Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2552

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/02552

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:С.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:А.М,

 

Хариуцагч:Б.З,

 

Хариуцагч: ШШГА нарт холбогдох

 

А.Мтай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоот орон сууцыг С.Мгийн эзэмшлээс чөлөөлөх гэж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагатай  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч А.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, хариуцагч Б.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов. 

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

            Нэхэмжлэгч С.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээл авах гэтэл барьцаа хүрэхгүй байна гэхээр нь найздаа туслахаар нотариат дээр очиж, гэрээнд гарын үсэг зурсан.Тухайн үсдээ барьцааны гэрээнд гарын үсэг зурлаа л гэж ойлгосон.Харин надад холбогдуулан Д.Энхсүрэн нэхэмжлэл гаргаснаар барьцааны гэрээ бус харин Үл ходлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохоо мэдсэн бөгөөд уг гэрээг үндэслэн А.М нь миний орон сууцыг бусдад худалдсан байх тул нотариатын үйлдлийг дараах үндэслэлээр хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна.Зах зээлийн үнэлгээ 80 орчим сая төгрөгний үнэтэй байхад 30 сая төгрөгөөр орон сууцаа А.Мт зарах боломжгүй юм.Хэрэв орон сууцаа худалдсан бол уг төлбөрийг А.М нь надад огөх ёстой гэтэл миний бие ямар ч мөнгө гардаж аваагүй.Уг гэрээний эрх зүйм үр дагаварыг А.Мын танил буюу нотариатч Б.З нь надад тайлбарлаж өгөөгүй.Хэрэв тайлбарласан бол уг гэрээнд гарын үсэг зурахгүй байсаи.Миний бие нь орон сууцаа А.Мт худалдах хүсэл зориг огт байгаагүй бегөөд тэрээр намайг хууран мэхэлсэн байна.Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1.-т заасан “үйлчлүүлэгчид эрх, үүргийг иь тайлбарлан тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх” үүргээ зөрчсөн байна.Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.А.Мтай 2015.10.22-нд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон сууцыг А.М Д.Энхсүрэнд, Д.Энхсүрэн Б.Баяржаргалд худалдан борлуулсан байна.Улмаар Б.Баяржаргал шүүхэд нэхэмжлэл гаргаж түүнийг Д.Энхсүрэн хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамж гаргуулан намайг байрнаас албадан гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлд хандсан байна.Иймд Нийслэл шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шаардлага гаргаж байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай шийдвэрийг хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол ...”хэмээн заажээ.Орон байрнаас нүүлгэн гаргах шийдвэр нь хариуцагч Д.Энхсүрэнд холбогдон гарсан тул шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх эсэх нь түүнд хамааралтай ойлголт юм.Мөн зүйлийн 68.3-т “Барилга, орон сууцнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлэгүй бол ...”гэжээ.Шүүхийн шийдвэр нь Д.Энхсүрэнд холбогдон гарсан тул  түүнд мэдэгдэх хуудас өгөх ёстой байтал С.Мд мэдэгдэл өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна.Иймд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоот орон сууцыг С.Мгийн эзэмшлээс чөлөөлөх гэж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.М Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч, тус байгууллагыг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байгаа гэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд 30 000 000 төгрөг гэж бичсэн байдаг, зах зээл дээр 96 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 30 000 000 төгрөгөөр зарахгүй байсан.А.М мөнгийг Нет Капитал ББСБ-д шилжүүлсэн бол худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй гэж үзэж байна.Нотариатын үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа нь тухайн орон худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн үр дагаварыг тайлбарлаж өгөх ёстой байсан боловч Золзаяа нотариатч энэ үүргээ хэрэгжүүлээгүй.С.М орон сууцыг худалдсан талаар Д.Энхсүрэнг шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн.Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзэж байна.Бодит байдал дээр Наранбаатар гэдэг хүнд мөнгө хэрэгтэй, А.М мөнгө зээлдүүлэх сонирхолтой байсан.А.М барьцаа хөрөнгө байна гэхэд өөр этгээдийн хөрөнгийг барьцаалсан тул барьцааны гэрээг халхавчлан хийсэн хэлцэл байна.Иймд гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.      

 

Хариуцагч А.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүхэд гаргасан тайлбартаа:А.Мтай 2015 оны 10 дугаар сарын 22-нд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатийн үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.С.М Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоот 2 өрөө орон суцаа 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татвар бага төлөх зорилгоор гэрээний 1-т заасан байраа 30 000 000 төгрөгөөр худалдснаар тохирч бичсэн.Тэрээр анхнаасаа орон сууц худалдах гэрээ хийж байгаагаа ойлгож, өөрийн хүсэл зоригоор байраа зарсан.Ц.Наранбаатар Нэт Капитал ББСБ-д өртэй байсан учир энэ өрийг дарах зорилгоор С.Мд байгууллагаас нь бэлгэнд өгсөн байрыг худалдсан болох нь гэрч М.Нямжавын мэдүүлэгээр нотлогдоно.2015 оны 10 дугаар сарын  23-ны өдөр А.М нь төрийн банкаар дамжуулж ББСБ-ын өр барагдуулах албаны ажилтан Нямжавын дансанд шилжүүлсэн болох нь харилцагчийн депозит дансны хуулгаар нотлогдоно.Мөн А.М нь үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах 2 хувийн татвар С.М  гэж 600 000 төгрөг тушаасан болох нь А.Мын тайлбар үнэн зөв болохыг давхар гэрчилж байна.С.М нь А.Мын танил нотариатч Б.З надад гэрээний эрх зүйн үр дагаварыг тайлбарлаагүй гэжээ.Би Б.З гэх нотариатчийг танихгүй, уг нотариатч бид хоёрт гэрээний хууль зүйн үл дагаварыг тайлбарлаж өгснөөр бид гарын үсгээ зурсан.С.М нь байраа бусдад зарснаа нэг жилийн дараа мэдлээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй байна гэжээ.

