Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 158/ШШ2021/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Г ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч /Б.Б /-д холбогдох

Булган аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр хариуцуулах тухай **-**/82 дугаарын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий 158/2021/0007/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Г  /zoom-ээр/, хариуцагч мөн аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Г  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр хариуцуулах тухай **-**/82 тоот актыг эс зөвшөөрч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 93.1, 94.1-д заасан үндэслэлээр дээд шатны байгууллага Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт гомдол гаргаад Улсын ахлах байцаагчийн актыг үндэслэлтэй байна гэсэн хариу ирснийг эс зөвшөөрч нэхэмжлэлийг гаргаж байна. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20.01/47 тоот актыг эс зөвшөөрч ...Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт гомдол гаргаад, уг улсын байцаагчийн актыг ... хүчингүй болгосон шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээж аваад 5 хонож байтал аймгийн Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч суманд шууд ирээд надад ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр та буруутай тул таниар төлүүлнэ гэж дахин акт тавьсан... Б  байцаагч ажлын хэсгийн хүмүүсээ авч ирээд хурлын зааланд дуудаад санхүүгийн албаны мэргэжилтэн Э , нягтлан Б , Б  байцаагч түүнтэй хамт явсан хүмүүс хурал хийж яамнаас бичиг ирсэн үүний дагуу сонсох ажиллагаа явуулна гээд хурал болж би тухайн үед тайлбар хэлсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 13.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаароролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах, мөн хугацааг нь олгох ёстой. О ийг ажлаас чөлөөлөх болсон шалтгааныг тогтооё, төлбөр барагдуулахаар гаргасан байцаагчийн акт гарах шалтгаан нөхцөл байдлыг тогтоолгүй акт гаргаж ирүүлсэн учраас уг актыг хүчингүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан байгаа. Сонсох ажиллагаа хийх гэж байгаа талаараа өмнө бид бүхэнд ирүүлсэн мэдэгдэл байхгүй. Гэнэт л сонсох ажиллагаа явуулахаар хүрэлцэн ирсэн байна. Шүүхийн шийдвэр гарчихсан нөхцөл байдлыг тодорхой тогтоосон гэдэг зүйлийг ярьж байна. Би энэ талаар яриагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26.1 ... гэсэн зохицуулалт байсаар байхад яагаад энэ боломжийг олгоогүй юм бэ? Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх ...зохицуулалтыг хангаагүй байна гэж үзэж байна. Нөхцөл байдлыг тогтоох гэж байгаа. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр өмнө гарчихсан, аудитын шаардлага ирчихсэн гэж тайлбарлаж байна. ...Мөн сонсох ажиллагааг утсаар мэдэгдсэн утсаар ярьсан гэж байна. Энэ бол өмнөх акттай холбоотой процессын асуудал. Одоо бид бүхэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийднэ... Тэгтэл энэхүү хуульд заасан ажиллагаа хийгдээгүй. Урьдчилсан мэдэгдэл хүргүүлсэн, он, сар өдөр тогтоосон, журамласан зүйл байхгүй. Гэнэт л ирчихсэн иргэний танхимд ороод ир гэж дуудаж байна гэсэн. Захиргааны байгууллагад хүлээлгээд өгчихсөн. Иргэний танхимд болсон хуралдаанд ажлаас чөлөөлөх болсон шалтгаан, төлбөр барагдуулахаар гаргасан байцаагчийг оролцогчоор оруулж өгнө үү гээд энэ талаар хурал дээр ярьж хүсэлтээ гаргаж байсан... Эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийг тодорхойлоогүй. Г.О ийг гуравдагч этгээдээр тогтоох ёстой байсан гэж үзэж байгаа. Түүний эрх ашиг нь хөндөгдөж байгаа. Ажлаас чөлөөлөх болсон шалтгаан, хэргийг үнэн зөв шийдвэрлэх, буруутай этгээдийг тогтоох, шударга ёс зэргийг тогтоох ёстой. Бид хоёр ярилцахад би таныг ойлгож байна. Та аргагүй шахалтад ороод ийм шийдвэр гаргасан гэдэг учир буруутай этгээдүүд удирдлагууд байсан гэж үзэж байгаа учир О ээс тайлбар авч буруутай этгээдийг тогтоох нь зүйтэй байхаа... Тэр хүн өөрөө буруу хүн шийдвэр гаргачихлаа гэж өөрөө бодож байгаа. Би үүнийг хаана ч очсон хэлнэ гэж хүртэл хэлж байсан. Буруутай этгээд гэж дарамт шахалт үзүүлсэн, амиа хорлох нөхцөл байдалд хүргэх нөхцөл байдалд хүргэсэн гэдэг ч юм уу? яг үүнтэй адилхан ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн Засаг дарга С.М , Засаг даргын орлогч Ч.Б  нар... Эдгээр хүмүүс дарамт шахалт үзүүлж байсан талаар дээд шатны байгууллага, эсхүл хууль хяналтын байгууллагад өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлсэн зүйл байхгүй. Нөхцөл байдал гэж буруутай албан тушаалтныг хэн бэ? гэдгийг тогтоох ёстой. Засаг дарга, Засаг даргын орлогч нараас мэдүүлэг аваад хувийн хэрэгт хийчихгүй яасан юм бэ? Яагаад мэдээлэл тайлбар аваагүй юм бэ? тайлбар болон өргөдөл гомдол авах асуудлын талаар захиргааны байгууллага татгалзаж болохгүй. Би энэ талаарх хүсэлтээ бичгээр ч гаргаад хурал дээр хүртэл хэлсээр байсан. Буруутай этгээд нь тодорсноор өнөөдрийн асуудал багасгах, хуваагдах, эсхүл 82 дугаартай акт тавигдахгүй байх хүртэл нөхцөл байдал үүсэх байсан. О  гэдэг иргэнийг ажлаас халах, чөлөөлөх эрх хэмжээ удирдах албан тушаалтны бодлого шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтны үүргийг биелүүлэх үүрэгтэй. Тушаалыг Тамгын дарга гаргана... гэв.

Хариуцагч Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Б.Б  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 38 минутад тамгын газрын дарга Н.Г , Санхүүгийн албаны дарга Д.Э , нягтлан бодогч Б.Б маа нарыг байлцуулан Санхүүгийн хяналт Аудитын албаны дарга улсын ахлах байцаагч Б.Б , дотоод аудитор А.А , Б.Н  нар Сонсох ажиллагаа явуулан өдрийн 16 цаг 06 минутад улсын ахлах байцаагчийн **-**/82 дугаар актыг танилцуулж гардуулсан боловч Тамгын газрын дарга Н.Г  гарын үсэг зурахгүйгээр хүлээн авсан... Нөхцөл байдлыг гэсэн зүйл ярьж байгаа. Анх 2020 оны 4 дүгээр сард Төрийн Аудитын газраас хуулийн хүрээнд манай байгууллагад албан шаардлага ирүүлсэн. ...Тамгын газрын дарга үндэслэлгүйгээр хүн ажлаас нь халсан гэсэн албан шаардлага ирээд уг албан шаардлагын дагуу Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Санхүүгийн хяналттай холбоотой бүх материалыг татан шалгаад Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийг зөрчсөн байна гэж үзээд албан шаардлагын дагуу акт бичээд Н.Г  даргатай утсаар ярьсан. Тухайн үед цар тахал гараад хорио цээрийн дэглэмтэй байсан учир Сонгуулийн хорооны гишүүн Төрийн сангийн дарга Б оор улсын байцаагчийн актаа явуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заавал бичгээр гэдэг зүйл байхгүй гэж ойлгож байгаа. Биеэр өгөөгүй гэдэг гомдол гаргадаг. Өөрөө тайлбараа актан дээр бичсэн байгаа... Сангийн яам нэгэнт иргэний гомдол гэж хүлээж аваад сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлээр актыг хүчингүй болгосон. Дахин акт тавих эрх нээлттэй гэж байгаа юм. Тэгээд дараа нь буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд бүрэлдэхүүнтэй очоод сонсох ажиллагааг явуулсан. Сонсох ажиллагаа 12 цаг 38 минутад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэний танхимд хийгээд үдээс хойш нь улсын байцаагчийн актыг бичээд гардуулан өгсөн. Үүнд өөрөөс нь тайлбар аваад сонсох ажиллагааны тэмдэглэлд түүний гаргасан тайлбарыг чөлөөтэй бичүүлэн аваад сонсох ажиллагааг явуулсан. Сонсох ажиллагааны тэмдэглэлд заавал гарын үсэг зурсан, зураагүй эсэх ямар ч хамаагүй. Сонсох ажиллагаа явуулсан л бол болоо гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Ингээд дахин Сангийн сайдад гомдол гаргасан. Ерөнхий байцаагч хянаад 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20/01/82 дугаартай акт нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээнэ гэсэн гомдол хянасан албан тоот явуулсан. Ингээд байж байтал Н.Г  дарга захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Нөхцөл байдал гэж ярьж байна. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд О тэй холбоотойгоор шүүхэд өгсөн байна. Захиргааны хэргийн шүүхээр энэ асуудал шийдэгдсэн байгаа байхгүй юу. Одоо нөхцөл байдал гээд дахин юу тодорхойлох гээд байгааг би ойлгохгүй байна. Үнэхээр дарамт учруулж байсан бол тэр хүнээсээ албан тоот авчихсан байсан бол цаад хүнтэй нь хариуцлага тооцох асуудал байх ёстой байсан. Амаар ярьж байгаа зүйлд дарамталсан эсэх талаар би мэдэхгүй. Нэгэнт тушаал гаргасан албан тушаалтан нь хариуцана гэж ойлгож байгаа. Бүх л зүйл тийм байдаг гарын үсэг зурсан бол зурсан хүн л хариуцлага хүлээнэ. Анхан шатны баримт буруу бүрдүүлэх зүйл гарч ирэх, ямар нэгэн шахалт дарамт гарч ирэх юм бол тэр хүнээсээ албан тоот бичиг авах хэрэгтэй. Түүнд үндэслэн чөлөөлөх үндэслэл болно. Ийм зүйл харагдахгүй шийдвэр гаргачихсан нөхцөл байдал харагдаж байхад би нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байх гэж үзэж байгаа... Мэдэгдэл хүргүүлээд хугацаа заагаад байх боломж байдаггүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна... О ийг гуравдагч этгээд гээд байдаг. О  гэдэг хүн гуравдагч этгээд биш ээ. О ийн талаар хөндөгдөж орж ирсэн зүйл байхгүй. Н.Г  даргаа тэр хүн чинь өмнө нь хохирогч байсан. Өмнө хэд хэдэн шатны шүүхээр нөхцөл байдлыг тодорхойлсон байсан шүү дээ. Б  намайг дарамталсан гэдэг зүйлийн талаар та өөрөө хүртэл хэлсэн байсан шүү дээ. Үнэхээр шүүхэд дарамталсан талаар нотлоогүй байсан. Тэгээд шүүхийн шийдвэр гарсан зүйлд дахин яриад байх шаардлага байхгүй гэж ойлгож байгаа... Өнөөдөр энэ хүнийг үндэслэлгүй халсан тушаалд хэн гарын үсэг зурсан юм бэ? Б  гарын үсэг зураагүй... Сүүлийнхэд би бүх шаардлагыг хангасан. Өөрөө ганцхан тэр мэдэгдлийн талаар яриад байна. Ерөнхий байцаагч дээрээ хууль зүйн том газар нь хянаад үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн. Үүнд би нэмж тайлбар хэлээд байх нь илүү болов уу? гэж ойлгож байна... Би Г  даргыг надаас илүү хууль мэднэ гэж ойлгож байна. Хамгийн гол нь мэдэн будлиад байна. О  гэдэг хүн чинь хохирогч. Ажлаас халагдаж хохирогч болчихсон хүнээс би тайлбар авах ямар ч шаардлага байхгүй. Энэ талаар шүүгчийн захирамж хүртэл гарсан байхад би энэ асуудлыг хөндөөд байх шаардлага байхгүй гэж ойлгож байна. Тушаал гаргасан хүн маань хэн билээ? Буруутай этгээд маань Засаг дарга, Засаг даргын орлогч бүр сүүлдээ О  хүртэл орж ирж байна. Хууль зөрчсөнөө мэдээд акт хуваалцах хүн л эрээд байгаа юм байна. Нэгэнт цагаан дээр хараар бичиж тушаал бичин гарын үсэг зурсан хүнтэй л уг асуудлын талаар ярина уу? гэхээс цаана нь ямар хүн үүрэг өгөөд байгаа талаарх нөхцөл байдлыг тодорхойлох асуудал байхгүй. Тэртээ тэргүй бүх шатны шүүх болон дээд шатны байгууллагаар хянагдаад ирсэн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Г  нь Булган аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр хариуцуулах тухай **-**/82 дугаарын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгч нь ...сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлээгүй, шийдвэр гаргахад нөлөөлсөн нөхцөл байдлыг тодруулах үүргээ гүйцэтгээгүй, шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй, гэм буруутай этгээдийг тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан хэмээх агуулгаар мэтгэлцэж байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндсэн зарчим болон мөн зүйлийн 4.2-т заасан тусгай зарчмуудыг баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд захиргааны шийдвэрийг гаргахдаа мөн хуулийн **-** дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах учиртай.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг сонсоход дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд: Нэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга /цаашид Тамгын газрын дарга гэх/ Н.Г  нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Ажлаас чөлөөлөх тухай Б/09 дугаартай тушаалаар тус Тамгын газрын хөдөлмөр, хэвлэл мэдээллийн мэргэжилтнээр ажиллаж байсан Г.О ийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Харин иргэн Г.О  нь уг шийдвэрийг эс зөвшөөрч Тамгын газрын дарга Н.Г т холбогдуулан захиргааны болон иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан байна.

