Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2020/00508

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.М/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б яаманд холбогдох,

 

Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мажигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.М би Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтад тэнцэж, Б-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6 дугаар тогтоолоор намайг тус сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Б сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/203 тоот тушаалаар ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан.

Гэтэл Б сайдын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 тоот тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж, мөн Б-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын шалгалт хийсэн тэмдэглэлийг үндэслэж ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй юм.

ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ.” гэж заасан.

Надад хуульд нийцээгүй, ямар нэгэн ноцтой зөрчил, дутагдал гаргасан асуудал огт байхгүй бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газраас манай сургуулийн 2017, 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж зөрчилгүй санал дүгнэлт гаргаж зөвлөмж хүргүүлсэн. 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ холбогдох хууль, шинээр гарсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж “А” буюу маш сайн гэсэн үнэлгээгээр, мөн Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтээр хөрөнгө, санхүүгийн талаар ямар нэгэн зөрчилгүй 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дүгнэгдсэн болно. Уг гэрээний биелэлт болон үр дүнгийн гэрээг хавсралтаар хүргүүлэв. Б сайд нь уг хууль бус тушаалыг гаргахдаа Ц.М намайг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд уг ноцтой зөрчил гэдгээ Б-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын шалгалт хийсэн тэмдэглэлд үндэслэсэн байдаг бөгөөд уг шалгалт нь хууль бусаар явагдсан.

Мөн Б Сайдын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” буюу намайг удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан гэж үндэслэсэн. Ц.М би сахилгын зөрчил удаа дараа гаргаж байгаагүй бөгөөд намайг удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэх боловч хэзээ хаана ямар зөрчил гаргасан эсэх нь тогтоогдоогүй юм. Иймд уг хууль бус шалгалтын тэмдэглэлийг үндэслэж, намайг хөдөлмөрийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэж үзэх нь өөрөө хууль бус, үндэслэлгүй байгаа тул Б Сайдын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Б Сайд Ё.Баатарбилэгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.М намайг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. “Иргэн Ц.М миний нэхэмжлэлтэй, хариуцагч Б Сайдад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч би дор дурдсан асуудлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

Ц.М би Б-ны Сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/203 тоот тушаалаар ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан.

Гэтэл Б сайдын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 тоот тушаалаар Ц.М намайг үндэслэлгүйгээр хууль зөрчиж ажлаас халсан бөгөөд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ үндэслэлгүйгээр ажлаас халсан өдөр буюу Б сайдын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 тоот тушаал гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдох хүртэл буюу ажилгүй байсан хугацааны 4 сарын цалин хөлс нийт 5,896,605 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгахаар нэмэгдүүлж байна.

Би сарын үндсэн цалин 893,425 төгрөг, ур чадварын нэмэгдэл 20 хувь, мэргэжлийн зэрэг 15 хувь, тусгай нэмэгдэл 30 хувь нийт сарын цалин хөлс 1,474,151.25 төгрөг авдаг байсан болно.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Мгийн өмгөөлөгч Г.Бат-Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийг Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. Ингэхдээ 2006 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор 41.1.4-т заасан Хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдэгт гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулаад ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоод, уг төслийн тохиолдол бүрийг Хөдөлмөрийн гэрээнд заана гэсэн байгаа. Гэтэл энэ бүхнийг огт заагаагүй. Мөн ажлын тайлангийн тэмдэглэл болон Дотоод аудитын тогтоолоор Ц.М гуайг ноцтой зөрчил гаргасан байна гэж тогтоогоогүй. Үүнийг үндэслээд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сайдын Б/37 тоот ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Ажлаас чөлөөлсөн тушаалд сахилгын зөрчил давтан гаргасан, хөндлөнгийн байгууллагаас акт тогтоосон зүйл огт байхгүй байгаа юм. Энэ талаарх баримт ч хэрэгт байхгүй байгаа. Харин 2017, 2018 онуудад сайн ажиллаад, урамшуулал авч байсан гэдгийг нотлох нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас Ц.М гуайг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дурдсан. Эрхэлсэн ямар ажилдаа хариуцлагагүй хандсан юм, харин ч ажилдаа хариуцлагатай хандаж, ажил үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзээд тодорхой урамшуулал олгосон байдаг. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан Сайдын Б/37 тоот ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Цалин хөлсөө өнөөдрийг хүртэлх хугацаагаар гаргуулна.” гэв.

 

Хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мажигсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Мгийн Б сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Б сайдын баталсан 2019 оны 05 дугаар 24-ний өдрийн ажлын хэсэг байгуулах тухай А/330 тоот тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга З.Энхболд ахалж, гишүүд нь тус газрын дотоод аудитор М.Мажигсүрэн, Төрийн захиргааны удирлагын газрын мэргэжилтэн Д.Наранзул, Ч.Баярмаа, Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Д.Батцэцэг нар ажиллахаар томилогдсон.

Ажлын хэсэг 2019 оны 05 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногт багтаан хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг хийж, шалгалтын тэмдэглэл тус сургуулийн захирал Ц.М, хоёр дугаар гарын үсгийг нягтлан С.Баярцэцэг нарт танилцуулан гарын үсэг зуруулсан.

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн 2017-2018 он, 2019 оны эхний санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн төлөвлөгөөт дотоод аудит хийхэд дараах зөрчил илэрсэн.

Асуудал №1 Биеийн тамирын заалны орлогыг хураан авч мөнгөн кассын тайлан гаргасан боловч төрийн сангийн дансанд төвлөрүүлээгүй.

Тус сургуулийн биеийн тамирын заалны орлогыг 2017 онд 24275,8 мянган төгрөг, 2018 онд 25411,2 мянган төгрөг, 2019 оны эхний 5 сард 14167,2 мянган төгрөг, нийт 63854,2 мянган төгрөгийг эд хариуцагч мөнгөн кассын тайлан гаргаж анхан шатны баримтыг заавар, журмын дагуу бүрдүүлэн захирлын нэмэлт тушаалын дагуу зарцуулсан боловч сургуулийн дансанд төвлөрүүлэлгүйгээр гаргаж зарцуулсан.

Асуудал №2. Төгсөх ангийн сурагчдаас үлдээмж нэртэй хандив, тусламж авч : бүртгэлд тусгаагүй зарцуулсан байсан.

Тус сургуулийн удирдлага төгсөх ангийн сурагчдаас сургуульд үлдээх “Үлдээмжийн мөнгө” гэж 5 дугаар ангийн 209 хүүхдээс тус бүр 3000 төгрөг, нийт 627,0 мянган төгрөг, 9 дүгээр ангийн 169 хүүхдээс тус бүр 5000 төгрөг, нийт 845,0 мянган төгрөг, 12 дугаар ангийн 149 хүүхдээс 10000 төгрөг, нийт 1490,0 мянган төгрөг, гэж 2017 онд 2962,0 мянган төгрөг, 2018 онд 5 дугаар ангийн 224 хүүхдээс 672,0 мянган төгрөг, 9 дүгээр ангийн 186 хүүхдээс 930,0 мянган төгрөг, 12 дугаар ангийн 185 хүүхдээс 1850.0 мянган төгрөг, 2018 онд 3452,0 мянган төгрөг, нийт 6414,0 мянган төгрөгийг уулийн дансанд төвлөрүүлэлгүйгээр тусдаа тушаал гаргаж тусдаа кассын тайлан зарцуулсан байсан.

Асуудал №3. Анхан шатны зарим баримтын бүрдэл дутуу байсан.

Эд хариуцагч бичиг хэрэг, ариун цэврийн материалыг тавьж олгохдоо шаардах хуудас бичсэн боловч хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, баримтын бүрдэл дутуу байхад зарлага гаргасан зөрчил илэрсэн.

Асуудал №4 Худалдан авалт хийхдээ үнийн судалдаа хийгээгүй байсан.

Тус сургууль 2017-2018 онд бараа материал худалдан авахдаа худалдан авах ажиллагааны зарчмыг баримтлаагүй үнийн судалгаа хийгээгүй 82756,4 мянган төгрөгийн ажил гүйлгээ байсан.

Асуудал 5. Гэрээгээр гүйцэтгүүлсэн ажилд тавих хяналтыг сулруулсан.

Бодит нөхцөл байдал: Тус сургууль 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эм Си Ар ХК-руу 500,0 мянган төгрөгийг бохирын бөглөөс гаргах гэж ажлын хөлс шилжүүлжээ. Гэтэл санхүүгийн баримтанд ажил гүйцэтгүүлсэн гэрээ, гэрээ биелэлт, үр дүнг тооцсон, хүлээн авсан актгүй баримт дутуу байна.

Дүгнэлт: Биеийн тамирын заалны орлого, тус сургуулийн төгсөх ангийн сурагчдаас сургуульд үлдээх “Үлдээмжийн мөнгө”-г төрийн сангийн дансанд тушааж данс бүртгэлд тусгаагүй хууль бусаар зарцуулсан байна. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мтэй холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгаж болно.

Энэ хүн ажилдаа томилогдох юм бол багш нарыг ажилд авахдаа ахиад л мөнгө авч, нууц тушаал гаргах болно. Улсын тэргүүний сургууль байсан ба одоо энгийн сургуулиас муу байгаа юм. Энэ бүхэнд нь харамсаж байна. Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд, Сангийн сайдын журмуудыг тайландаа тусгаагүй. Тайланд тусгалгүй мөнгө гаргасан нь ашиг сонирхол байсан. Нийт 60-аас 70 сая төгрөгийн асуудал яригдана. 20 сая төгрөгийг өөрийнхөө хувь компанид ашигласан байгаа. Энэ талаар Авилгатай тэмцэх газар шалгаж байгаа. Удирдах чадвар муу, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулсан учраас ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн.

Иймд иргэн Ц.Мгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон Шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.М хариуцагч Б яаманд холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, Нийслэлийн Ерөнхий Боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б яам нь санхүүгийн дотоод аудит хийхэд зөрчил илэрсэн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Ерөнхий Боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн болох нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/203 дугаар ажилд томилох тухай тушаалын болон № А0350040 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаал хашдаг болох нь тогтоогдож байх ба төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

                                                                                                              

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.

 

Хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын хэсэг байгуулсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/330 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр ... төсвийн хөрөнгө ... хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд ... зүйлийг тусгана:”, 52-р зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн ... байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ... болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.” гэж заасан.

 

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 52-р зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь аудит хийх ажлын удирдамжийг батлан хяналт шалгалтыг хийсэн болох нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/330 дугаар тушаалын хавсралт Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын удирдамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн томилсон ажлын хэсэг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногт багтаан хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг хийсэн болох нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийсэн шалгалтын тэмдэглэл, Жижүүр хүлээлцэх дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-т “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд ... тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:” гэж заасан.

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын ахлах байцаагч тэмдэглэл үйлдсэн болох нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийсэн шалгалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод Аудитын дүрмийн дагуу хийсэн болох нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийсэн шалгалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийсэн шалгалтын тэмдэглэлээр нэхэмжлэгч нь биеийн тамирын заалны орлого, төгсөх ангийн сурагчдаас сургуульд үлдээх “Үлдээмжийн мөнгө”-ийг төрийн сангийн дансанд тушааж данс бүртгэлд тусгаагүй зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

 

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 1-25 Хөдөлмөрийн гэрээний 2-ын 2.2.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь сургуулийн өмч, санхүү, хүний нөөц, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангаж ажиллах, тайлагнах үүрэг хүлээсэн болох нь № 1-25 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн өмч хөрөнгө болон санхүүгийн тайлан буюу нягтлан бодох бүртгэлийн хяналт, удирдлага, зохион байгуулалтыг хариуцсан этгээд болох нь № 1-25 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага, зохион байгуулалтыг ... байгууллагын эрх бүхий этгээд тодорхойлно.” гэж заасан.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь байгууллагын эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байна.

 

№ 1-25 Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.2-т “Дараах зөрчлийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил гэж үзнэ”, 3.2.3-т “Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гарсан нь эрх бүхий байгууллагын шалгалт ... актаар нотлогдсон” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь № 1-25 Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.2, 3.2.3-т заасан байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил буюу биеийн тамирын заалны орлого, төгсөх ангийн сурагчдаас сургуульд үлдээх “Үлдээмжийн мөнгө”-ийг төрийн сангийн дансанд тушааж данс бүртгэлд тусгаагүй зөрчил гаргасан болох нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийсэн шалгалтын тэмдэглэл, 2018 оны Кассын тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч эрхэлсэн ямар ажилдаа хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тодорхой бус байна гэж маргаж байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой буюу биеийн тамирын заалны орлого, төгсөх ангийн сурагчдаас сургуульд үлдээх “Үлдээмжийн мөнгө”-ийг төрийн сангийн дансанд тушааж данс бүртгэлд тусгаагүй зөрчилд хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн болох нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар Дотоод аудитын хорооны тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь № 1-25 Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.2.3-т заасан байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр № 1-25 Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар Дотоод аудитын хорооны тогтоолын болон 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад заасан ноцтой зөрчил гаргасан болохыг хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр илрүүлж 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийсэн шалгалтын тэмдэглэл, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил ... илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан № 1-25 Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол;” гэж заасан.

                              

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг Нийслэлийн Ерөнхий Боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байх тул хариуцагчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 975 316/1528858+2554571+1842521=5925950, 5925950:3=1975316/ /нэг сая есөн зуун далан таван мянга гурван зуун арван зургаа/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 89 787/1975316:22=89787/ /наян есөн мянга долоон зуун наян долоо/ төгрөг болох нь № 1-25 Хөдөлмөрийн гэрээний болон № А0350040 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажлын 12/арван хоёр/ хоног, 5/тав/ сарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 10 954 024/12х89787=1077444, 5x1975316=9876580, 1077444+9876580=10954024/ /арван сая есөн зуун тавин дөрвөн мянга хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

         

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мг Нийслэлийн Ерөнхий Боловсролын 28 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Б яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10 954 024/арван сая есөн зуун тавин дөрвөн мянга хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд олгож, хариуцагч Б яаманд олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мг Нийслэлийн Ерөнхий Боловсролын 28 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Б яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10 954 024/арван сая есөн зуун тавин дөрвөн мянга хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд олгож, хариуцагч Б яаманд олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б яамнаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 190 214 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

             

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