Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 255

 

Д.Ч, Б.М, Т.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Ч, Б.М, Т.М нарт холбогдох эрүүгийн 201725020639 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................., 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Боргүвээгийн 2 дугаар хэсгийн 69 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../;

2. .................., 1996 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Хойд өвөлжөөний 1 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../;

3. ....................., 1982 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн түргэн тусламжийн эмнэлэгт дуудлагын эмч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 45-113 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........................../;

Д.Ч нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй бааранд үйлчлүүлж байсан Г.Батхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт ширээний тавцан модоор цохиж алсан,

Б.М нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй бааранд үйлчлүүлж байсан Г.Батхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Т.М нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй баарны Б-1 давхарт 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө тус баараар үйлчлүүлж байсан Д.Ч нь Г.Батхүүгийн толгойн тус газарт ширээний тавцан модоор цохиж гэмтэл учруулсан гэх хэргийн дуудлагаар очоод анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Батхүү нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний 09 цагт нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Прокуророос Т.Мад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Боржигон овгийн Доржготовын Чинбатыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрхэт овгийн Балдандоржийн Мэргэнбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокуророос Б.Мт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Б.Мыг тус хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Чад оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Чын цагдан хоригдсон 161 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.М, Т.М нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт нь 76 см, өргөн нь 20 см хэмжээтэй ширээний тавцан модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгийн газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Чаас 24.571.956 төгрөгийг гаргуулан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүүд олгож, Т.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Чад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Чад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Т.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох” гэж тусгасан заалтыг зөрчиж байна. Прокурор Мөнгөнсүх тухайн хэргийн зүйлчлэлийг үнэн бодитоор буюу Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэхгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн байхад энэ тухай хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлыг үл харгалзан Сүхбаатар дүүргийн шүүгч нар Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг зөрчиж шүүхийн тогтоолоо үйлдсэнд гомдолтой байна. Нотлох баримт болох камерийн бичлэгт миний хүү Чинбатаас хамгаалан түүнтэй зууралдаж байхад Мэргэнбаатар нүүрний зүүн хэсэгт нь 3-4 удаа цохисноос гадна дагзны ар талаас нь гараа зангидан үсэрч очоод цохиж байгаа бичлэг байсныг яагаад үгүйсгээд байгаа юм бэ. Энэ бол 2 хүний хийсэн хэргийг нуун далдалж ял завшуулах санааны нэг илрэл. Мэргэнбаатар миний хүүгийн толгой руу 7-8 удаа цохисноос яагаад зөвхөн хөнгөн гэмтэл үүссэн гэж үзээд байгааг эсэргүүцэж байна. Мэргэнбаатарын 7-8 удаагын хүчтэй цохисоноос үүссэн гэмтэл дээр Чинбат модоор цохиж унагааснаас болж миний хүү үхлийн гэмтэл авч шоконд орж нас барсан гэж бодож байна. Чинбат, Мэргэнбаатар хоёрын хэн хэнийх нь үйлдлээс болж миний хүү нас барсан. Ер нь миний хүү энэ хоёрын нэгтэй нь зодолдоход зодуулаад байхааргүй. 173 см өндөртэй, махтай, биерхүү залуу байсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 316 тоот тогтоолоор яагаад дахин шинжээч эмч нарын дүгнэлт гаргах болж хурал хойшлуулсан бэ гэвэл тухайн үед Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч байсан Алдар камерийн бичлэгт Мэргэнбаатар миний хүүгийн толгойн ар талаас цохиж байгаа бичлэг байгааг харуулаад, мэдүүлэгтээ зөвхөн зүүн хацар руу нь 2-3 удаа цохисон гэсэн байсан. Ар талаас нь цохисноо бичээгүй тул зөрүүтэй байна. Иймд энэ цохилтоос үүсч болох гэмтлийг тогтоох хэрэгтэй гэж хурал хойшлогдож байсан.

2018 оны 1 дүгээр сарын 31-нд шинжээч эмч нарын 156 тоот дүгнэлт гарсан. Дүгнэлтээр “гавал тархины битүү гэмтэл бусад ...гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн нь арагш савж унах үед үүссэн гэсэн нотолгоо болж чадахгүй. Хүмүүс ухаан алдаад хүртэл арагш савж унаж л байдаг. Зүгээр босоод ирэхэд нь тийм шугаман хугарал, тархины гэмтэл үүсдэггүй шүү дээ. Иймд энэ гэмтлүүд Мэргэнбаатар, Чинбат хоёрын хэн хэнийх нь цохилтоос үүссэн гэж би бодож байна. Энэ хоёр алуурчныг прокурор, шүүгч, шинжээч эмч нар бүгд хуйвалдаж байгаа нь хэн ч харсан илт байна. Мэргэнбаатарын гарын цохилт болон Чинбатын модоор цохисон цохилт аль аль нь мохоо зүйлээр цохисон цохилт болно шүү дээ. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хурлын 14 тоот тогтоолоор хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорт буцаасан. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гол сэжигтэн Мэргэнбаатарын зөвхөн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон гэх мэдүүлгийг үндэслээд камерийн бичлэгт байгаа ар дагз руу 3-4 удаа хүчтэй цохиж байгаа баримтыг үгүйсгэж байгаа болон шинжээчийн дүгнэлтийг зөвхөн нэг талаас нь авч үзээд байгаа нь хэргийн бодит үнэнийг гуйвуулж байна. Чинбат, Мэргэнбаатар нарын миний хүүг нас барахад нөлөөлсөн буюу зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алсан гэмт хэрэг бөгөөд 2.11 дүгээр заалтад заасан хүнийг бүлэглэн санаатай алсан гэмт хэрэг гэж би бодож байна.

Мөн тэр үед дуудлагаар очсон Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч Машбат тангараг өргөсөн эмч хүн байж хүн амь насаа авруулах гэж дуудаж байхад мэдлэг чадвар муутай, ажлын хариуцлага султайгаасаа болж эмч хүнийхээ үүргийг биелүүлж, миний хүүг амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад дараах шатлалын эмнэлэгт хүргэж өгөлгүй толгойн өнгөн хэсэгт нь оёдол тавиад “зүгээр байна” гэж орхиж явчихаад сүүлд нь нас барсан хойно нь “өөрөө эмнэлэг явахгүй гэсэн” гэж үхсэн хүнийг гүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал. Өөрт нь ямар ч татгалзсан тухай баримт хийлгэж авсан юм байхгүй байгаа бөгөөд гэрчүүд бүгд л “эмч зүгээр гээд орхиод явсан” гэж байгаа. Энэ талаар Цагдаагийн ахмад Пүрэвдоржийн мэдүүлэгт “гүн согтолттой юм байна, зүгээр” гэж хэлсэн тухай ч байгаа. Миний хүү тэгж гүн согтчихсон ч байгаагүй. Задлангийн дүгнэлтээр 0.6 хувийн хөнгөн зэрэг гэж гарсан. Гэтэл ийм согтуу хүн, гэмтсэн хүн хоёрыг ялгахгүй эмч энэ тэнэг үйлдэлээсээ болж миний хүүг эмнэлгийн тусламж авах боломжийг нь алдагдуулснаас болж үхэлд хүргэчихээд байхад яагаад ийм мэдлэг чадвар муутай эмч хүн хариуцлага хүлээдэггүй юм бэ. Шинжээч эмч нарын 156, 1003 тоот дүгнэлтэд энэ эмчийн талаар зарим хэлсэн үг нь салаа утга агуулж байгаагаас үзэхэд “2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01:40 минутын үед эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авч цаашид зохих эмчилгээ хийлгэсэн бол амьдрах боломжтой байсан эсэхийг үгүйсгэхгүй” гэсэн болон эмчтэй холбоотой гаргасан дүгнэлтэд эргэлзээтэй зүйл их байхад энэ эмчийг ажлын хариуцлага алдаагүй гэж үзэж цагаатгасан нь үнэнд нийцэхгүй байна. Мөн хохирлын 25.371.956 төгрөгнөөс гадна гэм хорын хохирлын 50.000.000 төгрөг гаргуулахыг хүсч байна. Миний хүүг бүлэглэн зодож алсан хүмүүст үнэн зөв ялыг нь өгч, ажлын хариуцлага алдаж хүний амь нас авраагүй эмчид хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүүгийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Мыг бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг хэрэгт авагдсан ямар баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Д.Ч, Б.М нарт ял шийтгэсэн хэргийн зүйлчлэл үндэслэлгүй байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд заасан арга хэлбэрээр бэхжүүлэн, цуглуулж, эх сурвалж, үндэслэлийг нь шалгаж авагдсан бичгийн баримтууд гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт тооцогдсон камерын бичлэг зэрэг баримтуудаар амь хохирогчийг Б.М, Д.Ч нар нь бүлэглэн зодож, улмаар “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү нь Эрүүгийн хэргийн материалаар хийгдсэн Шүүх эмнэлгийн шинжээчдийн 1003 дугаартай дүгнэлттэй танилцаад дүгнэлтийн 2.1 дэх хэсэгт “...амь хохирогч дагз ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, 2 талын чамархайн суурийн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, чамархай, дагзны зүүн хэсгийн хуйханд цус хуралт, дагзанд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирчээ гээд 2.3 дахь хэсэгт зааснаар “талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хугарал, хатуу хальс доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас тархины комд орж нас баржээ” гээд дүгнэлтийн 2.4, 2.7 дахь заалтанд дээрх “...цус харвалт нь” 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэл буюу арагш савж унах тохиолдолд үүсдэг. Иймд дээрх гэмтэл нь нүүр хэсэгт цохигдон арагш савж унах үед үүссэн байна.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад удаа дараа гомдол гаргасан. Учир нь “1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэл буюу нүүр хэсэгт цохих үйлдлийн улмаас арагш савж унах үед үүссэн” гэж хөдөлбөргүй байдлаар тухайн цаг хугацааны үйлдлийг шинжээч нар харсан мэтээр дүгнэсэн байхаас гадна талийгаачийн биед хүнд, хөнгөн олон төрлийн гэмтлүүд үүссэн байгаа нөхцөл байдлуудыг дүгнэлтийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан, бүгдийг 1 үйлдлээр үүсгэсэн мэт ойлгогдож байгаа нь хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй байдлыг үүсгэсэн байна. Мөн дүгнэлтийн 2.6 дахь заалтанд “Тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа нь аажмаар нэмэгдэж тархи дарагдах, шахагдах, тархи хавагнах хүртэл хохирогч хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийж болно” гэсэн нь хохирогчийг яг хэдийд, хэний ямар үйлдлийн улмаас дээрх үхэлд хүргэх гэмтлийг авсан гэдэгт үнэлэлт өгөх боломжгүй байдлыг үүсгэсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаар дүгнэхэд талийгаачийг Мэргэнбаатар, Чинбат нар бүлэглэн толгойн хэсэгт тал талаас нь хэд хэдэн удаа цохиж байгаад салсан. Талийгаач өөрийн ширээнд ирж суугаад хэдэн минутын дараа явахаар босоход нь Чинбат, Мэргэнбаатар нар нь дахин очиж бүлэглэн зодож байгаа үйлдэл нь камерт бичигдсэн байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү нь өөрийн гал голомтыг сахин үлдсэн хүүгээ бусдын гарт харамсалтайгаар алдсандаа маш их гомдолтой байгаа бөгөөд хууль эрх зүйн мэдлэггүйгээс талийгаачийн ажил явдлын үеэр гарсан оршуулгын зарим зардлыг баримтжуулаагүй байна. Нэгэнт хүний амь нас хохирсон байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “их хэмжээний хохирол” буюу хүнд хор уршиг учирсан гэж үзэж болохоор байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 50.000.000 төгрөгөөр тогтоох боломжтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Камерын бичлэг нь манай үйлчлүүлэгчийг хохирогчид хүнд хор уршиг учруулаагүй гэдгийг нотлох гол баримт болж байгаа. Учир нь тухайн үед бааранд нэг талаасаа 4, нөгөө талаасаа 5 хүмүүс хоорондоо эхлээд эмэгтэйчүүд нь маргалдаж үсдэлцсэнээс болж хамт явсан залуучууд нь зодолдсон байдал харагддаг. Яг энэ үед Б.М нэгийг нь өмөөрч толгой руу нь цохиж байгаа байдал бичигдсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан бусад гэмтэл нь хөнгөн гэмтэл, хүнд гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна гэдгийг удаа дараагийн шинжээчийн дүгнэлт буюу 4 дүгнэлтээр тогтоогдсон. Яагаад нэг удаагийн үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэхээр шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд орсон шинжээч эмч хүртэл хэлсэн. Шүүх хуралдаанд орсон шинжээч эмч “энэ гэмтэл нь савж унах үед үүссэн байна. Учир нь хохирогчид үүссэн ар дагзан ёсны шугаман хугарал нь толгойн дээд хэсэгт хүч үйлчилсний улмаас уналтаас үүссэн байна” гэдгийг тайлбарлаж хэлсэн /хх-120-123/. Тухайн гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжгүй байдаг. Учир нь цохих үед юм уу, эсвэл юм шидэх үед үүсэхээр байсан бол цөмрөлттэй хугарал үүсэх байсан. Мөн нүүрэн хэсэг газарт цохиход яагаад арагшаа савж унасан гэж, камерын бичлэгт нүүр хэсэгт цохиогүй шүү дээ гэж хохирогч тал маргадаг. Гэтэл шинжээч эмч шүүх хуралдаанд орж ирээд ерөнхийдөө биеийн дээд хэсэгт хүч үйлчилж, тэнцвэр алдагдахад хүн хойшоо унадаг гэж тайлбарлаж хэлсэн. 2018 онд болсон шүүх хуралдаанд шүүгч нар шинжээч эмч Ганболдоос асуухад “би нүүр, толгойн хэсгийг ерөнхийдөө нүүр гэж бичиж байгаа шүү” гэж хэлсэн. Савж унах үйлдэл нь яаж үүссэн, Б.М нь энэ үйлдэлд бүлэглэсэн юм уу гэхэд бүлэглээгүй байдаг. Энэ нь камерын бичлэг, гэрч нарын мэдүүлгээр тодорхой харагддаг. Учир нь зодолдоод баарны хамгаалагч салгасны дараа Д.Ч нь ганцаараа бие даасан үйлдэл хийдэг. Яг энэ үйлдэл хийхэд Б.М нь оролцоогүй. Тэр ч утгаар нь улсын яллагч яллах дүгнэлтээ Б.Мыг Д.Чтай бүлэглэсэн гэж зүйлчилж оруулж ирээгүй. Мөн бааранд бүлэглэсэн гэх талаар хохирогчийн өмгөөлөгч тайлбарласан.  Гэтэл нэг талаасаа 4, нөгөө талаасаа 5 буюу нийт 9 үйлчлүүлэгч байсан. Тухайн хүмүүс нь хоорондоо маргалдаж, зодолдсон асуудал гарсан. Бааранд өөр хүн байгаад, өөр үйлчлүүлэгчийн амгалан тайван байдал алдагдсан гэх байдал байхгүй гэж улсын яллагч тайлбарлаж ярьж байсан. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн гэм бурууд тохирсон шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ч гэх хүн нь төлбөрийн чадваргүй хүн. Хууль зүйн туслалцааны төвийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний албан бичгээр намайг оролцуулахаар томилсон. Манай шүүгдэгч болон миний хувьд хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хохирогчийн үхэл, түүнийг үхэлд хүргэсэн Д.Чын үйлдлийн хоорондох шууд хамаарал буюу шалтгаант холбооны асуудал нь маш их эргэлзээтэй байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн “энэ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, учрах үедээ үүссэн гэмтлийг хүнд зэрэгт хамааруулна” гэх дүгнэлт гарсан /хх-189/. Гэрч Жагзмаагийн “тэр залууг 00 руу найз нь дамжилж оруулахад баруун хөл нь чирэгдээд байхаар нь энэ залуу саажилттай юм уу гэж асуухад үгүй, зүгээр гэж хэлсэн. Эмч ирж үзээд зүгээр гэсэн юмыг яах вэ дээ” гэх мэдүүлэг /хх-58/, гэрч Аюурзаны “бид нарт түргэний эмч зүгээр гэж хэлэхээр нь зүгээр юм байх гэж бодоод харьсан” гэх мэдүүлэг /хх-63/, гэрч Гэнэнмаа “эмч гайгүй байна гээд оёдол тавиад явсан” гэх мэдүүлэг, гэрч Ганбаярын “би эмчээс гэмтэл авч явахгүй юм уу гэхэд шаардлагагүй, та нар өөрсдөө гэрлүүгээ яв, оёдол тавьсан зүгээр зүгээр гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэргээр шууд шүүгдэгчийн үйлдлээс болж нас барсан уу, үгүй юу гэх эргэлзээ байна. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа зөвхөн нэг талыг барьж шалгасан байна. Тухайн үед маш олон этгээдүүд байсан. Прокуророос зарим этгээдийг нь хөнгөн гэмтэл учруулсан гэж зүйлчлээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд бүх гэм бурууг Д.Чыг яллах чиглэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан юм уу гэх байдал харагддаг. Мөн энэ хэрэг олон хүний дунд болсон. Тийм учраас тэдгээр бүх хүмүүсийг шалгаж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэх байдал харагдаж байна. Хэрэв хэрэгт авагдсан эдгээр баримтаар хэргийг шийдвэрлэнэ гэж үзвэл миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэх зүйлчлэлээр хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж гомдол гаргасан. Шинжээчийн дүгнэлт мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гээд удаа дараа гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтээр “талийгаачид учирсан гэмтлийн тархины битүү гэмтэл нь нэг удаагийн хойшоо савж унах хүчний үйлчлэлээс үүсэх боломжтой, энэ нь хүнд зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд энэ гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл байсан гэдгийг тогтоосон. Мөн бусад нүүрэнд болон толгойн хэсэгт ил харагдах шарх, гэмтэл зэргийг тогтоосон бөгөөд тархины битүү гэмтлээс гадна тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэж дүгнэсэн. Шүүх хуралдаанд орсон шинжээч эмч Ундармаагийн мэдүүлгээр мөн энэ байдлыг баталж хэлдэг бөгөөд үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь хатуу гадаргуу дээр савж унах үед үүсэх боломжтой гэмтэл болохыг тайлбарлаж хэлсэн. Б.Мын хувьд хүнийг алах гэмт хэрэгт бүлэглэж оролцоогүй гэж үзэж тусад нь зүйлчилсэн гэхээр нэгэн шинжээчийн дүгнэлтээр талийгаач хойшоо савж унаснаас болж үхсэн гэдэг нь тогтоогдсон. Энэ үйлдлээс өмнө нь Б.Мын үйлдэл зогссон байсан. Камерын бичлэг болон гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн биед халдаж байгаа нь тогтоогддог боловч энэ нь үхэлд хүргэх гэмтлийг авах үед Б.М үйлдэл хийгээгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт энэ хүний үйлдэл шалтгаант холбоотой байна гэж үзэж салгаж зүйлчилсэн. Д.Чын үйлдэл нь хохирогчийг савж унаж үхэлд хүргэх гэмтэл авахад хүргэсэн үйлдлийг хийсэн. Тэгэхээр хохирогч талын тайлбарлаж байгаа Д.Ч нь энэ хэргийг бусадтай бүлэглэж алсан гэж үзэж зүйлчлэх ёстой, энэ асуудлыг шалгаж өгнө үү гэх гомдол нь үндэслэлгүй юм. Мөн тухайн газарт байсан хүмүүс танхайрах гэмт хэрэг үйлдсэн. Энэ талаар шалгаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлэхдээ яллагдагч нарт ашигтай хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.Мын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэргийн шинжтэй байж болох эсэх асуудал яригдсан. Гэхдээ энэ үйл явдал нь хэдийгээр олон нийтийн газарт үйлдэгдсэн боловч хоёр найз охин нь бүжгийн талбай дээр маргалдсан асуудал байдаг. Энэ асуудлаас болж талийгаач болон Д.Ч нар нь найз охидуудаа өмөөрч маргалдаж зодолдсон байдаг. Талийгаач Д.