Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 23-р байр 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Стар Кредит ББСБ”, ХХК /РД:2887096/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 2-р хороолол, 27-р байр 13 тоотод оршин суух, Дониг овогт Гомбын Долгормаа /РД:ЧЖ69091160/-д  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 59.955.120 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баярцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Стар Кредит ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Долгормаа нь 2016 оны 07-р сарын 04-ний өдөр “Стар кердит ББСБ” ХХК-д зээл хүссэн өргөдөл гаргаж, зээлийн төлбөрийг  гэрээт хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож 2016/026 тоот гэрээ байгуулсан. 36.900.000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй Yamaha Grand Piano төгөлдөр хуур авах зориулалттай 5 сарын хугацаатай зээлсэн. Манай байгууллагын зүгээс Г.Долгормаатай байнга утсаар ярьж зээлийн төлбөрөө төлж дуусгахыг сануулж, шаардлага тавьж байсан боловч утсаа авахаа больсон, шалтгаан тоочсоор зээлийн эргэн төлөлт нэг ч удаа хийгээгүй. Үндсэн зээл 36.900.000 төгрөг, хуримтлагдсан хүү 19.028.100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.805.620 төгрөг, зээлийн шимтгэл 221.400 төгрөг нийт 59.955.120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Долгормаа нь зээлийн гэрээ байгуулсан боловч, зээлийн гэрээний дагуу “Стар Кредит ББСБ” ХХК-иас зээлийг бодитойгоор аваагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулъ тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хуулъ, Банкны хуулъ, Үл хөдлөх эд хөрөнгийн баръцааны тухай хуулъ, энэ хуулъ болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хуулъ тогтоомжийн бусад актаас бүрдэнэ ”  гэж иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1. “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгууллахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр ” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно ” гэж хуулчилсан байна. Мөн талуудын хооронд байгуулсан №2016/026 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д заасан зээлийг буюу 36 900 000 төгрөгийг, гэрээний 2.1.2-т заасан хэлбэрээр буюу бэлэн бусаар олгохоор, гэрээний 2.4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд зээлийг шилжүүлснээр зээлийн гэрээний хугацааг тооцохоор, гэрээний 3.9 дэх хэсэгт зааснаар зээлийг зөвхөн гэрээ байгуулсан зээлдэгчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон байна. Гэвч зээлдэгч Старкредит ББСБ нь зээлийн гэрээний дагуу зээлийг зээлдэгчид бус, өөр этгээдэд шилжүүлсэн байна. Зээлдэгч өөрийн өмнөөс бусдад төлбөр тооцоо гүйцэтгэх эрх олгоогүй байхад дур мэдэн төлбөр тооцоо гүйцэтгэсэн нь зээлдэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл бөгөөд зээлдэгч зээлийг хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн эрх гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Долгормаа нь “Стар Кредит ББСБ” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Старкредит ББСБ-ын нэхэмжлэлтэй, иргэн Г.Долгормаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс ИХШХШтХуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч гэж.., сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Старкредит ББСБ болон иргэн Г.Долгормаа нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан №2016/026 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч миний бие зээлийн харилцааны дагуу нэхэмжлэгчээс 36 900 000 төгрөгийг бодитоор, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр аваагүй бөгөөд №2016/026 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Старкредит ББСБ -д шаардах эрх үүсэхгүй, ' харин талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдах- худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид төгөлдөр хуурийн үнийг шаардах эрхтэй байж болох юм. Иймд 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр иргэн Г.Долгормаа, Старкредит ББСБ нарын хооронд байгуулсан №2016/026 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Стар Кредит ББСБ” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Стар кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Долгормаад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлогчөөс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилдаад зөвшөөрөхгүй байх тул энэхүү тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Г.Долгормаа нь Протек ХХК-иас төгөлдөр хуур худалдан авсан. Төгелдөр хуурынхаа үнийг төлж чадахгүй тул манай Банк бус санхүүгийн байгууллагатай 2016.07.04-ны өдөр №2016/026 тоот зээлийн гэрээ байгуулсан. Г.Долгормаа нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр өөрийн сайн дурын үндсэн дээр зээл хүссэн өргөдлөө бичиж энэхүү зээлийн гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь яг ямар үндэслэлээр уг гэрээг хүчин гөгөлдөр бус болохыг тогтоолгох талаар сөрөг нэхэмжлэлд тусгаагүй байна. Мөн Г.Долгормааг манай компаниас мөнгө зээлээч гэж хэн ч албадаагүй, хүч хэрэглээгүй, энэхүү гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэрээ байхад зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үүднээс ийнхүү үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байиа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар: Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Г.Долгормаа нь “Протек” ХХК-тай аман гэрээ байгуулж, Yamaha C1PWH Grand маркын төгөлдөр хуурыг 36,900,000 төгрөгөөр худалдан авч, тус компани хариуцагчийн худалдан авсан төгөлдөр хуурыг Хан-Уул дүүрэг 4-р хороо Нүхтийн зам 10-3 тоот хүлээлгэн өгчээ.

 

Дээрх Yamaha C1PWH Grand маркын төгөлдөр хуурын төлбөрийг төлөх үүднээс Г.Долгормаа нь “Стар кредит ББСБ” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр №2016/026 тоот зээлийн гэрээ байгуулж, 36,900.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авчээ.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө №2016/026 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г байгуулж, Yamaha C1PWH Grand piano маркын төгөлдөр хуурыг  барьцаалсан байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан гэж дүгнэлээ.    

 

Нэхэмжлэгч “Стар кредит ББСБ” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр №2016/026 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 36.900.000 төгрөг, хүү 19.028.100 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3.805.620 төгрөг, зээлийн үйлчилгээний шимтгэл 221.400, нийт 59,955.120 төгрөгийг хариуцагч Г.Долгормаагаас нэхэмжилж шүүхэд ханджээ. 

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, өөрийн татгалзлыг “...талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан №2016/026 тоот барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3. дахь хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчиж хийсэн, “...зээлийн мөнгийг хариуцагч бодит байдал дээр хүлээж аваагүй” гэж уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж шүүхээс үзлээ.

 

Учир нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, аливаа гэрээний харилцаанд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчээс өөр этгээдэд хүлээлгэн өгснөөр талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болох боломж, нөхцөлийг дээрх хуулийн заалтаар зохицуулсан.  

 

“Стар кредит ББСБ” ХХК нь хариуцагч Г.Долгормаагийн зээлсэн мөнгийг “Протек” ХХК-д шилжүүлснээр Г.Долгормаа Yamaha C1PWH Grand маркын төгөлдөр хуурыг худалдан авч, өөрийн эзэмшилд авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй ба нэхэмжлэгч зээлийг ийнхүү төгөлдөр хуурыг худалдагч компанид шилжүүлсэн нь зохигчийн хооронд байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний 2.1.2 дахь хэсэгт “...зээлийг бэлэн бусаар олгосонд тооцно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно” гэж тус тус заасантай харшлаагүй байна.

 

Мөн талууд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үүргийг “Протек” ХХК-нд шилжүүлсэн нь гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчиж хэлцэл хийсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. 

 

Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэж “Стар кредит ББСБ” ХХК нь хариуцагч Г.Долгормаагаас гэрээний үүргийг шаардах эрхтэй. 

 

Харин нэхэмжлэлийн үнийн дүнгээс зарим хэсгийг хасч тооцов. Учир нь нэхэмжлэгч зээлийн үйлчилгээний шимтгэл 221.400 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд уг гэрээнд зээлийн үйлчилгээний шимтгэл авах талаар заагаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Долгормаагаас 59.733.720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 221.400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгчээс 36.900.000 төгрөгийг бодитоор аваагүй, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр аваагүй бөгөөд 2016/026 тоот зээлийн гэрээний дагуу “Стар кредит ББСБ” ХХК-нд шаардах эрх үүсээгүй тул 2016.07.04-ний өдрийн 2016/026 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Долгормаагаас 59.733.720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Стар кредит ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 221,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.-т заасныг баримтлан 2016.07.04-ний өдрийн 2016/026 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Долгормаагаас 456,618 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Стар кредит ББСБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                               

   

                                  ДАРГАЛАГЧ                                Г.СОЛОНГО