Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/01465

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/01465

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.А-н  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П.Р холбогдох,

 

102,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч П.Р-тай 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр №Т/03/2 тоот “Түрээсийн гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр би өөрийн өмчлөлийн “Хьюндай” /Hyundai R500LC-7/ маркийн эксковаторыг П.Р-д 1 сарын 42,000,000 төгрөг, нэг өдрийн 1,400,000 төгрөгөөр, нэг сарын хугацаагаар түрээслүүлэхээр тохирсон юм. Гэрээ байгуулсны маргааш нь буюу 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр эксковаторыг хариуцагчийн заасан газар нь буюу Архангай аймаг, Цэнхэр сумын Гахайт гэдэг газар хүргэж өгсөн. Харин 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эксковаторыг буцааж Улаанбаатар хотод авчирсан юм. Ингээд үндсэндээ хариуцагч П.Р нь хоёр сарын хугацаанд эксковаторыг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан. Гэвч хариуцагч гэрээгээр тохирсон мөнгөө төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулж дараах шаардлагуудыг шүүхэд гаргасан. Үүнд:

1/ 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр №Т/03/2 тоот “Түрээсийн гэрээ”-ний дагуу хариуцагчид түрээслүүлсэн эксковаторын хоёр сарын төлбөр 84,000,000 төгрөгийг гаргуулна.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэг сарын түрээсийг 42,500,000 гэж бичиглэлийн алдаа гарган буруу тооцсон байсан. Иймд гэрээгээр тохирсон нэг сарын түрээс 42,000,000 төгрөг, нийт хоёр сарын түрээс нь 84,000,000 төгрөг болж байгаа юм. Хамгийн анх бид гэрээ байгуулж, эксковаторыг бодитоор шилжүүлэхээс өмнө мөнгийг төлөхөөр тохирсон байсан. Гэвч хариуцагч П.Р нь “...бид ямар нэг нэгнээ танихгүй биш, дансаар чинь төлбөрийг шилжүүлчихнэ” гэж хэлээд миний дансны дугаарыг авсан. Ингээд банк руу ороод гарч ирэхдээ надад 42,000,000 төгрөгийн баримт үзүүлсэн. Уг баримтыг хараад би мөнгийг шилжүүлсэн байна гэж ойлгосон. Гэвч хариуцагч нь надад зүгээр өөрийн дансны зарлагын баримт үзүүлсэн байсныг нь бүр сүүлд буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эксковаторыг буцаан татсаны дараа л олж мэдсэн. Хариуцагч Хаан банкны салбар руу орохдоо хоёр гэрээ авч орсон. Буцаж гарч ирэхдээ гэрээний баруун дор буланд нь мөнгө авсан талаар бичсэн байсан. Үүнийг мөн л сүүлд нь анзаарсан. Тэгээд ч хариуцагч өөрөө Улсын Их дэлгүүрийн урд байдаг биш харин “Ард” кино театрын хажууд байдаг Хаан банкны салбар руу орсон. Ингээд үндсэндээ надад 1 сарын эксковаторын мөнгө огт төлөөгүй атлаа төлсөн мэтээр хуурч мэхэлсэн.

Ингээд эксковаторыг авч ашиглаж эхэлснээс хойш би эксковаторыг ажиллуулж байсан газар нь 2015 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд очиж засвар хийж өгсөн. Энэ хугацаанд бол эксковатор ажиллаагүй. Харин бусад хугацаанд нь буюу 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь эксковаторыг ажиллуулсан. Ийм учраас хоёр сарын түрээсийн төлбөрт нийт 84,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

2/ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эксковаторыг Улаанбаатар хот руу буцаан авчирхад гарсан зардал 8,000,000 төгрөгийг нэхэмжилнэ.

Хариуцагч нь эксковаторыг хүлээн авснаас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй алга болсон, утас нь холбогдохгүй болсон тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн эксковаторыг өөрөө зардлаа гаргаж Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан. Бидний байгуулсан гэрээний дагуу эксковаторыг тээвэрлэх, зөөвөрлөх зардлыг түрээслэгч буюу П.Р хариуцах байсан ч би өөрийн зардлаар тээвэрлэж авчирсан. Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад 8,000,000 төгрөгийн зардал буюу хохирол учирсан. Иймд уг мөнгийг хариуцагчаас гаргуулан надад олгож өгнө үү.

3/ Эксковаторын нэмэлт тоноглол буюу соёоны үнэ болох 10,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр №Т/03/2 тоот “Түрээсийн гэрээ” байгуулсны дараа хариуцагч П.Р нь “...эксковаторын дагалдах нэмэлт хэрэгсэл болох соёо авъя” гэж хүссэний дагуу нэхэмжлэгч миний бие “Н” ХХК-иас 10,500,000 төгрөгөөр соёо худалдан авч өгсөн. Гэвч уг соёо нь эксковаторт таараагүй учир соёог буцааж өгөх гэтэл П.Р нь “...би Нд өртэй. Би тэр төлбөрөөр чинь өрөө хаая, дараа нь би чамд мөнгийг нь өгье” гэсэн. Би түүний энэ үгэнд нь итгээд “Н” ХХК-д соёог буцаан өгсөн боловч соёоны үнэ болох 10,500,000 төгрөгийг аваагүй. Өөрөөр хэлбэл П.Р-гийн өрийг өмнөөс нь төлсөн. Уг мөнгийг би хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч П.Р-гаас нийт 102,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үүнд:

1/ Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Түрээсийн гэрээ” байгуулсан. Гэрээний хугацааг талууд 1 сар байхаар, 1 сарын түрээсийн төлбөрийг 42,000,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний 7.3-т заасны дагуу гэрээ байгуулсан өдрөө 42,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Уг нь төлбөрийг дансаар нь хийх гэж Улсын Их дэлгүүрийн Хаан банкны салбар дээр С.Атэй хамт очсон боловч тэрээр “...нэгэнт хоёулаа ирсэн байгаа юм чинь бэлнээр авъя” гэж хэлсэн учир 42,000,000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Энэ нь хариуцагчийн Хаан банкны дансны хуулга болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Мөн талуудын байгуулсан гэрээний дор “тооцоог бэлнээр ...хийнэ” гэсэн бичиглэл, талуудын гарын үсгээр нотлогдоно. Тэгээд ч хүн өөрийнхөө үнэтэй зүйлийг төлбөрөө төлөөгүй байхад нь шууд бусдад шилжүүлнэ гэж байхгүй.

Нэхэмжлэгч тал “...2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулаад шууд маргааш нь эксковаторыг хүргэж өгсөн” мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээ байгуулсны дараа П.Р “...техникийг үзье” гэж хэлэхэд нэхэмжлэгч С.А “...нисэхэд бүрэн бүтэн байгаа. Ямар ч асуудал байхгүй, маргааш араас чинь хүргээд өгнө” гэж амалсан байдаг. Гэтэл үнэндээ уг техник нь Улаанбаатар хотод байгаагүй. Эрдэнэтэд ажил гүйцэтгэж байгаад, ажил хийх ёстой Архангай аймгийн Цэнхэр суманд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр очсон байдаг. Энэ үйл баримтыг эксковаторыг ажиллуулж байсан гэрч Ж.Ж нь хэлдэг. Бодит байдал ийм байхад нэхэмжлэгч өөрөө 2 операторчийн хамт 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүргэж өгсөн мэтээр худал ярьж байна.