 

Хариуцагч А.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч барьцааны гэрээг найздаа туслах зорилгоор байгуулсан, өөрийнхөө байрыг 30 000 000 төгрөгөөр худалдах боломжгүй, өөрөө мөнгө хүлээж аваагүй гэж ярьдаг.Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байдаг.Иргэний хуульд зааснаар 2 өрөө орон сууцыг хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан.Мөн талуудын хооронд байгуулсан гэрээг тэгш эрхийн хүрээнд байгуулсан байна.Гэрээнд 30 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч С.М нь А.Мт 50 000 000 төгрөгөөр худалдсан нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр А.М өөрийнхөө төрийн банкин дах данснаас Нет Капитал ББСБ-ын ажилтан М.Нямжавын дансанд 49 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.Уг мөнгөөр өөрийнхөө зээлийн хаалтыг хийсэн гэдэг нь баримт болон гэрчийн мэдүүлэгээр тогтоогдож байгаа.Татвараас зайлсхийхийн тулд 30 000 000 төгрөг гэж гэрээнд бичүүлсэн.А.М татварын 600 000 төгрөгийг тушаахдаа С.Мгийн нэрээр тушаасан байдаг.М.Нямжавын мэдүүлэгт Ц.Наранбаатар С.М хоёр А.Мыг холбож өгсөн гэдэг.А.М М.Нямжаваас мөнгийг хэний дансанд хийхийг асуусан байдаг.Худалдах, худалдан авах гэрээнд өөрсдөө гарын үсэг зурсан, орон сууц дамжаад хүмүүст зарагдсан байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөхгүй байна.Нотариатч 2 талын хүсэл зоргийг илэрхийлсэн гэрээнд гэрчийн байдлаар оролцдог.Түүнээс талууд эд хөрөнгөө үнэтэй өгөх үү, эсхүл зүгээр  өгөх үү гэдэг нь нотариатчийн эрх хэмжээний асуудал биш, гэрээ байгуулж байгаа этгээдийн эрхийн асуудал юм.Нотариатч нь мөнгөө өгсөн эсэхэд хяналт тавихгүй, нотариатч А.Мыг таньдаг гэдгийг нотлоогүй байна.Гэрээ монгол хэл дээр хийгдсэн байдаг.Эд хөрөнгийн бичиг баримт эх хувиараа байгаа нөхцөлд нотариатч гэрчлэх үүрэгтэй.Тухайн өдөр орон сууцыг худалдаххүсэл зоригоо илэрхийлж нотариат дээр ирж байгаа нь өөрөө хүсэж хийсэн гэдэг нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М хариуцагч А.М, Б.З болон ШШГАнд холбогдуулан А.Мтай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатийн үйлдлийг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.М нь ШШГАнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч, тухайн байгууллагыг энэхүү хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.

 

С.М өөрийнхөө А.Мтай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатийн үйлдлийг хүчингүй болгох шаардлагын үндэслэлийг тухайн гэрээг гэрчлэх үед нотариатч надад эрх үүргийг тайлбараагүй, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулаагүй, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгөх үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байна.

 

            С.Мөнхнасан нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100-Б байрны 64 тоотод байршилтай, 2 өрөө орон сууцыг А.Мт 30 000 000 төгрөгөөр худалдсан тухай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатч 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчилж, нотариатын үйлдэл хийсэн байна.

 

            Нэхэмжлэгч С.Мөнхнасан, А.М нарын хооронд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн байх бөгөөд талууд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар тухайн хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

            Ийнхүү нотариатч С.Мөнхнасан А.М нарын хооронд хийгдсэн гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т заасан үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Мөнхнасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх ба С.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй байна.

 

            Нотартариат Б.З нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэлүүдийг нягтлаагүй буюу хэрэгжүүлээгүй байна гэж үзэх боломжгүй байна.

Мөн нотариатаар үйлчлүүлэгч С.Мөнхнасан, А.М нар нь Нотариатын тухай хуулийн 28.2.1, 28.2.2-т зааснаар нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх, нотариатчийн шаардсан асуудлаар амаар буюу бичгээр тайлбар өгөх үүрэгтэй байна.

 

Нөгөө талаар нотариатч Б.Згийн хийсэн үйлдэл нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 171 тоот тушаалаар баталсан нотариатын үйлдэл хийх зааварын 5.9-т заасан үндэслэлд нийцэж байна.

 

Мөн нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотариатч энэ хуулийн 31.1-д зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй” гэж заасан байна.

           

Иймд нотариатч Б.З нь С.Мөнхнасан А.М нарын хооронд хийгдсэн гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг зөрчөөгүй байх тул С.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Мөнхнасан нь хариуцагч А.Маас ямар үндэслэлээр  шаардаж байгаа нь тодорхой бус байгааг дурдаж байна.

 

С.Мөнхнасан улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс 308 000 төгрөг төлж 237 800 төгрөг илүү төлсөн байгааг буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн нотариатч Б.Згийн С.Мөнхнасан, А.М нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай С.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.С.Мөнхнасан ШШГАнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авч, тухайн байгууллагыг энэхүү хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 237 800  /хоёр зуун гучин долоон мянга найман зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан С.Мөнхнасанд олгосугай.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН