Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/02302

 

 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2018/02302

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Эрдэнийг суулган тэмдэглэл хөтлүүлж, иргэдийн төлөөлөгч О.Отгонбилэгийг оролцуулан, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 70 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхэн хот, Геррэс гудамжны 41 дүгээр байранд оршин суух, 33 настай, эмэгтэй, Боржигон овогт Энхбаярын Үүрийнгэгээгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 0 тоотод байрлах Найрамдал Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-нд холбогдох,

Эд хөрөнгөд хохирол учирсны улмаас гарсан зардал 1,755,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Вандандорж, хариуцагч СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Дашням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Вандандорж нь нэхэмжлэгчээс олгогдсон итгэмжлэлийн дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 9 давхрын 70 тоот байрны өмчлөгч Э.Үүрийнгэгээ нь гадаадад сурдаг учраас эзэнгүй байдаг бөгөөд, уг байрыг би итгэмжлэлээр харж хандаж, хөлсийг нь төлдөг юм. Уг 22 дугаар байрны дээврийн хар цаас муудаж, бороо цасны уснаас хамгаалж чадахгүй, доод давхар луу ус алдаж, давхрын бүх өрхүүдийн байшиндаа хийсэн засвар үйлчилгээг үр дүнгүй болгож, ханын обой цаас хуурч, хөгц мөөгөнцөрт идэгдэж, шалны будаг норж ховхрон цахилгаан утсанд гэмтэл учрах зэрэг маш их хохирол удаа дараалан учруулж байна. Энэ бүхнийг засч залруулах нь хамгийн дээд давхрын суугчдын гүйцэтгэх ёстой үүрэг биш, нийт өрхүүдийн дундын асуудал, дундын өмчлөлийн засвар үйлчилгээг хариуцаад төлбөр авч сууж байгаагийн хувьд Найрамдал СӨХ энэ үүргээ гүйцэтгэхгүй, ажлаа чанартай хийхгүй байгаагаас зарим учирсан хохирлоо 5 жилийн өмнө нөхөн суутгуулж байсан тал бий. Гэтэл Найрамдал СӨХ байшингийн дээврийг хар цаасалчихлаа гэсэн боловч тэр нь 1 жил бололгүй ус гоожиж, тэд ч дээвэрлэсэн хүмүүсээ олоогүй гэдэг юм. Ийм асуудал удаа дараа гарч, СӨХ-нд засуулах талаар айл өрхүүд шаардлага тавиад авч хэрэгсэхгүй болохоор нь 9 давхрын зарим айл өрхүүд хувиараа дээвэрлүүлэхээр 2017 оны 6 сарын үед ярилцаад, манайхаас 2-3 сая гарга гэсэнд би тийм их мөнгө гаргаж чадахгүй, Найрамдал СӨХ дээвэрлэж өгөх ёстой гэж хэлээд тэр ажилд оролцоогүй. Намайг гадаадад хүүхэд дээрээ очоод ирэхэд манай харалдаа 60,5 м.кв дээврийг дээвэрлээгүй, ганц айлыг үлдээснээс 2017 оны 7-10 саруудад дахин ус гоожиж, их хэмжээний хохирол учруулсан. Удалгүй хүйтэрч өвөл болсон учир тэр хэвээр байж байгаад, 2018 оны 4 дүгээр сарын 02-нд хувиараа дээвэр хийдэг мэргэшсэн хүн олж хөлсийг тохиролцон, дээвэрлэхэд шаардлагатай материалаа татан авч, 60,5 м.кв дээврийн хуучин хар цаасыг хуулан хаяж, чулуугүй ба чулуутай хар цаасыг хоёр давхарлан халаалган наалгаж, дээвэрлэхэд ажлын хөлсөнд 968,000 төгрөг, бараа материалын үнэд 787,300 төгрөг, нийт 1,755,300 төгрөг зарцуулсныг хариуцагч Найрамдал СӨХ-ноос нэхэмжилж байна. Дундын өмчлөлийн эд зүйлд засвар хийх нь СӨХ-ны үүрэг бөгөөд, СӨХ дээврийг засварлаагүйгээс учирсан хохирол учир тухайн дээвэрт хийж гүйцэтгэсэн засварын ажлын хөлс, барилгын материалын зардлыг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Найрамдал СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Дашням шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.Вандандорж гэгч нь дээврээс ус гоожиж байгаа гэсэн шалтгаанаар 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарыг дуустал СӨХ-ны мөнгө болох 201,600 төгрөгийг засвар хийнэ гэсэн шалтгаанаар СӨХ-ны мөнгөнөөс чөлөөлүүлж байсан боловч ямар нэгэн засвар хийгээгүй, худлаа чөлөөлүүлсэн. Энэ айл 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар дуустал СӨХ-ны төлбөр 212,400 төгрөг төлөөгүй. 2016 оны 10 дугаар сард 22 дугаар байрны ус гоожиж байгаа айлууд нэгдэн мөнгө шилжүүлж, уг дээврийг засахад энэ 70 тоотын айл энэхүү засварын ажилд нэгдэж оролцоогүй учир эдний талын өчүүхэн газрыг үлдээсэн байна. Одоо засварын ажил хийсэн айлуудын дээврээс ус гоожихгүй байгаа. СӨХ нь тухайн айлуудын төлөх засварын хөлсийг удирдах зөвлөлөөр зөвшөөрүүлсний үндсэн дээр 2 жил хүртэлх хугацаагаар чөлөөлж өгсөн. 22 дугаар байрны дээврийг 2011 онд Тэнгэр түшиг ХХК их засвар хийсэн бөгөөд баталгаат хугацаа дуусаагүй. Г.Вандандорж энэ дээврийг засахдаа СӨХ-ноос ямар ч зөвшөөрөл аваагүй, дундын өмчлөлийн орон сууцны эд хөрөнгийг дураараа засаж янзалсан бөгөөд, орсон материал, ажлын хөлс зассан талбай нь үнэнд нийцэхгүй асар их зөрүүтэй байгаа юм. Иймд 1,755,300 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй юм. Тэр дээвэрт 20 м.кв орчим талбай л дээвэрлээгүй үлдсэн байсан. Дундын өмчлөлийн хөрөнгөнд зөвшөөрөл авч байж дээвэр дээр гарч ажил гүйцэтгэх байсан. 20 гаруй м.кв талбайд дээвэр хийсэн хүний ажлын хөлсөнд 900,000 гаруй төгрөг төлсөн нь хэт өндөр байгаа. Оршин суугчид зардлаа гаргаж хийсэн 2016 оны дээврийн засварын ажил хийгдсэнээс хойш дээд давхрын айлуудад ус алдаагүй. Харин нэхэмжлэгч Э.Үүрийнгэгээгийн буюу 70 тоотын доод талын айлд ус алдлаа гэж орж ирж байсан. Дээврээс ус алдсан нь үнэн гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Үүрийнгэгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Вандандорж өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу хариуцагч Найрамдал СӨХ-нд холбогдуулан, дээвэр засварлах ажил хийгээгүйн улмаас ус алдаж, эд хөрөнгөд хохирол учирсныг өөрөө засварласны зардал 1,755,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Найрамдал СӨХ-ны гүйцэтгэх захирал дээврээс ус алдсан үйл баримтын талаар маргахгүй, хүлээн зөвшөөрөх боловч дээврийн засвар хийхэд зарцуулсан зардал хэт өндөр учир хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлан маргасан.

Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 70 тоот дахь орон сууц нэхэмжлэгч Э.Үүрийнгэгээгийн өмчлөлийнх мөн бөгөөд, өмчлөгчөөс олгогдсон итгэмжлэлийн дагуу Г.Вандандорж уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

2014 оноос эхлэн дээрх 9 давхар бүхий 22 дугаар байрны дээд давхрын орон сууцнуудын дээврээс ус алдсаны улмаас оршин суугчид хамтран 2016 онд дээврийг засварласан боловч нэхэмжлэгч тал уг ажилд оролцоогүйгээс Э.Үүрийнгэгээгийн өмчлөлийн 70 тоотын дээврийн хэсгийг засварлалгүй орхигдуулсан байх бөгөөд, улмаар 2017 онд нэхэмжлэгчийн дээврээс ус алдаж, энэ талаар Найрамдал СӨХ-нд хэд хэдэн удаа мэдэгдэж байсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул Найрамдал СӨХ орон сууцны байшингийн дээврийн засварыг хийж гүйцэтгээгүйгээс болж дээврээс тогтсон борооны ус алдаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөнд хохирол учруулсан гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс учирсан хохирлын улмаас засварлалгүй орхигдуулсан дээврийн хэсгийг өөрийн зардлаар засварлуулахдаа бараа материалуудыг худалдан авч, дээврийн засварын ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс зэрэг зардал гарсан гэж тайлбарлан, холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

Засвар хийхэд ашигласан материалуудыг нийт 787,300 төгрөгөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Вандандорж худалдан авсан болох нь Найм Трейд ХХК-ийн зарлагын баримт, Дашваанжил ХХК-ийн зарлагын баримт зэргээр тогтоогдож байх тул энэ зардлыг хариуцагч Найрамдал СӨХ-ноос шаардах эрхтэй.

Харин засварын ажлыг 968,000 төгрөгөөр хийсэн гэх н.Баатар гэгчийн Ажил гүйцэтгэсэн хөлс авсан Баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, бодитоор хийж гүйцэтгэсэн, тийнхүү хийж гүйцэтгэхэд дээрх хэмжээний зардал гарсан болох нь хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байх тул засварын ажлын хөлсөнд зарцуулсан гэх 968,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 787,300 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 968,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 21,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Найрамдал СӨХ-ноос 787,300 /долоон зуун наян долоон мянга гурван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Үүрийнгэгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 968,000 /есөн зуун жаран найман мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Найрамдал СӨХ-ноос 21,698 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Үүрийнгэгээд олгосугай.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

М.МӨНХТӨР