Цаашлаад нэхэмжлэгч нь гэрээний дагуу иж бүрэн, ямар нэг доголдолгүй техникийг хариуцагчид хүлээлгэж өгөх ёстой байсан. Үүнийгээ ч гэсэн талууд гэрээний 5 дугаар зүйлээр тохиролцсон. 2015 оны 8 дугаар сарын 26-ны орой нь С.А өөрөө эксковаторыг ажиллуулсан. Гэтэл эксковатор нь нэг өдөр ажиллаад л эвдэрсэн. Ингээд 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр С.А нь Улаанбаатар хот руу сэлбэгэнд явсан. Үүнээс хойш С.А нь утсаа авахгүй, холбоогүй алга болсон бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буцан ирж техникээ зассан. Үндсэндээ эксковатор нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сар л ажилласан. Бусад үед нь эвдрэлтэй, огт ажиллаагүй ба энэ нь бичлэгээр болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Дээр дурдсанчлан эксковаторын нэг сарын түрээсийн төлбөр нь 42,000,000 төгрөг ба уг 42,000,000 төгрөгийн хөлсийг хариуцагч өгчихсөн учраас талуудад өөр ямар нэг түрээсийн төлбөрийн асуудал үлдээгүй. Харин ч хариуцагч өөрөө нэхэмжлэгчээс болж ихээр хохирсон. Хөрс хуулалтын ажил нь улирлын чанартай байдаг бөгөөд 2015 оны 8 дугаар сарын сүүлийн 10 хоног, 2015 оны 9 дүгээр сарын эхний 10 хоног, нийт 20 хоног эвдрэлтэй эксковатороос шалтгаалан ажиллаагүйгээс түрээслэгч П.Рд 150,000,000 төгрөгийн хохирол учирсан.

Хариуцагч П.Р нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаа дуусгаад нэхэмжлэгчид “...ирж техникээ ав” гэж хэлэхэд нэхэмжлэгч С.А “...наанаа түр байлгаж бай, би очиж авна” гэж хэлсэн байдаг. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирж аваад, замдаа 2 хоногийн зарцуулаад 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод авч ирсэн. Ингээд үндсэндээ талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон. Иргэний хуулинд түрээсийн гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээсийг түрээсэлж байгаа эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг Иргэний хуулийн хөлслөх гэрээнд заасан журмыг баримталж шийдвэрлэдэг. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5 дэх хэсэгт хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна гэж заасан. Хугацааны хувьд 2 сарын хугацаанд техникийг ашигласан мэт харагдаж байгаа ч уг эксковатор нь бүтэн 20 хоногийн хугацаанд огт ажиллаагүй. Нэгэнт тээврийн хэрэгслийн эвдрэл, доголдлоос болж ашиглагдаагүй учраас уг хөлсийг төлөхгүй байх хууль ёсны хуулиар зохицуулагдсан асуудал байгаа учраас татгалзах эрхтэй гэж үзэж байгаа.

2/ Нэхэмжлэгч нь эксковаторыг буцаан хот руу татахад зарцуулсан гэх 8,000,000 төгрөгийг гэрээний хохиролд тооцон шаардсан байна. Гэтэл талуудын байгуулсан гэрээнд эксковаторыг зөөвөрлөх зардлыг хариуцагч тал төлөх ёстой талаар тохироо байхгүй. Ийм учраас уг мөнгийг төлөхгүй.

3/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагаа 10,500,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч нь “Н” ХХК-иас бус хувь хүнээс буюу н.Отгонжаргал гэж хүнээс эксковаторын нэмэлт тоноглол болох соёог авсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Гэхдээ С.А нь хариуцагчийн өмнөөс бусдад төлөх ёстой байсан 10,500,000 төгрөгийг төлж хаасан нь үнэн, энэ тал дээр манай зүгээс маргахгүй. Гэвч уг 10,500,000 төгрөгийг хариуцагч тал төлөхгүй гэж үзэж байгаа. Учир нь дээр хэлсэнчлэн нэхэмжлэгчийн буруугаас, эвдэрхий эксковатор түрээслүүлснээс болоод хариуцагчид 10,500,000 төгрөгөөс хэд дахин их хэмжээний хохирол буюу 150,000,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд уг мөнгөө хариуцагч өөрт учирсан хохирол гэж үзээд харилцан тооцсон байгаа. Нэхэмжлэгч ч гэсэн “...миний буруугаас болж таны ажил хэвийн явагдаагүй учир одоо ингээд салъя, таниас өөр зүйл авахгүй” гэж хариуцагчид тухайн үедээ хэлж байсан. Энэ нь нэхэмжлэгч тал 2015 оноос хойш юу ч нэхэмжлэхгүй явж байгаад гэнэт 2018 онд шүүхэд хандаж байгаагаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдийн тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр С.А болон П.Р нар №Т-03/2? тоот “Түрээсийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр С.А нь “Хьюндай” /Hyundai R500LC-7/ маркийн эксковаторыг П.Рд 1 сарын 42,000,000 төгрөг, нэг өдрийн 1,400,000 төгрөгөөр, нэг сарын хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохирсон байна. Хэдийгээр талууд өөрсдийн байгуулсан гэрээг түрээсийн гэж нэрлэсэн байх боловч тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч П.Р-д холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт буюу хоёр сарын түрээсийн төлбөрт нийт 84,000,000 төгрөг, түрээсийн зүйл болох эксковаторыг Улаанбаатар хот руу буцаан зөөвөрлөхөд зарцуулсан 8,000,000 төгрөгийг шаардан анх шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагыг 10,500,000 төгрөгөөр ихэсгэсэн.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигч талуудын гаргасан тайлбартай харьцуулан судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1/ 84,000,000 төгрөгийн шаардлага

 

Хариуцагч П.Ргаас 84,000,000 төгрөг гаргуулах өөрийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч С.А “...П.Р нь 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд эксковаторыг өөрийн эзэмшил, ашиглалтандаа байлгасан учир нийт хоёр сарын түрээсийн төлбөрт 42,000,000 төгрөгийг би шаардах эрхтэй” гэж тайлбарласан.

 

Харин хариуцагчийн зүгээс дээрх шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...эвдрэл, доголдолтой байсан учир эксковаторыг үндсэндээ 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд буюу нэг сар л хэрэглэсэн. Нэг сарын төлбөр 42,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө бэлнээр өгч гэрээний үүргээ биелүүлсэн. Одоо өгөх төлбөр байхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр №Т-03/2? тоот “Түрээсийн гэрээ” байгуулсан болон эксковаторын нэг сарын түрээсийн төлбөрийг 42,000,000 төгрөг, нэг өдөр нь 1,400,000 төгрөг байхаар тохирсон эсэх талаар маргаагүй.

 

Харин гэрээний зүйл болох эксковатор нь хариуцагч П.Ргийн эзэмшилд хэдий хугацаанд байсан болон нэг сарын төлбөрийг төлсөн эсэх, мөн эксковатор нь биет байдлын доголдолтой байсан эсэх тал дээр зохигчид маргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “...эксковатор нь 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд байсан” гэсэн, хариуцагчийн зүгээс “...эксковаторыг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажил хийх газар авчирсан, харин 2015 оны 10 дугаар сарын 17-нд ачаад, мөн сарын 20-ны өдөр Улаанбаатарт хотод аваачсан. Гэхдээ эксковаторыг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд буюу нэг сар л ашигласан” гэсэн цаг хугацааны хувьд зөрүүтэй тайлбаруудыг шүүхэд гаргасан. Харин эксковатор Улаанбаатар хотод 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ирсэн тал дээр ижил тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч талын эксковаторыг 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй тул хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч Ж.Ж-н “...2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр уурхайд очсон” гэсэн мэдүүлгийг үндэслэж гэрээний зүйл болох эксковатор нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн уурхайд хүргэгдэж очсон гэж үзэхээр байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.3 дахь хэсэгт “Түрээсийн хугацаа нь ...тоног төхөөрөмжийг түрээслүүлэгчийн байранд авчрах хугацаа орно” гэж заасан тул эксковатор нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн эзэмшилд байсан гэж үзнэ.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглаж, эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус харилцан хүлээхийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.1, 289.1.2 дахь хэсгүүдээр зохицуулсан.

 

Харин Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1, 290.2 дахь хэсгүүдэд зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэх бөгөөд гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох, нотлох баримтаа өөрөө шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шүүхийн журмаар баримт цуглуулахаар хүсэлт гаргах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн эрхийг эдэлдэг.

 

Нэхэмжлэгч нь биет байдлын хувьд доголдолтой техник түрээслүүлсний улмаас эксковаторыг өөрийн эзэмшил, ашиглалтад байх хугацаанд бүрэн ашиглаж чадаагүй гэх тайлбараа нотлох үүднээс шүүхэд гаргаж өгсөн бичлэгтээ үзлэг хийлгэсэн ч гэрээний зүйл болох эксковаторыг огт ашиглах боломжгүй, доголдолтой байсан гэж үзэх үндэслэл шүүхийн журмаар хийсэн үзлэгээр хангалттай тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтэйгээр, талуудын байгуулсан гэрээний 4.2-т “...Тоног төхөөрөмж эвдэрсэн, ажиллахгүй болсныг талуудын хамтарсан актаар тогтооно. Тоног төхөөрөмж нь ...эвдэрсэн болон ажиллахгүй болсон бол сул зогсолтын хугацааг түрээсийн хугацаанд оруулахгүй бөгөөд энэ хугацаагаар түрээсийн хугацааг сунгаж болно” гэж зааснаас үзэхэд хариуцагч тал өөрийн ашиглаж байсан эксковаторт эвдрэл, доголдол гарсан тохиолдолд акт үйлдэх, акт үйлдэхийг нэхэмжлэгчээс тухай бүрд нь шаардах боломжтой байжээ.

 

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно”, талуудын байгуулсан гэрээний 7.2-т “Түрээслэгч нь тоног төхөөрөмжийг түрээсийн хугацаа дуусахаас өмнө хүлээлгэн өгсөн бол түрээсийн хугацааг гэрээ байгуулсан хугацаагаар буюу нэг сараар тооцно. Харин түрээслэгч нь түрээсийн хугацаа дуусахад гэрээг сунгалгүйгээр хугацаа хоцроож өгсөн тохиолдолд түрээслэгч тухайн хугацааны түрээсийн төлбөрийг 1 өдрийн суурь үнэлгээгээр тооцож авна” гэж тус тус заасан байна.

 

Хэдийгээр талууд гэрээний хугацааг нэг сараар тохирсон боловч эксковатор нь хариуцагчийн бодит эзэмшилд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд байсан гэж шүүхээс үзсэн ба энэ өдрийг хүртэл хугацаагаар гэрээ сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгчид 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны буюу нийт 56 хоног өөрийн эксковаторыг ашиглуулсны хөлсийг буюу нийт 78,400,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх үүсчээ.

 

Уг 78,400,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн “...2015 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд очиж засвар хийж өгсөн. Энэ хугацаанд бол эксковатор ажиллаагүй” гэсэн тайлбарыг үндэслэж 5 хоногийн төлбөр 7,000,000 төгрөгийг хасч тооцно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “...П.Р түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй” гэх тайлбарыг гаргасан боловч хэрэгт авагдсан П.Ргийн дансны хуулга, нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн талуудын байгуулсан гэрээний баруун доод буланд “...тооцоог бэлнээр 2015.08.21-нд хийнэ. Хүлээлгэн өгсөн П.Р” гэсэн бичиглэл, нэхэмжлэгчийн “...би 42,000,000 төгрөгийг над руу шилжүүлээгүй болохыг техникээ буцаан авахдаа мэдсэн” гэсэн тайлбар зэргийг харьцуулан судлаад 42,000,000 төгрөгийг хариуцагч П.Р нь нэхэмжлэгчид төлсөн гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ний үүрэгт 29,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай харшлахгүй.

2/ 8,000,000 төгрөгийн шаардлага

 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “...2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эксковаторыг Улаанбаатар хот руу буцаан зөөвөрлөхөд гарсан зардлыг хариуцагч хариуцах ёстой” гэж өөрийн шаардлагын үндэслэлээ тайлбарлав.

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт “талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө” гэсэн байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлс нь тухайн эд хөрөнгийг ашигласны төлөө авч буй төлөөс ба тухайн эд хөрөнгөтэй холбоотой гарсан бусад зардал нь хөлс гэсэн ойлголтод хамаарахгүй. Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт зардлын талаар гэрээний талууд харилцан тохирсон бол хөлслөгч уг нэмэлт зардлыг хариуцна. Харин бусад тохиолдолд буюу тусгайлан тохиролцоо хийгээгүй бол гарсан зардлыг хөлслүүлэгч өөрөө хариуцах учиртай.

 

2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ний 8.1-д “Түрээслэгч нь тоног төхөөмжийн мото/цагийн тоолуурыг зогсоон оролдсон, буцаасан аливаа тохиолдолд түрээслүүлэгч энэхүү гэрээг тэр дор нь цуцалж, тоног төхөөрөмжийг өөрийн байранд буцаан авчрахыг түрээслүүлэгчээс шаардана, эсвэл өөрийн зардлаар тоног төхөөрөмжийг буцаан авчирч, үүнтэй холбогдон гарсан бүх зардлыг түрээслэгчээр нөхөн төлүүлнэ” гэжээ.

 

Шүүхээс гэрээний дээрх заалтыг эксковаторыг буцаан татахад гарах нэмэлт зардлыг түрээслэгч хариуцах талаар нарийвчлан тохирсон тохиролцоо гэж үзсэнгүй. Учир нь дээрх гэрээний заалт нь “...Түрээслэгч нь тоног төхөөмжийн мото/цагийн тоолуурыг зогсоон оролдсон, буцаасан аливаа тохиолдолд” гэсэн урьдчилсан нөхцөлтэй бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаар түрээслэгч нь тоног төхөөмжийн мото/цагийн тоолуурыг зогсоон оролдсон, буцаасан нөхцөл байдал илрээгүй болно.

 

Нөгөөтэйгүүр, эксковаторыг Улаанбаатар хот руу буцаан зөөвөрлөхөд 8,000,000 төгрөгийн зардал гарсан болохоо нэхэмжлэгчийн зүгээс нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгжүүлээгүй.

 

3/ 10,500,000 төгрөгийн шаардлага

 

Гуравдагч этгээдэд П.Р 10,500,000 төгрөгийн өртэй байсан, уг 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгч С.А түүний өмнөөс төлж барагдуулсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй.

 

Харин дээрх шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлаа хариуцагч П.Р “...нэхэмжлэгчийн буруугаас, эвдэрхий эксковатор түрээслүүлснээс болоод хариуцагчид 150,000,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар бид харилцан ярилцаад нэг нэгэндээ мөнгө төлөхгүй байхаар тохирсон” гэсэн агуулгаар шүүхэд тайлбарлаж байна.

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч өөрийн шаардлага, хариуцагч өөрийн татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хэрэгт цугларсан баримтуудаар П.Р нь 10,500,000 төгрөгийг өөрт учирсан хохиролд тооцон, буцаан төлөхгүй байхаар тохиролцсон үйл баримт тогтоогдсонгүй.

Бусдын өрийг сайн дураараа төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсч, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөр төлсөн этгээд нь энэ хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа нөхцөл байдал үүссэн тохиолдолд өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан байна.

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч П.Ргийн бусдад өгөх ёстой төлбөрийг төлснөөр хариуцагчид эд хөрөнгийн давуу байдал үүсгэсэн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 10,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 292 дугаар зүйлийн 292.3, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч П.Р-гаас 45,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Р-аас 383,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нэхэмжлэгч С.А-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                             Н.ХАНГАЛ