Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0269

 

 

 

Д.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т;

 

Нэхэмжлэгч: Д.С

Хариуцагч: ХӨА-ийн А-Э  сумын ХТЗ 

 

Нэхэмжлэлийн шаардлага: “ХӨА-ийн А-Э  сумын ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 119/ШШ2024/0009 дугаар шийдвэртэй;

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.С ,

Хариуцагч А.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 126/2023/0167/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.С-аас ХӨА-ийн А-Э сумын ХТЗ-д холбогдуулан “ХӨА-ийн А-Э сумын ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх”-ээр маргасан байна.

  2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0009 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон

 

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтуудыг баримтлан ХӨА-ийн А-Э сумын ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.С-ын ажилгүй байсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэл, ээлжийн амралтын нөхөн олговрын тооцоог хийхийг ХӨА-ийн А-Э сумын ХТЗ, ажлын алба /Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч, нягтлан бодогч/-д даалгаж шийдвэрлэжээ.

 

  3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-ээс давж заалдах гомдолдоо:

 

3.1. ...Шүүх маргааны үйл баримттай холбоотой нөхцөл байдлыг буруу дүгнэж, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлэн, хэрэглэх ёсгүй хууль, журмыг баримтлан буруу дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч Ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу маргаан бүхий албан тушаал дээр сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон гэх үйл баримттай маргаагүй.

 

Дээрх хуулийн хүчинтэй хугацаа дуусгавар болохоос өмнө Төрийн албаны зөвлөл 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан ерөнхий болон тусгай шалгалт, шаардлага хангаагүй, төрийн ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг Төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх асуудал, арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хуулийн 30.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд тавих хяналт”, 30.2-т “энэ хуулийн 30.1-д заасан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 65-р зүйлд “Төрийн албаны зөвлөл”, 65.6 дахь хэсэгт “Зөвлөл эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргана, Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээдүүд заавал биелүүлнэ”, 66.1.3-т “иргэн байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, 67.1-д “Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж заасан бөгөөд Ковид-19 цар тахлын хуулийн үйлчлэл дууссантай холбоотой зөвлөлөөс гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийг чөлөөлөх Б/06 дугаар захирамж гарсан.

 

3.2. Нэхэмжлэгч Д.С нь Төрийн албаны тухай хуулийн 62, мөн хуулийн 10.1.2 дахь хэсэгт заасан төрийн захиргааны албан тушаан буюу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Энэхүү албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 18.1.2 болон 18.3 дахь хэсэгт зааснаар эрхэлсэн түшмэлийн албан тушаал бөгөөд ерөнхий шаардлага болон тусгай шаардлага хангасан тохиолдолд ажиллахыг хуулийн хэмжээнд зааж өгсөн. Ковид-19 хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ХТЗ-ийн ажлын албаны даргаар томилогдож улмаар хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж, Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж, мэдэгдлийн хүрээнд чөлөөлөгдсөн.

Төрийн үйлчилгээний албан тушаалтан болохоос төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй тул ХТЗ-ийн ажлын албаны даргын удирдах албан тушаалтны зэрэг дэв, шалгуурт нийцээгүй чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийг чөлөөлөхтэй холбоотой сэлгэн, шилжин ажиллах талаар ямар ч асуудал яригдаагүй, хуулийг хэрэгжүүлж ажилласан байтал нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр бүхэлдээ худал мэдүүлдэг.

 

Тэрээр ахлах түшмэлийн албан тушаалын шалгуур хангасан мэргэшсэн, төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй ч түүнийг гуйж албан тушаалд томилоогүй. Тэрээр өөрийн хүсэлтээр улсын бүртгэгчийн албан тушаалаас татгалзаж цар тахлын үеийн хуулийн хүрээнд төрийн албаны тухай хууль, дүрэм журамд заасныг зөрчин томилогдож байгаагаа сайтар ухаарч байсан. Шийдвэрийн 3.3 дахь хэсэгт нэхэмжлэгчийг анх томилох үеийн нөхцөл байдалд үйлчилж байсан Короновирус халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн албаны сул орон тоог явуулах боломжгүй нөхцөл үүссэн байжээ.

