Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 00770

 

       “С” ХХК-н нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00299 дүгээр шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Д-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 59 955 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуудагдсан 2016/026 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “С” ХХК-тай 36 900 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, Yamaha Grand Piano төгөлдөр хуур авах зориулалттай 5 сарын хугацаатай 2016/026 тоот зээлийн гэрээ байгуулсан. Манай байгууллагаас Г.Д-д зээлийн төлбөрөө төлж дуусгахыг сануулж, шаардлага тавьж байсан боловч утсаа авахаа больж зээлийн эргэн төлөлт нэг ч удаа хийгээгүй. Үндсэн зээл 36 900 000 төгрөг, хуримтлагдсан хүү 19 028 100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 805 620 төгрөг, зээлийн шимтгэл 221 400 төгрөг нийт 59 955 120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д нь зээлийн гэрээ байгуулсан боловч, зээлийн гэрээний дагуу “С” ХХК-иас зээлийг бодитойгоор аваагүй байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Банкны хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж тус тус хуульчилсан байна. 

      Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.1-т заасан зээлийг буюу 36 900 000 төгрөгийг, гэрээний 2.1.2-т заасан хэлбэрээр буюу бэлэн бусаар олгохоор, гэрээний 2.4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд зээлийг шилжүүлснээр зээлийн гэрээний хугацааг тооцохоор, гэрээний 3.9 дэх хэсэгт зааснаар зээлийг зөвхөн гэрээ байгуулсан зээлдэгчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон байна. Гэвч зээлдэгч “С” нь зээлийн гэрээний дагуу зээлийг зээлдэгчид бус, өөр этгээдэд шилжүүлсэн байна. Зээлдэгч өөрийн өмнөөс бусдад төлбөр тооцоо гүйцэтгэх эрх олгоогүй байхад дур мэдэн төлбөр тооцоо гүйцэтгэсэн нь зээлдэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл бөгөөд зээлдэгч зээлийг хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн эрх гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Д зээлийн харилцааны дагуу нэхэмжлэгчээс 36 900 000 төгрөгийг бодитоор, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр аваагүй бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч “С” ББСБ-д шаардах эрх үүсэхгүй, харин талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид төгөлдөр хуурийн үнийг шаардах эрхтэй байж болно. Иймд 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Г.Д нь “П” ХХК-иас төгөлдөр хуур худалдан авсан. Төгөлдөр хуурынхаа үнийг төлж чадахгүй тул манай ББСБ-тай 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 2016/026 тоот зээлийн гэрээ байгуулсан. Г.Д хэн нэгний дарамт шахалтгүйгээр өөрийн сайн дурын үндсэн дээр зээл хүссэн өргөдөл бичиж зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч ямар үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох талаар сөрөг нэхэмжлэлд тусгаагүй. Г.Д зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байхаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэж байиа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Д-аас 59 733 720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 221 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2016/026 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-аас 456 618 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн Г.Д “П” ХХК-тай харилцан тохиролцож төгөлдөр хуур хөгжмийг авсан бөгөөд ингэхдээ үнийг нь тодорхой хутацаагаар, хэсэгчлэн төлөх, ингэхдээ ямар нэгэн хүү тохиролцоогүй. “С” ХХК-тай байгуулагдсан зээлийн гэрээний хувьд бидний дээрх тохиролцоог баталгаажуулж, гэрээний хэлбэрт орууллаа энэ гэрээнд гарын үсэг зураад төгөлдөр хуур хөгжмийг ав гэсэн учраас зээлийн болон фидуцын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд төгөлдөр хуурын үнийг “С” ХХК-иар төлүүлэхээр тохиролцоогүй. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй, өөрийн өмнөөс ямар нэгэн гүйлгээ хийх эрх олгоогүй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл зээлээр авч буй мөнгийг хэн нэгэнд шилжүүлэх хүсэлт гаргаагүй. Хүчин төгөлдөр зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгчийн хувьд авсан зээлийг хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн эрхийн асуудал юм.

          Зээлийн гэрээнд талууд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж, мөн өдөр зээлийг буюу мөнгийг “П” ХХК-д шилжүүлсэн байдаг. Зээлийг 5 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчид олгосон гэж нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд зээлийн гэрээний дагуу өнгөрсөн хутацаанд нэг ч төгрөг төлөөгүй гэжээ. Нэхэмжлэгч уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл зөрчигдөж байгаа талаар ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл зөрчигдөж байгаа талаар мэдэж байсан боловч шаардах эрхээ хэрэгжүүлэх байдлаар фидуцын гэрээний зүйлтэй холбогдуулан ямар ч арга хэмжээ аваагүй.

        Хариуцагч 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, зээлийн гэрээний дагуу түүнд шаардах эрх үүсэхгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Г.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 59 955 120 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Хариуцагч Г.Д нь “П” ХХК-тай аман гэрээ байгуулж, Yamaha C1PWH Grand маркийн төгөлдөр хуурыг 36 900 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар “С” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 36 900 000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г тус тус байгуулж, дээрх төгөлдөр хуурыг зээлдүүлэгчийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар шилжүүлэхээр тохиролцсон, энэ талаар талууд маргаагүй. /хх-6-8,31/

        Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Г.Д-ийн 36 900 000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг “П” ХХК-д шилжүүлсэн, хариуцагч Г.Д уг компаниас худалдан авсан Yamaha C1PWH Grand маркийн төгөлдөр хуурыг эзэмшилдээ авч бодитойгоор ашиглаж байгаа болох нь Г.Д 36 900 000 төгрөгийн үнэ бүхий төгөлдөр хуурыг худалдан авах зориулалтаар зээл хүссэн өргөдөл, “П” ХХК-д шилжүүлэн өгсөн зарлагын баримт, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, фидуцийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч “С” ХХК-д өөрийн өмнөөс ямар нэгэн гүйлгээ хийх эрх олгоогүй, мөнгөн хөрөнгийг хэн нэгэнд шилжүүлэх хүсэлт гаргаагүй гэж үзэх боломжгүй юм. /хх-9-10, 28-31/ Дээрхээс үзэхэд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар “С” ХХК нь Г.Д-ийн заасан “П” ХХК-д мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.  

       Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Г.Д-аас 59 733 720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч тул “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 221 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

        Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг  Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх тухай сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

    Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00299 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456 618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

                                                                                                         Д.БАЙГАЛМАА