Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 01124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Ривер гарден 311 дүгээр байр 703 тоотод оршин суух Өөлд овогт Аюушийн Алтантулга /РД:ЧТ71061877/-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54 дүгээр байр 19 тоотод оршин суух Сартуул овогт Шагдарын Март /РД:ЧР82030863/-ад холбогдох,

 

  Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийжаргал, хариуцагч Ш.Март, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Алтантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27-р байрны 12 тоот 46 м.кв талбай бүхий 3 өрөө байр нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай тус шүүхийн 2016.01.12-ны өдрийн 102/ШЗ2016/02271 тоот захирамжийн дагуу зээлийн төлбөрт миний өмчлөлд шилжиж, 2016.10.18-ны өдөр өмчлөх эрхийн 000512789 дугаар гэрчилгээ авсан. Гэтэл Ш.Март нь тус байранд өөрийн дүү нарыг суулгасан бөгөөд би түүнийг байрнаас гарахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй байгаа тул миний өмчлөлийн байрнаас Ш.Мартыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь Ш.Мартад 43 сая төгрөг зээлээд 66 сая төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан байсныг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар зохигчид эвлэрч, нэхэмжлэгч А.Алтантулга нь нэхэмжлэлийн шаардлагаа 48 сая төгрөг болгож багасгаад талууд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч эвлэрсэн. Ш.Март зээлийн хүү алдангийг төлөх боломжгүй учраас хүү алдангиас чөлөөлж өгнө үү гэсний дагуу нэхэмжлэгч 48 сая төгрөг болгосон юм. Энэ зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байгаа. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Үүний дагуу барьцааны зүйл дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж уг байр нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр А.Алтантулгын нэр дээр гарсан. Үүнээс хойш буюу 2015 оноос хойш А.Алтантулга нь өөрийнхөө өмчлөлийн зүйлийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай өдийг хүрсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч нь өмчлөх эрхээ зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах буюу өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоох буюу шаардах эрхтэй гэж заасан байгаа. Ийм учраас өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд 1 жил 06 сарын хугацаанд Ш.Март болон түүний дүү нар гэж хүмүүс энэ байранд амьдарч А.Алтантулгын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Иймд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 2-12 тоот 46 м.кв байрнаас Ш.Март болон түүний ах, дүү, хамаатан, саданг гаргаж, А.Алтантулгын өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрхийг хангаж өгнө үү гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: Энэ байрыг надад худлаа хэлж, хууль бусаар шилжүүлж авсан гэж үзэж байна. Намайг залилж авсан учраас би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байгаа. Энэ асуудлыг тус цагдаа дээр одоо шалгаж байгаа бөгөөд би А.Алтантулга гэж хүнээс мөнгө аваагүй юм. Хамгийн анх н.Оюунцэцэг гэж хүнээс мөнгө авсан бөгөөд А.Алтантулга гэнэт гарч ирээд миний мөнгө учраас хоёулаа гэрээ хийе гээд гэрээ хийсэн. А.Алтантулга удалгүй намайг шүүхэд өгсөн бөгөөд би шүүхэд хандаж А.Алтантулгаас мөнгө аваагүй гэдгээ хэлсэн. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөр оролцож байсан, бүгдийг нь мэдэж байна. Надад тэр үед өмгөөлөгч авах мөнгө байгаагүй, учир нь би хамаг мөнгөө хүнд өгсөн байсан. Тэгсэн н.Оюунцэцэг, А.Алтантулга нар гэнэт уулзахаар болоод шүүх хурлын өмнө эвлэрлийн гэрээ хийсэн байсан. Эвлэрлийн гэрээнд н.Оюунцэцэг нь А.Алтантулгад мөнгө өгнө гэж хэлсэн байсан, тэгтэл намайг гарын үсэг зурчих гэж энэ хүмүүс хоорондоо яриад би ороод зөвхөн гарын үсэг зурсан. Тэрний дараа би шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байхад би ийм учиртай учраас байраа шилжүүлж өгөхгүй гэж хэлэхэд шийдвэр гүйцэтгэгч чи түр зуур шилжүүлээд өгчих, мөнгөө төлөөд дууссаны дараа буцаагаад шилжүүлээд авчихна гэж хэлсэн. Тэр хооронд А.Алтантулга надтай нэг ч удаа яриагүй. Би боломж, бололцоогоор мөнгийг нь өгнө гээд байж байтал намайг байр суллаад өг гэсэн бөгөөд би гомдол гаргасан. Ер нь би тэр мөнгийг аваагүй, н.Оюунцэцэг тэр мөнгийг авсан. Энэ талаар А.Алтантулга өөрөө мэдэж байгаа бөгөөд эвлэрлийн гэрээг энэ хүмүүс уулзаж байгаад хийлгэсэн. Дараа нь шийдвэр гүйцэтгэлийн шатанд очоод байр шилжүүлэх юм болоход энэ хүмүүс байнга л хоорондоо уулзаж явж байсан. Энэ хүмүүс хоорондоо яриад намайг залилаад байгаа юм. Ийм учраас би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаад А.Алтантулга, н.Оюунцэцэг нарыг шалгуулж байгаа. Би 3 өрөө байраа ийм төлбөрт зарна гэж байхгүй. Миний хамгийн анх зээлсэн мөнгө маань 30 сая төгрөг бөгөөд хүү нэмэгдэж явсаар байгаад 48 сая болсон. А.Алтантулга, н.Оюунцэцэг нарын уулзаад ярьсан зүйлийг энэ өмгөөлөгч мэдэж байгаа бөгөөд би энэ өмгөөлөгчид гомдож байна. Ингэх байсан юм бол тухайн үед эвлэрэх үед цаашид ийм юм болно, ингэж болохгүй гэж хүн сэтгэл гаргаж болоогүй юм уу гэж хэлмээр байна. Хэрвээ сэтгэлээсээ надад зөвлөөд өгсөн бол ийм юм болохгүй байсан. Надад 3 өрөө байраа ингээд хүнд алдахад харамсалтай байна. Миний хүүхэд өвчтэй бөгөөд хүүхдээ байнга эмчилгээнд аваад явдаг. Надад гомдолтой байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон шүүхэд гаргасан тайлбартаа: А.Алтантулга, н.Оюунцэцэг хоёр уулзсан бөгөөд Ш.Мартын мөнгийг би авчихсан юм гэж н.Оюунцэцэг хэлсэн. Үүний дагуу А.Алтантулга Ш.Мартад байраа түр өгчих гэж хэлсэн юм. Байраа түр шилжүүлчих гэж хэлсэн хүн нь А.Алтантулга бөгөөд н.Оюунцэцэг мөнгө авсанаа хүлээн зөвшөөрч байна. Ийм учраас түр шилжүүлээд н.Оюунцэцэг мөнгө өгөхөөр байрыг чинь өгье гэсэн хүн бөгөөд энэ үйлдэл нь хоёр хүний бүлэглэсэн үйлдэл харагдаад байна. Эрүүгийн хэрэгтэй холбогдуулж хэлэхэд бидэнд албан ёсоор та нар н.Оюунцэцэг болон А.Алтантулга гэж хүмүүсийг гомдолд дурдсан байна. Шалгаад А.Алтантулга гэдэг хүн Ш.Мартыг залилсан зүйл алга байна гэж хэлэх ёстой. Гэтэл хариу өгөөгүй байгаа учраас А.Алтантулгыг шалгаж байгаа гэж ойлгож байгаа гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Алтантулга Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 27 дугаар байр, 12 тоот 46 м.кв 3 өрөө орон сууцыг Ш.Мартын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, А.Алтантулга нь намайг залилаж, уг байрыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэж маргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.03-ны өдрийн 05283 дугаар шүүгчийн захирамжаар Ш.Март А.Алтантулгад 48.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчдийн эвлэрлийг шүүх баталжээ. /хх-ийн 39-40 дүгээр тал/

Улмаар уг шүүгчийн захирамжийн дагуу 2016.01.12-ны өдөр 274 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-38 дугаар тал/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 274 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын 106 дугаар протоколоор Баянгол дүүргийн 20 дугаар хороо 27-р байр 12 тоот орон сууцыг төлбөр авагчид шилжүүлж, уг протоколд төлбөр төлөгч Ш.Март, төлбөр авагч А.Алтантулга нар гарын үсгээ зуржээ. /хх-ийн 41-43/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016.10.04-ний өдрийн 1/31997 дугаар албан тоотын дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газар 2016.10.18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 27-р байрны 12 тоот хаягт байрлалтай 46 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Алтантулгыг бүртгэж, Ү-2205008365 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ. /хх-ийн 47 дугаар тал/

Уг баримтуудаас үзэхэд А.Алтантулга нь маргааны зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 27-р байрны 12 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ш.Март, түүний өмгөөлөгч Б.Цолмон нар 2018.02.20-ны өдөр шүүхэд Оюунцэцэгтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа эсэх талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс баримт гаргуулах, мөн Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрлэсэн Март, Алтантулга нарын эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсэн хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх-ийн 102 дугаар тал/

Улмаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс ирүүлсэн баримтаар Ш.Март нь Н.Оюунцэцэг гэгчид холбогдуулан гомдол гаргасан, уг гомдлын дагуу Н.Оюунцэцэгт 201725030972 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар баримтууд иржээ. /хх-ийн 104-107 дугаар тал/

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирсэн баримтаас үзэхэд А.Алтантулгад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй байх тул нэхэмжлэгч А.Алтантулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо 27-р байрны 12 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008365 дугаар бүргэлтэй 46 м.кв, 3 өрөө орон сууцыг Ш.Мартын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мартаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Алтантулгад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО