Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0287

 

 

  

 

 

 

 

 

“А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч: “А м” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 124 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 123/202/0801/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А м” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах ”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 124 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан “А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. …Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт "...байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах..." гэж заасны дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших "Ямаан усны хяр" нэртэй 9891,7 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-17452, мөн сумын нутагт орших Шанд-1 нэртэй 2899,28 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-020529, мөн сумын нутагт орших Торомхон нэртэй 2881,79 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-014917 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ажилласан.

3.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын МB-014917, MB-17452, МВ-020529 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч "А м" ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасны дагуу байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д "... тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан..." гэж заасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" 2020/14 дүгээр дүгнэлтийг гаргасан.

3.3. Дээрх дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/5777 дугаар албан бичгээр холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д "хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах" гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

3.4. Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.25, 28 дугаар зүйлийн 28.1.1. 28.1.2 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/5777 дугаар тоот албан бичгээр ирүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" 2020/14 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 324 дүгээр шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлтэй болно. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. ...2020/14 дүгээр дүгнэлтийг гаргахдаа тус ажлын хэсэг нь маргаан бүхий газар дээр удаа дараа хяналт шалгалт хийж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын батлагдсан удирдамжийн дагуу яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Алтайн Өвөр багийн сав газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудыг оролцуулан нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийж ажилласныг шүүх дутуу дүгнэсэн байна.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.4-т “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлыг үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг устгах” гэж тус тус заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр дүгнэлт нь сум болон аймгийн Засаг дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сумын иргэдийн хурлын албан бичгүүдийг үндэслэн гаргасан тул хууль зүйн үндэслэлтэй юм.

4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан боловч шүүхийн шийдвэрт тус албан бичгүүдийг дутуу дүгнэж тайлбарласан нь үндэслэлгүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дугаар дүгнэлт нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “А м” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан.

3. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 тоот дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэн “А м” ХХК нь байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдож байх тул “А м” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын “Шанд-1” нэртэй МV-020529, “Торомхон” нэртэй МV-014917, “Ямаан усны хяр” нэртэй МV-017452 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан.

3.1. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр “А м” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-020529, МV-014917, MV-017452 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байхдаа байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгаль орчинд хохирол учруулсан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж, ашигт малтмалын ашиглалтын MV-020529, МV-014917, MV-017452 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.

3.2. Анхан шатны шүүх “...маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 дугаар захирамжаар байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг”-ийн дүгнэлтүүд хүчингүй болсон, байгаль орчинд хохирол учруулсан гэх “Мөнгөн марал” ХХК-ийн дүгнэлтийг ашиг сонирхлын зөрчил бүхий Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/186 дугаар захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн, МV-017452 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар хууль бусаар эрэл хайгуул хийсэн, олборлолт явуулсан гэх зөрчлийг нэхэмжлэгч эсхүл бусад этгээд учруулсан эсэхийг эцэслээгүй, уг зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, ...дүгнэлтэд дурдсан бусад сумын болон аймгийн Засаг дарга нарын албан бичиг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг, сумын иргэдийн Хурлын албан бичгүүд нь санал зөвлөмжийн шинжтэй байх тул  тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд, 1 дүгээр зүйлд “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай  зөвшөөрлийг цуцлахаар тус тус заасан.

5. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/590 дүгээр тушаалын дагуу “А м” ХХК-иас 09 дүгээр сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан өргөдлийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг Гурвантэс сумын нутагт байрших тус компанийн МV-017452 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд очиж нөхцөл байдалтай танилцаад, MV-017452 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд “А м” ХХК нь уулын ажлын төлөвлөгөө, хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй талбайд үйл ажиллагаа явуулсан болохыг ажлын хэсгийн хяналтын хэмжилт зургаар баталгаажуулсан байх ба 2.01 га талбайд зөвшөөрөлгүй уулын ажил явуулсан, олборлолтод өртсөн талбайд аж ахуйн нэгж техникийн нөхөн сэргээлт хийж, уулын ажлын технологийн зам гарган олборлосон газрын мөрийг цэвэрлэсэн байдалтай байсан, Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор ...“Торомхон” нэртэй МV-014917 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй “Хуримын ордон” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэх нөхцөл байдлыг тогтоож зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Харин MV-020529 талбайд ямар нэгэн ашиглах үйл ажиллагаа явуулаагүй гэх дүгнэлтийг гаргажээ.

6. Үүний дагуу Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0063740 тоот шийтгэлийн хуудсаар “Торомхон” нэртэй МV-014917 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй “Хуримын ордон” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан зөрчилд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрч уг шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүхээс “...уг зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон...” гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хэргийг шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй болжээ. Түүнчлэн ийнхүү торгуулийн арга хэмжээ авагдсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй. 

7. Хэдийгээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр “...0063740 тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах шаардлагатай үндэслэлээр 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх боловч тус шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг  нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрч, төлснөөр шийтгэлийн хуудсын эрх зүйн үйлчлэл буюу тухайн харилцаа дуусгавар болсон байх атал дээрх шүүхийн шийдвэрээр тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үр дагаварыг шууд үүсгэхээргүй байна. Хэдийгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй боловч хэрэгт Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийдвэр нотлох баримтаар авагдсан байх тул уг шийдвэрийг үндэслэж энэ хэргийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн боломжтой эсэхэд дүгнэлт хийсэн болно.    

8. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь МV-017452, МV-014917 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ...хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, орон нутгийн удирдлага, иргэдийн хүсэлт, хохирлын үнэлгээ тооцсон тайлан зэргээр нэгэнт тогтоогдсон байх тул яамнаас тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дүгнэлт гаргаж, түүнийг үндэслэн Кадастрын хэлтсээс тухайн тусгай зөвшөөрлийг цуцалсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

9.Түүнчлэн ”...МV-017452 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар хууль бусаар эрэл хайгуул хийсэн, олборлолт явуулсан гэх зөрчлийг нэхэмжлэгч эсхүл бусад этгээд учруулсан эсэхийг эцэслээгүй...” гэх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй. Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхийн талбайг эзэмшилдээ байлгах, бусдын үйл ажиллагаа явуулахаас хамгаалах үүрэгтэй бөгөөд “уулын салаа ам болгоныг дур мэдэн ухаж, олборлосон элсийг угаан баяжуулж байгаль орчинд хортой нөлөөлсөн” зөрчлийг өөр этгээд үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасныг буруутгах үндэслэлгүй.  

10.Харин MV-020529 тусгай зөвшөөрлийн талбайд ямар нэгэн ашиглалт явуулаагүй, уг талбайтай холбоотой зөрчил тогтоогдоогүй байх тул маргаан бүхий актуудын уг тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

11.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр “...Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй, дахин шинэ акт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан тул Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлт хүчингүй болсон үндэслэлээр маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/14 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 324 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй.

12. Учир нь, хэдийгээр захиргааны байгууллагаас дээрх Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар шийдвэрт заасан хугацаанд дахин шинэ акт гаргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-т “шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлт хүчингүй болсон нь нэхэмжлэгч компанийн гаргасан дээр дурдсан зөрчлүүдийг бүхэлд нь шууд үгүйсгэх үндэслэл болохгүй.

13. Мөн хэрэгт нэхэмжлэгч компаний хүсэлт, гомдлын дагуу эрх бүхий этгээдийг оролцуулан дахин үнэлгээ хийж байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж “хангалтгүй” гэж дүгнэсэн талаарх баримт авагдсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай  зөвшөөрлийг цуцлахаар заасан тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 324 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 124 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ...” гэснийг “...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийн “А м” ХХК-ийн “Шанд”-1 нэртэй MV-020529 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Ямаан усны хяр” нэртэй MV-017452, “Торомхон” нэртэй MV-014917 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

    ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА

    ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН