Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00092

 

С.Амарсүлдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01465 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1397 дугаар магадлалтай,

 Нэхэмжлэгч С.Амарсүлдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Р холбогдох,

 Нэхэмжлэл: 102.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Амарсүлд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Сэлэнгэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч С.Амарсүлдын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...П.Раднаатай 2015.8.21-ний өдөр №Т/03/2 тоот түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр би өөрийн өмчлөлийн Хьюндай /Hyundai R500LC-7/ маркийн эксковаторыг 1 сарын 42.000.000 төгрөг, нэг өдрийн 1.400.000 төгрөгөөр, нэг сарын хугацаагаар түрээслүүлэхээр тохирсон юм. Гэрээ байгуулсны маргааш нь буюу 2015.08.22-ны өдөр эксковаторыг хариуцагчийн заасан газар нь буюу Архангай аймаг, Цэнхэр сумын Гахайт гэдэг газар хүргэж өгсөн. Харин 2015.10.22-ны өдөр эксковаторыг буцааж Улаанбаатар хотод авчирсан юм. Хариуцагч нь хоёр сарын хугацаанд эксковаторыг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан. Гэвч хариуцагч гэрээгээр тохирсон мөнгөө төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулж дараах шаардлагуудыг шүүхэд гаргасан. Үүнд: 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр №Т/03/2 тоот түрээсийн гэрээний дагуу хариуцагчид түрээслүүлсэн эксковаторын хоёр сарын төлбөр 84.000.000 төгрөгийг гаргуулна. Хариуцагч 42.000.000 төгрөгийн төлсөн гэж баримт үзүүлсэн боловч хариуцагч нь өөрийн дансны зарлагын баримт үзүүлсэн байсныг нь мэдсэн. 1 сарын эксковаторын мөнгө огт төлөөгүй атлаа төлсөн мэтээр хуурч мэхэлсэн. 2015.8.24-28-ны өдрүүдэд очиж засвар хийж өгсөн. Энэ хугацаанд эксковатор ажиллаагүй. Харин бусад хугацаанд нь буюу 2015.08.22-ны өдрөөс 2015.10.22-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь эксковаторыг ажиллуулсан. Ийм учраас хоёр сарын түрээсийн төлбөрт нийт 84.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. 2015.10.22-ны өдөр эксковаторыг буцаан авчрахад гарсан зардал 8.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хариуцагч нь алга болсон, утас нь холбогдохгүй болсон тул 2015.10.20-ны өдөр эксковаторыг өөрөө зардлаа гаргаж Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан. Гэрээний дагуу эксковаторыг тээвэрлэх, зөөвөрлөх зардлыг түрээслэгч буюу П.Раднаа хариуцах байсан. Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад 8.000.000 төгрөгийн зардал буюу хохирол учирсан. Эксковаторын нэмэлт тоноглол буюу соёоны үнэ болох 10.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Түрээсийн гэрээг байгуулсны дараа хариуцагч нь ...эксковаторын дагалдах нэмэлт хэрэгсэл болох соёо авъя гэж хүссэний дагуу Нутгийн буян ХХК-иас 10.500.000 төгрөгөөр соёо худалдан авч өгсөн. Гэвч уг соёо нь эксковаторт таараагүй учир соёог буцааж өгөх гэтэл П.Раднаа нь ...би дараа нь мөнгийг нь өгье гэсэн боловч 10.500.000 төгрөгийг өгөөгүй. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас нийт 102.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Б.Баярмаагийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2015.08.21-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацааг талууд 1 сар байхаар, 1 сарын түрээсийн төлбөрийг 42.000.000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний 7.3-т заасны дагуу гэрээ байгуулсан өдрөө 42.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Уг нь төлбөрийг дансаар нь хийх байсан боловч нэхэмжлэгч бэлнээр авъя гэж хэлсэн учир 42.000.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Энэ нь хариуцагчийн Хаан банкны дансны хуулга болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Мөн талуудын байгуулсан гэрээний дор тооцоог бэлнээр ...хийнэ гэсэн бичиглэл, талуудын гарын үсгээр нотлогдоно. Гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгч эксковаторыг асуудал байхгүй, хүргэж өгнө гэсэн. Гэтэл ажил хийх ёстой Архангай аймгийн Цэнхэр суманд 2015.08.26-ны өдөр очсон байдаг. Бодит байдал ийм байхад нэхэмжлэгч өөрөө 2 операторчийн хамт 2015.08.22-ны өдөр хүргэж өгсөн мэтээр худал ярьж байна. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу иж бүрэн, ямар нэг доголдолгүй техникийг хариуцагчид хүлээлгэж өгөх ёстой байсан. 2015.08.26-ны орой нь нэхэмжлэгч өөрөө эксковаторыг ажиллуулсан боловч нэг өдөр ажиллаад эвдэрсэн. Ингээд 2015.08.29-ний өдөр нэхэмжлэгч нь Улаанбаатар хот руу сэлбэгэнд явсан. Үүнээс хойш утсаа авахгүй, холбоогүй алга болсон бөгөөд 2015.09.10-ны өдөр буцан ирж техникээ зассан. Эксковатор нь 2015.09.10-ны өдрөөс 2015.10.10-ны өдөр хүртэл 1 сар л ажилласан. Бусад үед нь эвдрэлтэй, огт ажиллаагүй ба энэ нь бичлэгээр болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Дээр дурдсанчлан эксковаторын нэг сарын түрээсийн төлбөр 42.000.000 төгрөгийн хөлсийг хариуцагч өгсөн. Хөрс хуулалтын ажил нь улирлын чанартай байдаг бөгөөд 2015.08 дугаар сарын сүүлийн 10 хоног, 2015.09 дүгээр сарын эхний 10 хоног, нийт 20 хоног эвдрэлтэй эксковатороос шалтгаалан ажиллаагүйгээс түрээслэгч П.Раднаад 150.000.000 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч П.Раднаа нь 2015.10.10-ны өдөр ажлаа дуусгаад нэхэмжлэгчид ...ирж техникээ ав гэж хэлэхэд нэхэмжлэгч С.Амарсүлд ...наанаа түр байлгаж бай, би очиж авна гэж хэлсэн байдаг. Ингээд 2015.10.17-ны өдөр ирж аваад, замдаа 2 хоногийн зарцуулаад 2015.10.20-ны өдөр Улаанбаатар хотод авч ирсэн. Талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5 дэх хэсэгт хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна гэж заасан. Хугацааны хувьд 2 сарын хугацаанд техникийг ашигласан мэт харагдаж байгаа ч уг эксковатор нь бүтэн 20 хоногийн хугацаанд огт ажиллаагүй. Нэгэнт тээврийн хэрэгслийн эвдрэл, доголдлоос болж ашиглагдаагүй учраас уг хөлсийг төлөхгүй байх хууль ёсны хуулиар зохицуулагдсан асуудал байгаа учраас татгалзах эрхтэй гэж үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагаа 10.500.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч нь Нутгийн буян ХХК-иас бус хувь хүнээс буюу н.Отгонжаргал гэж хүнээс эксковаторын нэмэлт тоноглол болох соёог авсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Гэхдээ С.Амарсүлд нь хариуцагчийн өмнөөс бусдад төлөх ёстой байсан 10.500.000 төгрөгийг төлж хаасан нь үнэн, энэ тал дээр манай зүгээс маргахгүй. Гэвч уг 10.500.000 төгрөгийг хариуцагч тал төлөхгүй гэж үзэж байгаа. Учир нь дээр хэлсэнчлэн нэхэмжлэгчийн буруугаас, эвдэрхий эксковатор түрээслүүлснээс болоод хариуцагчид 10.500.000 төгрөгөөс хэд дахин их хэмжээний хохирол буюу 150.000.000 төгрөгийн хохирол учирсан. Иймд уг мөнгөө хариуцагч өөрт учирсан хохирол гэж үзээд харилцан тооцсон байгаа. Нэхэмжлэгч тал 2015 оноос хойш юу ч нэхэмжлэхгүй явж байгаад гэнэт 2018 онд шүүхэд хандаж байгаагаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01465 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 292 дугаар зүйлийн 292.3, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан П.Раднаагаас 45 100 000 төгрөгийг гаргуулан С.Амарсүлдэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 57 400 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 383 450 төгрөгийг гаргуулж С.Амарсүлдэд олгохоор шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1397 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01465 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 45 100 000 гэснийг 52 500 000 гэж, 57 400 000 гэснийг 50 000 000 гэж, 2 дахь заалтын 383 450 гэснийг 420 450 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагчийн төлөөлөгч Б.Баярмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх түрээслэгч П.Раднаа нь түрээсийн төлбөр 42.000.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн гэх татгалзал баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Түрээсийн хугацааны эхэнд түрээслэгч тал түрээсийн төлбөрийг хийж гүйцэтгэнэ гэж тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу гэрээ байгуулсан 2015.08.21-ний өдөр төлбөрийг төлсөн. Өндөр үнэтэй техниктэй танихгүй хүнд төлбөрийг авахгүйгээр хүргэж өгнө гэж байхгүй. Гэрээнд заасны дагуу гэрээ байгуулсан өдрөө ХААН банкны УИД салбар дээр хамт очиж С.Амарсүлдын данс руу 42.000.000 төгрөгийг шилжүүлье гэтэл С.Амарсүлд нэгэнт хоёулаа хамт ирсэн болохоор бэлнээр авъя гэж хүссэн тул гэрээний доод хэсэгт Тооцоог бэлэн бус дансаар 2015.08.21-нд хийнэ гэснийг бэлэн-ээр гэж засан хүлээлгэн өгсөн П.Раднаа гэж гарын үсгээ зурж баталгаажуулан, мөнгийг банкны теллерээр тоолуулж, шууд С.Амарсүлдэд хүлээлгэн өгсөн. Энэхүү бичвэртэй гэрээг С.Амарсүлд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрэв мөнгө аваагүй бол хүлээлгэж өгсөн П.Раднаа гэж гарын үсэг зурсан байна гэж тухайн үедээ маргалдах байсан. Хэргийн 18-р талд П.Раднаагийн Хаан банкнаас 2015.08.21-ний өдрийн 15 цаг 10 минутад С.Амарсүлдэд экскаваторын түрээсийн үнэ 42.000.000 төгрөгийн зарлага гаргасан баримт авагдсан. Энэ гүйлгээг хийхэд П.Раднаатай хамт явсан Ч.Гантулгаас шүүх хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэгт: П.Раднаа, С.Амарсүлд 2 теллерийн хажууд мөнгө тоолж авч байсан. Дараа нь П.Раднаа надад нэг сарын түрээсийн төлбөр 42.000.000 төгрөг өглөө гэж хэлж байсан. Теллерээс хар ууттай мөнгө аваад С.Амарсүлдэд өгсөн. гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан СD-д шүүх үзлэг хийсэн. Уг СD дээрх 2015 оны бичлэгт: П.Раднаа, С.Амарсүлдийн эскаваторын оператор Д.Ганхүү Ж.Жамбал болон уурхайн бусад ажилчдын өмнө түрээсийн төлбөрт 42.000.000 бэлнээр өгчихөөд ажлаа зогсоочихоод л байгаад байна... гэсэн дүрс яриан бичлэг зэргээр түрээсийн гэрээний сарын төлбөрт 42.000.000 төгрөг төлсөн нь нотлогдож байхад шүүх эдгээр баримтуудыг огт үнэлэхгүй, хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй байна гэж хариуцагчаас 42.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч С.Амарсүлд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Раднаа гэрээ хийгээд эскаваторыг 2015.08.21-ний өдөр авч явсан гэж мэдүүлдэг. Гэтэл тэрээр 2015.08.26-ны өдөр өөрөө экскаватороо ажиллуулах 2 операторын хамт хүргэж өгсөн болох нь гэрч Ж.Жамбалын шүүхэд гарсан тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, экскаваторын оператор Д.Ганхүүгийн эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэг П.Раднаагийн хийсэн дүрс бичлэг СD зэргээр няцаагддаг. Үүнийг дурдаж байгаагийн зорилго нь нэхэмжлэгч С.Амарсүлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1-д хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэйг зөрчин, мөнгө хүлээлцсэн баримтыг тусгайлан үйлдээгүйг ашиглаж, хариуцагчаас авсан түрээсийн төлбөрийг дахин шүүхээр гаргуулан авах санаа агуулж байгааг илчлэх юм. Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлсэн бол дээрх үндэслэлгүй шийдвэр гаргахгүй байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж байна. Шүүх хуралдааны явцад дараах үйл баримт тогтоогдлоо. Хариуцагч талаас УИД-ийн Хаан банк руу цуг ороод бэлнээр 42.000.000 төгрөгийг тоолж өгсөн гэсэн тайлбар, С.Амарсүлд тайлбарлахдаа Ард кино театрын тэнд байдаг Хаан банк гэж тайлбарладаг. Иймд 42.000.000 төгрөгийн зарлагын баримт аль салбараас гарсан болохыг тодруулчихвал 42.000.000 төгрөгийг өгсөн авсан асуудал шийдэгдэх юм. Тэгэхээр хэргийн материалд байгаа 42.000.000 төгрөгийн зарлагын баримтыг Хаан банкны аль салбараас гарсан тодорхойлолтыг гаргуулж авах хүсэлттэй байна. гэсэн хүсэлтийг гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч нэн даруй шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хангах, хангахгүй орхих талаар огт шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 С.Амарсүлд нь П.Раднаад холбогдуулан түрээсийн төлбөрт 84.000.000 төгрөг, хохиролд 8.000.000 төгрөг, нийт 92.000.000 төгрөг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын үүргийг даалгаваргүйгээр биелүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа 10.500.000 төгрөгөөр ихэсгэж, нийт 102.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

 Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

 Анхан шатны шүүх хариуцагчаас 45.100.000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол, давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаж, хариуцагчаас 52.500.000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 1. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсгийн зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.

a/ Зохигчийн хооронд 2015.08.21-ний өдөр байгуулагдсан №Т-03/2 тоот түрээсийн гэрээгээр С.Амарсүлд нь өөрийн өмчлөлийн Хьюндай /Hyundai R500LC-7/ маркийн эксковаторыг П.Раднаад нэг сарын хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт нэг өдрийн 1.400.000 төгрөг, нийт 42.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохирчээ.

 Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

 П.Раднаа өөрийн явуулж байсан аж ахуйн үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэхээр гэрээний зүйл болох эксковаторыг түрээсэлсэн, уг хөрөнгө нь ердийн ашиглалтын зүйл биш, уул уурхай, газар шорооны ажилд зориулагдан тусгайлан тоноглогдсон, уг хөрөнгөөс үр шим бий болдог тул зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасныг зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

 б/ Нэхэмжлэгч, хариуцагчаас 84.000.000 төгрөг шаардахдаа ...эксковаторыг 2015.08.22-ны өдөр хүлээлгэн өгсөн, ...буцааж 2015.10.22-ны өдөр авсан ...хариуцагч энэ өдөр хүртэл ашигласан..., төлбөр төлөгдөөгүй... гэж, хариуцагч татгалзахдаа ...эксковаторыг 2015.08.26-ны өдөр уурхайд авчирсан, ...ажиллаагүй, ...2015.09.10-2015.10.10-ны өдөр хүртэл 1 сар ашигласан. Гэрээ байгуулагдсан өдөр нэг сарын төлбөр 42.000.000 төгрөгийг банкнаас авч, дансаар шилжүүлэх гэтэл бэлнээр авна гэсэн тул теллерийн хажууд хүлээлгэн өгсөн,... гэж тус тус тайлбарлажээ.

 Зохигчийн дээрх тайлбараас үзвэл, гэрээний зүйл эксковатор биет байдлын доголдолтой байсан эсэх, хариуцагч гэрээний зүйлийг хэдий хугацаагаар ашигласан болон нэг сарын түрээсийн төлбөр төлөгдсөн эсэх нь тэдний маргааны зүйл болсон байна.

 Түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад гэрээний хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх, гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүргийг тус тус хүлээнэ. Түүнчлэн түрээсэлсэн эд хөрөнгийг ашиглаагүйд түрээслэгч буруугүй бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй байна.

 С.Амарсүлд нь П.Раднаагийн ажиллаж байсан Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Гахайт гэдэг газар эксковаторыг 2015.08.26-ны өдөр хүргэж өгсөн байх боловч уг хөрөнгө эвдрэлтэйн улмаас 2015.09.10-ны өдөр хүртэл засварласан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 Иймээс нэхэмжлэгч нь уг хугацаанаас өмнөх түрээсийн төлбөр шаардах эрхгүй, хариуцагч төлөх үүрэггүй гэж үзэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3, 289 дүгээр зүйлийн 289.2.1-д заасантай нийцэх тул түрээсийн төлбөрийг 2015.09.10-ны өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй.

 Эксковаторыг ашиглах гэрээнд заасан нэг сарын хугацаа 2015.10.10-ны өдөр дууссан боловч гэрээний зүйлийг нэхэмжлэгч 2015.10.20-ны өдөр очиж авсныг хариуцагч маргаагүй юм.

 Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар түрээслэгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг түрээслүүлэгчид бүрэн бүтэн буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд зохигч гэрээндээ өөрөөр буюу эксковаторыг буцаан авчрах үүргийг нэхэмжлэгч хүлээх талаар тусгайлан тохиролцоогүй байна.

 Иймд түрээсийн зүйлийг буцаан өгөөгүй хугацааг хойшлуулснаас нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 Гэрээ байгуулагдсан өдөр хариуцагч нэхэмжлэгчид нэг сарын түрээсийн төлбөрт 42.000.000 төгрөг өгсөн эсэхэд зохигч маргасан бөгөөд хариуцагчийн тайлбар, уг тайлбартай холбоотой 42.000.000 төгрөг банкнаас авсан баримт, зохигчийн гэрээний доод талд бичсэн бичиглэл, гэрчийн мэдүүлгээр уг мөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан нь тогтоогдсон, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй юм.

 Харин хариуцагчаас түрээсийн зүйлийг буцаан өгөх хугацаа хожимдуулсан 10 хоногт гэрээнд заасан нэг өдрийн түрээсийн төлбөр 1.400.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.4-д заасныг зөрчихгүй гэж дүгнэв.

 в/ Нэхэмжлэгч 8.000.000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ, машин хөлсөлж, эксковаторыг Улаанбаатар руу зөөвөрлөхөд гарсан зардал гэж тайлбарлажээ.

Шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, уг шийдлийн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 2. Бусдын үүргийг даалгаваргүйгээр биелүүлсэн гэж 10.500.000 төгрөг нэхэмжлэгч хариуцагчаас шаарджээ.

 П.Раднаагийн Нутгийн буян ХХК-д төлөх 10.500.000 төгрөгийг С.Амарсүлд төлсөн талаар хариуцагч маргаагүй боловч ...түрээсийн зүйлийг цаг хугацаанд ашиглаагүйгээс учирсан хохиролд суутгахаар тохирсон... гэж мөнгийг төлөхөөс татгалзсан байна.

 Шүүх П.Раднаа нь дээрх мөнгийг өөрт учирсан хохиролд тооцон, буцаан төлөхгүй байхаар зохигч тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 3. Хариуцагчийн төлөөлөгч гомдолдоо, ...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангах, хангахгүй орхих талаар огт шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

 Хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх нотлох баримт шинжлэн судалсны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч, ...42.000.000 төгрөгийг Хаан банкны аль салбараас гарсан тодорхойлолтыг гаргуулах хүсэлтийг гаргасан нь тусгагджээ.

 а/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй нь хариуцагчийн эрх ашгийг зөрчихгүй байна.

 б/ Тухайн хүсэлтийг хангаагүй нь хууль зөрчөөгүй байна.Тухайлбал:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т шинэ нотлох баримт бүрдүүлэх... талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц... шүүгч даруй шийдвэрлэнэ, ...нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж заажээ.

 Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийн оролцогчоос шинэ нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гарсан тохиолдолд хүсэлтийг хянан шийдвэрлэх журмыг дээрх заалтуудаар зохицуулна.

 Харин шүүх хуралдаан явагдаж, нотлох баримт шинжлэн судалсны дараа хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээ болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан байна.

Шүүх хэргийг хэлэлцээд шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзсэн нь хуульд нийцнэ. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй.

 4. Дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хууль хэрэглэх асуудлаар болон түрээсийн төлбөртэй холбоотой хэсэгт шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1397 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01465 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 287 дугаар зүйлийн 287.1 гэснийг 318 дугаар зүйлийн 318.1 гэж, 45.100.000 гэснийг 24.500.000 гэж, 57.400.000 гэснийг 78.000.000 гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад 383.450 гэснийг 280.450 гэж, тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч П.Раднаа /ЙЮ72031077/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 420.450 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.УНДРАХ  

ШҮҮГЧ                                      Г.АЛТАНЧИМЭГ