Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 00471

 

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2018/00471

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Зэст баг ** тоотод оршин суух, Л.Х ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгт холбогдох,

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 142/2018/000422/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч С.О , гэрч А.С , С.Г, О.Б, Б.Б, М, Х.О, Н.Ц, С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Х нь Орхон аймгийн 4-р цэцэрлэгт багшаар 1997-2004 он, 2007-2018 он хүртэл ажилласан ба 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу амралтын өдөр ариутгал цэвэрлэгээг хийх болж, тус өдөр туслах багш Х.О, сантехникч М нарын хамт цэвэрлэгээ, засвар хийсэн билээ. Ингээд цэвэрлэгээ дуусч байх үед гаднаас 2 манаач О.Б, Б.Б, цэвэрлэгч А.С  нар хамтдаа халамцуу орж ирсэн. Ингээд анги цэвэрлэгээг үргэлжлүүлэн хийж байхад ангиас гурвуулаа гарахгүй байсан ба Хуримт баар болон Амарсу бааранд архи уусан тухай ярьж байсан. Цэвэрлэгээ дуусаад Х.О бид хоёр харих болж манаач О.Бгаар гэртээ хүргүүлэх болох үед цэвэрлэгч А.С  харихгүй, ангиас гарахгүй байсан тул түүний найз Должинсүрэнг утсаар ярихаар нь А.С-г ирж авахгүй бол согтсон байгааг хэлээд, харихаар ангиасаа гарч явсан. Ингээд маргааш өглөө нь ажилдаа иртэл намайг эрхлэгч М нь ангид архи уусан байна, архидалт зохион байгуулсан байна гэж буруутгасан. Архи уугаагүй болох талаар болон архидалт зохион байгуулаагүй талаар хэлэхэд тайлбар бич гэсэн. Энэ байдлын талаар болсон үйл явдлыг үнэн зөв бичсэн. Гэтэл бид хоёрыг ажлаас халах тушаал гаргасан. Дараа нь Х.Оыг ажилд эргэн орох тушаал гаргасан . Намайг заавал архи уулгасан болгох гэж зүтгэж, мөн архидалт зохион байгуулсан гэж гүтгэж ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие олон жил элэгний өвчлөлийн улмаас хоолны дэглэмтэй байдаг ба тухайн үйл явдал болохын урьд өдөр хүртэл бие өвдөж Эхо-д үзүүлж элгэнд өөрчлөлт байгаа талаар эмч зөвлөж Улаанбаатар явах хэрэгтэй гэж зөвлөгөө авч байсан. Гэтэл намайг ажлын байранд архидалт зохион байгуулж , архи уусан гэж үндэслэлгүйгээр ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байх тул Орхон аймгийн 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2018.03.20 ны тушаалыг хүчингүй болгож, Орхон аймгийн 4-р цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр туслах багш Х.Оын хамт өглөө 10 цагаас ирээд өдөржин ангидаа цэвэрлэгээ хийсэн. Өдрийн 13 цагийн үед хүүхдүүдийн хөнжил, дэвсгэрийг гадаа салхинд гаргаж, 16 цагийн үед ангийнхаа хүүхдүүдийн аав нарыг дуудаж хөнжил гудасаа оруулсан. 18 цагийн үед манай ангийн хүүхдийн аав Ц ирж хөнжил гудас оруулж өгөөд явсан. Мыг системийн алчуурын өлгүүр хадуулахаар дуудахад найзуудтайгаа байна удахгүй очлоо гэсэн. Тэгээд цэвэрлэгээгээ хийж байхад ирээд өлгүүр хадах гэж байгаад гараа цохиод 1 дэх өдөр хадаж өгөхөөр болоод явсан. Х.О багшийн охин туслахаар ирчихсэн байсан. Би цонхоо угааж байх үед Б, Б, С, М нар орж ирсэн. Бид хоёр ангиа цэвэрлэчихсэн гар гээд хөөсөн боловч гараагүй. Бид хоёрын хувьд тэд нартай харьцах зав чөлөө байгаагүй. О бид хоёр цэвэрлэгээгээ дуусгаад хогоо аваад гарах гэсэн чинь С согтуу тасарчихсан байсан. Гадаа гараад С-г яах юм бэ? гээд Бгийн утсаар найз руу нь залгаж ярихад ирж авахаар болсон. Тэгээд Б О багш бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Гэртээ очоод утасныхаа дууг хаачихаад унтсан. Өглөө хойд эмнэлэгт шинжилгээ өгөх гээд явж байсан чинь М эрхлэгч залгаад хүрээд ир, танай ангид архидалт болсон байна гэсэн. Цэцэрлэг дээр очсон чинь манай ангид хүүхдүүд аваагүй гээд буцааж байсан. Бид хоёр шөнө 22 цаг болж байхад унтлагын өрөөгөө угааж дууссан. Тэр өдөр цэвэрлэгээ хийж эхэлснийх бүх зүйлээ цэвэрлээд авъя гэж бодсон. Тоглоомын өрөө, жижиг өрөө, угаалгын өрөөгөө цэвэрлээд цонхоо арчаад хүүхдүүдийн тоглоомыг угааж цэвэрлэсэн. Эрхлэгч М танай ангид архи уусан байна, архидалт зохион байгуулсан байна гэж буруутгасан. Тэгэхээр нь цагдаа дуудсан юм уу? би архи уугаагүй, цагдаагаар шалгуулна гэсэн чинь цагдаа дуудсан одоо ирж байгаа гэсэн. Би цагдаа ирээд үлээлгэх юм болов уу? гэж бодоод хүлээсэн. Гэтэл тэр өдөр цагдаа ирээгүй. М эрхлэгч Г, О бид 3-ыг ажлаас халах тушаал гаргаж, бусад хүмүүст нь сахилгын арга хэмжээ авсан. Гыг тэтгэвэрт гарах хугацаа дөхсөн хэдхэн сар үлдсэн байсан тайлбар бичүүлж аваад ажилд нь үлдээсэн. Оыг чиний хувийн байдлыг харж үзнэ, чи өргөдөл бичээд өгчих, 6 сарын чөлөө олгоод буцаагаад ажилд чинь авна гэсэн. Тэгээд би ганцаараа халагдсан тул гомдолтой байна. Архи уугаагүй байхад архи уусан, архидалт зохион байгуулсан гэж үндэслэлгүйгээр халсан. Иймд Орхон аймгийн 4 цэцэрлэгийн багшийн ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 тоот тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Ж.М эрхлэгч Хөдөлмөрийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2-т ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг заалт байгаа. Энэхүү заалтыг барьж тушаал гаргасан гэж тайлбарлаж байна. Уг заалтыг уншихаар ажлын байран дээр архи уусан бол гэж байна. Гэхдээ ажлаас халсан үндэслэлээ заахдаа ангидаа ариутгал, цэвэрлэгээний ажил хийж байхдаа олон нийтийг хамарсан архидалт зохион байгуулсан гэж үзсэн үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний заалтад огт байхгүй байна. Ажлаас халах тушаал гаргахдаа баримталсан заалт нь өөрөө үндэслэлгүй. Архидалт санаатай зохион байгуулсан гэдэг дээр ганцхан А.С  Л.Х багш архи аваад ир гэж дуудаад би архи авч очсон гэж мэдүүлсэн. Гэвч С  гэдэг хүн рүү Л.Х тэр өдөр утасдаагүй болохыг няцааж байгаа нотлох баримт бол Л.Хын утасны хэрэглээний жагсаалт байгаа. Тэр өдөр Л.Х өөрийнхөө мобикомын дугаарыг барьж байсан бөгөөд тэр дугаар луу 29-н дуудлага орж гарсан байдаг. Тэр 29 дуудлага дотор М руу 17 цаг 30 минутад залгасан байсан. Үүгээр бид юу нотлох гээд байна вэ? гэхээр тэр өдөр А.С  рүү залгаж архи пиво авч ир гэж дуудаагүй гэдгийг нотолж байгаа. Архидалт зохион байгуулсан гэдгийг няцааж байгаа хоёр дахь баримт бол Бат-Ирээдүй, Б нарын мэдүүлэг байгаа. Тухайн үед ажлын гадаа А.С тэй таараад А.Сувд-Эрдэний барьж явсан пивыг гадаа уух уу?, хаана уух вэ? гэдэг яриа өрнөж, тэр үед цэцэрлэг гэрэлтэй байсан, гэрэлтэй байхаар нь анги руу явж орсон гэж ярьсан. Энэ нь архидалт зохион байгуулсан хэлбэр биш юм. Л.Х анги дээрээ архи дарс аваад хүмүүсийг дуудаж ирүүлээд байгаа зүйл нотлогдоогүй. Гэрчүүд бүгд анги руу нь ороход Л.Х багш, Х.О багш хоёр цэвэрлэгээгээ хийгээд сууж байсан тухай мэдүүлэг өгсөн. Х.О гэрч бол архи пиво аваад орж ирэхэд нь ангиас хөөсөн тухай мэдүүлсэн. Л.Х 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бичиж өгсөн тайлбар дээрээ гар гэж хөөсөн боловч гараагүй гэдгийг бичсэн. Мөн Б, Бат-Пүрэв нар Л.Х, Х.О хоёр анги руу нь ороход гар гэж хөөсөн гэж мэдүүлэгтээ хэлсэн. Энэ өдрийн архидалт зохион байгуулсан, архи авч ирүүлснийг үгүйсгэж байна. Мөн Г, С  нарын мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлгээр няцаагдаж байна. Мөн А.Сувд-Эрдэний 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн тайлбар нь эргэлзээтэй тайлбар байгаа. Учир нь тухайн өдөр А.С  согтуу байсан тухайгаа өөрөө хэлдэг, бусад гэрчүүд ч А.С  согтуу тасарч унасан гэдэг. Үүнийг нотлох баримтын хэмжээнд авч үзэх эсэх нь эргэлзээтэй. Л.Х ажлын байран дээр архи хэрэглэсэн үү? гэж гэрч нараас асуусан. Гэрч М Л.Х багш архи уугаагүй цэвэрлэгээгээ хийж байсан, гэрч Б, Л.Х цэвэрлэгээгээ хийгээд архи уугаагүй, гэрч Б архи тойруулж байсан гэхдээ Л.Х багш уусан эсэхийг нь мэдэхгүй байна, гэрч Г бол жижүүр хийгээд ангиар орж гарч байсан ба Л.Хыг архи уусан эсэхийг тодорхойлж хэлж чадахгүй тойруу утгаар ярьж байна. Харин А.С  ангид орж ирээд удалгүй тасраад унасан. Тэгэхээр энэ хоёр хүний мэдүүлэг бол нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Мөн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эрхлэгч Ж.М хамт архи уусан хүмүүсээс тайлбар авсан. Тайлбар дээр Хын архи уусан талаар нэг ч өгүүлбэр байдаггүй. Нэг ч хүн архи уусан талаар гэрчилж бичээгүй. Өнөөдөр гэрчүүд үйл явдлаа өөрөөр хэлж байгаа боловч Г ,С  нарын мэдүүлгийг няцааж байгаа. Л.Х архи уусан талаар гэрчлэх нотолгоо байхгүй байна. Тухайн үед архи уусан асуудлыг цагдаагаар шалгуулах боломжтой байсан. Өглөө эрт ажлын байран дээр ирэхэд нь цусны шинжилгээ өгөөд архи уусан эсэхийг тогтоох бүрэн боломжтой. Л.Х багш цагдаагаар үлээлгэж шалгуулна гэж хэлсэн. Гэтэл тэнд цагдаа ирээгүй. Учир нь Ж.М эрхлэгч цагдаа дуудаагүй байсан. Иймд Л.Х багш архи уусан, архидан согтуурлыг зохион байгуулсныг тодорхой нотолсон нотлох баримт байхгүй байгаа учир үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Орхон аймгийн 4-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багш Л. Х нь 3-р сарын 13-ны өдөр манай ангид миний болоод 7, 8 хүүхдийн гэдэс өвдөж тогооч Г.Эрдэнэтуяагийн хийсэн алаг салатнаас хоолны хордлого боллоо гэсэн асуудлыг тавьж тэр өдөртөө эмч Г.Ариунтуяа эрхлэгч миний бие Мэргэжлийн хяналтын газар, БОЭТ, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар зэрэгт хэлж тухайн хоолны дээжийг МХГ-ын лабораторит өгч байгууллага дээрээ 3-р сарын 15-ны өдрийн 10 тоот эрхлэгчийн өндөржүүлсэн зэрэглэлтэй ажил зохион байгуулах тухай тушаалыг гаргаж байгууллагын хэмжээнд иж бүрэн их цэвэрлэгээ, ариутгал хийж өндөржүүлсэн дэглэмтэй ажиллаж байгаад 3-р сарын 18-ны өглөө ням гаригт 10.00 цагаас 16.00 цаг хүртэл бүх багш ажиллагсад 100 хувийн ирцтэй дээр нь МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын улсын байцаагч Л.Н, БОЭТ-ийн халдварт өвчин тандалт, сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн Т.О нар манай байгууллага дээр байж хүн тус бүртэй уулзаж ариутгал цэвэрлэгээг горимын дагуу хийж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаад хоолны эхний дээжийн хариу гарч байгаа, хоолны ямар нэгэн хордлогын шинжгүй байгаа, ариутгал цэвэрлэгээ маш сайн хийгдсэн тул одоо ажилчдаа буулгаад маргааш хүүхдээ авч болно гэсэн шийдвэрийг өгөөд 16 цаг болж байхад явсан. Эрхлэгч миний бие араас нь гарч ажлын ойр цайны газар орж цай уугаад 17.10-д орж ирж 3-р сарын 19-ний 1 дэхийн өглөө БСУГ, МХГ, БОЭТ зэрэг газруудад өгөх тайлан, бичиг баримтаа цэгцэлж байгаад 18.30-ийн үед гарахаар болж манаач С.Гт одоо 5-р бүлгийн Х, О 2 үлдлээ, энэ 2 жаахан юм хийвэл хийг гэж хэлээд тэднийг гарахаар нь залгасан кварц, ус, цонх зэргүүдээ сайн шалгаарай, өнөөдрийн тэмдэглэлээ сайн бичээрэй гэж хэлээд гарсан. Тухайн үед байгууллага дээр өөр хүн үлдээгүй. Хариад амарч байтал 00 цаг 32 минутанд үйлчлэгч А.С-н төрсөн ах Гончигсүмлэн хийдийн хамба лам А.Г өөрийн 99044833 дугаараасаа залгаж Та ажил дээрээ яаралтай ирээч, танай манаач хөл дээрээ зогсож чадахгүй согтуу, манай дүү А.С  бас согтуу, 2 давхарын ангид унтаж байна, таныг иртэл бид байж байя гэсэн би 00 цаг 43 минутанд Дэнжийн байрнаас шууд таксидаад ирсэн. Орж ирэхэд мөн үйлчлэгч А.С-н төрсөн ах А.Б эхнэрийн хамт, нэг эрэгтэй дүү 8, 9 орчим насны охин гээд тэд 5-лаа цагдаад дуудлага өгчихлөө, энд нилээн их хэмжээний архидалт болж дээ гээд дүү, манаач Г нарыг загнаад зогсцгоож байсан. Би ч гэсэн орж ирэнгүүтээ ажлынхаа утаснаас 102-руу залгаж цагдаа нар ирж байгаа эсэхийг лавлаж дахин дуудлага яаравчлуулж ярьсан. Тэгээд хэн, хэн байсан юу болсон талаар Гаас асуухад Л.Х, О, М, Б, Б нар байсан, бид нар архи пиво уугаад тэд бүгд явсан гэж арай ядан согтуурхаж ярьж байтал хөдөлгөөнт эргүүлийн цагдаа М  нэг цагдаагийн хамт орж ирж Гыг эрүүлжүүлэх рүү авч явж А.С-г ах нар нь гэр рүүгээ аваад явсан. Миний бие үлдэж Л.Х, О, Оын нөхөр рүү залгахад утас нь дуудаж байсан боловч ерөөсөө аваагүй хэд хэд залгасан, Б рүү залгахад эхнэр нь авч сая согтуу орж ирээд унтлаа гэсэн, Б руу залгахад авахгүй болохоор нэг хашаанд амьдардаг ээж рүү нь залгахад ээж нь ирээгүй байнаа гэсэн боловч маргааш нь над руу залгаж уучлаарай энэ хүүхэд өчигдөр орой согтуу ирчихээд намайг даргад битгий хэл, ирээгүй байна гэж хэл гээд байсан юм. Уг нь согтуу ирчихээд гэртээ намайг ороход байсан юм, их муухай юм боллоо эмээ нь гэж ярьсан. М утсаа авсан боловч найз нартайгаа байна, би амарч байна. Одоо очлоо гэсээр байгаад ирээгүй согтуу ярьсан. Х О 2 согтуу учраас утсаа аваагүй, дуудахад ирээгүй. Тэр шөнөдөө миний бие эмчийг 01 цаг 30 минутанд дуудаж ирүүлж 2-лаа хамт ажил дээр байж өглөө болгосон. 2 цаг 30 минутанд манаач С.Гын төрсөн дүү С.Саранцэцэгийг дуудаж ирүүлж болсон асуудлыг танилцуулж ахыг нь эрүүлжүүлэхээр цагдаа аваад явсаныг хэлсэн. Өглөө нэгэнт халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн тул БСУГ, МХГ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст яаралтай мэдэгдэж Л.Хын ангийг хааж тэр өдөртөө хүүхэд авалгүй яаралтай аймгийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгээс тус тус ирж ариутгал халдваргүйжүүлэлтийг дахин хийж 6 цагийн дараа буюу 3-р сарын 19-ний өдрийн 16.00 цагт бүх бүлгүүдийн туслах багш нарыг оруулж тухайн Л.Хын анги болох 5-р бүлэгт дахин ариутгалын дараах их цэвэрлэгээг хийж 3-р сарын 20-ны өглөө хүүхдээ хүлээн авсан. Байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн зэрэглэлтэй ажиллаж байгаа, өөрөө хоолны хордлого гарлаа гэж хамт ажиллаж байгаа гэмгүй тогоочийг гүжирдсэн үндэслэлгүй цуу тарааж аймгийн хэмжээнд өндрөө авсан асуудал гаргачихаад дээр нь зориудын архидалт зохион байгуулж багшийн ёс зүйг байж боломгүй байдлаар зөрчсөн. Л.Хын ангидаа зориудын архидалт зохион байгуулж архи уусан явдал нь Багшийн ёс зүйн дүрэм, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.8.а, 10.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээ-ний 14.2, 14.2.3 дахь заалтууд, сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх Эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм, Эрүүл ахуйн тухай хуул-ийн 6.6.2 дах заалтууд тус тус ноцтой зөрчигдөж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга А.Бумансороор ахлуулсан ажлын хэсэг ирж, Боловсрол соёлын удирдах газрын СӨБ хариуцсан мэргэжилтэн С.Бүрэнцэцэг ахлах мэргэжилтэн нар МХГ-ын Боловсролын хяналтын улсын байцаагч Биндэрьяа, улсын байцаагч Б.Н, БОЭТ-ын мэргэжилтэн Т.О зэрэг бүх холбогдох шат шатны хүмүүс ирж газар дээр нь танилцан гарсан зөрчлийг хурдан арилгаж холбогдох хүмүүст ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авахыг үүрэг болгосон зэрэг асуудлын дагуу эрхлэгчийн 3-р сарын 20-ны өдрийн 14 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа болно. Иймд Л.Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Л.Хыг 4 цэцэрлэгийн багшийн үүрэгт ажлаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай тушаалаар захиргааны санаачилгаар ажлаас халсан. Хамгийн гол нь хөдөлмөрийн гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэж гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээнд ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, уусан нь ноцтой зөрчилд тооцно гэж заасан. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрчийн мэдүүлэгтэйгээ адил тайлбар бичиж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрчүүдийг худлаа мэдүүлэг өгүүлэхээр Ж.М эрхлэгч ятгасан байна гэж таамаглаж байна. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Гэрчүүд мэдүүлэгтээ өөр өөрөөр ярьж байна. Гэхдээ тэрний мэдүүлэг үнэн, тэрний мэдүүлэг худал байна гэж нотлох баримт байхгүй байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Миний зүгээс гэрч Г, А.С  нарын мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Л.Х багшийн ангид архидан согтууралт явагдсан гэдэг нь нотлогдож байна. Тэр өдөр эрүүл ахуйн талаас өндөржүүлсэн байдалд байсан гэдгийг үгүйсгэхгүй байна. Харин Л.Хыг архи уугаагүй гэдэг нотлох баримт байхгүй. Заавал маргааш нь шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэсэн тухайн үйл явдал болсон гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Ж.М эрхлэгчийн гаргасан тушаал үндэслэлтэй гарсан тушаал гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээний заалтыг давтан зөрчсөн гэсэн үндэслэл байсан боловч 2017 оны 03 дугаар сарын 10-нд арга хэмжээ авагдсан тушаал нь хэрэгт хавсаргаж өгсөн. Архидан согтуурлыг зохион байгуулсан гэдэг нь ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурал явагдсан гэж үзсэн. Гэрчийн мэдүүлэгт Г, С  нарын мэдүүлэг худлаа юм гэдгийг нотлох баримт байхгүй. Сувд-Эрдэний мэдүүлгийг худлаа юм гэж үзэх үндэслэлгүй. А.С  пиво авч ирсэн нь үнэн. Ажлын байран дээр уусан нь үнэн. Тийм учраас архидан согтуурал явагдсан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэж хүсч байна. Хөдөлмөрийн гэрээг нотариатаар гэрчлүүлж хэрэгт өгсөн. Хуульд зааснаар байнгын ажил байранд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулаад цааш нь сунгаад явж байсан. Тиймээс хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн гэрээний заалтанд ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажлаас хална гэсэн заалт байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдгийг үгүйсгэхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Х нь Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгт холбогдуулан Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж.М Л.Хыг ажлын байранд хариуцсан анги бүлэг дээр нь халдварын замын өвчлөл гарсан эрхлэгчийн тушаалаар өндөржүүлсэн зэрэглэлтэй голомтын ариутгал цэвэрлэгээ хийгдэж байгаа онцгой үед ангидаа санаатай олны хамарсан архидалт зохион байгуулж, архи уусан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нэхэмжлэгч Л.Хтай 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж /хэргийн 82-84-р тал/ ажиллуулж байгаад Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай Л.Х ... нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалаар /хэргийн-2-р тал/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7.8.а, 10.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 14.2, 4.2.3 дахь заалтуудыг баримтлан багш Л.Х ...нь ажлын байранд хариуцсан анги бүлэг дээр нь халдварын замын өвчлөл гарсан эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 тоот тушаалаар өндөржүүлсэн зэрэглэлтэй голомтын ариутгал цэвэрлэгээ хийгдэж байгаа онцгой үед ангидаа санаатай олныг хамарсан архидалт зохион байгуулж, архи уусан гэсэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2018 оны 3-р сарын 21-ний өдрөөс эхлэн багшийн үүрэгт албан тушаалаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Л.Хыг ажилд томилж, түүнтэй 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн байгуулж /хэргийн 82-84-р тал/, хөдөлмөрийн гэрээний сунгалтыг 2011 оны 03 сарын 2 хүртэл сунгасан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд түүнээс хойш хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу сунгагдсанд тооцож ажилтан ажил үүргээ гүйцэтгэсээр байсан болох нь нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар /хэргийн 4-5-р тал/ тогтоогдож байх бөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэснийг зөрчиж түүнтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.

Ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг нэрлэн заасан бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.8.а-д ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх үеээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, 10.3-т байгууллага дээр архи согтууруулах ундаа уух,...эрүүл ахуй аюулгүй үйл ажиллагаа, хөдөлмөр хамгааллын дүрэм журам, зааварчилгаа зөрчихийг хориглоно, Хөдөлмөрийн гэрээний 14.2-т ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж тус тус заасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд 4.2.3 гэсэн заалт байхгүй байна.

2017 оны 3 сарын 13-нд багш Л.Хын ангид багш болон 7, 8 хүүхдийн гэдэс өвдөж, тогооч Г.Эрдэнэтуяагийн хийсэн алаг салатнаас хоолны хордлого боллоо гэсэн асуудлыг тавьж тэр өдрөө Мэргэжлийн хяналтын газар, БОЭТ, ЭМГ, БСУГазарт мэдэгдэж, хоолны дээжийг МХГ-ын лабораторид хүргүүлж, Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 сарын 15-ны өдрийн 10 дугаартай Ажил зохион байгуулах тухай тушаал гарч 2017 оны 03 сарын 18-нд амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр байгууллагын хэмжээнд иж бүрэн их цэвэрлэгээ, ариутгал хийж өндөржүүлсэн дэглэмтэйгээр 10,00-16,00 цаг хүртэл цэцэрлэгийн бүх багш, ажилчид 100 хувийн ирцтэй ажилласан болох нь хэргийн материалд авагдсан бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Мөн өдөр нэхэмжлэгч Л.Х нь туслах багш Х.Оын хамт ангидаа оройны 22 цаг өнгөртөл их цэвэрлэгээ хийсэн нь зохигчийн тайлбар, гэрч Х.Оын ...2018 оны 3 сарын 18-ны өдөр өглөө 10,00 цагаас оройны 22 цаг өнгөртөл Л.Х багштай цуг цэвэрлэгээ хийсэн... гэх мэдүүлэг гэрч Н.Ц-н ...манай хүүг А гэдэг, Х багш 2017 оны 3 сарын 18-ны өдөр миний **дугаарын утсаар залгаж гудас зөөгөөд өгөөч гэж дуудсан.., би очих гэсээр 19 цагийн үед ирэхэд Х багш туслах багштайгаа ангидаа цэвэрлэгээ хийж байсан... гэх мэдүүлэг, гэрч С.Оын ...манай охин Л.Х багшийн ангид явдаг, 2018 оны 03 сарын 18-ны өдөр Х багш миний **дугаарын утсаар залгаж ангид ажил хийж байна, хүрээд ирээч гэж дуудсан, би 18 цагийн үед ирсэн, 2 багш хүүхдүүдийнхээ орыг угааж байсан, А-н аав бид хоёр хөнжил гудаснуудыг зөөж өгчихөөд явсан... гэх мэдүүлэг , гэрч С.Гын ...Х багш орой 22 цаг өнгөртөл цэвэрлэгээ хийсэн... гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн ...Х багшийн анги гэрэлтэй байхаар нь орсон, цэвэрлэгээ хийж байна гээд ангидаа оруулаагүй... гэх мэдүүлэг, гэрч О.Бгийн ...Х багшийн анги руу ороход бид нар цэвэрлэгээ хийж байна гээд хөөж байсан....гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Тус цэцэрлэгийн 5-р бүлгийн багш Л.Х, туслах багш Х.О нар нь 2018 оны 03 сарын 18-ны өдөр тус цэцэрлэгийн үйлчлэгч А.С , манаач С.Г, О.Б, Б.Б, сантехникч М нарыг өндөржүүлсэн зэрэглэлтэй голомтын ариутгал цэвэрлэгээ хийгдэж байгаа онцгой үед өөрийн хариуцсан ангийн хүүхэд хүлээж авдаг өрөөнд оруулж архи уулгасан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Л.Хын ажлын байранд өөрийн хариуцсан ангидаа санаатай олныг хамарсан архидалт зохион байгуулж, архи уусан байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, гэрч С  ...миний утасны дугаар 95025760, цэцэрлэг дээр орой 8 өнгөрч байхад, 10 өнгөрч байхад очсон, Л.Х багш өөрийнхөө утаснаас над руу залгасан, над руу ямар утаснаас залгасныг санахгүй байна, намайг пиво аваад ир гэж ярьж дуудсан, намайг ангид ороход С.Г, М, Х багш 3 нэг шил архи хувааж уугаад сууж байсан, ...цэцэрлэг дээр ирээд Х багшийн ангийн том өрөөнд ороод унтаад өгсөн, бид нар ангийн том өрөөнд орсон гэж бусад гэрчүүдийн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн, түүний мэдүүлэг эргэлзээтэй, цаг хугацааны хувьд, нэг зүйлийн талаар 2 өөр зөрүүтэй мэдүүлэг өгсөн, гэрч С.Г ....Л.Х багш 22 цаг хүртэл цэвэрлэгээ хийсэн, үдээс хойш М, Л.Х багштай хамт архи, нийт 1 шил архи уусан, 2 шил архи уусан... гэж бусад гэрчүүдийн мэдүүлгээс зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг өгсөн учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй, тухайн өдөр Л.Х өөрийнхөө утаснаас гэрч А.С  рүү залгаж ярьж дуудаагүй болох нь түүний 99368299 дугаарын утасны 2018 оны 03 сарын 18-ны өдрийн хэрэглээний дэлгэрэнгүй гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ баримтаар гэрч А.Сувд-Эрдэний ...Л.Х багш өөрийнхөө утаснаас над руу залгасан, .... намайг пиво аваад ир гэж ярьж дуудсан... гэх мэдүүлэг няцаагдаж байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийг ажлын байранд архидалт зохион байгуулсан, архи уусан гэх байдлыг нотлохоор 2018 оны 03 сарын 18-ны шөнө 00.40 минут гэсэн гараар бичсэн тайлбар бүхий 4 ширхэг гэрэл зураг /цэвэрлэсэн анги хүүхдийн дэвсгэр дээрх гуталнууд, С  үйлчлэгч согтуу унтаж байгаа, сандал ширээ идэж уусан аяга гэх мэт тайлбар бичсэн/ тайлбаргүй 2 ширхэг зураг /хэргийн 36-37-р тал/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг гэрэл зургуудыг хэзээ, ямар цаг хугацаанд /шөнийн 00.40 цаг гэж байгаа боловч зураг дээр цонх руу нарны гэрэл туссан байдал/ хэний, ямар зургийн аппарат, хэрэгслэлээр авч бэхжүүлснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд уг гэрэл зургуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд ажилтныг ажлаас халах үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан....эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэл болсон үйл баримт буюу нэхэмжлэгч Л.Х нь ажлын байранд санаатай, олныг хамарсан архидалт зохион байгуулж, архи уусан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 14 дүгээр тушаалын Л.Хад холбогдох заалт нь үндэслэлгүй гарсан байх тул Л.ХыгОрхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багшийн ажилд ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэж хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Хэргийн 51-53, 89 дүгээр талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Хыг Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