Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00574

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02468 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1982 дугаар магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй,

Ч.Нарангэрэлд холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүний хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүниий өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, өмгөөлөгч Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 2 өрөө орон сууцанд 2010.08.01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр хууль бусаар амьдарч байна. Энэ байрыг Хаан банкны барьцаанд барьцаалуулсан байгаа тул байраа худалдах, түрээслэх зэргээр банкны зээлээ төлж, асуудлаа шийдвэрлэмээр байгаа боловч******* нь түрээсийн гэрээ байгуулахгүй, байрыг чөлөөлж өгөхгүй намайг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Өмнө нь 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа оршин суугаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Учир******* нь Хэнтий аймгийн Дадал суманд бүртгэлтэй байдаг. Иймд Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг хариуцагч*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:******* нь 2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандан, зээлийн гэрээний үүрэг болон орон сууц хөлслүүлэх, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ******* нь түрээсийн төлбөр гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор орон сууцнаас албадан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн одоо дахин гаргаад байгаа энэ нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар хүлээн авахаас татгалзахаар заасан. Мөн дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр газар явуулж байгаа бөгөөд төлбөр төлөгч Ж.Нармандах нь 2018.01.11-ний өдөр шүүхийн шийдвэрээр төлөх мөнгөнийхөө оронд Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохирсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.20-ы өдрийн 102/ШШ2019/02468 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 61,1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг хариуцагч*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.25ы өдрийн 1982 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.20-ны өдрийн 102/ШШ2019/02468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг бүрэн үнэлэлгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн ойлголгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотойгоор хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн байгаа тухай: Магадлалын хянавал хэсэгт “...Түүнчлэн, зохигчдын хооронд үүссэн маргааныг өмнө нь******* нь нэхэмжлэгч ******* болон Ж.Нармандах нарт холбогдуулан зээлийн төлбөрт 10,000 ам.доллар, 18,000,000 вон, 69,609,000 төгрөгийг гаргуулах, орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, *******, Ж.Нармандах нар*******д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт 15,600,000 төгрөгийг, барааны үнэ 3,623,900 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс тус тус хэргийг хэлэлцэж...” гэж дурдсан байгаа юм. Гэвч 2015 онд шийдвэрлэгдсэн тус маргааны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх нь орхигдуулан, хариуцагч нар нь орон сууцнаас албадан гаргуулах гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх нь үүнд дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй мэтээр дүгнэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Дээрх 2015 онд шийдвэрлэгдсэн гэх хэрэг нь*******ийн нэхэмжлэлтэй, ******* болон түүний нөхөр Ж.Нармандах нарт холбогдуулан Зээлийн төлбөрт 10,000 ам.доллар, 18,000,000 вон, 69,609,000 төгрөг гаргуулах, орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт 15,600,000 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй маргаан байхад анхан болон давж заалдах шатны шүүх орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг өмнө нь шийдвэрлэгдээгүй мэтээр дүгнэсэн байна. Шүүхээс орон сууцнаас албадан гаргуулах тухай *******, Ж.Нармандах нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “нэхэмжлэгчийг хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч талын нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан гаргуулах гэсэн сөрөг шаардлага үндэслэлгүй байна гэж маш тодорхой дүгнэсэн байдаг Монгол Улсын дээд шүүхийн 2015.11.05-ны өдрийн 914 дугаар тогтоолоор орон сууц чөлөөлүүлэх ...орон сууц худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэх дүгнэлт мөн “Нэхэмжлэгч******* нь Ж.Нармандах, ******* нарт хүүгүй мөнгө зээлсэн, зээлдэгч нар нь орон сууцаа түүнд ашиглуулсан үйл баримтаас үзэхэд зээлдүүлэгч мөнгөө хүүгүй хэрэглүүлсэн, хариуцагч нар орон сууцаа үнэ төлбөргүй хөлслүүлсэн гэж үзэхээр байгаа ба зээлийн хүүнд орон сууцандаа суулгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна” гэж үндэслэл бүхий дүгнэж шийдвэрлэсэн буюу хариуцагч нь орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр юм. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор ******* нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг эзэмшиж буй*******ийн эзэмшлийг хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр ба энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас явуулж байгаа бөгөөд зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдсэн үйл баримт, нөхцөл байдалд огт өөрчлөлт ороогүй байгаа. Гэтэл төлбөрөө аваагүй байх нь хамаагүй орон сууцыг нь чөлөөлөөд гудамжинд гар гэсэн шийдвэр гаргаж байгаа нь хэт шударга бус байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтад “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Хэрэв уг үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

*******,*******д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “шүүхээр өмнө нь шийдвэрлэсэн, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хэрэгт авагдсан баримтанд үндэслэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Талуудын хооронд анх зээлийн харилцаа үүссэн, энэ үндэслэлээр хариуцагч******* маргааны зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч *******гийн зохих зөвшөөрлөөр эзэмшиж байгаа нь хэргийн дараах баримтаар тогтоогджээ.

2015 онд Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд******* нь *******, түүний нөхөр Ж.Нармандах нарт холбогдуулан зээлийн төлбөрт 10,000 ам.доллар, 18,000,000 вон, 69,609,000 төгрөг гаргуулж, орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг, *******, Ж.Нармандах нар маргаж, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт 15,600,000 төгрөг, барааны үнэ 3,623,900 төгрөг нийт 19 223 900 төгрөг гаргуулж, орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.20-ны өдрийн 102/ШШ2019/02468 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.25-ны өдрийн 1982 дугаар магадлалаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн ба анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн 2015.11.05-ны өдрийн 914 дүгээр тогтоолоор хэрэг эцэслэн шийдвэрлэгджээ.

Улсын дээд шүүхийн 2015.11.05-ны өдрийн 914 дүгээр тогтоолд “орон сууцыг нэхэмжлэгч*******ийн эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн талаар “Ч.Нарангэрэл нь Ж.Нармандах, ******* нарт хүүгүй мөнгө зээлсэн, зээлдэгч нар нь орон сууцаа түүнд ашиглуулсан үйл баримтаас үзэхэд зээлдүүлэгч мөнгөө хүүгүй хэрэглүүлсэн, хариуцагч нар орон сууцаа үнэ төлбөргүй хөлслүүлсэн гэж үзэхээр байгаа ба зээлийн хүүнд орон сууцандаа суулгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна” гэж дүгнэн орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлүүлэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээжээ.Тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

Хэргийн дээрх нөхцөл байдал, баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ээс авсан зээлийн хүүгийн тооцоонд орон сууцаа ашиглуулж буй нь үгүйсгэгдэхгүй байна. Зээлийн хүүг эд хөрөнгө ашиглуулсны хөлсөөр тооцох тухай талуудын тохиролцоо нь, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан “зээлийн мөнгийг ашиглуулсны хүү” гэсэн ойлголттой нэгэн утгатай байх тул уг хэлцлийг хууль зөрчөөгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч ******* нь зээлийн төлбөрийг төлж үүргийг зохих ёсоор гүйцэтгэснээр орон сууц чөлөөлөгдөх нөхцөл бүрдэнэ.

Хоёр шатны шүүх, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэснийг маргааны харилцаанд зөв тайлбарлан хэрэглээгүй, хэргийн нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр, магадлал хуулийн үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Дээр заасан үндэслэлээр “... ******* нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг эзэмшиж буй*******ийн эзэмшлийг хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад орон сууцыг нь чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02468 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1982 дугаар магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******гийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг хариуцагч*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

                                              ШҮҮГЧИД                                                     Б.УНДРАХ

                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                        Х.СОНИНБАЯР

                                        Х.ЭРДЭНЭСУВД