Чыг цохисны улмаас Б.М Д.Чыг өмөөрч талийгаачийг цохисон байдал харагддаг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэргийг тайлбарласан тайлбарт үл ялих зүйлээр буюу огт шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдлийг шаарддаг. Гэтэл Б.Мын үйлдэл нь хувийн сэдэлттэй буюу найзыгаа хүнд зодуулсан, цохиулсан үйлдлээс өмөөрч тэр хүнийг цохиж авсан үйлдлийг шалгасан үйлдэл байна гэж улсын яллагч дүгнэсэн. Тэгэхээр энэ хэрэгт ямар нэгэн байдлаар танхайрах гэмт хэргийн шинж байхгүй бөгөөд энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэл тогтоогдож байгаа. Мөн шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч миний үйлчлүүлэгчийн үйлдэл энэ хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй гэх асуудлыг ярьсан. Гэтэл шалтгаант холбоо байгаа гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Мөн хохирогчийн талаас эмчийн талаар тайлбарласан. Прокуророос эмчийг эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлээгүй гэж зүйлчилсэн. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэлийг тайлбарлахдаа “энэ хүний үхэл нь Д.Чын үйлдлээс болсон байна, эмчийн үйлдлээс болоогүй байна” гэж тайлбарласан. Эмчийн үйлдэл нь хэн нэгний үйлдлээс болсон гэмтэл дээр эмнэлгийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж амийг нь аврах чиг үүрэг хүлээсэн. Тийм учраас гэм буруугүй байх, үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ “яллагдагч Д.Ч нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй бааранд үйлжлүүлж байсан Г.Батхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт ширээний тавцан модоор цохиж алсан” гэж дүгнэсэн байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1003 тоот дүгнэлтийн 2.4, 2.7-д “Дагз ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальс доорх цус харвалт нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэл буюу арагш савж унах тохиолдолд үүсдэг. Иймд дээрх гэмтэл нь нүүр хэсэгт цохигдон арагш савж унах үед үүссэн байна.” гэжээ. Иймд Д.Чад холбогдох хэргийн үйл баримт, түүний үйлдлийг өөр өөр байдлаар дүгнэснийг нэг мөр болгосны эцэст, нотлох баримтыг зөв үнэлж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /Д.Ч/-д “модоор цохиж гэмтэл учруулсан” гэжээ. Иймд нотлох баримтад үндэслэж, хэргийн үйл баримтыг зөв тогтоох, улмаар ял сонсгох шаардлагатай.

Түүнчлэн анхан шатны шүүх, савж унаснаас шугаман хугарал үүссэн талаарх шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй хэрнээ шүүгдэгч Д.Чыг амь хохирогч Г.Батхүүгийн толгойн хэсэгт модоор цохиж алсан гэмт хэрэгт буруутгасан нь агуулгын хувьд зөрчилтэй болжээ.

2. Анхан шатны шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг буюу гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн, хэргийн сэдэлт, шалтгаан нөхцлийг нарийн шалгаж тогтоогдоогүй байхад шүүгдэгч Д.Ч, Б.М, Т.М нарт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Ч, Б.М нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” шинж байгаа эсэхийг нэмж шалган, тэдний үйлдлийг зөв зүйлчлэх шаардлагатай.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ч, Б.М, Т.М нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, бусад хэсэгт энэ удаа шүүх үнэлэлт, дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ч, Б.М, Т.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Д.Чад авсан цагдан хорих, шүүгдэгч Б.М, Т.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