Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00580

 

 

Ц.Манахүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 18-ны 181/ШШ2020/00508 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1004 дүгээр магадлалтай,

Ц.Манахүүгийн нэхэмжлэлтэй,

Боловсрол, Шинжлэх ухааны яаманд холбогдох

Ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,956,605 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Манахүү түүний өмгөөлөгч Д.Оросоо, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Манахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам /цаашид БСШУСЯ гэх/ сайдын 2016.05.17-ны өдрийн Б/203 тоот тушаалаар ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл БСШУСЯ сайдын 2019.08.29-ний өдрийн Б/37 тоот тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь үндэслэлгүй. Надад хуульд нийцээгүй, ямар нэгэн ноцтой зөрчил, дутагдал гаргасан асуудал огт байхгүй бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газраас манай сургуулийн 2017, 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж зөрчилгүй гэсэн санал дүгнэлт гаргаж зөвлөмж хүргүүлсэн. 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ холбогдох хууль, шинээр гарсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж А буюу маш сайн гэсэн үнэлгээгээр, мөн Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтээр хөрөнгө, санхүүгийн талаар ямар нэгэн зөрчилгүй 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дүгнэгдсэн болно. Мөн намайг ноцтой зөрчил гаргасан гэдгээ БСШУСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын шалгалт хийсэн тэмдэглэлд үндэслэсэн бөгөөд уг шалгалт нь хууль бусаар явагдсан. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу намайг удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан гэж үндэслэсэн. Би сахилгын зөрчил удаа дараа гаргаж байгаагүй бөгөөд хэзээ хаана ямар зөрчил гаргасан эсэх нь тогтоогдоогүй юм. Иймд уг хууль бус шалгалтын тэмдэглэлийг үндэслэж, намайг хөдөлмөрийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэж үзэх нь өөрөө хууль бус, үндэслэлгүй байгаа тул БСШУСЯ-ны сайдын 2019.08.29-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. БСШУСЯ-ны сайдын 2019.08.29-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.Манахүү намайг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин нийт 5,896,605 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мажигсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БСШУСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг 2019.05.30-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногт багтаан хийсэн бөгөөд шалгалтын тэмдэглэлд тус сургуулийн захирал Ц.Манахүү, нягтлан С.Баярцэцэг гарын үсэг зурсан. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн 2017-2018 он, 2019 оны эхний санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн төлөвлөгөөт дотоод аудит хийхэд дараах зөрчил илэрсэн. Үүнд биеийн тамирын заалны орлогыг хураан авч мөнгөн кассын тайлан гаргасан боловч төрийн сангийн дансанд төвлөрүүлээгүй, төгсөх ангийн сурагчдаас үлдээмж нэртэй хандив, тусламж авч бүртгэлд тусгаагүй зарцуулсан, анхан шатны зарим баримтын бүрдэл дутуу, худалдан авалт хийхдээ үнийн судалдаа хийгээгүй, гэрээгээр гүйцэтгүүлсэн ажилд тавих хяналтыг сулруулсан байсан. Нэхэмжлэгч ажилдаа томилогдох юм бол багш нарыг ажилд авахдаа мөнгө авч, нууц тушаал гаргах болно. Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд, Сангийн сайдын журмуудыг тайландаа тусгаагүй. Тайланд тусгалгүй мөнгө гаргасан нь ашиг сонирхол байсан. Нийт 60,000,000-70,000,000 төгрөгийн асуудал яригдана. 20,000,000 төгрөгийг өөрийнхөө хувийн компанид ашигласан байгаа. Энэ талаар Авилгатай тэмцэх газар шалгаж байгаа. Удирдах чадвар муу, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулсан учраас ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Иймд Ц.Манахүүгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.18-ны 181/ШШ2020/00508 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Манахүүг Нийслэлийн Ерөнхий Боловсролын 28 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,954,024 /арван сая есөн зуун тавин дөрвөн мянга хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Манахүүд олгож, хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яаманд олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Манахүүгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 190,214 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 1004 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.18-ны өдрийн 181/ШШ2020/00508 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яаманд холбогдуулан гаргасан, Б/37 дугаартай тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,896,605 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Манахүүгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Манахүүг хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т заасан байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь зөв байна. Харин ... нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Ц.Манахүүгийн буруутай үйлдлийг... 2019.06.25-ны өдрийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой боловч нэхэмжлэгч нь 2019.07.16-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ээлжийн амралттай байсан болох нь ... баримтаар тогтоогджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ээлжийн амралттай байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан. Хариуцагч байгууллага нь уг шалтгаан арилж ээлжийн амралтын хугацаа дууссаны дараа буюу 2019.08.29-ний өдөр тушаал гарган нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Манахүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов...” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, бодит байдалд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тайлбарын 15 дугаар зүйлийн 15.4.2 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгөний хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гож тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.” гэж заажээ. Гэтэл бодит байдал дээр Хөдөлмөрийн тухай хууль болон талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд яг ямар ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэхийг нарийвчлан тодорхойлж өгөөгүй, өөрөөр хэлбэл ноцтой зөрчилд тооцох тохиолдлуудыг тодорхой нэрлэн заагаагүй байна. Иймд хариуцагч өөрийн дур зоргоороо нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх мөн нэхэмжлэгчийг санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна гэж дүгэнсэн нь үндэслэлгүй, Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тайлбартай бүрэн нийцэхгүй байна. Нийслэлийн дотоод Аудитын газраас Нийслэлийн ЕБ-ын 28 дугаар лаборатори сургууль дээр хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод Аудитыг хийж, 2019.06.25-ны өдөр Нийслэлийн дотоод Аудитын газрын шалгалтын тайлан, тэмдэглэл гарч, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн байдаг бөгөөд үүнээс үзэхэд зөрчлийг 2019.06.25-ны өдөр илрүүлсэн болох нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан. Хэрэв нэхэмжлэгчийг үнэхээр санхүүгийн зөрчил гаргасан, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тухайн зөрчлийг илрүүлсэн өдөр буюу 2019.06.25-ны өдрөөс 2019.07.25-ны өдрийн дотор ажлаас халах боломжтой байсан. Гэтэл бодит байдал дээр хариуцагч нь зөрчил илрүүлсэн өдөр буюу 2019.06.25-ны өдрөөс 2019.08.29-ний өдрийг хүртэл бүтэн 2 сар гарны дараа нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргаж, ажлаас халсан байдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байх тул Ц.Манахүүд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн албан хаагчийн ажиллах, хөдөлмөрлөх баталгааг алдагдуулж, нэхэмжлэгчийн ажил, хөдөлмөр эрхлэх хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдаж байна гэж үзэж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгч Ц.Манахүү, Боловсрол, Шинжлэх ухааны яаманд холбогдуулан сайдын 2019.08.29-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинд 5,896,605 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь ажлаас халах үндэслэл болсон гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцох тохиолдлуудыг тодорхой нэрлэн заагаагүй, мөн хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга заажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Боловсрол, Шинжлэх ухааны яамны сайдын 2019.08.29-ний өдрийн Б/37 тоот тушаалд Ц.Манахүүг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж заагаад, тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т заасныг баримталжээ.

