Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/02468

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 53-р байрны 16 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧО69051167, Түмэнжаргал овогт Баасанхүүгийн Сайнзаяагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод оршин суух, эмэгтэй, РД-СЙ69101409, Хуацай овогт Чойжваанчигийн Нарангэрэлд холбогдох,

 

хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Сайнзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өсөхбаяр нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, миний 2 өрөө орон сууцанд Б.Сайнзаяа нь 2010-08-01 өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр хууль бусаар амьдарч байна. Би энэ байраа Хаан банкны барьцаанд барьцаалуулсан байгаа тул байраа худалдах, түрээслэх зэргээр банкны зээлээ төлж, асуудлаа шийдвэрлэмээр байгаа боловч Ч.Нарангэрэл нь түрээсийн гэрээ байгуулахгүй, байрыг чөлөөлж өгөхгүй намайг өнөөдрийг хүртэл хохироосоор байна.

Өмнө нь 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа оршин суугаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Учир Ч.Нарангэрэл нь Хэнтий аймгийн Дадал суманд бүртгэлтэй байдаг.

Иймд Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ч.Нарангэрэлийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү? гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Сайнзаяа нь Ч.Нарангэрэлд холбогдуулан Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 2 өрөө орон сууцнаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргасныг шүүх шийдвэрлэсэн.

 

Ч.Нарангэрэл нь 2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандан, зээлийн гэрээний үүрэг болон орон сууц хөлслүүлэх, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, Б.Сайнзаяа нь түрээсийн төлбөр гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор орон сууцнаас албадан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн одоо дахин гаргаад байгаа энэ нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзахаар заасан.

Мөн дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр газар явуулж байгаа бөгөөд төлбөр төлөгч Ж.Нармандах нь 2018-01-11 өдөр шүүхийн шийдвэрээр төлөх мөнгөнийхөө оронд Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохирсон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Сайнзаяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

                 ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 61,1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 2004 оноос хойш өмчилж, уг орон сууцны өмчлөгчөөр 2004-05-11 өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгч болсон нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хүчин төгөлдөр лавлагаагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь уг орон сууцыг Хаан банкинд зээлийн барьцаанд барьцаалуулсан байгаа шалтгаанаар өмчлөгчийн эрхийг нотлох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээг шүүхэд ирүүлэх боломжгүй байгааг тайлбарлаж, өмчлөх эрхийн талаарх лавлагааг шүүхэд нотлох баримтаар өгсөн болно. Нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч бичиж өгсөн баталгаагаар давхар нотлогдсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх байрыг 2010-08-01 өдрөөс эзэмшиж байгаа талаар зохигч маргаангүй байгаа боловч орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээс шүүх өмнө шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр хариуцагч татгалзсан байна.

Хэрэгт авагдсан баримтыг судлахад, хариуцагч Ч.Нарангэрэл нь нэхэмжлэгч Б.Сайнзаяа, нэхэмжлэгчийн нөхөр Ж.Нармандах нарт холбогдуулан, зээлийн төлбөрт 10 000 ам.доллар, 18 000 000 вон, 69 609 000 төгрөгийг гаргуулах, орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, Б.Сайнзаяа, Ж.Нармандах нар Ч.Нарангэрэлд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, түрээсийн төлбөрт 15 600 000 төгрөгийг, барааны үнэ 3 623 900 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг гаргасан нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015-05-13 өдөр хэлэлцэж, 3432 шийдвэрээр Ч.Нарангэрэлийн нэхэмжлэлээс 119 641 100 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээс 16 167 500 төгрөгийг тус тус хангаж, Ч.Нарангэрэл нь 2013-05-13 өдөр Ж.Нармандах, Б.Сайнзаяа нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ч.Нарангэрэлийн гарсан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэж, 2015-08-17 өдрийн 1080 магадлалаар нэхэмжлэлийн хангагдсан мөнгөн төлбөрийн үүргийг нэмэгдүүлж, 121 829 000 төгрөг болгож өөрчилсөн байна.

Монгол улсын Дээд шүүх нэхэмжлэгч Ч.Нарангэрэлийн гаргасан гомдлоор дээрх хэргийг 2015-11-05 өдөр хянан хэлэлцэж, Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 914 тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, 2013-03-04 өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний үүргийг 2013-05-13 өдөр дуусгавар болсон гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлээс 2 сарын хөлс 1 867 500 төгрөгийг гаргуулж Б.Сайнзаяа нарт олгохоор өөрчилсөн байна.

Хариуцагч Ч.Нарангэрэл нь дээрх орон сууцыг худалдах, худалдан авахаар Б.Сайнзаяа, Ж.Нармандах нартай 2013-05-13 өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд түүний зөвшөөрлийг баталсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа 2016-01-14 өдрөөс эхлэн явагдаж байгаа байх бөгөөд энэ ажиллагааны явцад төлбөр төлөгч болох хамтран хариуцагч Ж.Нармандах нь Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 61,1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөртөө шилжүүлж өгөх, байр нь банкны барьцаанд байгаа учир барьцаанаас чөлөөлж, 2018 онд багтааж, төлбөр авагч Ч.Нарангэрэлд өгөхөөр 2018-01-11 өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/х.х-36/ баталгаа бичиж өгсөн нь тогтоогдож байна.

Хариуцагч Ч.Нарангэрэл нь анхан болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхийн дээрх шийдвэрүүд гарснаас хойш орон сууцыг одоог хүртэл эзэмшсээр байгаа байх бөгөөд шүүхийн дээрх шийдвэрүүд нь хариуцагч уг орон сууцыг эзэмших эрхтэйг, төлбөрт өгөхөөр амласан төлбөр төлөгчийн амлалт нь хариуцагчид орон сууцаа эзэмшүүлэхээр өмчлөгч зөвшөөрснийг нотлохгүй тул нэхэмжлэлийн талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Сайнзаяагийн өмчлөлийн орон сууцыг эзэмших, өмчлөх эрхийг эрх бүхий байгууллагаас хуульд зааснаар олж аваагүй, орон сууцыг эзэмшихээр өмчлөгч Б.Сайнзаяатай тохирсон гэрээ, хэлцэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн эзэмшил Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан... хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах өмчлөгч Б.Сайнзаяагийн эрхийг зөрчсөн, хууль бус байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 61,1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ч.Нарангэрэлийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.