Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

    Б.Чд холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Чгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1803007090363 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1983 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “ГБУС” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 48-21 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: /,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 186 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 15А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  100.000 төгрөг хурааж,  5 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар  шийтгүүлж, уг ял дээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялын хэмжээг 6 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг биечлэн эдлэж байгаад 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Б.Ч нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил” супермаркетын зүүн урд замд 02-58 УБИ улсын дугаартай “Аеrо city-540” загварын автобус жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д “...жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Намжилмааг унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Чг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Чд мэдэгдэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ГБУС” ХХК-иас 1.925.111 төгрөг гаргуулан хохирогч С.Намжилмаад олгож, хохирогч С.Намжилмаа нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн Б.Чгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №707888 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгож, Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноосныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Б.Ч миний бие “ГБУС” ХХК-д нийтийн тээврийн жолооч ажилтай бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 20-нд ажлаа хийж яваад осол гаргаж, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөрөө бүрэн барагдуулж, үүнийг шүүх хуралдаанд илэрхийлсэн. Түүнчлэн миний жолооны эрх хүчинтэй учир ажлаа хийгээд хохирлоо барагдуулах бүрэн боломжтой. Иймд надад оноосон ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Б.Чд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Гэм буруугийн асуудал болон хэргийн зүйлчлэлд маргаагүй. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн болгоомжгүй үйлдэл, хохирол төлбөр төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн гэж дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд 2 удаа ял шийтгүүлсэн ч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Мөн тухайн цаг хугацаанаас хойш 2 удаа Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан тул эрх зүйн үр дагавар арилсан гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд “ГБУС” ХХК-иас гаргуулахаар шийтгэх тогтоолд заасан, мөн хохирлыг нөхөн төлөх нь баталгаатай эх үүсвэртэй. Иймд Б.Чд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих боломжгүй гэж үзэж байна.” гэв.  

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Ч нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил” супермаркетын зүүн урд замд 02-58 УБИ улсын дугаартай “Аеrо city-540” загварын автобус жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д “...жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Намжилмааг унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Намжилмаагийн: “... “Зайсан-Ган хийц”-ийн шугамын автобусанд хамгийн сүүлд би суух гэтэл автобус хаалгаа хаагаад хөдөлж, би зам дээр унасан. Ухаан балартаад нэг мэдсэн замын хажуугийн хашлага дээр хамраас цус гараад арчиж байсан. Манай хүргэн Бат-Оргил, охин хоёр удалгүй ирж, Гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Эмнэлэгт тархины томографийн зураг, зүүн өвдгөнд имрай авхуулсан. Тухайн өдөр Гэмтлийн эмнэлэгт рентген зураг авхуулсан, хамрын үзүүр хугарсан, зүүн өвдөгний чагтан холбоосын хажуу талын сэртэн яс хугарсан гэсэн. Зөөлөн эдийн гэмтэлтэй гарсан” /хх 17/,

 

гэрч Д.Цоггэрэлийн: “... “Оргил” супермаркетын зүүн урд талын автобусны буудал дээр автобусанд суух гээд утсаараа оролдож байгаад дээшээ хартал автобуснаас нэг эмээ унаж байгаа харагдсан. Тэр хавьд зогсож байсан хүмүүс бүгд гүйгээд очсон. Нөгөө эмээг түшиж босгоод автобусны буудлын сандал дээр суулгасан. Автобусны урд хаалган дээр нэг залуу очоод жолоочийг “чи хүн алчихлаа” гээд орилоод байсан. Намайг дээшээ хартал эмээ ямар ч байсан автобусны бүр хойд булан хэсэгт унаж байсан. Чирэгдэж байсныг хараагүй” /хх 33/,

 

гэрч Х.Адъяасүрэнгийн: “.... “Ган хийц-ХМК”-ийн Ч:45 чиглэлийн автобус зогсоод хүн аваад хөдлөх шиг болсон. Нэг хартал нэг эмээ суух гээд хаалганаас нь зүүгдэж байгаад унасан. Би гүйж очоод автобусны араас цохисон. Тэр хооронд эмээ автобуснаас хэсэг газар чирэгдэж явах шиг болсон. Жолооч эмээг харалгүй хөдөлсөн” /хх 40/,

 

шүүгдэгч Б.Чгийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 8 дугаар сарын 20-ны өглөө Зайсангаас “Ган хийц”-ийн шугаманд гарч яваад өглөө 10 цаг 20 минутын орчим байх “Оргил”-ын автобусны буудлаас зорчигч нарыг буулгаж, суулгаад урд хаалгаа эхэлж хаагаад, хойд хаалгаа хаагаад хөдлөх агшинд 78 настай Намжилмаа гэх эмээ хаалга гүйцэд хаагдаагүй байхад орж гишгэгдэл алдаж зам дээр унасан. Би буугаад иртэл эмээ зам дээр хэвтэж байхаар нь автобусны буудал дээр байсан хүмүүсийн хамт өргөж автобусны буудлын сандал дээр суулгасан. Тухайн үед эмээгийн хамраас нь цус гарч байсан учир ус авч цусыг нь хоёр эмэгтэйн хамт арчиж өгсөн. “Аеrо city-540” маркийн 02-58 УБИ дугаарын автобус нь “ГБУС” ХХК-ийн эзэмшилд байдаг” /хх 65-67/ гэх мэдүүлгүүд,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шинжээчийн 577 дугаартай: “Хьюндай Аеро сити” маркийн 02-58 УБИ дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 21. Хүн тээвэрлэх: 21.2 Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. С.Намжилмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хх 43-44/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 10400 дугаартай: “1. С.Намжилмаагийн биед зүүн тахилзуур ясны хугарал, зүүн өвдөгний үенд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт, зүүн сарвуу, зүүн шуу, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх 46/ гэх дүгнэлтүүд, хохирлын баримтууд /хх 21-26/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 79/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт өгч, шүүгдэгч Б.Чг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүдэгч Б.Чгийн замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “ГБУС” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, тус компаний ажилтан И.Ундармаагаас /хх-28/ мэдүүлэг авсан байх бөгөөд “ГБУС” ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14-т зааснаар 250.000 төгрөгөөр торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Анхан шатны шүүх гэм хорын хохиролд тооцон иргэний хариуцагч “ГБУС” ХХК-иас 1.925.111 төгрөг гаргуулан хохирогч С.Намжилмаад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Ч нь “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Чулуухүүгийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм буруу, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэрэгт тохирсон байх тул уг ялыг торгох ялаар солих хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Харин шүүгдэгч хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, ажил эрхлэх боломжит байдлыг нь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 360 цаг болгон багасгаж ял хөнгөрүүлэх боломжтой байна.

 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хэргийн зүйлчлэл өөрчлөхгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэн” анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгч Б.Чгийн “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чг  360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Чгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                   

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

                          ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