Ажил олгогч тушаалын үндэслэлийг хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцсэн ба хэргийн 21-26 дугаар талд 2018 оны 01 сарын 02-ны өдрийн №1-25 тоот Хөдөлмөрийн гэрээ авагдсан байна.

Уг гэрээний 3.2.3-т “байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гарсан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон” бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох нөхцөлд тооцохоор талууд тухайлан хэлэлцэн тохирчээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн 2017-2018 оны болон 2019 оны эхний 5 сарын санхүү, аж ахуй үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар тус сургуулийн биеийн тамирын заалны болон төгсөх ангийн сурагчдаас сургуульд үлдээсэн мөнгөн орлогыг төрийн сангийн дансанд тушааж данс бүртгэлд тусгахгүйгээр зарцуулсан, санхүүгийн анхан шатны баримт дутуу, үнийн судалгаа хийхгүй худалдан авалт хийсэн зөрчил дутагдал илэрсэн нь баримтаар тогтоогджээ.

Шалгалтаар тогтоогдсон дээрх зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчилд хамаарч байгааг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, ажил үүргийн хувьд сургуулийн санхүү, тайлан бүртгэлд хяналт тавих эрх бүхий этгээд мөн байна.

Иймд ажил олгогч Боловсрол, Шинжлэх ухааны яаманд холбогдуулан сайдын 2019.08.29-ний өдрийн Б/37 тоот тушаалаар, нэхэмжлэгч Ц.Манахүүг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээний 2.2-т заасны дагуу тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар гэрээгээр харилцан тохирсон ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтанд үндэслэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 116 дүгээр зүйлд зааснтай нийцжээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх “ 2019.06.25-нд илрүүлсэн зөрчилд, нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хугацаа дууссаны дараа буюу 2019.08.29-ний өдрийн Б/37 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь ажил олгогчийг буруутгах үндэслэл болохгүй” гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 35, 131 дүгээр зүйлд заасан ажил, албан тушаал хэвээр хадгалах болон сахилгын шийтгэл ногдуулах хугацааны уялдаа холбоог зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдлын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д заасан тус хэргийг бүхэлд нь хянан үзэх бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

Ц.Манахүүг нэхэмжлэлийг хангах үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69, 128 дугаар зүйлд заасны дагуу тогтоогдоогүй байх тул “хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцох тохиолдлуудыг тодорхой нэрлэн заагаагүй, сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1004 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

                                ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                             Х.СОНИНБАЯР

                                                                                                                           Д.ЦОЛМОН