Хоёр. Иргэн Г.О  нь Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/03 тоот тушаал, 02 дугаар сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 09 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, Хөгжлийн бодлогын мэргэжилтний ажлын байранд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан байна. Тус шүүх дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөгжлийн бодлогын мэргэжилтний ажлын байранд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн шаардлагуудыг хангаж шийдвэрлэжээ. Харин хариуцагчийн гаргасан гомдлоор давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд хэргийг хянаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0635 дугаарын магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолуудаар анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээсэн байна[1].

Гурав: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Г.О ийн гаргасан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3558011 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 404 дугаартай шийдвэрийг гаргасан байна. Харин давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд хариуцагч, түүний төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянаад Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2019/00299 дүгээр тогтоолуудаар тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ[2].

Дөрөв. Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шүүхүүдийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж биелүүлсэн болох нь тус газрын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/301, 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18040150/01, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/445 дугаартай мэдэгдлүүд болон Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/10, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/15, 12 дугаар сарын 20-ны өдрийн А/38 дугаарын тушаалууд, ХААН банкны төлбөрийн хүсэлтүүдээр тус тус нотлогдож байна.

Тав. Булган аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор нь тус аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийгээд эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас тухайн байгууллагад учирсан 5461433 төгрөгийн хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлж, зөрчлийг арилган биелэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Булган аймаг дахь Төрийн аудитын газарт албан тоотоор ирүүлэхийг ...даалгав хэмээх 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/70 дугаарын албан шаардлага[3]-ыг Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Б д хүргүүлжээ.

Зургаа. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б.Б  нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн **-**/47 дугаарын актаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт учирсан 5461433 төгрөгийг тус Тамгын газрын дарга Н.Г өөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Н.Г  нь уг актыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргажээ. Харин Монгол Улсын Сангийн сайд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13-2/7176 дугаарын албан бичгээр маргаан бүхий **-**/47 дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуг өгсөн байна.

Эцэст нь хариуцагч улсын ахлах байцаагч нь **-**/82 дугаарын актыг 2020 оны 12 дугаар сарын 08 /огноог 20.01/82 дугаарын актад бичигдсэнээр бичив/-ны өдөр гаргаснаар энэхүү хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаан үүссэн байх ба нэхэмжлэгч тус актыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргажээ.

Харин Монгол Улсын Сангийн сайдаас 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13-2/673 дугаарын албан бичгээр дээрх **-**/82 дугаарын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хариуг өгсөн байна.

Улсын ахлах байцаагчийн **-**/82 дугаарын актын огноог 2020 оны 12 дугаар сарын 08 гэж, Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Г тэй сонсох ажиллагаа хийсэн тухай хурлын тэмдэглэл-ийн огноог 2020 оны 12 дугаар сарын 09 гэж зөрүүтэй бичсэн байна. Тодруулбал: Маргаан бүхий захиргааны акт гарсны дараа өдөр дээрх тэмдэглэлийг хөтөлсөн мэтээр ойлгогдохоор байна.

Гэвч шүүх хуралдаанд хариуцагч ...Бичвэрийн алдаа гарсан юм байна лээ. Үүнтэй холбоотой тайлбараа бичсэн байгаа. Актын огноо буруу бичигдсэн... гэх, нэхэмжлэгч ...Хурал дээр акт гарсан гэж танилцуулсан зүйл байхгүй. Дараа нь л акт гарсан... гэх тайлбаруудыг гаргаж байх тул шүүх маргаан бүхий захиргааны актыг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан гэж дүгнэсэн болно.

Улсын ахлах байцаагч 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн /актад бичигдсэнээр огноог бичив. Цаашид уг огноогоор бичнэ/ **-**/82 дугаарын актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэг[4]-т зааснаар хариуцагч нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эсэх асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэх эрхтэй байна.

Тамгын газрын дарга Н.Г ийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Ажлаас чөлөөлөх тухай Б/09 дугаартай тушаал нь хууль бус байсан болох нь Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай шийдвэрээр тогтоогдож, хүчингүй болжээ.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 23 дугаарын шийдвэр, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 404 дугаарын шийдвэрүүдийг албадан гүйцэтгэх ажиллагааны журмаар биелүүлүүлж, Г.О т бүгд 5461433 төгрөгийг олгосон болох нь өмнө дурдсан үйл баримтуудын дөрөвт заасан баримтуудаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн...-ийг ...шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж,

103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж тус тус хуульчилжээ.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт тусгагдсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хор арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг шаардаж гаргуулах эрхтэй [5] гэж заасан.

Дээрх хуулиудын зохицуулалтуудаас харахад хуульд нийцүүлж гаргаагүй шийдвэрийнх нь улмаас төрд учруулсан хохирлыг тухайн алдаатай шийдвэрийг гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлж төрийг хохиролгүй болгох нэг агуулгыг илэрхийлж байна.

Тамгын газрын дарга Н.Г ийн хууль бус шийдвэрийн улмаас иргэн Г.О т учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 5461433 төгрөгийг олгосноор Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт мөн хэмжээний хохирол учиржээ.

Тиймээс хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасан үүргийнхээ дагуу уг хохирлыг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 болон Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь улсын ахлах байцаагчийн 2020 оны **-**/82 дугаарын актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэсэн тайлбарыг гаргаагүй, харин уг захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулах журмыг зөрчсөн гэж мэтгэлцэж байх тул шүүх энэхүү ажиллагаатай холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар улсын ахлах байцаагчийн 2020 оны **-**/82 дугаарын актыг гаргах ажиллагааны оролцогч байна.

Тиймээс хариуцагч нь захиргааны шийдвэр гаргахын өмнө нэхэмжлэгчтэй Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах учиртай.

Маргаан бүхий захиргааны акт /шийдвэр/-ыг гаргах ажиллагааны оролцогч нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэх нэг субъект байх тул хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар сонсох ажиллагаа явуулах Мэдэгдэл-ийг өөрт нь өгөх үүрэгтэй.

Гэвч тэрээр нэхэмжлэгчид мэдэгдэл өгөлгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт очин нэхэмжлэгчтэй биечлэн уулзах хэлбэр[6]-ээр сонсох ажиллагаа явуулсан болох нь Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Г тэй сонсох ажиллагаа хийсэн тухай хурлын тэмдэглэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан ...Сонсох ажиллагаа хийх гэж байгаа талаараа өмнө бид бүхэнд ирүүлсэн мэдэгдэл байхгүй. Гэнэт л сонсох ажиллагаа явуулахаар хүрэлцэн ирсэн... Сонсох ажиллагаанд оролцсон... гэх, хариуцагчийн ...: Сонсох ажиллагаа хийх гэж байгаа талаараа ...нэхэмжлэгчид бичгээр, эсхүл утсаар мэдэгдээгүй... 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд бүрэлдэхүүнтэй очоод сонсох ажиллагааг ...12 цаг 38 минутад ...иргэний танхимд хийгээд үдээс хойш нь улсын байцаагчийн актыг бичээд гардуулан өгсөн. Үүнд өөрөөс нь тайлбар аваад сонсох ажиллагааны тэмдэглэлд түүний гаргасан тайлбарыг чөлөөтэй бичүүлэн аваад сонсох ажиллагааг явуулсан... гэх тайлбаруудаар нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан мэдэгдлийг оролцогчид хүргүүлж байгаагийн учир холбогдол нь оролцогч уг шийдвэр гаргах ажиллагаанд оролцон өөрийн санал тайлбарыг гаргаж, шийдвэрт тусгуулах боломжийг олгох, захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны актын эрх зүйн зохицуулалт шууд болон шууд бусаар чиглэгдэж байгаа этгээдийн санал, тайлбарыг сонссоны эцэст шийдвэрээ гаргах нь тухайн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хуульд нийцээгүй шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлж байгаа явдал юм.

Хариуцагчаас Тамгын газрын дарга Н.Г т сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй ч өөрөө түүний ажлын байранд ирж сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр явуулж нэхэмжлэгчийн хуулиар олгосон санал тайлбар гаргах эрхийг нь хангасан байх тул мэдэгдэл хүргүүлээгүй гэх үндэслэлээр **-**/82 дугаарын актыг хүчингүй болгох боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн ...шийдвэр гаргахад нөлөөлсөн нөхцөл байдлыг тодруулах үүргээ гүйцэтгээгүй, шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй, гэм буруутай этгээдийг тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан... гэх тайлбарын тухайд: Нэхэмжлэгч нь ...нөхцөл байдлыг тодруулаагүй... гэдгээ шүүх хуралдаанд ...Дарамт шахалт үзүүлсэн, ...ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн... Засаг дарга С.М , Засаг даргын орлогч Ч.Б  нар... хэмээн тайлбарлаж байна.

Иргэн Г.О ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт тус иргэнийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөр, хэвлэл мэдээллийн мэргэжилтний албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг хууль зөрчин гаргасанд мөн сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нар буруутай эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, харин Тамгын газрын даргын гаргасан шийдвэр хууль бус байна гэж дүгнэсэн байна.

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох эрх болон үүрэг улсын ахлах байцаагчид байхгүй байна.

Тиймээс хууль зөрчиж гаргасан шийдвэрийнх нь улмаас төрд учруулсан хохирлыг уг алдаатай шийдвэрийг гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн, зохих шийдвэр гаргасан улсын ахлах байцаагчийг нэхэмжлэгчийн тайлбарлаж буй нөхцөл байдлаар буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин нэхэмжлэгч нь иргэн Г.О ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд оруулж дарамт үзүүлэн нөлөөлсөн гэх тайлбартайгаа холбогдох асуудлаа эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхтэй. Ингэж шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн шаардаж буй гэм буруутай этгээд-ийг тогтоох нөхцөл бүрдэх юм. Тодруулбал: Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй Г.О  гэгч төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд оруулж нөлөөлсөн гэх асуудал нь шүүхийн шийдвэр биелүүлснээс үүссэн дараагийн шатны ажиллагаанд хамаарахгүй, бие даасан эрх зүйн маргаан байх тул энэ талаарх гомдлоо тухайн асуудлыг харъяалан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гарган шийдвэрлүүлэх учиртай.

Нэхэмжлэгч нь ...Г.О ийг гуравдагч этгээдээр тогтоох ёстой байсан гэж үзэж байгаа. Түүний эрх ашиг нь хөндөгдөж байгаа. Ажлаас чөлөөлөх болсон шалтгаан, хэргийг үнэн зөв шийдвэрлэх, буруутай этгээдийг тогтоох, шударга ёс зэргийг тогтоох ёстой... гэж мэтгэлцэж байна.

Г.О  нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор болох 5461433 төгрөгийг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан авснаар түүний Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа хангагджээ.

Харин төр буюу Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь албан тушаалтныхаа буюу Тамгын газрын даргынхаа гаргасан хууль бус шийдвэрийн улмаас Г.О т учруулсан хохирлыг төлж барагдуулснаар тус Тамгын газарт дээрх мөнгөн дүнгээр хохирол учирсан. Тиймээс төр өөрт учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаараа нөхөн төлүүлэх шаардлага бий болсон байна. Тодруулбал: Улсын ахлах байцаагчийн 2020 оны **-**/82 дугаарын акт нь Г.О ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих биш, түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх үйл ажиллагааны улмаас төрд учирсан хохирлыг алдаатай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэх замаар арилгах зорилгоор гаргасан шийдвэр байна. Уг алдаатай шийдвэрийг нэхэмжлэгч гаргасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон талаар өмнө дүгнэн бичсэн.

Нэхэмжлэгчийн мэтгэлцэж буй дээрх нөхцлүүдээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасныг тус тус баримтлан Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч /Б.Б /-д холбогдуулан гаргасан мөн аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Г ийн Булган аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр хариуцуулах тухай **-**/82 дугаарын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