Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 00085

 

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2018/00085

 

 

Л.Х-н нэхэмжлэлтэй,

хариуцагч 4 дүгээр цэцэрлэгт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00471 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Х-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгт холбогдох,

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.М-н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.М , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Л.Х нь Орхон аймгийн 4-р цэцэрлэгт багшаар 1997-2004 он, 2007-2018 он хүртэл ажилласан ба 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу амралтын өдөр ариутгал цэвэрлэгээг хийх болж, тус өдөр туслах багш Х.О, сантехникч Б.М  нарын хамт цэвэрлэгээ, засвар хийсэн билээ. Ингээд цэвэрлэгээ дуусч байх үед гаднаас 2 манаач О.Б , Б.Б , цэвэрлэгч А.С нар хамтдаа халамцуу орж ирсэн. Ингээд анги цэвэрлэгээг үргэлжлүүлэн хийж байхад ангиас гурвуулаа гарахгүй байсан ба Хуримт баар болон Амарсу бааранд архи уусан тухай ярьж байсан. Цэвэрлэгээ дуусаад Х.О бид хоёр харих болж манаач О.Б гаар гэртээ хүргүүлэх болох үед цэвэрлэгч А.С харихгүй, ангиас гарахгүй байсан тул түүний найз Д-г утсаар ярихаар нь А.С-г ирж авахгүй бол согтсон байгааг хэлээд, харихаар ангиасаа гарч явсан. Ингээд маргааш өглөө нь ажилдаа иртэл намайг эрхлэгч М  нь ангид архи уусан байна, архидалт зохион байгуулсан байна гэж буруутгасан. Архи уугаагүй болох талаар болон архидалт зохион байгуулаагүй талаар хэлэхэд тайлбар бич гэсэн. Энэ байдлын талаар болсон үйл явдлыг үнэн зөв бичсэн. Гэтэл бид хоёрыг ажлаас халах тушаал гаргасан. Дараа нь Х.Оыг ажилд эргэн орох тушаал гаргасан. Намайг заавал архи уулгасан болгох гэж зүтгэж, мөн архидалт зохион байгуулсан гэж гүтгэж ажлаас халсанд гомдолтой байна. Архи уугаагүй байхад архи уусан, архидалт зохион байгуулсан гэж үндэслэлгүйгээр халсан. Иймд Орхон аймгийн 4 цэцэрлэгийн багшийн ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Орхон аймгийн 4-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.М  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 03 дугаар сарын 18-ны шөнө амарч байтал 00 цаг 32 минутанд үйлчлэгч А.С-н төрсөн ах А.Г  өөрийн **дугаараасаа залгаж Та ажил дээрээ яаралтай ирээч, танай манаач хөл дээрээ зогсож чадахгүй согтуу, манай дүү А.С бас согтуу, 2 давхарын ангид унтаж байна, таныг иртэл бид байж байя гэсэн би 00 цаг 43 минутанд Дэнжийн байрнаас шууд таксидаад ирсэн. Орж ирэхэд мөн үйлчлэгч А.С-н төрсөн ах А.Б  эхнэрийн хамт, нэг эрэгтэй дүү 8, 9 орчим насны охин гээд тэд 5-лаа цагдаад дуудлага өгчихлөө, энд нилээн их хэмжээний архидалт болж дээ гээд дүү, манаач Г нарыг загнаад зогсоцгоож байсан. Би ч гэсэн орж ирэнгүүтээ ажлынхаа утаснаас 102-руу залгаж цагдаа нар ирж байгаа эсэхийг лавлаж дахин дуудлага яаравчлуулж ярьсан. Тэгээд хэн, хэн байсан юу болсон талаар Г -с асуухад Л.Х, О, М , Б , Б  нар байсан, бид нар архи пиво уугаад тэд бүгд явсан гэж арай ядан согтуурхаж ярьж байтал хөдөлгөөнт эргүүлийн цагдаа М нэг цагдаагийн хамт орж ирж Г-г эрүүлжүүлэх рүү авч явж А.-г ах нар нь гэр рүүгээ аваад явсан. Миний бие үлдэж Л.Х, О, Оын нөхөр рүү залгахад утас нь дуудаж байсан боловч ерөөсөө аваагүй хэд хэд залгасан, Б  рүү залгахад эхнэр нь авч сая согтуу орж ирээд унтлаа гэсэн, Б  руу залгахад авахгүй болохоор нэг хашаанд амьдардаг ээж рүү нь залгахад ээж нь ирээгүй байнаа гэсэн боловч маргааш нь над руу залгаж уучлаарай энэ хүүхэд өчигдөр орой согтуу ирчихээд намайг даргад битгий хэл, ирээгүй байна гэж хэл гээд байсан юм. Уг нь согтуу ирчихээд гэртээ намайг ороход байсан юм, их муухай юм боллоо эмээ нь гэж ярьсан. М  утсаа авсан боловч найз нартайгаа байна, би амарч байна. Одоо очлоо гэсээр байгаад ирээгүй согтуу ярьсан. Х О 2 согтуу учраас утсаа аваагүй, дуудахад ирээгүй. Тэр шөнөдөө миний бие эмчийг 01 цаг 30 минутанд дуудаж ирүүлж 2-лаа хамт ажил дээр байж өглөө болгосон. 2 цаг 30 минутанд манаач С.Г-н төрсөн дүү С.С-г дуудаж ирүүлж болсон асуудлыг танилцуулж ахыг нь эрүүлжүүлэхээр цагдаа аваад явсныг хэлсэн. Өглөө нэгэнт халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн тул БСУГ, МХГ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст яаралтай мэдэгдэж Л.Х-н ангийг хааж тэр өдөртөө хүүхэд авалгүй яаралтай аймгийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгээс тус тус ирж ариутгал халдваргүйжүүлэлтийг дахин хийж 6 цагийн дараа буюу 3-р сарын 19-ний өдрийн 16.00 цагт бүх бүлгүүдийн туслах багш нарыг оруулж тухайн Л.Х-н анги болох 5-р бүлэгт дахин ариутгалын дараах их цэвэрлэгээг хийж 3-р сарын 20-ны өглөө хүүхдээ хүлээн авсан. Байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн зэрэглэлтэй ажиллаж байгаа, өөрөө хоолны хордлого гарлаа гэж хамт ажиллаж байгаа гэмгүй тогоочийг гүжирдсэн үндэслэлгүй цуу тарааж аймгийн хэмжээнд өндрөө авсан асуудал гаргачихаад дээр нь зориудын архидалт зохион байгуулж багшийн ёс зүйг байж боломгүй байдлаар зөрчсөн. Л.Х-н ангидаа зориудын архидалт зохион байгуулж архи уусан явдал нь Багшийн ёс зүйн дүрэм, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.8.а, 10.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээ-ний 14.2, 14.2.3 дахь заалтууд, сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх Эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм, Эрүүл ахуйн тухай хуул-ийн 6.6.2 дах заалтууд тус тус ноцтой зөрчигдөж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга А.Бумансороор ахлуулсан ажлын хэсэг ирж, Боловсрол соёлын удирдах газрын СӨБ хариуцсан мэргэжилтэн С.Бүрэнцэцэг ахлах мэргэжилтэн нар МХГ-ын Боловсролын хяналтын улсын байцаагч Биндэрьяа, улсын байцаагч Б.Номин, БОЭТ-ын мэргэжилтэн Т.Очцацрал зэрэг бүх холбогдох шат шатны хүмүүс ирж газар дээр нь танилцан гарсан зөрчлийг хурдан арилгаж холбогдох хүмүүст ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авахыг үүрэг болгосон зэрэг асуудлын дагуу эрхлэгчийн 3-р сарын 20-ны өдрийн 14 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа болно. Иймд Л.Х-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00471 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Хыг Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.М  давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Л.Х нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны шөнө ажлын байрандаа буюу хариуцсан анги бүлэг дээрээ өндөржүүлсэн зэрэглэлтэй голомтын ариутгал цэвэрлэгээ хийгдэж байх үедээ ангидаа архидалт зохион байгуулж архи уусан тул Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 тоот тушаалаар багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Л.Хыг архидалт зохион байгуулсан болон архи уусан нь тогтоогдоогүй гэж дүгнэж урьд ажиллаж байсан багшийн ажилд нь эргүүлэн тогтоож нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй гарсан гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн архи уусан утсаараа хүн дуудсан гэдгийг гэрч нар гэрчлэн мэдүүлсэн байхад тогтоогдоогүй гэж шийдсэн нь нэг талыг байрьж шүүх шийдвэрийг гаргалаа гэж үзэхээр байна. Ажлын байранд архи уух нь өөрөө хөдөлмөрийн ноцтой зөрчил юм. Мөн бусдыг дуудаж согтууруулах ундаа хэрэглүүлсэн байдаг. Үүнийг гэрч Сувдэрдэнэ, С.Галбаяр, О.Б  нар гэрчилж мэдүүлсэн байдаг. Мөн нэхэмжлэгчийг гэрч Сувдэрдэнэ Г нар гэрчилсээр байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Л.Х нь Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгт холбогдуулан цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Хыг Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Х нь 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр багшийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаар тушаалд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7.8.а, 10.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 14.2, 4.2.3 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ нь багш Л.Х ...нь ажлын байранд хариуцсан анги бүлэг дээр нь халдварын замын өвчлөл гарсан эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 тоот тушаалаар өндөржүүлсэн зэрэглэлтэй голомтын ариутгал цэвэрлэгээ хийгдэж байгаа онцгой үед ангидаа санаатай олныг хамарсан архидалт зохион байгуулж, архи уусан тул 2018 оны 3-р сарын 21-ний өдрөөс эхлэн багшийн үүрэгт албан тушаалаас чөлөөлсүгэй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг баримтлажээ. Тус хуулийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан,

Хөдөлмөрийн дотоод журмын 7.8.а-д ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, 10.3-т байгууллага дээр архи согтууруулах ундаа уухыг хориглоно,

Хөдөлмөрийн гэрээний 14.2-т ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж тус тус заажээ.

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаар тушаалд заагдсан ...хөдөлмөрийн гэрээний 4.2.3... гэсэн заалт хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж 2 үндэслэл заасан байхад аль үндэслэлээр нь арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй энэ талаар тушаалдаа бичээгүй байна.

Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний дээрх заалтууд нь ажилтан ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн асуудлыг зохицуулах заалтууд байгаа боловч багш Л.Х нь ажлын байрандаа санаатай олныг хамарсан архидалт зохион байгуулж, архи уусан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Л.Х нь ажлын байранд санаатай, олныг хамарсан архидалт зохион байгуулж, архи уусан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна ... гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгч Л.Хыг Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй зөв байна.

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх ба хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.М-н давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүнийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгтзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00471 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.М-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР