Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 648

 

Д.Ч , Б.М, Т.Мнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н , түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 786 дугаар магадлалтай, Д.Ч , Б.М, Т.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н , түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ... овогт Д.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн,. ... овогт Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, ...овогт Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Т.М-ыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

Шүүгдэгч Д.Ч ыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Прокуророос шүүгдэгч Б.Мыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Мыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч ыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч аас 24 571 956 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н , түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н  гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Д.Ч  нарт холбогдох хэргийг хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гээд мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Гэвч нэмэлт ажиллагаа хийлгүй, Д.Ч ыг байцаасан болж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шинжээчийн дүгнэлтүүдээс харахад миний хүүг хэн нэгэн нь нүүр рүү нь цохиход хойшоо унагасан, М-, Ч-нарт цохиулснаас болж тэнцвэр алдаж байсан ба модоор цохих үед хөл нь хугаран хойшоо унасан нь тодорхой байна. Мөн шинжээчийн дүгнэлт болон М-ын 7-8 удаа цохисон, Ч-ын 3-4 удаа цохиж, модоор цохисон үйлдлүүд нь үхлийн шалтгаан болсон.

Хохирогчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс дээш олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох” гэж заасан байдаг. Камерийн бичлэгт тодорхой байхад М-ын нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэр гаргуулсан нь шударга ёсонд нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд “...гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хаана, хэн, хэрхэн үйлдсэн, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг...” гэж заасныг тогтоох өгөхийг хүсэж байна.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, хэргийн сэдэлтийг тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ гэж заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн заалтуудыг хэрэглэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурор болон шүүх урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр буцаагаагүйг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь талийгаачийн амь нас хохирсонд шүүгдэгч Д.Ч аас гадна Б.Мын үйлдэл оролцоо бий гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Д.Ч  болон Б.М нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл бодит байдалд нийцээгүй бөгөөд Д.Ч , Б.М нарыг бүлэглэж үйлдсэн гэж үзэж байна. Үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэний улмаас амь хохирогч гэмтэл авч нас барсан.

...Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ...болон камерийн бичлэгээс харахад Б.М нь талийгаач Г.Б-г хамгийн багадаа 6-7 удаа цохисон байх бөгөөд үүний улмаас үхэлд хүргэсэн гэмтлийг авсан байх боломжтой юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1003 тоот дүгнэлтээр талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас комд орж нас барсан байна гэдэг. ...Дээрх олон тооны хавсарсан гэмтлүүд нь Д.Ч ын модоор цохисон цохилтоос гадна Б.Мын удаа дараа цохиж байгаа цохилтоос мөн үүсэх бүрэн боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг заавал тогтоохыг шаарддаг.

Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж шударга ёсны зарчмыг заасан тул Б.Мын үйлдлийг шалгаж түүнд тохирсон ялыг оноох нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож шүүгдэгч Д.Ч  нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг үхэлд хүргэсэн олон тооны гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүссэн болох нь тогтоогдсон. Нэг удаагийн үйлчлэл нь Д.Ч  ширээний тавцан авч шидсэний улмаас үүссэн болох нь тогтоогдсон. Тухайн зодооныг баарны хамгаалагч салгасны дараа Д.Ч  тусдаа үйлдэл хийсэн учраас бүлэглэсэн асуудал байхгүй, шүүх зөв дүгнэсэн” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай тогтоогдсон байна. Уг баримтуудад тулгуурлан шүүгдэгч Б.М-ыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан, Д.Ч ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэл оногдуулсан байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н , түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Ч , Б.М, Т.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хоёр шатны шүүх Д.Ч ыг 2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .....нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б ” нэртэй бааранд үйлчлүүлж байсан Г.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь ширээний тавцан модоор цохиж алсан,

Б.М нь дээрх үйл явдлын өмнө буюу Д.Ч  Г.Б-г модоор цохихоос өмнө Г.Б-тэй маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүх шүүгдэгч Д.Ч ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилж, уг зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 11 жил хорих ял оногдуулж,

шүүгдэгч Б.Мын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Мыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

мөн прокуророос дээрх гэмт үйлдлүүд хийгдсэний дараа, түргэн тусламжийн дуудлагаар уг газарт ирсэн эмч Т.М-ыг гэмтэл авсан Г.Б-д анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй явуулснаас Г.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагт нас барсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.М-ыг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Д.Ч , Б.М, Т.М нарын хэргийн шийдвэрт эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж үзнэ.  

Хэргийн тогтоогдсон нөхцөл байдал болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, камерийн бичлэг, бусад нотлох баримтуудад харьцуулан дүгнэлт хийхэд, амь хохирогч Г.Б- амь насаа алдах тэр цаг хугацаа, орон зайд Д.Ч , Б.М нартай хамт байсан бөгөөд таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсэх нөхцөл байдал бий болж харилцан зодолдсон, Б.М нь амь хохирогчийн эрх чөлөөний эсрэг чиглэсэн үйлдлийг хийж, түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал,

Д.Ч  нь Г.Б-тэй харилцан зодолдож тэднийг салгах явцад Д.Ч  ширээний тавцангийн хугархайг Г.Б- рүү шидэж толгойг нь онох үед тэрээр арагшаа савж унан тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан зэрэг нөхцөл байдлаас Г.Б-гийн үхэл Д.Ч ын үйлдэлтэй шууд холбоотой бөгөөд “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тус тус хангалттай тогтоогдсон байна.

Б.М нь Д.Ч ын үйлдэлд хамжих, туслах, зохион байгуулах,  хатгах, улмаар Д.Ч тай дээрх үйлдлийг хийх талаар урьдчилан тохиролцох зэргээр “Хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин тус тусдаа өөрсдийн хүсэл зоригоор үйлдэл хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр гэмт хэргийн хохирлыг бие даан учруулжээ.

Мөн хохирогч Г.Б- нь толгойдоо амь насанд аюултай хүнд гэмтэл авч, үүний улмаас амь хохирсон нөхцөл байдалд эмч Т.М-ын үйлдэл шууд нөлөөлөөгүй бөгөөд эмч Т.Мүүргээ зохих ёсоор биелүүлээгүй болон Г.Б- амь хохирсон нөхцөл байдлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн энэ талаар хийсэн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь “...Хохирогчид учирсан олон тооны гэмтэл нь Д.Ч ын ширээний тавцангаар цохисон цохилтоос гадна Б.Мын хохирогчийг удаа дараа цохисон үйлдлээс үүссэн байх боломжтой, Д.Ч , Б.М нар нь бүлэглэж хүнийг санаатай алсан” гэж үзэж байна гэсэн гомдол нь тэдний өөрсдийн үнэлэмж бөгөөд үүнийгээ үндэслэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх талаар гаргасан гомдол нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох... эрхгүй” хэмээн тодорхой заасан болно.

Түүнчлэн шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах, эсхүл шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлд нотлох баримтуудыг харьцуулж, үнэлэхдээ үйл баримтыг нотолсон болон няцаасан дүгнэлт хийх шаардлага буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй тохиолдол хамаардаг бөгөөд Б.М, Д.Ч ,  Т.Мнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр дээрх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н , түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 786 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Н , түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН