Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 289

 

Н.Нд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Н.Н,

хохирогч С.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын давж заалдах гомдлуудаар Н.Нд холбогдох эрүүгийн 1705018390333 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

..........................., 1983 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 77 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...................../;

Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 2 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,

Баганхангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг бүгдийг нэмж, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 19 хоногийн хорих ялаар тогтоосон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 455 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 7 хоногийн хорих ялыг өршөөн хассан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан;

 

Н.Н нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхарт иргэн Д.Мөнгөншагайгийн нүүрэнд цохиж, хэвлий хэсэг рүү нь өшиглөн довтолж, куртик, малгайг хууль бусаар авсан,

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Ард Аюушийн 2 дугаар гудамжны 78 тоотод иргэн Б.Батбаяртай маргалдаж улмаар нүүрэнд нь өшиглөж, эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Торгоны зам” зочид буудлын 302 тоотод иргэн Г.Гансүхийн хоолойг нь боон “Эл Жи К-4” загварын гар утас, 16.000 төгрөгийг хууль бусаар авсан,

2018 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 61-825 тоотод иргэн С.Баттулгын нүүр, хавирга хэсэг рүү өшиглөж, цохин, “Самсунг Галакси Нөт 5” загварын гар утсыг хууль бусаар авсан,

2018 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 61-825 тоотод иргэн С.Баттулгын нүүр, хавирга хэсэг рүү өшиглөж, цохин, зүүн доод зовхинд цус хуралт, үүдэн доод зүүн 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “........................г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн 1.000.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, уг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 66 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн Н.Нгийн эдлэх ялыг 5 жил 66 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Нд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Н.Нгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 241 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Нгээс 270.000 төгрөг гаргуулж хохирогч С.Баттулгад олгож, бусад хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Н.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Нгийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдолдоо: “Н.Н 2 дугаар хавтасны 151 дэх талд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа хэт нэг талыг буюу яллах талыг баримталж ажилласан шалтгаан нь намайг урд өмнө нь ял эдэлж байсан гэдэг. Хохирогч Гансүхийг дээрэмдсэн гэх хэргийн цорын ганц гэрч болох Хангал юм. Хохирогч Баттулгыг дээрэмдсэн гэх хэрэг учралын үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Ганлантуу нарыг гэрчээр байцаалгах хүсэлт удаа дараа гаргасан байтал нэг ч удаа байцаалт аваагүй. Хохирогч Баттулгын дээрэмдүүлсэн гэх гар утасны үнэлгээ хийгдээгүй. Үнэлгээ хийгдээгүйн улмаас хор хохирлыг нөхөн төлөх нөхцөл бүрдээгүй. Хэрэг мөрдөн шалгах явцад миний зан байдлыг тодорхойлохдоо гэрчээр Б.Ижилбаатар, Н.Соёлмаа нарыг байцаасан байдал нь сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг огт мэдэхгүй, надтай хамт өсөөгүй, хэзээ ч хамт амьдарч үзээгүй, багаасаа тус тусдаа хол хөндий байсан хүмүүсийг гэрчээр байцаасан. Ингэхдээ өмгөөлөгч байлцуулаагүй байцаалт авсан бөгөөд намайг өмнө нь хүчингийн хэргээр ял эдэлж байсан гэх илтэд худал мэдүүлэг цуглуулсан. Би энэ 2 хүнтэй 2000 оноос хойш 3-4 удаа л уулзаж байсан. Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ миний өмнө нь эдлээд дууссан ял шийтгэлийг сөхөн харж, хүндрүүлж ялласанд гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг дахин шалгаж шийдвэрлэж өгнө үү. Мөн миний бие өөрийн ухамсарт амьдралынхаа 10 гаруй жилийг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрөөсөн ба үлдсэн амьдралаа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, ажил хөдөлмөр эрхлэн, ар гэртээ тус дэм болон явах хүсэлтэй явдаг билээ. Өөрийн гаргасан алдаа, хийсэн үйлдэлээ ухамсарлаж байгаа надад оногдуулсан хаалттай дэглэмтэй хорих ялыг минь нээлттэй дэглэмтэй хорих ял болгон шийдвэрлэж өгнө үү. Нээлттэй дэглэмтэй хорих ангид ажил хийж, дутагдлаа цэгнэн ухамсарлаж нийгэмшин гарч, өөрийн хүнд өвчтэй эгч болон өндөр настай ээжийгээ асран тэтгэн явах болно.” гэв.

 

Хохирогч С.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Найманжинг танихгүй. Намайг унтаж байхад орноос татаад зодсон нэг хүн байсан. Тэр хүн Өвөрмонгол хүн байсан. Тухайн үед “наад хүнээ алаад өг” гэж хэлж байсан. Чингэлтэй дүүргийн байцаагч надаас 2 удаа байцаалт авсан. Би тухайн үед “цуг нэг хүн байсан” гэхэд байцаагч “чи олж ир” гэсэн. Би олж чадаагүй. Би байнга цагдаагийн байгууллага руу явсан. Найманжинтэй хамт явж байсан Өвөрмонгол хүнийг олох хэрэгтэй гэж хэлсэн. Сүүлд Баярбат гэх байцаагчид би Найманжинг танихгүй гэж хэлж байсан. 270.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг мэдэхгүй байна. Би анхан шатны шүүх хуралд оролцоогүй. Надад хурлын товыг мэдэгдээгүй, шүүхээс зарлан дуудах хуудас ирээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг аваагүй, хаягаар маань явуулсан гэдэг би аваагүй. Мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу шалгасан, мөн шүүхийн шийдвэрт гомдолтой байна. 270.000 төгрөг гэж миний түрүүвчинд байсан мөнгө. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг үнэлээд байгаа юм уу, гар утсыг үнэлээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн байцаагч Батбаяр “таны гэмтлийн зэрэг хүнд юм байна. Та тархины зураг, цээжний зургаа авхуулаад ир” гэсэн. Би тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор “зураг авхуулж чадахгүй” гэхэд “зүгээр би шинжээч рүү ярьчихна” гэсэн. Дараа нь Баянгол дүүргийн цагдаагийн газарт шилжүүлсэн байсан бөгөөд миний гэмтлийн зэрэг хөнгөн гарсан гэсэн. Би тухайн үед “миний шүд ингээд хөдөлсөн юм идэж болохгүй болсон” гэхэд “тэгээд та тухайн үед нь үзүүлэхгүй яасан юм бэ” гэсэн.” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Н нь 5 удаа ял шийтгүүлсэн. Энэ хэрэгт мөн 5 үйлдэл дээр ял шийтгүүлсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тааруулж үндэслэлтэй ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад /яллагдагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч/ мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл хохирогч С.Баттулгад шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаархи баримт хэрэгт байхгүй байх бөгөөд хохирогчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд “Би анхан шатны шүүх хуралд оролцоогүй, надад хурлын товыг мэдэгдээгүй, шүүхээс зарлан дуудах хуудас ирээгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээж аваагүй, хаягаар маань явуулсан гэсэн.” гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогч шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй”, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилсныг ноцтой зөрчжээ.

 

Хохирогч С.Баттулга хэргийн материалтай танилцах үедээ “хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн байх ба /2хх-166/, шүүх хуралдаанд түүнийг оролцуулалгүйгээр явуулахаар тогтсон зэрэг хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, хүний эрхийг зөрчсөн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн үзэх боломжгүй байгааг дурдаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн ажиллахыг  анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүх хуралдаанд хэргийн оролцогч нарыг оролцуулан мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох замаар прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн оролцогч болох хохирогчийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг хангуулах нь зүйтэй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Нд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа учир шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын давж заалдах гомдолд шүүх бүрэлдэхүүн энэ удаа үнэлэлт дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Нд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх дахин хянан хэлэлцэх хүртэл Н.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                          ШҮҮГЧ                                          М.ПҮРЭВСҮРЭН

 

                                          ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧ                                          Д.МЯГМАРЖАВ