Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 183/2019/00577/И |
Дугаар | 001/ХТ2021/00573 |
Огноо | 2021-05-28 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2021/00573
“Дэрмастетик” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01993 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1918 дугаар магадлалтай,
“Дэрмастетик” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Метрик дизайн” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 64,871,334 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэрмастетик ХХК” нь ”Метрик дизайн ХХК”-тай 2018.04.27-ны өдөр 20 хоногийн хугацаатай буюу 2018.05.17-ны өдрийн дотор 67 м.кв талбайтай байрыг гоо сайхан мэс заслын эмнэлгийн зориулалтаар дотор засал, интерьерийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх аман гэрээ байгуулсан. “Метрик дизайн ХХК” нь ажлыг хугацаандаа эхлүүлсэн боловч гэрээний хугацаанд ажлаа дуусгаж өгөлгүй алга болсон бөгөөд хийгдсэн ажил нь зургийн дагуу хийгдээгүй, буруу, дутуу хийгдсэн, чанар, стандартын шаардлага хангахгүй, агааржуулалт нь буруу хийгдэж эмнэлгийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд үүнээс үүдэн цахилгааны болон агааржуулалтын ажлыг дахин шинээр хийх, дотор заслын ажлыг дахин засварлах бодит нөхцөл байдал бий болсон. Үүний дагуу манай компани ”Метрик дизайн ХХК”-ийн гэрээ байгуулсан захирал Итгэл, Нямдаваа нарын гар утасруу удаа дараа залгасан боловч утсаа авахгүй бүр блок хийж алга болсон учраас манай гэрээт хуулийн зөвлөх Хуулийн хөтөч ХХН-өөс хуульч С.Баярмаа нь 2018.09.21-нд мэдэгдэл шаардлага хүргүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч биелүүлээгүй, ирж уулзалгүй өнөөдрийг хүргэсэн. Манай компани “Метрик дизайн ХХК”-иар хийлгэсэн ажлыг Мэргэжлийн хяналтын газарт шалгуулж дүгнэлт гаргуулсан. Ийнхүү бид ”Метрик дизайн ХХК”-иас хийлгэсэн бүх ажлыг нурааж дахин өөр ажил гүйцэтгэгчээр ажиллагаа хийж дуусгасан. Иймд Иргэний хуулийн дагуу ”Метрик дизайн ХХК”-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж өөрт учирсан бодит хохирол болох ”Метрик дизайн ХХК”-д шилжүүлсэн төлбөр, ”Метрик дизайн ХХК”-ийн хийсэн ажлын бараа бүтээгдэхүүний зардалд нийт 64,871,334 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Нямдаваа шүүхэд гаргасан тайлбартаа: ”Метрик дизайн ХХК” нь “Дэрмастетик ХХК”-тай хамтран ажиллаад тодорхой хугацааг өнгөрөөсөн билээ. Хамтран ажиллах хугацаандаа хэд хэдэн төслүүд дээр нь барилгын засал чимэглэл, зураг төслийг нь гаргаж өгч байсан. Бидний хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бид амаар тохироод олон ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Мөн өмнө хийгдэж байсан ажил, үйлчилгээний төлбөрөө төлөөгүй хийлгэсэн ч тохиолдлууд байдаг ба бид тэр болгонд төлбөрийг нэхээд байдаггүй манай байнгын үйлчлүүлэгч тул аль болох тохиролцох, дараа дараагийн ажлаа бодоод явдаг байсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжилж буй нэхэмжлэлийн төлбөр нь үндэслэлгүй байх тул төлөх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан зүйлс нь бодит нөхцөл байдалтай огт тохироогүй, мөн ажил гүйцэтгэж хүлээлгэн өгсөн урьдчилгаа 70 хувийн төлбөрийг 2 дахин өсгөж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бидний зүгээс харилцан тохиролцсоны дагуу гэрээт ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгсөн ба үлдэгдэл төлбөрөө аваагүй. Мөн гэрээт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш захиалагч нь өөрсдийн буруутай үйлдлээс болж эвдэрсэн нөхцөл байдлыг бид өөрсдийн зардлаар засварлаж өгч байсан. Мөн захиалагчийн байранд ус алдсан засвар маань муухай болчихлоо гэхэд нь өөрсдөө очоод засварлаад өгсөн, үүндээ ч мөн адил төлбөр аваагүй тухай бүр нь гүйцэтгэж засварлаж өгсөөр ирсэн. “Дэрмастетик” ХХК нь манай компаниар зураг төсөл, барилгын дотор заслын ажил хийлгэхээр тохиролцсон байдаг, манай компани нь зураг төслийг бэлтгэн захиалагчаар баталгаажуулсан, өрөөний дизайн, түүнийг хийх материалын өртөг зэрэг багтдаг. Манай компани нь захиалагчтай тохиролцсон бүхий л материал дизайны дагуу ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Тодорхой хэмжээний захиалагчаас хамааран эвдрэл гэмтлийг захиалагчийн хүсэлтээр тухай бүрт нь засварлаж өгч байсан. Захиалагч нь үлдэгдэл төлбөрийг өгөөгүй. Энэ хугацаанд захиалагчийн Мишээл экспод байрлах павилоныг засварлаж өгч хамтын ажиллагаагаа бодсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.23-ы өдрийн 183/ШШ2019/01993 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ”Метрик дизайн ХХК”-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохирол 64,871,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Дэрмастетик ХХК”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,000 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 1918 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.23-ны өдрийн 183/ШШ2019/01993 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанхуягаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс “...зохигчид ямар хэмжээний цар хүрээтэй ажлыг хэдэн төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон, хариуцагч хэдэн төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч гэрээний үүргээс учирсан бодит хохирол гэдэгт юу орж байгаа зэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт нь тодорхой бус байна...” гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь: Анхан шатны шүүхийн шатанд талууд нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-т заасан байтал давж заалдах шатны шүүхээс нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй оролцогчийн эрхийг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн магадлал гаргасанд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болсон бүхий л баримтыг гаргаж өгсөн үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгт хамаарал бүхий үйл баримтын талаар бүрэн дүүрэн мэтгэлцсэн байтал хэргийн үйл баримт тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хэрэг цугларсан баримт нь шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчмын хүрээнд талууд баримтаа гаргаж өгсөн, холбогдох үйл баримтын талаар бүрэн дүүрэн мэтгэлцсэн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх дүгнэлгүйгээр дулимаг шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь иргэний эрх зүйн агуулга, зарчим, хуулийн зохицуулалтад нийцээгүй байна гэж үзэхээр байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“Дэрмастетик” ХХК, “Метрик дизайн” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 64,871,334 төгрөг гаргуулахыг шаардсанд, хариуцагч татгалзан, “гэрээт ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, урьдчилгаанд өгсөн мөнгөө хоёр дахин өсгөж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, үлдэгдэл төлбөрөө аваагүй” гэсэн тайлбарыг гаргажээ.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Дэрмастетик” ХХК нь ”Метрик дизайн” ХХК-аар 67 м.кв талбайтай байранд дотор засал, интерьерийн ажлыг хийлгэхээр хэлэлцэн тохирсон талаар талууд үгүйсгээгүй.
Харин тухайн ажлыг бүрэн хийж хүлээлгэн өгсөн эсэх, ажлын хөлс, материалын зардалд хэдэн төгрөг тооцсон, үүнд үлдэгдэл тооцоо байгаа эсэх, нэхэмжлэлийн шаардлагад зааж буй 64,871,334 төгрөг түүний үндэслэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэргийн 1 дүгээр хавтасны 31-96 дугаар талд талуудын хоорондын үйл ажиллагааны харилцааг илэрхийлсэн мөнгөн гүйлгээний баримтууд авагдсаныг , маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт мөн эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэнтэй нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүйгээс талууд маргааны талаар мэтгэлцэж чадаагүй, эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв сонгон хэрэглээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь тус шүүхэд хуулиар олгосон эрх хэмжээнд хамаарч байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, хуулийн үндэслэл бүхий магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1918 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүний хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 482,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Б.УНДРАХ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Х.ЭРДЭНЭСУВД