 129 503.13 ам.долларын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                             

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч  “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 398 540.36 ам.доллар буюу 25 649 932 438  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч тал  нь үл зөвшөөрч, Засгийн газрын 2015 оны 462 дугаар тогтоолоор “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын худалдан авах байсан барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг санхүүжүүлэх тухай шийдвэрлэсэн бөгөөд худалдагч тал болох АНУ-ын “MIC industries“ компани нь цэргийн байгууллагад худалдахгүй, иргэний байгууллагад худалдана гэсэн шаардлага тавьснаар Засгийн газрын 2016 оны 60 дугаар тогтоол гарч ажлын хэсэг байгуулан 8 300 000 ам.долларын үнэтэй дээрх төхөөрөмжийг худалдан авахаар болж, тус компанитай худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж,  7 055 255 ам.долларыг Хөгжлийн банкаас жилийн 8 хувийн хүүтэйгээр зээл авч, 1 245 045 ам.долларыг өөрийн эх үүсвэрээс тус тус төлсөн. Уг төхөөрөмжийг манай байгууллага худалдан авах хэрэгцээ, шаардлага байгаагүй, Батлан хамгаалах яам гэрээ байгуулах боломжгүй болж, манай байгууллагаар дамжуулан гэрээг байгуулж, улмаар зээл авхуулсан. Тоног төхөөрөмж нь одоо Батлан хамгаалах яамны эзэмшилд байгаа, Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр дээрх төхөөрөмжийг ашиглах, ашигласнаас олох орлогоор Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүг эргэн төлөхөд зарцуулахыг тус яаманд даалгаж шийдвэрлэсэн байдлаас харагдаж байна. Зээлийн гэрээ нь Батлан хамгаалах яам болон АНУ-ын компанийн хооронд  хийгдсэн хэлцлийг  халхавчилж хийсэн, тухайн үед мөрдөгдөж байсан Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д заасны дагуу УИХ-ийн чуулганаар батлагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдэд зээл олгох байхад ингэж батлагдаагүй, тооцоогүй, техник эдийн засгийн үнэлгээ хийгдээгүй төсөлд зээл олгосон, түүнчлэн манай компани их хэмжээний өр төлбөртэй байхад дахин өр нэмэгдүүлэн зээл олгосон, хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1., 10.1.2., 10.1.3.-д заасныг болон өөрийн дүрмээ зөрчсөн тул уг зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан, иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй, харин авсан өгснөө буцаах зохицуулалтын дагуу 7 055 255 ам.долларыг  буцааж төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 328 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпараци” Төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулсан нь дээрх 328 дугаар тогтоол, “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 9013001044 улсын бүртгэлийн дугаартай 5745535 регистрийн дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээ,  тус газрын дүрэм,  “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 9011791119 улсын бүртгэлийн дугаартай 5745535 регистрийн дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  дүрэм зэргээр нотлогдсон.

Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ХХК  /хуучин нэрээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ/ нь нэхэмжлэгч  “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-иас 2016 оны  02 дугаар сарын 05-нд  АНУ-ын “MIC industries“ корпорациас  барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /UBM/-ыг худалдан авах зорилгоор 7 055 255 ам.долларыг, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийг хангахаар 2016 оны  01 дүгээр сарын 15-ны өдрийн “ТОСК” ТӨҮГ болон  АНУ-ын “MIC industries“ корпорацийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /UBM/-ын тоног төхөөрөмж, түүний бүх дагалдах хэрэгсэл, баримт бичгийг барьцаалсан байна.

Уг зээлийн гэрээний хугацаа дуусахад талууд 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар нийт 3 удаа гэрээний хугацааг сунгажээ.

Дээрх үйл баримт нь “ТОСК” ТӨҮГ-ын 2016 оны 02 дугаар сарын 04ний өдрийн 1/137 тоот “Санхүүжилт хүсэх тухай” Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д гаргасан албан бичиг, талуудын хооронд байгуулсан 2016 оны  02 дугаар сарын 05-ны өдрийн  З-ОС-Б 2016-10 2016/3-01 тоот “Зээлийн гэрээ”, З-ОС-Б 2016-10, 2016/3-01-1 тоот, З-ОС-Б 2016-10, 2016/3-01-2 тоот, З-ОС-Б 2016-10, 2016/3-01-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд, 2016 оны  02 дугаар сарын 05-ны өдрийн Б-ОС-Б  2016-11 тоот “Барьцааны гэрээ”, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны 5 дугаар тэмдэглэлийн хэсэг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 11 тоот “Зээл олгох зөвшөөрөл олгох тухай” тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 113 тоот, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 58 тоот, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 45 тоот  зээлийн гэрээний хугацааг сунгах  зөвшөөрөл олгосон тухай тогтоолууд тэдгээрийн  хавсралтууд, “ТОСК” ТӨҮГ-ын 2016 оны 01 дүгээр 28-ны өдрийн 1/122 тоот, 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/137 тоот  зээл, санхүүжилт  хүсэх тухай албан бичгүүд, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/1455 тоот, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/244 тоот, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/604 тоот зээлийн гэрээний хугацааг сунгах тухай  хүсэлтүүд зэргээр нотлогдсон байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль /2011 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар нэхэмжлэгч нь  зээл олгох, авах, гадаад төлбөр тооцоо хийх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас гаргах, худалдах, гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах, зээл худалдах, санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, хөрөнгө, өр төлбөрийн зүй зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг эрхлэхээр заасны дагуу хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-тай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ”-г байгуулсан байх  бөгөөд уг  зээлийн гэрээ нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.2.,156 дугаар зүйлийн 156.1.-д  заасан шаардлагыг мөн түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.

 

2.Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь гэрээний зүйл болох 7 055 255 ам.долларыг зээлдэгч буюу хариуцагч талд шилжүүлэх, зээлдэгч нь жилийн 8 хувь, сард 0,6667 хувийн хүү буюу зээлийн үнэ төлөх, гэрээний хугацаанд зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсний дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 05-нд 7 055 255 ам.долларыг хариуцагч байгууллагад шилжүүлсэн болох нь Хөгжлийн банкны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Зээлийн гүйлгээ хийх шийдвэр”, мемориалын баримтууд, “ТОСК” ТӨҮГ-ын төлбөрийн даалгавар, “Голомт банк” ХХК-ийн гадаад төлбөрийн даалгавар зэрэг баримтууд, зохигчдын тайлбараар нотлогдож, энэ талаар талууд маргаагүй байна.

 

3. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 30-нд дууссан байх ба хэрэгт авагдсан “Зээл, зээл хүү тооцоолол” гэсэн баримтаар энэ хугацаанд хариуцагч талаас 2017 оны 01 дүгээр сарын 23-нд 45 467.19 ам.доллар төлснийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон талаар нэхэмжлэгч тал тайлбарласан.

Дээрх 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн З-ОС-Б 2016-10 2016/3-01 тоот зээлийн гэрээний 3.1.5-д “Үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг хугацааны эцэст нэг удаа хавсралтад тодорхойлсон хуваарийн дагуу төлнө...” гэж заасны дагуу  талууд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гүйцэтгэх хугацааг гэрээ дуусгавар болох өдрөөр буюу 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тодорхойлж тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийн хүүг сар бүрээр төлөх үүрэг хүлээгээгүй болох нь зээлийн гэрээний дээрх заалт болон түүнийг 3 удаа сунгаж байсан гэрээнүүд, хавсралтуудаар нотлогдсон.

Үүнээс үзэхэд хариуцагч “ТОСК” ХХК-ийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээл, зээлийн хүү төлөх гэрээний үүргээ зөрчсөн байна.

Зээлийн гэрээний дагуу хариуцагч “ТОСК” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 23-нд буюу гэрээний хугацаанд 45 467.19 ам.доллартөлснөөс өөрөөр ямар нэгэн үүрэг гүйцэтгээгүй байх бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.10, 4.2-т зааснаар зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн хүүн дээр нэмж төлөхөөр талууд тохирчээ.

Гэтэл талуудын тохиролцож сунгасан дээрх зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх үед буюу зээл, зээлийн хүү төлж дуусах хугацаа болоогүй байх үед 2017 оны 01 дүгээр сарын 23-нд төлсөн45 467.19 ам.долларыг нэхэмжлэгч тал гэрээний хугацаа хэтрүүлсэн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд тооцон хассан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагч байгууллагын зээлийн үүргийн төлөлтийг тооцож үзэхэд:

1/.2016 оны 02 дугаар сарын 05-наас 2017 оны 01 дүгээр сарын 23-ныг хүртэл 323 хоногийн хугацаанд үндсэн зээл болох 7 055 255 ам.долларынсарын 0,6667 хувийн /өдрийн 0,0222 хувийн/ хүүд 505 904.11 ам.доллар тооцогдсон бөгөөд энэ өдөр төлсөн 45 467.19 ам.долларыг зээлээс хасч тооцоход хариуцагч нь зээлд 7 009 787.81 ам.доллар, зээлийн хүүд 505 904.11 ам.долларын үлдэгдэлтэй,

2/. 2017 оны 01 дүгээр сарын 23-наас гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2019 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэл 889 хоногийн зээлийн хүүд 1 383 435.13 ам.доллар тооцогдож, зээлд 7 009 787.81 ам.долларыг төлөх үүрэгтэй байсан байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь үндсэн зээлд 7 055 255 ам.доллар төлөхөөс 45 467.19 ам.долларыг төлж, 7 009 787.81 ам.долларыг төлөөгүй, зээлийн хүүд 1 889 339.24 ам долларыгтөлөөгүй гэрээний үүргээ зөрчжээ.

 

4.Хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 06 дугаар сарын 30-наас 2019 оны 12 дугаар сарын 18-ныг хүртэл 170 хоног хугацаа хэтрүүлж, хэтэрсэн хугацааны хүүд үндсэн зээл 7 009 787.81 ам.доллараас хоногийн 0,0222 хувиар хүү тооцоход 264 551.96 ам.доллар төлөхөөр байна.

Тодруулбал, зээлдэгч “ТОСК” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт буюу зээлд  7 009 787.81 ам.доллар, зээлийн гэрээний хугацаан дахь хүүд 1 889 339.24 ам доллар, хэтрүүлсэн хугацааны хүүд 264 551.96 ам.доллар тус тус төлөх үүрэгтэй байна.  Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” гэсний дагуу  болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.10, 4.2-т заасны дагуу гэрээний хугацааг хэтрүүлсэн дээрх 170 хоногт төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 7 009 787.81 ам.доллараас хэтрүүлсэн хоног тутамд 0,0044 хувиар нэмэгдүүлсэн хүү  тооцож 52 433 ам.долларыг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй.

 

5.Хэрэгт авагдсан, 22 тоот захирамжаар UBM/-ыг Батлан хамгаалах яаманд  шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татварын төлбөрийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Барилга хот байгуулалтын сайдаар ахлуулсан, 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж,  Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Цогцолборыг шилжүүлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай” 48  дугаар тогтоолоор дээрх зээлийн гэрээний барьцааны зүйл болох барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /UBM/-ын тоног төхөөрөмжийг Батлан хамгаалах яамны балансад шилжүүлэн тусгах, уг төхөөрөмжийг худалдан авахад зориулж Хөгжлийн банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хянаж улсын төсөвт тусгахыг холбогдох яам, газарт даалгахаар шийдвэрлэжээ.

Үүний дагуу 2017 оны 08 дугаар сарын 02-нд Зэвсэгт хүчний 017 дугаар ангид барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /UBM/-ын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болох нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан Төрийн орон сууцны корпорациас барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /UBM/ хүлээн авсан тухай акт,  хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, Батлан хамгаалах яамны 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1в/1001 тоот Хөгжлийн банканд  явуулсан албан бичиг зэрэг баримтаар нотлогдсон байна.

            Дээрхээс үзэхэд хэдийгээр “ТОСК” ХХК нь хэлцлээр олж авсан барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /UBM/ буюу барьцааны зүйлийг Батлан хамгаалах яаманд шилжүүлсэн ч зээлийн гэрээний үндсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүйн дээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д зааснаар барьцааны зүйлийг хүлээн авсантай холбоотойгоор Хөгжлийн банкнаас авсан 7 055 255 ам.долларын зээлийн гэрээний үүрэг Батлан хамгаалах яаманд шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

6.Хариуцагч талаас  Батлан хамгаалах яам болон Засгийн газрын хооронд хийгдсэн хэлцлийг, эсхүл Батлан хамгаалах яам болон АНУ-ын “MIC industries“ корпорацийн хооронд байгуулагдсан хэлцлийг халхавчилж, зээлийн гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд  “ТОСК” ТӨҮГ-ын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн хүрээнд үйлдвэрийн газрын үндсэн зорилгод нийцүүлэн АНУ-ын “MIC industries“ корпорациас  төрөл бүрийн хэмжээтэй барилга, байгууламжийг богино хугацаанд хямд зардлаар барих зориулалт бүхий барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор /UBM/-ыг худалдан авсан нь “ТОСК” ТӨҮГ-ын дүрмийн 4.1.17-д заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь  Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль /2011 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасны дагуу, хариуцагч талын барилгын тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор  зээл авах хүсэлтийг үндэслэн 2016 оны  02 дугаар сарын 05-ны өдөр З-ОС-Б 2016-10  2016/3-01 тоот “Зээлийн гэрээ”-г хариуцагч байгууллагатай байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1., 10.1.2., 10.1.3.-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

 

7. Хэрэгт авагдсан, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой “М.Ай.Си Индастриз инк” компанийн “ Хавсралт А- нэхэмжлэл” гэсэн баримтууд /хх-ийн 60-63/, гадаад хэл дээрх баримтууд /хх-ийн 65-67/  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.-т заасан шаардлагыг хангаагүй, уг баримтуудыг эх хувиас орчуулсан эсэх нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй,  мөн хариуцагч талаас гаргасан 2019 оны “ТОСК” ХХК-ийн  санхүүгийн байдлын тайлан, тус байгууллагаас  Барилга хот байгуулалтын яам, Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайд нарт явуулсан албан бичгүүд, Хөгжлийн банкинд явуулсан “Зээл шилжүүлэх тухай”, “Барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай” албан бичгүүд, “Төрийн банк” ХХК-ийн 2016 оны 02/4575 тоот албан бичиг, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, талуудын хооронд байгуулагдсан 2016 оны  02 дугаар сарын 05-ны өдрийн  З-ОС-Б 2016-10  2016/3-01 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт буюу зээлд 7 009 787.81 ам.доллар, гэрээний хугацааны хүүд  1 889 339.24 ам доллар, хэтрүүлсэн хугацааны хүүд 264 551.96 ам.доллар, гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүд  52 433 ам.доллар, нийт 9 216 112 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ам.доллартай харьцах төгрөгийн ханш болох 2 729.14 төгрөгөөр тооцон 25 152 059 931 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 182 428.36 ам.доллар буюу 497 872 507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 407 613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид  125 918 247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,  116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                                            

                                                                                                            ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч “ТОСК” ХХК-иас 25 152 059 931 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 497 872 507 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 407 613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  125 918 247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                                     ДАРГАЛАГЧ                             Ж.БАЙГАЛМАА