 

3.8 дахь хэсэгт Д.С-ыг улсын бүртгэгчийн албан тушаалаас захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд томилоход төрийн албаны тусгай шалгалт авах шаардлага хууль журмаар тавигдах байх ба анх түүнийг шилжүүлэн томилохдоо цар тахлын улмаас төрийн албаны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр төрийн албаны тусгай шалгалт авахгүйгээр шилжүүлэн томилгоо хийснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа 3.4 дэх заалтаар “Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулах журам”-ын 5.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалтын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж заасан байна гэж дүгнэсэн байна.

 

Энэ маргаан дээр сэлгэн, шилжүүлэх ажиллагаа явагдаагүй. Шилжүүлэх гэдэг ойлголтод төрийн албаны нэг зэрэг дэвээс адил зэрэг дэв, албан тушаалд шилжүүлэх тохиолдлыг зохицуулсан болохоос төрийн үйлчилгээний албан тушаалтан төрийн удирдах албан тушаалтны албан тушаалд шилжин ажиллах боломжгүй юм. Нэхэмжлэгчийн шүүхэд ярьсан “... Төмөрбулаг сум руу шилжин ажиллая” гээд хүсэлтээ гаргачихсан байсан, нэг тийшээ шилжин ажиллах нөхцөл боломж надад байсан... тухайн албан хаагчийн нийгмийн баталгааг анх илгээсэн байгууллагаас дордуулахгүйгээр журамласан ... гэсэн үгэнд хөтлөгдөж 3.10 дахь заалтад ... Д.С  нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй гэх үндэслэлээр тухайн албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэл бүрдсэн байх бөгөөд... түүний эрх зүйн байдал дордож, төрийн албаны нийгмийн баталгааг дордуулсан агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

3.3. Төрийн албаны тухай хуулийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс: 33.2.1-д “ерөнхий шалгалт;”, 33.2.2.-т тусгай шалгалт авч томилох зохицуулалттай. Нэхэмжлэгч энэ шаардлагыг хангаагүй боловч Ковидын хуулийн хүрээнд энэ зохицуулалтыг харгалзахгүй томилогдсон. Шийдвэрийн 3.10, 3.11 дэх заалтаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, шууд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаар өмнө төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, нийгмийн баталгааг алдагдуулсан шийдвэр гаргасан, нийгмийн баталгааг хангах үүрэгтэй гэж дүгнэсэн. Шүүгч Төрийн албаны тухай хуулийн үйлчлэл, хүрээг ойлгоогүй эс бөгөөс санаатай ийм буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгч Төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй, төрийн үйлчилгээний албан тушаалтан байсан гэдгийг нотлох хангалттай баримт болон нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, мэдүүлэгт, хавтас хэрэгт цугларсан, мөн олонтоо дурдагдсан. Шийдвэрийн 3.11 дэх заалтад Төрийн албаны тухай хуулийн 46.2-т зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэхгүй, дахин төрийн албанд ороход төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч төрийн албанд томилогдох, өөр ажил албан тушаалд шилжин ажиллах боломжгүй болох зэрэг үр дагавар үүсгэнэ... гэжээ.

 

3.4. Нэхэмжлэгч 2016 онд төрийн албаны шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн бөгөөд нөөцөд байх хугацаа хуулиараа 2019 онд дууссан. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “Энэ хуулийн 33.7-д заасан шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ. Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна” гэж заасан. Төрийн албаны нөөцөд угаасаа бүртгэлгүй байсан байтал үүсэх үр дагавартай мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч шүүх хурал дээр төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй гэдгээ өөрөө нотолсон.

 

Өөрөөр хэлбэл, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байсан тул дахин төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч, ахлах түшмэлийн мэргэшсэн сургалтад хамрагдаж дараагийн албан тушаалд томилогдсон гэсэн.

 

Тэгэхээр Төрийн жинхэнэ албан хаагч биш хүний ямар эрх ашиг хөндөгдөж, ямар ч үр дагавар үүсэхгүй. Шийдвэрийн 3.12, 3.13 дахь заалтаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн шийдвэр гаргах журмыг хэрэгжүүлээгүй, хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулаагүй гэж дүгнэсэн. Шийдвэрийн 3.17, 3.18 дахь заалтад ... албан тушаалаас чөлөөлөх, төрийн албанаас бүр мөсөн чөлөөлөх асуудал нь эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай зохицуулалт юм гэж дүгнээд төрийн албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгаar зөрчсөн шийдвэр болсон байна гэжээ. Шийдвэрийн 3.20 дахь заалтаар ... Д.С төрийн жинхэнэ албан хаагч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

3.5. Шийдвэрийн 3.21 дэх заалтаар... Д.С нь ХТЗ-ийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор маргаагүй, энэ талаар маргахгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болно гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй тооцсоноор нэхэмжлэгч уг албан тушаалд эргэн ажиллах эрхийг нээгдэж өгсөн шийдвэр болжээ. Түүнийг чөлөөлсөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цагаа бүртгүүлж, цалингаа бүтэн авсан атлаа “байхгүй хойгуур” чөлөөлсөн гэж худал мэдүүлдэг.

 

Төрийн албаны зөвлөлөөс Хатгал тосгоны Тамгын газрын даргад улс орон даяар авч хэрэгжүүлж байгаа цар тахлын үеийн хуулийн үйлчлэл дуусгавар болж тухайн үед томилогдсон бүх томилгоог чөлөөлөхийг үүрэг болгосон. Хариуцагч төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг шилжүүлэн ажиллуулж байгаа байгууллага хариуцахаар журамласан бөгөөд анх илгээсэн төрийн байгууллагад ажиллаж байсан нөхцөлөөс дордуулахгүйгээр зохицуулсан байтал чөлөөлсөнд гомдолтой гэдэг.

 

Д.С-ыг шилжүүлэн ажиллуулаагүй. Сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргадаг ч хавтаст хэрэгт түүний өрөөнд өөрөө зохион байгуулсан Төрийн албаны зөвлөлөөс хуулийн үйлчлэл дуусах тул чөлөөлөх талаар үүрэг болгосон ажлыг удирдан зохион байгуулах үүргийг түүнд олгож бүх албан хаагчдыг хуралдуулж мэдэгдэх ажлыг хийсэн баримт нь байгаа. Чөлөөлөх тушаал гарах өдрийг мэдэгдсэн байтал санаатай ирээгүй гэж ойлгож байгаа. Тэрээр төрийн албаны ёс зүй, удирдах арга барил, ажил зохион байгуулах чадвар, захирах, захирагдах зарчим зөрчиж дур зоргоор авирладаг тул түүний энэ үйлдэлд хамт ажиллагсад нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байжээ. Өмнөх давж заалдах шатны шүүхээс тодруулах ажиллагааг хийхийг даалгасан ч нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүх нэхэмжилж байгаа мөнгөний баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тооцоо тооцоолуур нь ойлгомжгүй байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

 

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03-р сарын 11-ний өдрийн 119/ШШ2024/0009 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

  1. Хууль хэрэглээний талаар:

 

    1. Хариуцагч ХӨА-ийн ХТЗ нь нэхэмжлэгч Д.С-ыг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд томилохдоо Короновируст халдвар \Ковид-19\-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг үндэслэн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25, 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулаагүй, мөн хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан зэрэг дэв тогтоох журмыг баримтлалгүйгээр нэхэмжлэгчийг удирдах албан тушаалын ажилд томилсон болох нь тогтоогдож байна./ хх-26 тал/ Тодруулбал,

 

    1. Короновируст халдвар \Ковид-19\-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зорилтыг тодорхойлсон 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн албан хаагчийн шаардлага хангаагүй нэхэмжлэгчийг дээр дурдсан сонгон шалгаруулалтын журмаар авалгүй, зэрэг дэв дэвшүүлэн удирдах албан тушаалд томилжээ.

 

    1. Короновируст халдвар \Ковид-19\-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ.” гэж хуулийн үйлчлэх хугацааг маш тодорхой зааж өгсөн байх бөгөөд хуулийн үйлчлэх хугацаа дуусч, хүчингүй болохтой холбогдуулан Төрийн албаны зөвлөл 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж шийдвэр гарган, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн бүх шатны томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад Короновируст халдвар \Ковид-19\-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн төрийн албан тушаалд томилогдсон иргэн, албан хаагчийг ... албан тушаалаас нь чөлөөлөх ... шийдвэр гаргах, уг шийдвэрийг гаргаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанд хууль бусаар томилсон гэж үзэж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олгосон цалин хөлс, нэмэгдлийг төрд учруулсан хохиролд тооцож, буруутай албан тушаалтнаар төлүүлэх “МЭДЭГДЭЛ”-ийг хүргүүлсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

 

    1. Гэтэл энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий акт болох ХӨА-ийн ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

  1. Хариуцагчаас нэхэмжлэгч Д.С (Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Хатгал тосгоны улсын бүртгэгч)-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/250 дугаар тушаалаар 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гаргасан хүсэлт /1 хх-ийн 45 дахь талд/ зэргийг үндэслэн Захирагчийн ажлын албаны даргаар шилжүүлэн томилсон 2021 оны Б/14 дугаар захирамж болон уг ажлаас чөлөөлсөн 2023 оны Б/06 дугаар захирамжууд нь Төрийн албаны тухай хуулиар биш, харин дэлхий нийтийг хамарсан аюултай, халдварт өвчин тархаж давагдашгүй хүчин зүйл бий болсон Онцгой нөхцөл байдлыг зохицуулсан Короновируст халдвар \Ковид-19\-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар зохицуулагдах харилцаа болохыг анхан шатны шүүх зөв дүгнэлгүй хариуцагчийг сонсох ажиллагаа явуулаагүй, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангаагүй гэж буруутгасан дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

 

  1. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй, түүнчлэн хариуцагч, нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамааран онцгой нөхцөл байдалд тухайн нэхэмжлэгчтэй холбоотой харилцааг зохицуулж байсан тусгай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

  1. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, Нийтийг хамарсан цар тахал гарч хуульд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл бүрдсэн үед тусгай хууль гарган төрийн захиргааны албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийг хэрэглэлгүй шууд томилон ажиллуулж байсан ба тусгай хуулийн үйлчлэх хугацаа дуусахад тэдгээр албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийг хэрэглэлгүй тусгай хуулийг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

  1. Нэхэмжлэгч Д.С-ыг ХӨА-ийн ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа (төрийн албыг шуурхай, тасралтгүй явуулах үүднээс) хариуцагч нь Захирагчийн ажлын албаны Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Б-т албаны даргын үүргийг түр хавсруулан гүйцэтгүүлэхээр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/09 дугаар захирамж /1 хх-ийн 225 дахь талд/ гаргажээ.

 

  1. Дээрх тохиолдолд хуульд заасан шаардлага хангалгүй төрийн захиргааны албан тушаалд томилогдсон Д.С т Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид олгосон баталгаа хамаарахгүй, маргаан бүхий акт холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болно.

 

  1. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 119/ШШ2024/0009 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т тус тус заасныг баримтлан ХӨА-ийн А-Э сумын ХТЗ-д холбогдуулан гаргасан “ХӨА-ийн ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” шаардлага бүхий Д.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                  О.ОЮУНГЭРЭЛ   

ШҮҮГЧ                                                                 Э.ЛХАГВАСҮРЭН   

ШҮҮГЧ                                                                 Т.ЭНХМАА