Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00575

 

 

“.......” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 25-ы өдрийн 183/ШШ2019/01490 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2030 дугаар магадлалтай,

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

........., “.........” боловсрол сургалтын байгууллагад холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68,813,470.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, “Эрдэнэсийн автад цэцэрлэг” БСБ-аас батлан даалтын гэрээний дагуу өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгө хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч .........гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......... нь “.........” ХХК-тай 2017.12.27-ны өдөр ЗГ/1305107996 тоот зээлийн гэрээгээр 63,000,000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр авсан. Тус зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, ЗБ1305107996 тоот, ЗБ1305107996-А ипотекийн гэрээгээр доорх хөрөнгийг барьцаалсан. Үүнд Ү-2206047782 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 15 дугаар гудамж, 553а тоот хаягт байршилтай, 212 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-2206007250 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 15 дугаар гудамж, 553 тоот хаягт байршилтай, 1701203515 нэгж талбарын дугаартай 404 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 15 дугаар гудамж, 553 тоот хаягт байршилтай 91 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ЗГ1305107996 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БДГ1305107996 тоот батлан даалтын гэрээгээр ......... БСБ /РД:8248265/ нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно. ......... нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нийт 371 хоногийн хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээг ноцтой зөрчсөөр байна. “.........” ХХК нь зээл, зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөр 56,876,490.92 төгрөг, хүүний төлбөр 11,352,822.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 584,691.63 төгрөг, нийт 68,813,470.82 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болон батлан даалтын гэрээний дагуу ......... боловсрол сургалтын байгууллагын эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус зээлийг .........ийн үйл ажиллагаанд зориулж авсан бөгөөд цэцэрлэг зуны 3 сард үйл ажиллагаа явуулдаггүй, ямар ч орлогогүй байдаг тул зээлийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болж хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг банкинд удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Мөн “.........” ХХК зээлийн төлөлтөөс хүүгийн хүү, алдангийн алданги тооцож авснаар зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаагүй тул гомдолтой байна. Нэхэмжлэгч талаас зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэх боловч миний бие цэцэрлэгийн байраа өргөжүүлсэн байгаа гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.25-ы өдрийн 183/ШШ2019/01490 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар “.........” ХХК, ......... нарын хооронд байгуулагдсан 2017.12.27-ны өдрийн ЗГ1305107996 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч .........гаас 68,813,470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “.........” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047782 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 15 дугаар гудамж, 553а хаягт байршилтай 212 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206039743 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 15 дугаар гудамж, 553 тоот хаягт байршилтай, 91 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-2206007250 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 15 дугаар гудамж, 553 тоот хаягт байршилтай 1701203515 нэгж талбарын дугаартай 404 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 68,813,470 төгрөг гаргуулж, “.........” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......... боловсрол, сургалтын байгууллагад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 642,417 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч .........гаас 572,217 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 2030 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.25-ны өдрийн 183/ШШ2019/01490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ......... хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ......... би сонсголын бэрхшээлтэй бөгөөд 2019.10.26-ны өдөр Н65 Дунд чихний идээт бус үрэвсэл оноштойгоор Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж тогтоогдсон ба сонсголын бэрхшээлтэй болоод 5 жил болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд ...дүлий зэрэг шалтгааны улмаас”. 7.3-т “Шүүх энэ хуулийн 7.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй” гэжээ. Шүүх хуралдаанд би төлөөлөгч болон өмгөөлөгчгүйгээр оролцсон бөгөөд шүүх хуралдаан даргалагчаас тавьж буй асуулт, нэхэмжлэгч талаас гаргаж буй тайлбар зэргийг бүрэн сонсож, ойлгоогүйн улмаас шүүх хуралдаанд ИХШХШтХ-ийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг эдэлж чадаагүй. Шүүх нь ИХШХШтХ-ийн 6 дугаар зүйлийн 6.2. 6.3-т заасныг хангаагүй хариуцагч миний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “ Шүүх. прокурор, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна.”, мөн хуулийн 27.3-т “ Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх, үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлаж өгнө.”, 27.4-т “Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн эрх ашгаа хамгаалахад хүртээмжтэй орчныг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдгээрийг текст уншигч, бичигч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагчаар үнэ төлбөргүй хангах ба үйлчилгээний зардлыг улсын төсөвт тусгана.” гэж заасныг зөрчсөн. Би өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах зорилгоор өмгөөлөгч Г.Гантуяатай 2019.11.29-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн. Өмгөөлөгч Г.Гантуяа 2019.12.02-ны өдөр иргэний хэргийн материалтай танилцаж, би 2019.12.04-ний өдөр иргэний хэргийн давж заалдах шатны хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцсон. Миний давж заалдах гомдлыг хэлэлцэх иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр хэргийг илтгэж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн. ИХШХШтХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шуух зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.”. мөн зүйлийн 166.5-д “... зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шуух хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө.” гэж заасан байхад өмгөөлөгчийг үг хэлүүлэхгүй, гомдлоо ярь гэж тайлбар гаргах эрхийг хязгаарласан. Шүүгч С.Энхтөр нь хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд асуудлыг шийднэ хэмээн өмгөөлөгчийн тайлбарыг сонсоогүй. Гэтэл Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн материалд цугларсан нотлох баримтыг бүхэлд нь үнэлээгүй. Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд .........ны гүйцэтгэх захирлын 2019.06.12-ны өдрийн 176 дугаар тушаалын нотариатаар хуулбар үнэнг батлуулсан баримт хавсаргажээ. Дээрх тушаалын утга нь “...банкийг бүрэн төлөөлөх эрхийг Эрсдэлийн удирдлагын газрын захирал А.Энхбаярт 3 жилийн хугацаатай олгов." гэжээ. Гэтэл тухайн итгэмжлэлийг 2019.06.03-ны өдөр Гүйцэтгэх захирлаар томилогдсон Норихико Като гэх гадаад иргэнээс олгосон байдаг юм. Хавтаст хэрэгт Норихико Като нь аль улсын иргэн болох, Монгол улсад байнга болон түр оршин суудаг эсэх талаар ямар нэгэн нотлох баримт нэхэмжлэгч талаас өгөөгүй. ИХШХШтХ-ийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын усэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх:’’ гэсэн хэдий ч Гадаадын иргэн болох Норихико Катогийн гадаад хэлнээс орчуулагдсан Монгол хэл дээрх тушаал /итгэмжлэл/-д орчуулгын тамга дарагдаагүй. ИХШХШтХ-ийн 7 дугаар зүйлийн 7,4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулуулсан байна.” гэж заасныг зөрчсөн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. “.........” ХХК, ........., “.........” боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68,813,470 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, “.........” БСБ-аас батлан даалтын гэрээний дагуу эд хөрөнгө, дансан дахь мөнгө хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг гаргуулж нөхөх хариуцлага хүлээлгэх шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж, “зээлийг .........ийн үйл ажиллагаанд зориулж авсан, зээлийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт банкинд удаа дараа гаргасныг шийдээгүй, зээлийн төлөлтийг хүүгийн хүү, алдангийн алданги тооцон авч зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаагүйд гомдолтой” гэсэн тайлбарыг гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхийг хүсэж, хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд: “сонсголын бэрхшээлтэйн улмаас 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлмэрчээр дамжуулан оролцох эрх болон өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй, анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг дутуу үнэлсэн байхад давж заалдах шүүх зөвтгөж хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн “...банкийг бүрэн төлөөлөх эрхийг Эрсдэлийн удирдлагын газрын захирал А.Энхбаярт олгосон итгэмжлэл нь хуульд нийцээгүй” гэсэн агуулга заажээ.

2. Хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

........., нөгөө талаас ......... 2017.12.27-ны өдөр ЗГ1305107996 тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр 63,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан, “.........” БСБ, эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөс зээлийг хариуцан төлөхөөр батлан даалтын гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлд нэр бүхий 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө барьцаалж хуулийн дагуу зохих бүртгэлийг хийлгэжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 460 дүгээр зүйлийн 460.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхийг зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, мөн батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 460 дугаар зүйлийн 460.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл болсон байна.

Нэхэмжлэгч “.........” ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж 63,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн байх ба харин зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацааг 371 хоногоор хэтрүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 56,876,490 төгрөг, зээлийн хүү 11,352,822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,884,691 төгрөг, бүгд 68,813,470 төгрөг гаргуулах шаардлага гаргасанд хариуцагч “зээлийн төлөлтөөс хүүгийн хүү, алдангийн алданги тооцож үндсэн төлбөрөөс хасагдаагүйд гомдолтой” гэсэн тайлбарыг гаргаснаас өөрөөр зээлийн үүргийн тооцооллыг үгүйсгэж чадаагүй байна.

Талуудын хооронд үүссэн зээлийн харилцаа нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгогдсон байх тул “алданги” тооцох хууль зүйн үндэслэлгүйгээс гадна зээлийн эргэн төлөлтийг өөрчилсөн талаар хэрэгт баримт байхгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар зааж, хариуцагч үүргийг биелүүлэх боломжгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр “.........” БСБ-аар батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлага хүлээлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451, 453, 175, 460 дугаар заалтын холбогдох зохицуулалтыг  зөв тайлбарлан хэрэглэсэн, тус шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэл болгосон байна.

Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг зөрчөөгүй магадлал хуулийн үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн “анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг дутуу үнэлсэн байхад давж заалдах шүүх зөвтгөж хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн хяналтын гомдолд заасан “сонсголын бэрхшээлтэйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдэлбэл зохих эрхийг нь шүүх хэрэгжүүлээгүй” гэх гомдлыг давж заалдах шатны шүүх хянан үзэж эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн “...банкийг бүрэн төлөөлөх эрхийг Эрсдэлийн удирдлагын газрын захирал А.Энхбаярт олгосон итгэмжлэл нь хуульд нийцээгүй” гэсэн гомдол нь хэргийн 9 дүгээр талд авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ы өдрийн 183/ШШ2019/01490 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2030 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч .........гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2020/000280 дугаар шүүгчийн захирамжаар ......... улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                                               ШҮҮГЧИД                                                       Б.УНДРАХ

                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                   Х.СОНИНБАЯР

                                   Х.ЭРДЭНЭСУВД